Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00668

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00668

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/05394 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххх, хариуцагч ххххх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххх, ххххххх нар нь өөрсдийн өмчлөл, эзэмшлийн ххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххх гудамж хххххххххххх дүгээр ангийн зүүн талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2003 онд ххххххханд зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлж чадаагүй тул 2008 онд шүүхийн шийдвэрээр хураагдаж хххххххны өмчлөлд шилжсэн байсан үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт хххха худалдаж авсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамжаар өмнөх эзэмшиж байсан газартай хамтатгаж 800 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж одоог хүртэл эзэмшиж байна.

1.2. хххххх нь 2013 онд нас барж Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч ххххх нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хххххххд 334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо тухайн өвлөж буй газрын эрх нь хэний эзэмшилд байгаа, газар эзэмшигч солигдсон эсэх, газар эзэмших эрхийн хугацаа хүчинтэй эсэх, талийгаач тухайн хаягтаа албан ёсны бүртгэлтэй болон амьдарч байсан эсэх, өв хүлээн авах баримт бичиг нь хүчинтэй, үнэн зөв эсэх, ххххххх нь өвлөж авах эрхтэй эсэх зэргийг нягтлан шалгах үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.

1.3. хххххххд олгосон 334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээнд ххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххх тоот хаяг байршилтай гэж заасан маргааны гол зүйл болоод байгаа ба ххххххх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх нар нь дээрх өвлөх эрхийн гэрчилгээг ашиглан ххххын хуулийн дагуу шударгаар газар эзэмших эрх, үйл ажиллагаанд хууль бусаар халдаж Иргэний болон Захиргааны хэргийн шүүх, Нийслэл газар зохион байгуулалтын алба болон холбогдох төр захиргааны байгууллагад үндэслэлгүйгээр гомдол гаргаж, үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг удаа дараа олон жил гаргаж хохироож байна.

1.4. Тухайн өвлөж авч буй газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2004 онд хххххххны барьцаанд хураагдаж, шүүхийн шийдвэрээр банкны эзэмшилд шилжин үүнээс хойш хххха эзэмшиж газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нураан барилга барихаар газар шорооны ажил эхлүүлж байсныг мэдэж байсан, мөн хххххххийн эх ххххххх нь бусдад хууль бусаар шилжүүлж улмаар шүүхээр хүчингүй болж байсан.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар нотариатын чиг үүрэг байх тул маргаантай байгаа газрыг эрхийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэл хууль бус байсан нь тогтоогдож байна.

1.5. Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч ххххх нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хххх тоот Өвлөх эрхийн гэрчилгээнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18А/281 тоот шийдвэр" гэж уг гэрчилгээний арын нүүрэнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/281 тоот шийдвэртэй 500 м.кв газар эзэмших эрхийг гэж өөр өөр бичсэн байх ба дээрх шийдвэрүүдийг эх хувиар нь нягталж шалгаж энэхүү өвлөх гэрчилгээг олгосон эсэх нь эргэлзээтэй байна.

1.6. Энэхүү Баянзүрх дүүргийн нотариатчийн хууль зөрчиж хххххххд олгосон Өвлөх эрхийн гэрчилгээнээс болж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу ххххын шударгаар газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд хууль зөрчиж үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн өвлөх эрх гэрчилгээ болон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосноос нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн үйлдлийг сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, өвлөх эрхийн гэрчилгээний талаар архивын баримт бичиг шаардлагатай байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. хххххххийн эцэг хххххх нас барсан бөгөөд эх хххххххтай гэрлэлтээ цуцлуулсан. ххххххх нь төрсөн ганц хүүхэд нь бөгөөд өөр хүүхэд байдаггүй. Өвлөх эрхийн өөр хүсэлт гаргасан хүн байгаа эсэхийг шалгасан. ххххххад 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр хххххх дүүргийн хх дугаар хороо, хххх тоот 500 м.кв газрыг олгогдсон байдаг. Уг бичиг баримтаа үрэгдүүлсэн гээд 2013 онд тухайн газрыг эзэмшүүлэхээр нөхөн олгосон бөгөөд уг тушаал хүчинтэй байдаг. Уг захирамжийн 15-д зааснаар захирамжийг үндэслээд гэрчилгээ олгосон байдаг. Өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон.

2.2. Газрын давхцалгүй гэдэг нь кадастрын зураг дээр харагдана. Банкинд хххххххгийн эзэмшдэг газар хураагдсан бөгөөд ххххххын газар хураагдаагүй. Газрын албаны даргын тушаал болон кадастрын зургаар нотлогдоно. Газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамжаар хххххх нь 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр дахин баталгаажуулж гэрээ хийсэн. Эдгээрийг үндэслээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь ххххын маргаж байгаа асуудалд хамааралгүй. Банкнаас авсан газар нь хххххххийн газартай давхцал байхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан хариу тайлбарын агуулга:

3.1. Тус газарт анх ххххххх 1997 онд Нийслэлийн Засаг даргын А/183 дугаар захирамжаар 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх үүсэж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 457 дугаар захирамжаар хххххххгийн нэр дээр 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх дахин олгогдсон.

3.2. Үл хөдлөх эд хөрөнгийн ххххххххх дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хххххххх дүүргийн хх дугаар хороо хххххххххх гудамж ххх тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ххххххх ХХК болсон тул тус үл хөдлөх эд хөрөнгийн эдэлбэр газар болох 500 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжаар хххххххгаас хххххххинд шилжүүлсэн. Үүнээс хойш нэхэмжлэлд дурдсан ...хххххххнаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан... гэх үйл баримт эхлэх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгө орших 550 м.кв газрыг ххххххх ХХК-аас ххххад шилжүүлсэн.

3.3. хххха нь дүүргийн Засаг даргын 2009 оны 162 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн 550 м.кв газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаж дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар 800 м.кв болгон нэмэгдүүлсэн байдаг бөгөөд Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/97 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

ххххаагийн 2009 оны 162 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн 550 м.кв газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын ххххххххххххх дугаартайгаар 2009 онд, 2011 оны 51 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээ нэмэгдүүлж эзэмших эрх үүссэн 800 м.кв газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын хххххххххххх дугаартайгаар 2012 онд тус тус бүртгэгдсэн байдаг.

3.4. ххххын маргаж буй хххххххд өв залгамжлалын журмаар өвлөгдөж ирсэн ххххххын эзэмшил дэх 500 м.кв газарт Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/183 дугаар захирамжаар 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг анх иргэн ххххххад олгосон бөгөөд 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565, 2008 оны 188 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн хугацааг тухай бүр сунгаж баталгаажуулсан. ххххххын эзэмшил дэх 500 м.кв газар нь засаг захиргааны хувьд ххххххх дүүргийн хх дугаар хороо хх хэсэг ххххх дугаар анги ххххххх гудамж хх тоот хаягт бүртгэлтэй бөгөөд хххххх нь газар эзэмших эрх үүссэн 1997 оны 5 дугаар сараас нас барах хүртлээ буюу 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус хаягтаа оршин сууж амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

3.5. ххххххын эзэмшил дэх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А183, 2002 оны 565, 2008 оны 188 дугаар захирамжуудтай амины орон сууцны зориулалттай 500 м.кв газар нь Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд ххххххххххххххх дугаартайгаар 2008 онд бүртгэгдсэн бөгөөд эзэмших эрх үүссэнээс хэмжээ байршил болон эзэмшигчийн нэр өөрчлөгдөөгүй.

хххххх, хххха нарын эзэмшил дэх газрууд нь хэмжээ байршлын хувьд өөр өөр, харилцан давхцалгүй бөгөөд тус бүрдээ газрын кадастрын нэгдсэн бүртгэлд нэгж талбарын өөр өөр дугаараар бүртгэгдэж баталгаажсан болох нь тогтоогдож байхад хххха нь ...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрыг анх хххххххнаас худалдан авсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

3.6. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтууд нь үндэслэлгүй, гуравдагч этгээд хххххххийн өв залгамжлалын журмаар өвлөн авсан 500 м.кв газар нь ххххаагийн маргаж буй газартай хамааралгүй, нотариатч хххххгийн зүгээс дээрх байдлыг үнэн бодитой дүгнэж өв залгамжлах хүсэлтийг хүлээн авч Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххххд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон 334 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн тойргийн нотариатч хххххгийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, уг үйлдлээр олгогдсон 334 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ххххын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын хууль зүйн үндэслэл, үйл баримт нь хххххх, хххха нарын эзэмшил бүхий газрууд давхцалтай байх нөхцөл байдал бөгөөд нэхэмжлэгч нь ... хххха миний эзэмшиж буй газар нь ххххххын эзэмшил бүхий газартай давхцаж байна... газрын давхцал бүхий нөхцөл байдал тодорхой байхад нотариат нь өвлөх эрхийн гэрчилгээ олгож, улмаар өв залгамжлагч хххххххд шаардах эрх үүсгэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зөрчил болно... гэж тайлбарладаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... талийгаач хххххх агсан нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нас барах хүртлээ уг газрыг эзэмших эрхтэй байсан гэж үзлээ... гэж мөн "... Нэхэмжлэгч ххххыг Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, цэргийн хотхон гудамж 1 тоот хаягт байрлах 800 м.кв талбайтай нэгж талбарын дугаартай газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна..." гэж тус тус дүгнэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон "...давхцаж байна..." гэх үйл баримттай уялдахгүй байна.

5.2. Нотариатын үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндсэн шалгуур нь өвлөх эрхгүй этгээдэд өвлөх эрх нээсэн буюу өв залгамжлах гэрчилгээ олгосон, өвлөгдөх эд хөрөнгийг буруу тогтоож гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэх үндсэн нөхцөл бөгөөд нотариатаас дээрх хууль зүйн шалгуурыг зөрчөөгүй, нотариатын үйлдэл хууль ёсны дагуу хийгдсэн болохыг шүүх дүгнэсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдийг үндэслэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

5.3. Нотариатын үйлдлийг хүчингүй болгож буй үндсэн нөхцлөө анхан шатны шүүх гэрчилгээ олгож буй цаг хугацаанд газрын давхцалын талаар талууд маргаж байсан үйл баримт байхад гуравдагч этгээд нь дээрхи үйл баримтыг нотариатчид үнэн зөв тайлбарлалгүй гэрчилгээ гаргуулсан гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэн үзвэл гуравдагч этгээд ххххххх 2014 оны 09 дүгээр сараас эхлэн өвлөгдөх эд хөрөнгөө шилжүүлэн авч чадахгүй байгаа талаар төрийн захиргааны байгууллагад гомдол, хүсэлт гаргаж өнөөдрийг хүртэл явж байгаа болох нь тодорхой харагддаг бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон цаг хугацаанд хххххххийн зүгээс өвлөгдөх эд хөрөнгийн талаар төрийн захиргааны байгууллага болон, шүүх хууль хяналтын байгууллагад хандаж байсан үйл баримт байхгүй байдаг. Гэтэл цаг хугацааны хувьд илт зөрүүтэй үйл баримтуудыг мэдэх боломжтой байсан мэтээр тайлбарлан дүгнэж тухайн дүгнэлт нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох гол үндэслэл болж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан.

5.4. Хууль зүйн үндэслэлийн хувьд талийгаач ххххххад газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр, нас барах хүртлээ тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан үйл баримт хэрэгт авагдсан бөгөөд тухай газар эзэмших эрхийг нь түүний төрсөн хүү ххххххх өвлөн авч буй үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Өвлөх эрх нээгдэж, өв залгамжлалын гэрчилгээ олгогдсоноор тухай этгээдэд өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрх үүсэх бөгөөд тухайн эрхийг нотариат болон бусад этгээд хааж, боох боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтүүд нь бүхэлдээ нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн шинжтэй байх бөгөөд гомдолд дурдсан хууль зүйн үндэслэлүүд нь маргаан бүхий нотариатын үйлдлийн хүрээнд тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч ххххын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагат тодорхойлсон Нотариатын тухай болон Газрын тухай хуулийн зохицуулалтууд нь хариуцагч хххххгийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээд хххххххд өв залгамжлах гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэлүүд болж чадахгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг нь ...Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх... ямар хууль зүйн үр дагаварыг үүсгэж байгаа нь тодорхойгүй. Хариуцагч хххххгийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн хххххххд Өв залгамжлалийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхэд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан "... Нотариатын үйлдэл хийхээс татгалзах..." ямар нөхцөл байдал үүссэн болохыг шүүх тогтоож чадаагүй атлаа шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт үндэслэж гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, мөн журмын 8.1.2-т зааснаар нотариатч тухайн өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа ямар баримтыг үндэслэж, шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Засаг даргын захирамжийг нөхөн олгох шийдвэрүүд бүрэн хэрэгт авагдаагүй. Уг бүрдлүүдийг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул үндэслэлтэй байна. Хариуцагч талаас нотлох баримт хангуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан. Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаж байсан. Хариуцагч талаас нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хариуцагчийн хуульд заасан эрхийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

7.2. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын үйлдэл буюу өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Хариуцагчийн нотариатын үйлдэл нь хууль ёсны бөгөөд зааврын дагуу хийгдсэн гэж маргадаг. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл зөрчсөн хууль дүрмийг тайлбарладаг. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 71 дүгээр тушаалаар нотариатын үйлдэл хийх зааврын 8.1, 8.2.9-т заасныг баримталсан. Уг газрын маргааны асуудлыг 2017, 2018, 2020, 2022 онуудад захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн. Гуравдагч этгээдийн зүгээс газрын маргаан гэж үзэж, давж заалдах гомдол гаргасан. Гэвч нотариатын үйлдэлтэй холбогдуулан ххххын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч хххха нь хариуцагч хххххд холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 334 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь ... Өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон ... гэх үндэслэлээр эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нотлохоор Нийслэлийн архивын газраас 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ олгосохдоо үндэслэл болгосон баримт бичгийг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101/ШЗ2023/24807 дугаартай захирамж гарган, ... дурдсан баримтыг хариуцагч өөрөө бүрдүүлэх боломжтой, хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй, нэхэмжлэгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, уг үйлдлээр олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан, өвлөх эрх олгосон захиргааны актын талаар маргаагүй, энэ хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заалтыг буруу хэрэглэсэн байна.

3.1. Талууд, нотариатч Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль болон холбогдох журам зөрчсөн эсэх талаар маргаж буй үйл баримтыг тогтооход хариуцагчийн гаргасан хүсэлтэд дурдсан нотлох баримтууд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/05394 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч хххххгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд хххххххээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД