Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 53

 

Х.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийдвэртэй

Х.*******ын нэхэмжлэлтэй

Ж.*******ид хариуцагдах

“Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч,

шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.*******, нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Ж.*******той 2010 онд анх танилцаж, 2011 оноос гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарсан. 2011 онд охин П.Анужин, 2014 онд охин П.Мөнхжин нар мэндэлсэн. Бид 2015 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа тул Ж.*******оос 2 охиндоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч Ж.*******ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: ...Х.*******ын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай миний нэр дээр нэхэмжлэл ирсэн байна. ...бид цуг амьдарч байхад намайг *******аас сал гэж дарамталсан мессеж ирдэг байснаас болж бидний хоорондын харьцаа муутай амьдрах боломжгүй болсон. Ажилтай байх үедээ би 2 хүүхдийн нэр дээр хадгаламж нээн сар болгон цалингаас 100.000 төгрөг ордог байсан учир тухайн үед хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2016 оны 05 дугаар сарын

13-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин П.Анужин, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин П.Мөнхжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.*******оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

     Хариуцагч Ж.*******ийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:  Нэхэмжлэгч Х.******* нь 2015 оны 3 сараас хойш тусдаа амьдрах санал надад тавьж улмаар 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлыг ярилцахгүй байхаар ярилцан тохиролцож би 2 хүүхдийнхээ нэр дээр хадгаламжийн данс нээж сар болгон 30,000 төгрөгийн хуримтлал бий болгож байтал гэнэт намайг үндэслэлгүйгээр ажлаас халснаас болж би хүүхдүүдийнхээ хадгаламжид мөнгө байршуулж чадахаа больсон. Би “Оюу толгой” ХХК-д операторын үүрэг гүйцэтгэж нилээдгүй мөнгө олдог байсан боловч гэнэт ажлаас халсан учир би тус компанийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гарган өөрийн хууль ёсны эрх, эрх ашиг сонирхлоо хаммаалуулахаар явж байна. Гэтэл Х.******* энэ бүхнийг мэдсээр байж ийм ажил хийж яваа гэдэгт би итгэхгүй байгаа.Тэр надад холбогдуулан 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар Ханбогд сумын Сум дундын шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа миний овгийг ч мэдэхгүй, өөрийн гараар нэхэмжлэлийн шаардлагаа бичээгүй, өөр хүний гарын үсэг байсан тул энэ талаар би шүүхэд нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа гарын үсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч байсан миний хүсэлтийг хангалгүй орхисонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага дээрхи гарын үсэг Х.*******ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгосоны дараа уг хэргийг шийдүүлэх хүсэлтэй байх тул дээрхи шүүхийн 66 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад анхан шатны шүүхийн 66 дугаар шийдвэр нийцсэнгүй.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ж.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт хавсарган ирүүлснийг/хх-7/ шүүгч 2016 оны 3 сарын 18-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай 11 дүгээр захирамжийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ...” гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т 63.1.5-т “тогтмол хугацаанд төлөгдөх ...тэтгэлэг …шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр”  тооцохоор тодорхойлсон журамд нийцсэн ажиллагаа болж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт заасан шүүх хуралдааны  бэлтгэл хангах ажиллагааны журам тодруулбал, шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа үүнээс хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэсэн журам, хуулийн 77 дугаар зүйл заасан шүүхийн мэдэгдэх хуудас, түүнийг хэрэглэх журмыг шаардлагад нийцүүлэн хариуцагчид мэдэгдэх хуудас хүргэх ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хариуцагч Ж.*******ид мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх баримтуудаас  /хх-9,30,48/ үзэхэд дээрх журамд зааснаар хэрэгжүүлээгүй ба хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас...хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдснээ баримтжуулсан байна” гэсэн журмын дагуу мэдэгдэх хуудсыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хэрэгжүүлж мэдэгдсэн гэж  үзэж түүнийг анхан шатны шүүхийн хуралдаанд биечлэн оролцох, хэргийн  нотлох баримт, материалтай танилцах эрхийг эдлүүлэх боломжоор хангааагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэсэн эрхийг зөрчсөн байна.

Хариуцагч Ж.Пунцагдожид шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд утас  бусад хэрэгслээр мэдэгдэх шаардлагатай тохиолдол байсан эсэх нь хэрэгт баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн шүүхийн ийнхүү мэдэгдснээ баримтжуулж буй ажиллагаа нь хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэнгүй.

Хэрэгт авагдсан хариуцагч Ж.*******ид шүүхийн мэдэгдэх хуудсыг “утсаар мэдэгдсэн” гэсэн баримтуудад шүүгчийн туслахын бичсэн гэх бичвэрт дурдсан байдал, давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргасан тайлбарт дурдагдсан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ идэвхи оролцож байгаа, өөрт бий болсон нөхцөл байдлаа хуульд заасан арга журмаар нотолж баримтаар ирүүлээгүй байдал байхыг үгүйсгэхгүй. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн  77.1-т “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг  хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана”, хуулийн 77.3-т “Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн  бол шүүх  хүлээн авагчийн нэр , хаяг, явуулж буй  он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна”, хуулийн 77.4-т “Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно”, хуулийн 77.9-т “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэх мэт журмаар хийгдвэл зохих ажиллагааг явуулах шаардлагатай байжээ.

Хариуцагч Ж.*******ийн 2016  оны 4 сарын 19-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд заасан арга журмаар бэхжүүлэгдсэн өөр бусад нотлох баримтгүй байхад зөвхөн нэхэмжлэгч Х.*******ын гаргасан тайлбарыг үнэлэн  хэрэгсэхгүй болгосон хуульд нийцээгүй төдийгүй хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэстэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залрулах эрх зүйн боломжгүй тул 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Ханбогд суман дахь сум дундын шүүхэд буцаах нь  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******ид  хариуцагдах хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.246 /дөчин зургаан мянган хоёр зуун дөчин зургаан/ төгрөг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Н.НАСАНЖАРГАЛ    

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ