Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 13/а-90 тоотод оршин суух, Алтай овогт Сүхээгийн Отгончимэг /РД:УД76122664/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 10-249 тоотод оршин суух, Боржигон овогт Алгаагийн Лхагвадулам /РД:ЧН81011484/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,480,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Отгончимэг нь А.Лхагвадуламд 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн.  А.Лхагвадулам надад үндсэн зээлээс 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сард 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Дээрх зээлсэн мөнгөний хүү 10,000,000 төгрөгийн 1 сарын хүү 400,000 төгрөгийг 5 сараар тооцон нийт хүүнд 2,000,000 төгрөг өгсөн. Үндсэн зээлсэн мөнгөнөөс 7,000,000 төгрөгийг төлөөд 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход нийт 4,480,000 төгрөгний хүү төлөхөөр байна. Иймд А.Лхагвадуламаас үндсэн зээлийн төлбөрт 8,000,000 төгрөг, хүүнд 4,480,000 төгрөг нийт 12,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Отгончимэг нь хариуцагч А.Лхагвадуламд холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрт 8,000,000 төгрөг, хүүнд 4,480,000 төгрөг нийт 12,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч нь хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг  мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэжээ.

Шүүхээс хариуцагч А.Лхагвадуламд шүүх хуралдааны товыг түүний нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэл гардан авахдаа тэмдэглүүлсэн “Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 10-249” тоот хаягаар 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болон 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байна. Иймд хариуцагч А.Лхагвадуламд шүүх хуралдааны товыг оршин суугаа хаягаар нь мэдэгдсэн, тэрээр хаягийн өөрчлөлтийн талаарх мэдээллээ шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “А.Лхагвадуламтай зээлийн гэрээг амаар байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. А.Лхагвадулам нь үндсэн зээлийн төлбөр 7,000,000 төгрөгийг, зээлийн хүүнд тооцон 2,000,000 төгрөгийг нийт 9,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, хүүнд 4,480,000 төгрөг гэж нийт 12,480,000 төгрөгийг нэхэмжилсэн” байх ба уг нэхэмжлэлийг хариуцагч А.Лхагвадулам нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх хариу тайлбараа ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх ба шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх боловч нэхэмжлэгч С.Отгончимэгийн Хаан банкны 5753232484 тоот дансруу 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны хооронд 11 удаагийн үйлдлээр нийт 8,440,000 төгрөгний зээлийн эргэн төлөлт /Лхагваас, Лхагвадуламаас өлзийбатаас зээл гэх агуулгатайгаар/-ийг хийж байсан байдал болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд тэдний хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-8-20 тал/

Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зэлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Отгончимэг нь хариуцагч А.Лхагвадуламаас зээлийн хүү шаардах эрхгүй байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагч А.Лхагвадулам нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8,440,000 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь “хариуцагчаас үндсэн зээлд 7,000,000 сая, хүүнд 2,000,000 нийт 9,000,000 төгрөгийг авсан болохоо” хүлээн зөвшөөрч байх тул түүнийг үндсэн зээлийн төлбөрт 9,000,000 төгрөгийг буцааж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь  зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагч А.Лхагвадуламаас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Отгончимэгт олгож, үлдэх 6,480,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Лхагвадуламаас зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Отгончимэгт олгож, үлдэх 6,480,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Отгончимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Лхагвадуламаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Отгончимэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА