Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 4692

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20-334 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдиндоогийн Баттуяа /РД:ХЕ65052900/

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 2-30 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдиндоогийн Батнасан /РД:УГ54052403/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 2-30 тоотод оршин суух, Боржигон овогт Түмэннасангийн Болор /РД:УГ85052607/ нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 61-23 тоотод оршин суух, Цогоо овогт Гүндэнбалын Батзориг /РД:УД85080310/-т холбогдох,

            2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батнасан, нэхэмжлэгч Д.Баттуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, нэхэмжлэгч Т.Болор, хариуцагч Г.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баттуяа миний бие Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 20-334 тоот хаягт амьдардаг. Гэтэл П.Гонгоржав болон миний өмчлөлийн Ү-2201023762 тоот улсын бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД44-14 тоот, 2 өрөө, 41.9 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г.Батзориг нь бидний эрхийг төлөөлөх хэлцэл хийж, итгэмжлэл хийсэн. Уг байранд эгч Д.Батнасан, түүний охин Т.Болор нар ээжийн хамт амьдарч байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ээж П.Гонгоржав нь өөд болсон. Тухайн байрны өв залгамжлалыг асуудлыг шийдэх гэхэд тухайн итгэмжлэлээр уг байрыг барьцаанд тавьсан асуудал саад болж байна. Бид нотариатын газар хандахад барьцаанд байгаа тохиолдолд өв залгамжлалын асуудал шийдэгдэхгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн итгэмжлэлийг хийхдээ банкны зээлээ чөлөөлөөд маш хурдан хугацаанд ээжид минь гэрчилгээг нь өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Мөн итгэмжлэлийг 3 сарын хугацаатай хийнэ гэж төөрөгдүүлж, 3 жилийн хугацаатай хийсэн байсныг сүүлд мэдсэн. Энэхүү байрны асуудлаас болж ах дүү бид нар зөрчилдөөнтэй байгаа.  Ээж П.Гонгоржав нь өөрийгөө мөнх амьдрах юм шиг ойлгож, дараагийн үр хүүхдүүдийнхээ асуудлыг мэдэхгүйгээр ийм үйлдэл хийснийг ноцтой төөрөгдсөн гэж үзэж байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  Г.Батзоригт олгосон эрх төлөөлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.Батзориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Батзориг миний бие Д.Баттуяагийн төрсөн эгч Д.Батсүрэнгийн 2 хүү Ц.Ганболд, Ц.Гантуяа нартай хамтран бизнес эрхэлж байсан бөгөөд бүгд хэлэлцэж тохиролцон Д.Баттуяа болон П.Гонгоржав гэсэн хоёр хүний өмчлөлтэй Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-44 байрны 14 тоот байрыг Г.Батзориг надад  3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Үүнд ямар нэгэн төөрөгдүүлсэн зүйл байхгүй болно. Мөн итгэмжлэл цуцлахад иргэн Г.Батзориг миний бие татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. Уг итгэмжлэлийн дагуу 2014 онд уг орон сууцыг Хас банкны барьцаанд тавьж 50,000,00 төгрөгний зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл 30  гаруй сая төгрөгний үлдэгдэлттэй байгаа гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батнасан, Д.Баттуяа, Т.Болор нар нь хариуцагч Г.Батзоригд холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

            П.Гонгоржав, Д.Баттуяа нар нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД 44 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201023762   дугаарт бүртгэгдсэн байрны өмчлөгч мөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

            Уг байрны өмчлөгч П.Гонгоржав, Д.Баттуяа нар нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Гүндэнбал овогтой Батзоригд итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлээр СХД-ийн 5 дугаар хороо, ХД 41 байрны 14 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201023762 дугаарт бүртгэгдсэн 41,9 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

Энэхүү итгэмжлэлд олгосон эрхийн дагуу хариуцагч Г.Батзориг нь П.Гонгоржав, Д.Баттуяа нарын өмчлөлийн орон сууцыг 2014 онд Хас банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан, одоогоор барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй  болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 25 хуудас/

              Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаанд уг орон сууцны хаягийг “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД 44 дүгээр байрны 14 тоот хаягт” байршилтай гэж, маргааны зүйл болох 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлд “СХД-ийн 5 дугаар хороо, ХД 41 байрны 14 тоот хаягт байршилтай” гэж хаяг нь зөрүүтэй бичигдсэн байх боловч улсын бүртгэлийн Ү-2201023762 дугаар нь ижил байх ба  зохигч энэ байдлын талаар маргахгүй байна.

            Нэхэмжлэгч нар “...хариуцагч Г.Батзориг нь тухайн итгэмжлэлийг хийхдээ 3 сарын хугацаатай хийнэ гэж төөрөгдүүлж, 3 жилийн хугацаатай хийсэн байсныг сүүлд мэдсэн. Ээж Гонгоржав нь өөрийгөө мөнх амьдрах юм шиг ойлгож, дараагийн үр хүүхдүүдийнхээ асуудлыг мэдэхгүйгээр ийм үйлдэл хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дахь хэсэгт хэлцэл хийхдээ ноцтой төөрөгдсөн гэж үзэх, мөн ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох үндэслэлүүдийг тодорхойлсон  байна.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ноцтой төөрөгдсөн гэж тайлбарлаж байгаа боловч 58 дугаар зүйлийн 58.3.1-58.3.4 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр ноцтой төөрөгдсөн гэж үзээд байгаа нь тодорхойгүй  байх ба   нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн дээрх үндэслэл нь түүнд хамаарахгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Д.Баттуяаг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг хийхдээ ноцтой төөрөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн орон сууцны өмчлөгч П.Гонгоржав нь 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан гэх ба нэхэмжлэгч нар түүний өв залгамжлагчаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч Д.Батнасан, Т.Болор нар нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч   Д.Батнасан, Д.Баттуяа, Т.Болор нарын хариуцагч Г.Батзоригд холбогдуулан гаргасан 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Батзоригд холбогдуулан гаргасан 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Батнасан, Д.Баттуяа, Т.Болор нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА