Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Чиммэддорж

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн 1914000580038 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Г.А

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.Сг гэр бүлийн хүчирхийлэл үлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн үед гэрээсээ гараад ПС тоглоомын газар тоглож байхад манай эхнэр С.С нь утасруу залгаад намайг ирээд аваадах найзуудтай ууж байна яаж согтуу машин барих юм гэхээр нь найзынх нь гэрт очтол манай эхнэр болон найз Г нь дунд зэргийн согтолттой харин Ггийн нөхөр Г бага зэргийн халаалттай байсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад 23 цагийн үед гэрээс гараад гэрлүүгээ явах гэтэл манай эхнэр явахгүй жоохон ууж байгаад гэртээ харьяа гэж хэлэхээр нь машиндаа суулгаж байгаад чи хүүхэддээ санаа зовохгүй байна уу гэж хэлтэл С.С жоохон ууж байгаад гэртээ харьяа гэхэд нь би тэр үедээ уурлаад эхнэрийхээ хацарлуу 1 удаа алгадсан юм. Тэгтэл манай эхнэр надад алгадуулсан уурандаа найзынхаа гэрлүү буцаад орсон юм. Тэгээд би араас нь ортол манай эхнэр надруу уурлаад чи явж бай би энд үлдлээ гэхээр нь юу яриад байгаа юм хүүхэддээ санаа зовохгүй байна уу гэж хэлээд найзынх нь гэрээс өмсөж байсан куртикнээс нь чирээд гаргаж байхад манай эхнэр хөл алдаж бүдрэхдээ эрүүгээр газар мөргөсөн юм. Тэгээд би эхнэрээ машиндаа чирж оруулаад гэрлүүгээ дагуулаадд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 /,

Хохирогч С.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой найз Г, түүний эхнэр Г бид нар хүний гурав гурван лаазтай пиво уучихаад би нөхөр лүүгээ яриад ирээд машинаа аваадах гэхэд манай нөхөр удалгүй ирээд тэнд хоол цай идэж уугаад явах болсон. Манай нөхөр зодох гээд байсан учраас би явахгүй гэж байсан чинь шууд намайг чирч гаргаад л үсдэж машиндаа суулгаад хаалга дотор талаас нь цоожлоод толгой руу цохиод алгадсан. Машинд үсдэж суулгахдаа миний нүүр лүү өшиглөсөн. Машинд оруулаад суудлын бүсээр миний хоолойг боосон тэгээд чамайг оршуулгын газар аваачиж ална гээд байсан. Би хажуунаас нь гуйж байж гэртээ ирсэн манай нөхөр машиныхаа хаалганд дандаа цаасны хутга авч явдаг тэрийг нь би хаячихсан юм тэгсэн тэр хутгаа хайгаад байсан. Намайг үсдэж чирч гараад машинд суулгах үед манай найз Г, нөхрийн хамт байсан. Тэд манай нөхрийг салгах гээд дийлэхгүй байсан юм. Манай нөхөр Г.А ер нь бол байнга дарамтлаж байдаг одоогоос нэг жилийн өмнө нь гэртээ согтуу орж ирээд гэрээс мөнгө авч явах гээд өгөхгүй гэсэн чинь хутга авч өөрийгөө зүснэ гэж дайрч байгаад миний зүүн гарын хоёр хурууг зүсэж байсан түүнээс хойш ер нь хутга аваад ална гэж айлган сүргүүлдэг болсон. Тэгээд хүүхдээр далимдуулан намайг дарамтлах үе байдаг. Г.Ад зодуулаад миний баруун талын чих хавдаж хөхөрсөн эрүүний доод талд хөхөрч хавсан зүүн хацрын хэсэгт алгадсан гарын хээ гаргасан байгаа одоо толгой өвдөж хуйх нь хавдсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 42-43 /,

Гэрч Ц.Зын мөрдөн байцаалтад өгсөн

... Манай охин С нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед найз залуу болох Г.Атай хамт орж ирсэн. Манай охины хацарынх нь 2 талд улайгаад хурууны ором гарсан байдалтай орж ирсэн. Мөн эрүүнийхэн доод талд хөхөрсөн байсан. Манай хүргэн Г.А нь огцом ууртай аливаа юманд амархан ууралдаг жоохон түргэн зан авиртай хүн. Тэр өдөр охиноо гэртээ орж ирэхээр нь чиний нүүр ам чинь яагаад ийм болчихов гэж асуутал манай охин С.С нь ГА зодчихлоо гэж надад хэлсэн. Манай охины биед учирсан гэмтлүүд манай хүргэн болох Г.Ад зодуулсаны улмаас учирсан гэмтлүүд гэж бодож байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,

Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2019 оны 01 сарын 04-ний өдөр Г.А, С. С нар явлаа гээд манайхаас гараад удалгүй С.С буцаж орж ирээд Г.А зодоод байна гээд үүдний сандал дээр сууж байхад Г.А нь араас нь орж ирээд явъя гээд эхнэрээ чирээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 69 дугаар

1. С.Сгийн биед тархи доргилт, доод эрүү, зовхинд цус хуралт, зөөлөн

эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 10-11 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 50-52/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 38-41/, шүүгдэгч Г.А хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019.01.15-ны өдрийн 0053 тоот тодорхойлолт /хх-ийн 31/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 60/ шүүгдэгч Г.Агийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Г.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.Сг гэр бүлийн хүчирхийлэл үлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Г.А ... эхнэрийхээ хацарлуу 1 удаа алгадсан,... найзынх нь гэрээс өмсөж байсан куртикнээс нь чирээд гаргахад манай эхнэр хөл алдаж бүдрэхдээ эрүүгээр газар мөргөсөн би эхнэрээ машиндаа чирж оруулаад гэрлүүгээ дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 /,

хохирогч С.С ... намайг манай нөхөр зодох гээд байсан учраас би явахгүй гэж байсан чинь шууд намайг чирч гаргаад л үсдэж машиндаа суулгаад хаалга дотор талаас нь цоожлоод толгой руу цохиод алгадасан,машинд үсдэж суулгахдаа миний нүүрлүү өшиглөсөн,машинд оруулаад суудлын бүсээр миний хоолойг боосон...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23, 42-43 /,

гэрч Ц.З... охиноо гэртээ орж ирэхээр нь чиний нүүр ам чинь яагаад ийм болчихов гэхэд Г.А зодчихлоо гэж хэлсэн /хх-ийн 24-25/,

гэрч Г.Г ... С.С буцаж орж ирээд Амраа зодоод байна гээд үүдний сандал дээр сууж байхад Амраа нь араас нь орж ирээд эхнэрээ чирээд гарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарын 09-ны өдрийн 69 дугаартай ““ С.Сгийн биед тархи доргилт, доод эрүү, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 10-11 /,зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Г.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгүй зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч С.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Агаас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй болно

Шүүгдэгч Г.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн “... Iphone маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Ад буцаан олгож, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Улаан-уул овогт Г.Аг гэр бүлийн хүчихийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Амарарбаясгаланг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.А нь гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн “... Iphone маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Ад буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА