Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/0167

 


Э.Цэндбазарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Э.Цэндбазар, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар магадлалтай, Э.Цэндбазарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Цэндбазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 752 дугаар захирамжаар тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээн авч аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие ажиллах хугацаандаа сахилгын зөрчил болон ямар нэгэн алдаа дутагдалгүй, ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, аймаг, сумын удирдлага болон Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэн хэрэгжүүлсээр ирсэн.

Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэх улс төрийн ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан болно. Сумын цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж улсын онцгой байдлаас хэрэгжүүлж буй сумын Засаг даргын 60 дугаар захирамжийн дагуу сумыг нүүлгэн шилжүүлэх заагдсан цэгт цэцэрлэгийн ахлах бүлгийн нэг анги, гал тогоотой нь гаргаж хүүхдийн тоглоомын талбайг ажиллуулж мөн “Мандалхайрхан 1 дүгээр баг дээр Цэцэрлэг ажиллуулж өгнө үү” гэсэн сумын иргэдийн хүсэлтийн дагуу зуны нүүдлийн бүлгийн цэцэрлэгийг ажиллуулж, бүлгийн багшаар нь өөрийн биеэр ажиллаж сумын иргэдийн амьдралд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Олон улсын багш нарын баярыг тохиолдуулан Баян-Овоо сумын сургуулийн ахмад багш Ш.Лхамхүүгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн багш нарын баярын өдөр болох 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас зохион явагдах тухай удирдамж манай хамт олонд ирсэн. Хамт олон хуралдаж 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагаас цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, тэмцээнд идэвхтэй оролцохоор шийдвэр гаргасан. Ингээд 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас тэмцээн эхэлж миний бие нь тэмцээнд оролцож байгаад орой 18 цагт 4 настай хүүхдээ хооллохоор гэртээ ирсэн. Гэртээ ирээд цэцэрлэгийн нягтлан Л.Алимаагийнд \хажуу хашаанд байдаг\ ортол багш нарын баяр болж байгаа гээд баярын идээ гэж архи аягалж өгсөн.

Идээг хүртээд тэмцээн рүү явахаар машинд суух гэтэл аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн хошууч Э.Алтангэрэл мөн аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Сарангарав нар 18 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс ирж “...Баян-Овоо сумын төрийн албан хаагчид ажлын байран дээрээ байхгүй архи ууж байна гэсэн иргэдийн мэдээллээр явж байна...” гэж хэлж драйгер үлээлгэсэн. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1 дүгээр заалтуудыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаас халсан.

Миний бие энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ажлын цагаар болон ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд зүй бус үйлдэл, зан авир гаргасан зүйл байхгүй. Мөн ажлын бус цагаар хувь хүн болон гэр оронд төрийн хүчийг ашиглан хүний эрхэнд бүдүүлгээр халдаж, энэхүү байдлаа ашиглан Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас хууль бусаар халж байгаа нь миний Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний бие бага насны хоёр хүүхэдтэй, ажлаас өөр ямар нэгэн орлогогүй өрх толгойлсон эмэгтэй юм.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баян-Овоо сумын төрийн албан хаагчид ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа хийхгүй байна” гэсэн мэдээлэл аймгийн Засаг даргад ирсний дагуу 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:40 минутад тус сумын Засаг даргын Тамгын газарт Цагдаагийн газрын ёс журам сахиулах жижүүр цагдаагийн хошууч Э.Алтангэрэл, аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Сарангарав нар очиж шалгахад тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан 3 байсан бөгөөд “Тамгын газрын бусад ажилтнууд бүгд сургуулийн спорт зааланд тэмцээнд оролцож байгаа” гэсэн Тамгын газрын ажилтан Ө.Баасанбатын тайлбар хийснийг тэмдэглэлээр баталгаажуулсан.

Сургуулийн спорт зааланд очиход тус сумын төсвийн байгууллагын ажилтнууд тоглож байсан бөгөөд удирдах албан тушаалтнууд байхгүй байсан. Цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэндбазарынд очихоор явж байтал тэдний ойролцоох хашааны гадаа цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн машинтай хүмүүс байсан ба Э.Цэндбазар нь тус хашааны айлын гадаа зогсож байсан. Э.Цэндбазар болон уг машинд сууж байсан Засаг даргын Тамгын газрын дарга М.Жавзансүрэн, Санхүүгийн албаны дарга Д.Эрдэнэбулган нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсныг согтуурал шалгадаг багажаар шалгахад Э.Цэндбазарын согтуурлын хэмжээ 2.09 хувьтай байгаа нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Согтуурал шалгах ажиллагаа болон тэмдэглэл үйлдсэн хугацаа 18:02 минутаас эхэлсэн бөгөөд тэдний байсан газар 17:55 минутад буюу ажлын цаг дуусаагүй байхад очиж тухайн үеийн байдалтай танилцахад дээр дурдсан албан хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 566 дугаар захирамж нь үндэслэлтэй шийдвэр бөгөөд иргэн Э.Цэндбазарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Э.Цэндбазарын гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 162 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар захирамжийг хүчингүй болгон, Э.Цэндбазарыг тус аймгийн Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цэндбазарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 131.1.13, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар” захирамжийг хүчингүй болгон, Э.Цэндбазарыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэжээ.

“Баян-Овоо сумын төрийн албан хаагчид ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа хийхгүй байна” гэсэн мэдээлэл аймгийн Засаг даргад ирсний дагуу 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:40 минутад тус сумын Засаг даргын тамгын газарт Цагдаагийн газрын ёс журам сахиулах жижүүр, цагдаагийн хошууч Э.Алтангэрэл, аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Сарангарав нар очиж шалгахад тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан гурав байсан бөгөөд “Тамгын газрын бусад ажилтнууд бүгд сургуулийн спорт зааланд тэмцээнд оролцож байгаа” гэсэн Тамгын газрын ажилтан архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Баасанбатын тайлбар хийснийг тэмдэглэлээр баталгаажуулсан.

Сургуулийн спорт зааланд очиход тус сумын төсвийн байгууллагын ажилтнууд тоглож байсан бөгөөд удирдах албан тушаалтнууд байхгүй байсан. Цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэндбазарынд очихоор явж байтал тэдний ойролцоо хашааны гадаа цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн машинтай хүмүүс байсан ба Э.Цэндбазар нь тус хашааны гадаа зогсож байсан. Э.Цэндбазар болон машинд сууж байсан Засаг даргын Тамгын газрын дарга М.Жавзансүрэн, Санхүүгийн албаны дарга Д.Эрдэнэбулган нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсныг согтуурал шалгадаг багажаар шалгахад Э.Цэндбазарын согтуурлын хэмжээ 2.09 хувьтай байгаа нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож байна.

Согтуурал шалгах ажиллагаа болон тэмдэглэл үйлдсэн хугацаа 18:02 минутаас эхэлсэн бөгөөд тэдний байсан газар 17:55 минут буюу ажлын цаг дуусаагүй байхад очиж тухайн үеийн нөхцөл байдалтай танилцахад дээрх албан тушаалтнууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Э.Цэндбазарын согтуурлын хэмжээ 2.09 хувьтай буюу их хэмжээний согтолттой, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож байгаа тул аймгийн Засаг даргын 2015 оны 566 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар магадлалыг хүчингүй болгож, Э.Цэндбазарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд эрх зүйн буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30.1.15, хөдөлмөрийн гэрээний 7.2.1-д заасныг үндэслэн Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэндбазарыг “ажлын байран дээр, ажлын цагаар архидан согтуурсан” гэж үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Э.Цэндбазар нь “...ажлын цагаар болон ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд зүй бус үйлдэл, зан авир гаргаагүй” гэх үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, олон улсын багш нарын баярын өдөрт зориулан 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас Баян-Овоо суманд зохион байгуулагдах ахмад багш Ш.Лхамхүүгийн нэрэмжит “гар бөмбөгийн тэмцээн”-д оролцох эсэх талаар “Наран” цэцэрлэгийн хамт олон мөн өдөр хуралдаж, цэцэрлэгийн хүүхдүүдийг тараах цагийг урагшлуулж 13 цагт тараах, тэмцээнд оролцох шийдвэрийг гаргаж, хамт олноороо тэмцээнд оролцсон, “сумын төсвийн байгууллагын ажилтнуудыг ажлаа хийлгүй, архидан согтуурч байна” гэсэн мэдээллийг аймгийн Засаг дарга авч, Тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Сарангаравт цагдаагийн албан хаагчтай хамт очиж газар дээр нь байдлыг шалгах үүрэг өгсөн, цагдаагийн албан хаагч Э.Алтангэрэл нь Э.Цэндбазараар “драгер” үлээлгүүлж 2.09 хувийн согтууралтай байсныг тогтоосон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан, аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Э.Цэндбазартай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 7.2-т “ажлын цагаар болон ажлын байранд мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан, зүй бус үйлдэл, зан авир гаргасан бол” Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “ноцтой” зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгоно гэж тусгажээ.

Гэвч хариуцагч аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэснийг үндэслээгүй, харин  хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан мөн хуулийн 131.1.3-т заасныг үндэслэснээс үзвэл, нэхэмжлэгч Э.Цэндбазарын гаргасан зөрчлийг “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл”-д тооцоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн Э.Цэндбазарын “ажлын цагаар” согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан уг зөрчилд хариуцагчийн ногдуулсан “ажлаас халах” сахилгын шийтгэл нь зөрчил гаргагчийн гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй, “үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийхдээ нотлох баримт үнэлэх талаарх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчөөгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил тогтоогдсон” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

 

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ