Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00750

 

 

 

 

 

 

 

 

     2024       04            12                                    210/МА2024/00750

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/00919 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Т-т холбогдох,

19,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О ХХК нь худалдаа эрхлэн явуулдаг бөгөөд “Голомт банк” ХК дахь 1901055386 дугаартай тус компанийн дансанд орлого, зарлага ихэвчлэн төвлөрдөг. Компанийн санхүүгийн гүйлгээний асуудлыг захирал Д.М- хариуцдаг. Зарим тохиолдолд цахим хэрэгсэл ашиглахад хүндрэлтэй учраас өөрийн насанд хүрээгүй хүү болох 16 настай Э.У хараа хяналттайгаар гүйлгээ хийлгэдэг байсан.

Хүү Э.У- нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн О ХХК-ийн “Голомт банк” ХК дах 1901055386 тоот данснаас Ц.Т-ын эзэмшдэг Хаан банк дахь 0000 тоот дансанд нийт 19,500,000 төгрөгийг цувуулан шилжүүлж зарлага хийсэн байсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллага шалгалт хийж гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан. Бооцоот тоглоом тоглох зорилгоор Ц.Т- өөрийн “ХААН банк” ХК дахь өөрийн 0000 тоот дансандаа авсан. Уг мөнгийг хүү Э.У- зарцуулах эрхгүй бөгөөд компанийн зүгээс зөвшөөрөөгүй. Мөн иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй Э.У-той Ц.Т- нь түүний хууль ёсны төлөөлөгчгүйгээр уг хэлцлийг хийх эрхгүй. Иймд хууль бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Э.У- чатаар холбогдож ашгаа хувааж мөнгө өсгөж өгөх үү гэхэд нь боломжгүй гэж хариу хэлсэн. Э.У- өөрийгөө надад 18 настай, 12 дугаар анги гэж танилцуулсан. Аавынхаа данснаас нууцаар мөнгө аваад алдчихлаа өсгөхөд минь туслаач гэж гуйсан. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дахин холбогдож ээжийнхээ 40,000,000 төгрөгийг алдчихлаа, өөрт байгаа 20,000,000 төгрөгөө 60,000,000 төгрөг болгомоор байна гэж асуусан. Би туслах гэж хичээсэн боловч миний өгсөн таамгууд оновчтой байсан хэдий ч миний зөвлөгөөг дагалгүй мөнгөө алдсан байсан.

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр утсаа ломбардад тавиад алдсан гэж хэлээд миний аккаунтаар бэт тавихаар болсон. Миний аккаунтаар бэтлэхийн тулд миний өөрийн дансыг ашиглах шаардлагатай байдаг. Учир нь цэнэглэлт хийдэг газар нь иргэний үнэмлэх болон нэрийн данстай гүйлгээг цэнэглэж өгдөг учраас Э.У-од цэнэглэлт хийж өгсөн. Өмнө нь мөнгөө тавиад алдаж байсан гэсэн учраас насанд хүрсэн гэдэгт нь итгэсэн. 19,500,000 төгрөг миний дансаар орж цэнэглэлт хийгдэж, миний аккаунт нэвтрэх нууц үгийг авч өөрөө бооцоогоо тавьсан. Би тухайн үед таамаг болон зөвлөгөө өгсөн бүгд оновчтой байж мөнгийг нь тодорхой хэмжээнд өсгөсөн боловч Э.У- өөрөө бооцоо тавьж алдсаар байсан. 19,500,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг хувьдаа хэрэглээгүй, цэнэглэлт хийлгэж Э.У- өөрөө  тоглож алдсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн хариуцагч Ц.Т-т холбогдуулан гаргасан 19,500,000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хариуцагч нь үнэхээр 1ХВЕТ-ийн агент буюу төлөөлөгчийн эрхтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Гэтэл хариуцагч Э.У-оос авсан мөнгөнүүдийг бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг байгууллага, агентын эрхтэй этгээдэд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй үл мэдэгдэх хувь хүний данснуудад шилжүүлсэн. Үүний цаана үнэхээр бооцоот тоглоомын үйл ажиллагаа явагдаад байна уу, эсвэл Э.У-ын мөнгийг бусдад шилжүүлж өөрийнхөө ямар нэгэн төлбөрийн үүрэг гүйцэтгээд, өөртөө захиран зарцуулаад байна уу гэдэг асуудлыг тогтоож чадаагүй. Зүй нь хариуцагч хүлээн авсан мөнгөө ямар хүний дансанд ямар зорилгоор шилжүүлж байгаа талаар дансны хуулганаас гадна 1ХВЕТ -ийн өөрийн аккаунтыг нэр дугаар, бооцоо тавьж тоглосон тоглоомын нэр, тоглосон цаг хугацаа зэрэг нөхцөл байдлыг баримтаар, эсхүл үзлэг хийлгэх байдлаар нотлох боломжтой байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагч болон Э.У- нарын харилцсан чатаас үзвэл хариуцагч Ц.Т- нь Э.У-ын шилжүүлсэн мөнгийг хүлээн аваад өөрөө бооцоо тавьж тоглоод мөнгийг нь алдаад байгаа нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэв Э.У- нь насанд хүрсэн байсан бол 1ХВЕТ-Д өөрөө бие даан агентын оролцоогүйгээр тоглох боломжтой юм. Насанд хүрээгүй учраас хэн нэгэн этгээд, агентаар дамжуулан тоглохыг хүссэн. Энэ байдал нь хариуцагч Ц.Т- Э.У-ыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан болохыг харуулж байна. Нэгэнт насанд хүрээгүй хүнтэй хэлцэл хийж мөнгө хүлээн авч, өөрөө зарцуулсан бол энэ хүчин төгөлдөр хэлцэл биш байна. Энэ хэлцлийг хийх эрх Э.У-од байхгүй, хариуцагч нь Э.У-ыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хэлцэл хийж мөнгө авч өөрөө зарцуулаад байгаа бол энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлгүйгээр эд юмс олж авсан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч Ц.Т- нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Э.У-ыг 16 насанд хүрсэн эсэх асуудал яригддаг боловч талуудын хооронд мессенжерээр харилцсан, шүүхээр үзлэг хийлгэсэн баримтад өөрийгөө 18 настай гэсэн болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ц.Т-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

3. О ХХК-ийн Голомт банкны 1901055386 тоот данснаас, хариуцагч Ц.Т-ын Хаан банкны 0000 тоот дансанд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 10,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Ц.Т- нь өөрийн Хаан банкны 0000 тоот данснаас, Хаан банкны 0000 тоот дансанд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг “352004315”, “351004315” гэх утгаар, мөн данснаас Хаан банкны 506478255 тоот дансанд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг “352004315” гэх утгаар тус тус шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх6-8, 42-43/

 

4. Зохигч талууд 19,500,000 төгрөгийг тус компанийн захирал Д.М-ын хүү Э.У-оос хариуцагч Ц.Т-ын данс руу шилжүүлсэн талаар талууд маргадаггүй, харин уг дансыг хүү Э.У- захиран зарцуулах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.1. Э.У- нь “...өөрийгөө 18 настай...” гэж танилцуулсан болох нь хариуцагч Ц.Т-ын “Т ртр” /T rtr/ нэр бүхий фэйсбүүк хаягаас Э.У-ын Э- У /E-/ гэх хаягтай харилцсан зурваст шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл болон хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдсон байх тул насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байсныг хариуцагч мэдэх боломжгүй байсан гэж үзнэ. Иймд, насанд хүрээгүй иргэнтэй хэлцэл хийсэн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй. /хх75-84/

 

5. Хариуцагч Ц.Т- нь Э.У-ын шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг бооцоот тоглоом, түүний эрхийг авах зорилгоор бусад этгээдүүдэд шилжүүлэн, улмаар уг эрхээр Э.У- нь бооцоот тоглоомд оролцож, мөнгөө алдсан үйл баримт хэргийн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч талын “...Ц.Т- нь Э.У-ын шилжүүлсэн мөнгийг өөрийн төлбөрийн үүрэгт зарцуулсан, мөн өөрөө мөнгөөр нь тоглоод алдсан эсэхийг шалгаагүй” гэх гомдол үндэслэлгүй. /хх96-104/

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг. Зохигчийн хуульд заасан эрхийн хүрээнд нотлох баримтуудыг шалгуулах талаар буюу нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргаж байгаагүй. Түүнчлэн, шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар талуудаас хүсэлт байгаа эсэхийг тодруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “анхан шатны шүүхэд гаргаагүй баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүх үнэлэхгүй” талаар тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх71/

 

6. Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1274 дугаартай прокурорын тогтоолоор хариуцагч Ц.Т-т холбогдуулан гаргасан гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна./хх105-107/

 

6.1. Ц.Т-ын дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байхаас гадна, Э.У-ын хууль ёсны төлөөлөгч нь өөрийн насанд хүрээгүй хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах тухай Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх, нэхэмжлэгч байгууллагын дансыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусадтай мөнгө гүйлгээ хийх боломжийг олгохгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

6.2. Э.У- нь өөрийгөө насанд хүрсэн мэтээр бусдад таницуулсан, улмаар нэхэмжлэгч байгууллагын данснаас зөвшөөрөлгүй зарлага гаргаж, тоглоом тоглосон үйлдэлд хариуцагч Ц.Т-ын гэм буруу тогтоогдохгүй, мөн түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/00919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ