Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00670

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00670

 

хххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/00010 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххххх ГҮТББ-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үүдний хэсэгт байх ххх м.кв талбайг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг чөлөөлж, захиран зарцуулах эрхэд нь саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие хххххх дүүргийн хх дугаар хороо, хххххххх гудамж, хх байр, ххх, ххх тоот хаягт байршилтай, ххххх м.кв талбай бүхий, оффис үйлчилгээний зориулалттай хххххххххх улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Миний өмчлөлийн талбайн хөлийн өрөө гэгдэх ххх м.кв талбайг ххххххх ГҮТББ-аас нийтийн эзэмшлийн талбай гэх үндэслэлээр надад ашиглуулахгүй, миний хууль ёсны өмчийг өөрийн эзэмшилдээ байлгаж хохироож байна.

Би өмчлөлийнхөө талбайг өөрийн үзэмжээр ашиглаж, бусдын эзэмшил ашиглалтаас хамгаалахын тулд хөлийн өрөө гэгдэх ххх м.кв талбайн гарцын хэсэгт хаалга хийсэн боловч ххххххх ТББ-аас хаалгыг салган авсан.

Уг талбайг би худалдаа үйлчилгээний зориулалтаар ашигладаг.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ххххххх ГҮТББ нь хххххх дүүргийн хх дугаар хороо, хххххххх гудамж, хх байр, хххх, хххх тоот хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хөлийн өрөө гэгдэх ххх м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг чөлөөлж өгөхийг, нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай байгууллага нь тус худалдааны төвийн талбай өмчлөгчдийн холбоо буюу Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус худалдааны төвийн барилгыг анх барьж худалдан борлуулсан ххххх ХХК нь иргэн, аж ахуйн нэгжид зарж борлуулахдаа талбайн зөрүүтэй буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх талбай, хэмжилтээр хэмжүүлсэн бодит талбай ххххх м.кв дутуу байдаг тул павилионуудаас ашиглалтын зардлыг сар бүр хураан авахдаа хэмжүүлсэн бодит талбайг үндэслэж төлбөрөө хурааж авдаг.

ххххх нь тус худалдааны төвийн 6 дугаар давхарт байрлах ххх, ххх тоотыг 2018 оны 06 дугаар сард хххххххгаас худалдаж авсан бөгөөд гэрчилгээн дээрх талбайн хэмжээ хххх м.кв боловч манай байгууллагад ашиглалтын зардлаа төлөхдөө бодит талбай болох ххххх м.кв талбайн төлбөрийг 2015 оноос хойш төлж ирсэн. Тус павилон нь нийтийн эзэмшлийн талбайг өөрийн талбай гэж мэтгэлцэж байгаа нь ямар ч үндэслэлгүй, анхнаасаа зөрүүтэй байсан талбайг худалдан авч зөрүүгээ нийтийн эзэмшлийн талбайгаар нөхөх гэсэн үйлдэл нь тус худалдааны төвийн нийтийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Манай байгууллага талбай огт зараагүй бөгөөд павильон өмчлөгчдийн эрх ашгийн үндсэн дээр байгуулагдсан павильон өмчлөгчдөд буюу гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Тус худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбайг манай талбай гэсэн нэрийн дор өөрийн эзэмшлийн талбайн зөрүүг арилгах гэсэн явцуу бодлоор хандаж нийтийн эзэмшлийн талбайг хашаад байх юм бол манай худалдааны төв нийтийн эзэмшлийн талбайгүй болно.

Иймд нийтийн эзэмшлийн талбайг өөрийн дур мэдэж хувьдаа авах гэсэн хувийн ашиг сонирхлыг нийтийн эрх ашгаас дээр тавих гэсэн санаархал бүхий хххххгийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч хариуцагч ххххххх ТББ-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үүдний хэсэгт байх ххх м.кв талбайг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг нэхэмжлэгчид чөлөөлж өгөх болон нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчийг шаардах эрх бөгөөд тус иргэний хэрэгт цугларсан баримтаар тухайн маргаан бүхий ххх м.кв талбайг нэхэмжлэгч нь өмчилж байгаа гэдэг нь тогтоогдож байхад хуулийг ийнхүү буруу хэрэглэж хххххгийн хууль ёсны эрхэд халдаж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй талбайн үүдний хэсэг /хөлийн өрөө/-ийн ххх м.кв талбай нь нийтийн эзэмшлийн талбай болохыг тогтоосон нь хххххгийн хувийн өмчид маш бүдүүлгээр халдсан үйлдэл болж байна.

Шүүхэд ххххх нь энэхүү талбайг бусад талбайн хамт нийтэд нь худалдан авсан талаараа болон нэхэмжлэлээ дэмжих холбогдох бүхий л баримтыг гарган өгсөн боловч шүүх зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгчид уг эрх бусдаас тухайн эд хөрөнгийг хуулийн дагуу шилжүүлэн авсан цагаас эхлэн үүссэн бөгөөд шүүх дээрх шийдвэрээрээ түүний энэхүү эрхийг уландаа гишгилж, бусдад хуулиар олгогдоогүй эрхийг эдлүүлж байна.

4.2. Нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу өмчийн эрх нь Иргэний хуулийн 182 зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлсэн байгаа нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргээс тодорхой харагдаж байхад шүүх энэхүү эрхийг ч зөрчсөн шийдвэрийг гаргасан.

2003 онд батлагдсан 15 зүйлийн 15.1 дэх хэсэгт Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна гээд, 15.1.1-т "орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшх бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;" гэж нэрлэж заасан эд хөрөнгүүдэд энэ маргаан бүхий талбай нь хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү талбай нь дээрх шүүхийн шийдвэрт тодорхойлсон шиг нийтийн эзэмшлийн талбай биш гэдэг нь энэ хуулиар тогтоогдож байна. Манай энэхүү маргааныг зохицуулсан худалдаа үйлчилгээний талбай өмчлөгчийн нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 4 зүйлийн 4.1-т заасныг баримтлан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүх бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххххх ГҮТББ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үүдний хэсэгт байх ххх м.кв талбайг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг чөлөөлж, захиран зарцуулах эрхэд нь саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... ххххх нь анхнаасаа хэмжээ нь зөрүүтэй талбайг худалдан авч зөрүүгээ нийтийн эзэмшлийн талбайгаар нөхөх гэсэн үйлдэл гаргаж байна. Бусад талбайн зөрүүтэй талбай эзэмшигч нар нь ххххх ХХК-аас буюу анх барилга барьж талбайгаа зөрүүтэй зарсан байгууллагаас дутуу талбайгаа нэхэмжилж харьяа шүүхэд ханддаг. Манай байгууллага талбай огт зараагүй ... гэж тайлбарлан маргажээ.

 

3. хххххг хххххх дүүрэг, хх дугаар хороо, хх, хх мянгат, хххххххх гудамж, хх дүгээр байр, хххх, хххх тоот хаягт байршилтай, хххххх м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн хххххххххх дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байх тул дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх-4/

Харин түүний өмчлөлийн талбайгаас гадагшаа үүдний хэсэгт байх ххх м.кв талбай нь түүний өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй, нийтийн эзэмшлийн талбай болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэгдсэн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдүүлэг, түүнд холбогдох баримтууд, Барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-92-101/

 

4. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан талбай чөлөөлөхийг шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Талуудын маргаж буй талбай нь нийтийн эзэмшлийн талбай учир Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх хуулийн үндэслэлгүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/00010 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД