| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/03914/И |
| Дугаар | 4653 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 4653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн зам 1-6 тоот “Икс Ти Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6/А байрны 20 тоотод түр оршин суух, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхан 8-23 тоотод бүртгэлтэй, Боржигон овогт Нэргүйгийн Гантулга /РД:ЦЕ85032874/
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12-154 тоотод оршин суух, Батлай овогт Батбаярын Мөнхтөгөлдөр /РД:ХА82080119/ нарт холбогдох,
5,256,300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцтэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар, хариуцагч Н.Гантулга,түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун /ШТҮ-0328/, хариуцагч Б.Мөнхтөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нар “Икс Ти Эн” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,700,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлийг эргэн төлөлтийн график байгуулан зээлж авсан. Бид зээл болон барьцааны гэрээ байгуулан автомашинаа манай “Икс Ти Эн” ХХК-ийн нэр дээр барьцаанд бүртгүүлсэн. Манай “Икс Ти Эн” ХХК-иас авсан зээлийн хүүгээ 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй бид үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нар удаа дараа сануулсан. Иймд үндсэн зээл 2,700,000 төгрөг, хүү 1,198,800 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 5,256,300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Манай компани нь Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нараас 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны хүү болох 302,400 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. Үүргийн гүцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Гантулга нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Гантулга би 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ту компаниас 2,700,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлж авсан. Энэ хугацаанд орлогогүй болсны улмаас зээлээ төлж чадаагүй. Зээлийн хугацаа 2 сар бөгөөд энэ хугацааны хүү 329,400 төгрөгийг үндсэн зээл болох 2,700,000 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх 2,219,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбар ирүүлж байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргахдаа: Үндсэн зээл 2,700,000 төгрөгийг 2 сарын хүү болох 329,400 төгрөг, алданги 1,350,000 төгрөг нийт 4,379,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 1,179,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Мөнхтөгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийн гэрээний дагуу миний бие нэг ч төгрөг аваагүй. Тухайн өдөр Н.Гантулгатай хамт явж байхад батлан даагч хэрэгтэй гээд надаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Би энэ зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК нь хариуцагч Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,700,000 төгрөг, зээлийн хүүнд 1,501,200 төгрөг, алдангид 1,350,000, нотариатын зардалд 7,500 төгрөг, нийт 5,558,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,700,000 төгрөгийг 30 хоногт 6 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, зээлийн барьцаанд хариуцагч Н.Гантулгын эзэмшлийн 33-11 УНЯ улсын дугаартай Toyota Mark-2 маркын автомашиныг барьцаалахаар харилцан тохиролцон болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нар уг зээлийн гэрээний дагуу 2,700,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бэлнээр хүлээн авсан болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК нь хариуцагч Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. / хх-ийн 13 тал/
Хариуцагч Н.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2,700,000 төгрөгийг 2 сарын хүү болох 329,400 төгрөг, алданги 1,350,000 төгрөг нийт 4,379,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа бол хариуцагч Б.Мөнхтөгөлдөр нь “би нэг ч төгрөгний зээл аваагүй, Н.Гантулгыг зээл авахад нь хамт явж байсан учраас батлан даагчийн хувьд гарын үсэг л зурсан гэж” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.
Хариуцагч Б.Мөнхтөгөлдөр нь зээлийн гэрээнд зээлдэгчийн хувьд гарын үсэг зурж, зээлдүүлэгчийн өмнө зээлийг эргэн төлөх үүргийг хүлээсэн, зээлийн гэрээний дагуу 2,700,000 төгрөгийг хүлээн авсан баримтанд гарын үсэг зурсан зэргээс дүгнэвэл түүнийг батлан даагчийн хувиар гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ 2 сарын хугацаатай байгуулагдсан байхад зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны /2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдрийг хүртэлх/ хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2015 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс хойш хүү нэхэмжлэх эрхгүй байна. Харин хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрт 2,700,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртлэх 2 сарын хүү болох 329,400 төгрөгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж, түүний нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульчилсан.
Гэрээний 2.6 дахь хэсэгт зээлдэгч зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцохоор заасан байна. Үүний дагуу нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 11 хүртэл нийт 100 хоногийн, 1 хоногийн алдангийг 13,500 төгрөгөөр тооцон нийт 1,350,000 төгрөгний алданги нэхэмжилж байгаа нь дээрх хуулийн заалттай нийцсэн байна.
Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15/49 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15/49 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Н.Гантулгын эзэмшлийн 33-11 УНЯ улсын дугаартай Toyota Mark-2 маркын автомашиныг барьцаалжээ. Энэхүү гэрээ нь хуульд заасан буюу хуулиар тогтоосон журам, шаардлагыг хангасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд нийцнэ.
Иймд хариуцагч Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,700,000 төгрөг, хүү 329,400 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,379,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-д олгож, хариуцагч нь энэхүү төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Н.Гантулгын эзэмшлийн 33-11 УНЯ улсын дугаартай Toyota Mark-2 маркын автомашиныг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх 1,179,300 нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нараас зээлийн гэрээний үүрэгт 4,379,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-д олгож, үлдэх 1,179,300 нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нар нь тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Н.Гантулгын эзэмшлийн 33-11 УНЯ улсын дугаартай Toyota Mark-2 маркын автомашиныг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гантулга, Б.Мөнхтөгөлдөр нараас улсын тэмдэгтийн хураамжид 85,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА