Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00752

 

 

 

 

 

 

 

     2024          04            12                                     210/МА2024/00752

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/05521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204013704 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, ТЗ 23 дугаар байрны 00 тоот хаягт байрлах хувийн сууцыг битүүмжлэн, хурааж авсан.Улмаар надад мэдэгдэлгүй шинжээчээр үнэлгээ хийлгэж, зах зээлийн үнээс хэт доогуур 191,400,000 төгрөгөөр үнэлүүлж, хөрөнгийг үнэгүйдүүлж миний эрх ашгийг хохироосон. Иймд Ф ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 1805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07, сарын р4-нийл өдрийн 1271 дугаар магадлалаар хариуцагч А.Б-, Д.Н, Б.А, Б.Х нараас 140,089,566 төгрөг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн.Дээрх шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад А.Б-, Д.Н-, Б.А-, Б.Х- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Н-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай 54 кв.м, талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4- 187/6809, 4-187/6805, 4-187/6804 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцон үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас ирүүлсэн хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/208 тоот шинжээч томилсон.  Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц- тухайн хөрөнгийг 191,400,000 төгрөгөөр үнэлсэн.

Уг үнэлгээг А.Б-т 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэхэд би орон нутагт ажлаар явж байх тул шуудангаар хүргүүлж болно гэсэн хариуг өгсөн. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4-187/10377, 4-87/10376, 4-187/10378 тоот үнэлгээний мэдэгдэл болон тайланг 2023 оны 05 сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НГ-т холбогдох Баянзүрх дүүрэг, 7-р хороо, ТЗ 23-р байр, 00 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013704 дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хөрөнгийн үнэлгээчин уг эд хөрөнгийг үнэлэхэд баримтлах аргачлалуудаас зөвхөн зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн ба өртгийн болон орлогын хандлагын аргуудаар үнэлээгүй. Энэ нь өмчлөгч нарын эрхийг зөрчсөн төдийгүй хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдалд нийцэхгүй байх ба шүүх үнэлгээчний үнэлгээний тайланд тусгасан мэдэгдлийг дэлгэрэнгүй тайлбарласан гэснээс зөв буруу талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна. Шинжээч нь зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн үнэлгээгээ гаргахдаа Үнэгүй.мн сайтын мэдээллийг эх сурвалжаа болгосон ба сайтад тухайн хаяг байршилд байрлах ижил төсөөтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь шинжээчийн өөрийнх нь үнэлсэн үнэлгээнээс илүү үнэлгээтэй байсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан, мөн дээрх сайтын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бүхий мэдээлэл нь хоорондоо илтэд зөрүүтэй, үнэлгээ үнэн бодит нөхцөл байдалд нийцсэн эсэх нь тогтоогдохгүй байхад шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч НГ-т холбогдуулан Д.Н-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 191,400,000 төгрөгөөр үнэлсэн шинжээч Ф ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01805 дугаар шийдвэрээр А.Б-, Д.Н-, Б.А-, Б.Х- нараас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүү 120,063,06.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613 төгрөг нийт 142,475,679 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 142,502,179 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/RCC190228009-1-1 тоот гэрээгээр хариуцагч Б.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032532 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 71 тоот хаягт байршилтай, 71,82 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот гэрээгээр Б.Х-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032523 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45 дугаар байр 70 тоот хаягт байршилтай 49,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-3 тоот гэрээгээр Д.Н-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013701 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 54 м.кв, талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх34-41/

 

2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/01271 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэмэгдүүлсэн хүү 2,412,613 төгрөг”, гэснийг хасч, “...142,502,179” гэснийг “...140,089,566” гэж, “...23,331,716” гэснийг “...25,744,329” гэж, 3 дахь заалтын “870,382” гэснийг “858,397” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх42-46/

 

2.2. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2022/01088 дугаар тогтоолоор хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх47/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

 

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх72/, Д.Н-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013704 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай 54 кв.м, талбайтай 4 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23380047/2 дугаар тогтоолоор битүүмжилж /хх81-85/, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23380047/4 дугаар тогтоолоор хураан авсан /хх86-89/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.

 

5. Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх талаар төлбөр төлөгч А.Б-, Д.Н-, Б.Х-, Б.А- нарт 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-187/6809, 4-187/6804, 4-187/6805 дугаар албан бичгээр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн байх ба төлбөр төлөгч нар заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/208 дугаартай “шинжээч томилох тухай” тогтоолоор барьцааны эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх90-95/

 

5.1. Шинжээчээр томилогдсон Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц- нь Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тайлбарлан, танилцуулсан байна. /хх96/

 

5.2. Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 191,400,000 төгрөгөөр үнэлсэн. /хх 110-131/ Үнэлгээний тайланг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4-187/1037, 4-187/10378, 4-187/100379 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарт 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн байна. /хх 119-121/

 

5.3. Түүнчлэн, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл”-д “төлбөр төлөгч А.Б-ийн 89002353 дугаартай утсанд холбогдон хөрөнгийн үнэлгээг танилцуулан ирж тайлантай танилцах талаар ярихад би орон нутагт ажлаар явж байгаа тул хаягаар шуудангаар хүргүүлж болно гэснээр тайлбар дуусав” гэжээ./хх 122/

 

6. Шинжээч Ф ХХК дүгнэлт гаргахдаа орон сууцны зах зээлийн үнийн судалж, зах зээлийн жишиг үнийн хандлагын арилжааны харьцуулалтын аргааг үнэлгээг тогтоох тохиромжтой гэж үзэж, мөн жишиг орон сууцны зах зээлийн үнэ судалгаа хийж орон сууцны үнэлгээг 191,400,000 төгрөгөөр тогтоосон. Ийнхүү үнэлэхдээ тухайн орон сууцтай ойролцоо төрлийн 3 ширхэг орон сууцыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...барьцаа хөрөнгийг өртгийн болон орлогын хандлагын аргуудаар үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/05521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

          ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

       Ц.АЛТАНЦЭЦЭГ