Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/0001080

 

Б.Б-нынэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00053 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Б-нынэхэмжлэлтэй,

Хариуцагч З Ө С Т-дхолбогдох,

Баян-Өлгий аймгийн З Ө С Тийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч С.Алтынайгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би Баян-Өлгий аймгийн З Ө С Т-д2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус байгууллагын даргаар томилогдсон С.Алтынай нь өнгөрсөн хугацаанд намайг хэд хэдэн удаа хууль бусаар ажлаас халж байсан ба шүүхээр өмнөх эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдож байсан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн З Ө С Тийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалаар Б.Б намайг нягтлан бодогчийн ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Ажил олгогч Б.Б намайг байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч байгууллагад хохирол учруулсан асуудал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Тухайн маргаан бүхий зөрчлийг асуудлыг байгууллагын дарга С.Алтынай анх 2016 оны 07 дугаар сарын үед тус аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн. Үүнээс үзэхэд уг зөрчлийг ажил олгогч нь 2016 оны 07 дугаар сард илрүүлсэн. Нэгэнт ажил олгогч нь тухайн зөрчлийг 2016 оны 7 дугаар сарын үед илрүүлсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 сарын дотор надад сахилгын шийтгэх ногдуулах ёстой.

Гэтэл ажил олгогч нь зөрчлийг илрүүлснээс хойш 4 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн. Иргэн Б.Б надад холбогдох өмч хөрөнгийн асуудалд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн одоо хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Шүүхээс Б.Б намайг гэм буруутайд тооцсон эцсийн шийдвэр одоогоор хуулийн байгууллагаас гараагүй. Энэ нь Үндсэн хуулийн Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчимд нийцэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн З Ө С Тийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүйд тооцон, төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ныЗ Ө С Тийн даргатай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж тус төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11; 1,12; 1.13; 3-р бүлгийн 3.2-т тус тус заагдсан заалтууд болон Төсвийн ахлах нягтлан бодогчийн хүлээх үүргийг удаа дараа ноцтой зөрчсөнтэй холбоотой. Б.Б нь Үндсэн хууль, Иргэний хуулиудад заагдсан иргэнийхээ үүргийг ухамсарлан 2014-2015 онуудад Аудитын байгууллага болон хууль хяналтын байгууллагын зүгээс албан шаардлага, мэдэгдлүүдээр хүргүүлсэн анхааруулга санамжуудыг хайхралгүй байгууллагын удирдлага хамт олны итгэлийг алдаж хууль, дүрэм, журмыг зөрчсөн үйлдлээрээ 2015 оны 4 дүгээр сарын 06-ны 11, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан. Тун удалгүй 2016 оны 6, 7 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр холбогдох хууль, журмын заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдлийг 2 дахь удаагаа давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3 дугаар бүлгийн 3.5.1, 3.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-ын "г" дахь заалтуудыг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалаар Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Б.Б-ны2016 оны 6, 7 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр гаргасан зөрчлийг 07 дугаар сард илрүүлэн тогтоолгох үүднээс шалгуулахаар 2016 оны 07 дугаар сарын 20-нд Цагдаагийн газарт хандсан. Уг хэргийн мөрөөр Цагдаагийн газраас З Ө С Тийн санхүүгийн холбогдох баримтуудад хөндлөнгийн Аудит болон аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт гаргуулан иргэн Б.Бтай холбогдол бүхий 201604000189 тоот хэрэг үүсгэн цаашид үргэлжлүүлэн шалгаж байгаагаа танилцуулсан. Нэгэнт Б.Б-ныдавтан гаргасан зөрчил нь байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3 дугаар бүлгийн 3.5.1 болон 3.5.2 дугаар заалтын дагуу, тус журмын 3.5-д заасан "Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль (11.5; 13; 15.1.7; 26.1; 26.2) заалтууд болон дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах буюу төрийн албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлнө" гэсэн заалтад нийцэж байгаа тул хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

Иймд Б.Б-ныгаргасан гомдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заагдсан заалтыг зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй болох ба санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн үйлдлийг илрүүлэн хуурамч эсэхэд шууд дүгнэлт хийж тогтоох боломжгүй тул холбогдох байгууллагаар тогтоолгохоор хүсэлт гаргаж 4 сарын дараа хуурамч бичиг баримт үйлдэн мөнгө завшсан үйлдэл нь шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт болон хөндлөнгийн Аудитын дүгнэлтээр тогтоогдсон учраас байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлтэй арга хэмжээ авагдсан юм. Гомдолд аймгийн Прокурорын газраас иргэн Б.Быг байгууллагын өмч хөрөнгийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурдаж, энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-д заагдсан зарчимд нийцэж байна гэж дурдсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д "Энэ хуулийн 15-р зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан заалтад харшилж байна гэж үзэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд Б.Б-нысанхүүгийн сахилга батыг ноцтой зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчил нь он дараалан дахин давтагдсан үйлдэл тул дээрх дурдагдсан хууль журмын дагуу үндэслэлтэй арга хэмжээ авагдсан гэж үзэж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгтэй холбогдуулан ямар шийдвэр гаргах нь Б.Быг ажлаас чөлөөлөх шийдвэртэй ямар ч холбогдолгүй болох нь дээрх хууль зүйн үндэслэлүүдээр тайлбарлагдаж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн З Ө С Тийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Борбаны Б.Быг Баян-Өлгий аймгийн З Ө С Тийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00053 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Алтынай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген нь Төлек овогт Шакиртбайн Кадирбекийн охин байдаг ба нэхэмжлэгч Б.Б-нытөрсөн бэр эгч болох Төлек овогт Шакиртбайн Шарбенхантай төрөл садангийн холбоотой учир ашиг сонирхлын хамаарал бүхий этгээд байжээ. Хэргийн оролцогчид бид энэ талаар тухайн үед мэдээгүй байсан тул тухайн үед татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаагүй ч шүүгч нь өөрөө татгалзан гарах үүрэгтэй байсан, шүүгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Урьд нь мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн асуудлыг Б.Бд ашигтайгаар шийдвэрлэж байсан бөгөөд энэ нь Б.Б-ныдахин гэмт хэрэг гаргах нөхцөл шалтгаан, үндэслэл болсон гэж ойлгогдохоор байна. Тийм учрааас хэрэг шийдвэрлэгдэх ажиллагаанд шүүгч шударга бусаар хандсан байгаа. Нэхэмжлэгч Б.Б нь гэмгүй царай гаргаж, бараг л гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүх хуралдаанд тайлбар тавьж байсан хэдий ч шүүхүүд энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит шударгаар дүгнэлт хийгээгүй байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген нь шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 9-р талд/ хариуцагч тушаалдаа Шүүхийн Шинжилгээний албаны дүгнэлтийг үндэслэсэн. Нэхэмжлэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүнэсэн мөртлөө, харин нөгөө хэсэгт нь ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 401.4, 40.1.5-д заасан зөрчлийг шалгасан талаар материал, хурлын тэмдэглэл зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтьн ажил олгогч өгөөгүй байгаа нь тушаалын үндэслэл нотлогдохгүй гэж дахин дахин өрөөсгөлөөр дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэв нотлох баримт шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулан хариуцагчаас шүүх шаардах байлаа. Дүгнэлтийн талаар прокурорын хүчин төгөлдөр тогтоол,мэдэгдэдд дурдагдсан байхыг шүүгч олж хараагүй өнгөрч байсан ба харж дүгнэхийг хүсээгүй байгаа нь харамсалтай байна.

Шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл илэрсэн бөгөөд заавал шалгаж тогтоогдохыг шаардах гэсэнийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мэдээж шалган тогтоогоогүйгээр Б.Быг шууд ажлаас чөлөөлсөн бол энэ талаар маргах нь тодорхой. Тийм учраас ШША-ний болон аудитын дүгнэлтийг үндэслэл болгож тушаал гаргах нь хуулинд нийцнэ. Байгуулагын дотоод журамд энэ талаар тусгасан байгаа болно. Шүүх шийдвэрййн үндэслэл болгосон өөр нэг асуудал нь Сангийн сайдын 294 тоот тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын” 3-р зүйлийн 3.5.1, 3.5.2-р заалтууд болон хөдөлмөрийн гэрээний 2.1.3-д ...мөн журмын 4.1, 4.2, 43 зүйл заалтуудын аль нэгийг ноцтой зөрчсөн тохиолдолд... гэсэн нь хоорондоо зөрүүтэй байна гэж нэхэмжлэлийн гадуур шаардлага гаргаагүй асуудалд дүгнэлт хийж хэт нэг талыг баримталсан.

Хэрэв тухайн үед нэхэмжлэгч уг гэрээ өөрийн эрх ашгийг зөрчсөн байдалтай хийгдсэн гэж үзвэл хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурахгүй байсан байх ба гомдлын шаардлага гаргах байсан. Нөгөөтэйгүүр шүүх нь ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар нэрлэн заасан байхыг шаардана гэж хууль.журамд заагдаагүй асуудалд дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч ямар ноцтой зөрчил гаргасан асуудал мөн прокурорын тоггоол.мэдэгдэлд тодорхой дүгнэгдсэн байгаа. Шүүхүүд ажил олгогч нь ажилтан Б.Бтай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д заасны дагуу эд хөрөмгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй.мон хуулийн 35.4... д “эд хөрөнгийн бүрэн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэсэн заалтыг тайлбалан хэрэглэсэн байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн байх ба мөн хуулийн 21-р зүйлийн 21.6 д.., зааснаар “Талууд гэрээнд энэ хуулийн 21.1 д заасан” гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно” гэсний дагуу гэрээнд зовхөн сахилгжхариуцлагын асуудльгг талууд харилцан тохиролцсон болно. Шүүхүүд зөвхөн хариуцагч талын ирүүлсэн нотлох баримтууд болох Аудитын газрын дүгнэлт, Прокурорын дүгнэлт зэргийг үгүйсгэх байдалтай дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Шийдвэрийн          хамгийн сүүлийн хэсэгт Аудитын байгууллагын болон прокурорын дүгнэлт,мэдэгдлийг иш татаж тусгаи бичсэн мөртлөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Зонооз өвчин судлалын төвийн даргын 26 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Быг ажилд иь эгүүлэн тогтоох нь зүнтэй гэж шийдвэрлэсэн нь хариуцагчийг илт тохуурхсан гэж ойлгогдохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг ИХШХШ тухай хуулийи дагуу хүчингүй болгон, анхан шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн З Ө С Т-дхолбогдуулан тус төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүй болгож, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.3-ийн г-д заасныг тус тус баримтлан Б.Быг байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч, хуурамчаар бичиг үйлдэн гарын үсэг, тамга ашигласан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн зөрчлийг зааж, З Ө С Тийн ахлах нягтлан бодогчийн ажлаас халсан байна.

Шүүх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрх, ажилтныг зөрчил гаргасан гэж үзэх эсэх, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан шаардлагад нийцжээ.

Б.Быг байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч, хуурамчаар бичиг үйлдэн гарын үсэг, тамга ашигласан гэх үйлдлийг эрүүгийн журмаар шалгах явцад Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлт гаргажээ. Хариуцагч дээрх зөрчлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн атлаа 2 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан “...ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ...” зохицуулалтыг зөрчсөн байна.

Ажил олгогч  ажилтны зөрчлийг илрүүлсэн, гаргасан зөрчлийг нь тогтоосон бол хуулиар тогтоосон хугацаанд сахилгын шийтгэл авах эсэхийг шийдвэрлэх ёстой бөгөөд хугацааг баримтлаагүй нь тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно. Ажил олгогчийн тушаал хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хүрээнд, гэрээг цуцалж байгаа эрхийн акт тул тушаалын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд эрүүгийн хэргийн явцад бүрдсэн баримт болох аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтийг үндэслэсэн нь буруу байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул “...шүүх хэт нэг талыг баримталж хэргийн баримтыг үнэлсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэр, Баян-өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00053 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгсднийг дурьдсугай.

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА