Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Д.Д-д холбогдох 1921000000073 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын Наран баг Сансар хорооллын ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Д.Д.  

 

Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2019 оны 02 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 107 тоот өрөөний хаалга болон бие засах өрөөний хаалгыг өшиглөж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 09 цагт ажилдаа ирэхэд ресепшин Сарантуяа хэлэхдээ 107 тоот өрөөний хаалга болон 00-н өрөөний хаалгыг үйлчлүүлж байсан согтуу залуу өшиглөөд эвдсэн гэсэн. Манай “...” зочид буудал нь шинээр засвар хийгээд 2016 оноос ашиглалтад орсон бөгөөд өрөө тус бүрийн хаалгыг БНХАУ-ын Эрээн хотод захиалгаар хийлгэсэн. Хаалга тус бүрийн үнэ 450.000 төгрөг байдаг. Д.Дгийн хувьд манай буудалд учруулсан хохирол 1200.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэжээ. /хх-ийн 15-17, 36 тал/

 

Гэрч Х.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би “...” ХХК-ийн “...” зочид буудалд ресепшнээр ажилладаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өглөө ээлжээ хүлээж авсан. Манай буудлын 107 тоот өрөөг 15 цагийн үед А.Амгаланбаатар гэх залуу ганцаараа бичиг баримтаа үзүүлж 60.000 төгрөгийн тооцоо хийгээд өрөөнд орсон. Үүнээс хойш 30-40 минутын дараа найзууд нь гэх 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс найз дээрээ орно гээд орсон. 23 цаг өнгөрч байхад гэнэт хүн хашгирах чимээ гарахаар нь манаач Түшигийн хамт 107 тоот өрөө лүү очиход өрөөний хаалга эвдэрчихсэн, 00-н өрөөний хаалгыг эвдэлчихсэн, Д.Д гэгч нь орон дээр суучихсан, Соёлмаа нь загнаад зогсож байсан. Миний ойлгосноор Соёлмааг 00-д байхад Д.Д өшиглөөд хаалга эвдсэн юм шиг байна лээ. Тэгээд Соёлмаа нь Д.Д-г загнаад “чи яасан овоо гар вэ, би 00 хүртэл орж болохгүй болсон юм уу, хүний үнэтэй цайтай эд хөрөнгө эвдчихлээ” гээд загнаад байж байсан” гэжээ. /хх-ийн 18-19 тал/

 

Гэрч А.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Соёлмаа 00-н өрөөнд орсон хойгуур нөгөө найз нь явлаа гэхэд Д.Д байж бай гээд хаалга хаахад нөгөө эмэгтэй хаалгыг онгойлгоход Д.Д хаалга хөлөөрөө хаахдаа дотор талын булан хэсэгт эмтлээд хагалсан. 00-н өрөөний хаалга балбаад “эхнэрээ наанаа юу хийгээд байгаа юм, найз чинь явах гээд байна, гараад ирээч” гээд 00-н өрөөний хаалга нэг удаа өшиглөхөд хаалга цөмрөөд эвдэрсэн” гэжээ. /хх-ийн 24 тал/

 

Гэрч Б.Соёлмаагийн мэдүүлэг /хх-ийн 23 тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11 тал/

“...” зочид буудалд ашиглаж байгаа эд зүйлийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 7 тал/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 тал/

            “....” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаар албан бичиг /хх-ийн 14 тал/

Д.Д-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бодонгууд овогт Д.Д нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 107 тоот өрөөний хаалга болон бие засах өрөөний хаалгыг өшиглөж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 760.000 /долоон зуун жаран мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би үүд онгойлгож өгөх гэж байгаад гадаах хаалганы доод буланг өшиглөчихсөн чинь хаалганы булан эмтэрчихсэн, тэгэхээр нь эхнэр Соёлмааг 00-д байхад нь чи хурдан гараач, юу хийгээд байгаа юм, найз чинь явах гээд уурлаад байна гээд 00-н өрөөний хаалганы доод хэсэг рүү өшиглөтөл хаалга нь цөмөрчихсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, гэрч Х.Сарантуяа, Б.Соёлмаа, А.Амгаланбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, “...” зочид буудалд ашиглаж байгаа эд зүйлийн үнэлгээний жагсаалт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Д-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Д.Д нь “...” ХХК-д учруулсан хохирлоо  барагдуулж, нийт 1200.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, “...” ХХК-д 1200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Д-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Д.Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 760.000 /долоон зуун жаран мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, “...” ХХК-д 1200.000 төгрөгийн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Д-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ