Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00621

 

 

2024        03        29                                              210/МА2024/00621

 

С.П, С.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 103/ШШ2024/00069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.П, С.М нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХК-д холбогдох, Х ХК-ийн 15,399,918,000 төгрөгийн хөрөнгийн өөрчлөлтийг тайлан балансад тусгаж дүрэмд өөрчлөлт оруулах, тайлан балансад тусгасан дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.П, нэхэмжлэгч С.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, хариуцагчийн төлөөлөгч Я.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбартаа: Х ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгийн зах зээлд үнэт цаас нь арилжаалагддаг хуулийн этгээд юм. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны бүртгэлийн журмын 4-р хавсралтаар Х ХК нь Компанийн тухай хууль, дээрх журамд заасан мэдээллийг жил, хагас жил, улирал, тухай бүрт нийтэд мэдээллэх үүрэг хүлээсэн. Уг тайлангаас үзэхэд хувийн өмч нь 57,304,500 төгрөг, төрийн өмч 29,520,500 төгрөг, эзэмшигчийн өмчийн дүн 702,374,104 төгрөг, үндсэн хөрөнгө 0 төгрөг байна. Арилжаа эрхлэх байгууллагын мэдээгээр зах зээлийн үнэлгээ нь 512,268,680 төгрөг байна. Монголын хөрөнгийн бирж дээрх Х ХК-ийн хувьцааны сүүлийн 6 сарын дундаж ханш 590 төгрөг байна. Компани нь Багануур дүүргийн төвд зоорийн давхартай нийлээд 3 давхар барилга эзэмшиж байгаа бөгөөд санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд компанийн үндсэн хөрөнгөд барилга, газар бүртгэгдээгүй байна. Үүнээс үзэхэд Х ХК-ийн хяналтын багцыг эзэмшдэг этгээдүүд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлан гаргадаггүй байх магадлалтай байна. Х ХК-ийн хяналтын багцыг эзэмшиж байгаа этгээд нар компанийн нийт хөрөнгийг бодитойгоор үнэлэхгүй, үнэлэхээс зайлсхийж байгаа нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, компанийн нийт зах зээлийн үнэлгээг бууруулж, жижиг хувьцаа эзэмшигчийн хувьцааг багаар үнэлж байгааг харуулж байна. Х ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, санхүүгийн тайлан, балансын зөрүүтэй санхүүгийн мэдээллээс үзэхэд тус компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Компанийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Х ХК-ийн бүх хөрөнгийг олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар бодитой үнэлж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартаар санхүүгийн бүртгэл хөтлөхөд тус компанийн зах зээлийн үнэлгээ арав, хорь дахин өсөж, хувьцааны үнэ нь одоо байгаа 590 төгрөгөөс дээш болж өсөж, жижиг хувьцаа эзэмшигч нарын эзэмшиж буй хувьцааны буюу хөрөнгийн үнэ цэнэ шудрагаар, бодитойгоор тогтоогдох юм. Иймд Х ХК-ийн хөрөнгийг хараат бус үнэлгээний байгууллагаар үнэлүүлж хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг гаргуулах, үнэлгээний дагуу дүрмийн сангийн өөрчлөлтийн бичилтийг тайлан балансанд тусгах, санхүүгийн тайланд тусгагдсан дүрмийн сангийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Х" ХК нь үнэт цаасны III ангилалд үнэт цаас нь арилжаалагддаг хувьцаат компани юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн эрх бүхий байгууллагаас батлан мөрдүүлж буй холбогдох журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулж, олон нийтэд хүргэх мэдээ мэдээллийг Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудсаар нийтэд дамжуулан мэдээлж, холбогдох төрийн эрх бүхий байгууллагад тайлагнан ажиллаж байна. 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 04 сарын 25-ны өдөр зохион байгуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-ын 3.3, 3.4-д заасны дагуу өдөр тутмын сонинд зарлуулан хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлсэн бөгөөд нэхэмжлэгч нар хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцох бүрэн боломжтой байсан. Түүнчлэн "Х" ХК-иас Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тавигдсан стандартын шаардлагад нийцүүлэн санхүүгийн тайлан гаргаж холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад тайлагнан, хууль, журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна. Хувьцаа эзэмшигчдийг хохироосон зүйл байхгүй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар С.П, С.М нарын нэхэмжлэлтэй, Х ХК-д холбогдох Х ХК-ийн 15,399,918,000 төгрөгийн хөрөнгийн өөрчлөлтийг тайлан бөлансад тусгаж дүрэмд өөрчлөлт оруулах, тайлан балансад тусгасан дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шүүх хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 225 тоот тогтоолоор батлагдсан Үнэт цаасны бүртгэлийн журам-ын Үнэт цаас гаргагчийн хугацаат тайлагнал болон тухай бүр мэдээлэх мэдээллийн агуулга, хэлбэр гэсэн 4-р хавсралтын 1.1-д Хороо, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь энэ журамд заасан мэдээллийг маягтын дагуу бэлтгэж, хороонд ирүүлэх бөгөөд тухайн мэдээллийн өөрийн болон арилжаа эрхлэн байгууллагын цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ, 2.1.7-д Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл: Үнэт цаас гаргагчийн тайлант жил дэх эцсийн өмчлөгч болон нөлөө бүхий хяналтын багцыг эзэмшигч гадаад, дотоодын иргэн, аж ахуй нэгжийн нэрс, хувьцааны тоо ширхэг, төвлөрлийн мэдээлэл гэжээ. Үнэт цаасыг зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-т "нөлөө бүхий хувьцаа эзэмшигч" гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг, 4.1.30-т "холбогдох этгээд"-ийг, 30.а-д хамаарал бүхий этгээд-ийг зааж өгсөн байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Х ХК-ийн 51 хувийг захирал Я.Н, 34 хувийг Нийслэлийн өмчийн газар, үлдэх 15 хувийг жижиг хувьцаа эзэмшигч нар эзэмшдэг гэж хариуцагчийн гүйцэтгэх захирал Я.Н нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурджээ.

4.2.  Монголын Хөрөнгийн биржийн цахим хуудаснаас Х ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна. Х ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн мэдээллээс үзэхэд гүйцэтгэх захирал Я.Н, түүний эхнэр Ц.Р, хүү Н.С нар байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6, 7-д тус тус заасан. 2023 оны 12 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-р хуудсанд хариуцагч шүүхэд ...Сүүлд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээ бодит бус, 2019 онд манай компани Нийслэлийн өмчийн газарт компанийн 34 хувийг өмчлөх гэж үнэлгээ хийлгэж байсан, тухайн үед 1.3 тэрбум төгрөг гэсэн үнэлгээ гарсан байгаа. Энэ үнэлгээ бодит үнэлгээ, 14 тэрбум хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна, мөн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар өгсөн. Дээрх үндэслэл нотлох баримтуудаас үзэхэд Х ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч буюу хувьцаа эзэмшигчийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Я.Н нь Х ХК-ийн хөрөнгийн зах зээлийн бодит үнэ 15,399,918,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх нэхэмжлэгч нарыг Х ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-д урьдчилан саналаа гаргах эрхээ эдлээгүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй. Мөн Х ХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийн хөрөнгийн тайлан балансад бүрэн, бодит зах зээлийн үнээр бүртгэхгүй байгаа нь тус компанийн үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох байдлаар хууль зөрчиж үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж жижиг хувьцаа эзэмшигч нарыг хохироож байна.

4.3.  Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар дүгнэсэн, хуулийг хариуцагчид ашигтайгаар хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол түүний үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа гэх тодорхой үндэслэл харагдсангүй. Компанийн хувьцаа гэдэг нь тухайн компанид хөрөнгө оруулсныг гэрчилж байгаа бөгөөд оруулсан хувь хэмжээгээрээ хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, татан буугдсан тохиолдолд үлдэж буй эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хувь хүртэх эрхийг гэрчилж байгаа болохоос аль нэг эд хөрөнгийг тухайлан өмчилж, эзэмших эрхийг нотлохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Компанийн тухай хуулийн тухайн нэхэмжлэлд холбогдох зохицуулалтыг үндэслэсэн нь харагддаг. Компани татан буугдсанаас хувь хүртэх талаар нэхэмжлэгч маргадаг ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн компанийн хөрөнгийг өөрчлөх, өсгөх, бууруулах боломжгүй гэж анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн зардал хуваарилсан заалтад өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч С.П, С.М нар хариуцагч Х ХК-д холбогдуулан ...хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг гаргуулах, гарсан үнэлгээний дагуу дүрмийн сангийн өөрчлөлтийн бичилтийг санхүүгийн тайлан балансад тусгах, санхүүгийн тайлан балансад тусгагдсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах... тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, шүүх хуралдааны явцад ...15,399,918,000 төгрөгийн хөрөнгийн өөрчлөлтийг тайлан балансад тусгаж, дүрэмд өөрчлөлт оруулах, тайлан баланс, дүрэмд тусгагдсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. /1хх 1-4, 2хх 208/

Хариуцагч дээрх шаардлагыг ...санхүүгийн тайлан балансыг жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид тайлагнадаг... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /1хх 24/

3.   2023 оны 12 сарын 19-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч С.П нь Х ХК-ийн 4,446 ширхэг буюу 0.51%-ийн хувьцааг, нэхэмжлэгч С.М нь Х ХК-ийн 13,090 ширхэг буюу 1.51%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан Үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт-оор нотлогдсон. /2хх 183, 184/

4.   Х ХК-ийн Багануур дүүрэгт байрлах эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ цэнийг шүүхээс томилогдсон шинжээч 14,098,027,000 төгрөг гэж, бүрэлдэхүүнтэй шинжээч 15,399,918,000 төгрөг гэж тус тус тогтоосон байна. /1хх 113-230, 2хх 14-90/

Анхан шатны шүүх шинжээч, бүрэлдэхүүнтэй шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хуваарилаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, холбогдох өөрчлөлтийг шийдвэрт оруулна. /1хх 112, 2хх 13/

5.   Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Энэ хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргана гээд 62.1.1-д Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Х ХК-ийн эзэмшилд бүртгэлтэй худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар, өмчлөлд бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурал тогтоох эрхтэй, харин Х ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч буюу Х ХК-ийн хувьцаа эзэмшигч С.П, С.М нар нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй бөгөөд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хувьцаат компанийн хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан бол Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах /Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан үндэслэлээр/ эрхтэй байна.

Хариуцагч нь Х ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих журмын дагуу зарлан хуралдуулсан гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч нар нь Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй гэсэн тайлбарыг тус тус шүүхэд гаргасан болно.

 7.   Иймд, Компанийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан буюу компанийн дотоод асуудалд шүүх хөндлөнгөөс шууд оролцон шийдвэр гаргах боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, улмаар ...анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

8.   Нэхэмжлэгч нар нь ...хариуцагч Х ХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Компанийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн... гэж тайлбарлах боловч эрх бүхий байгууллага буюу Татварын байгууллага, Аудитын байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо г.м байгууллагууд уг зөрчлийг тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 103/ШШ2024/00069 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...57 дугаар зүйлийн 57.1... гэсний урд ...56 дугаар зүйлийн 56.1, ... гэж нэмж, ...7.1.1 дэх... гэснийг ...7.1.2-т... гэж өөрчилж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, нэхэмжлэгч С.П, С.М нараас шүүхийн зардалд 15,500,000 төгрөгийг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР