Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 98

 

2019        04            17                                                   2019/ЦШТ/98      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.Үнэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Батсайханы Үнэнбатад холбогдох эрүүгийн 1921000790083 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 2-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЮ98020151 регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Бүргэд овогт Батсайханы Үнэнбат.

Шүүгдэгч Б.Үнэнбат нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Арвин” кафены үүдэнд Г.Амартуяатай маргалдан улмаар зодож биед нь тархи доргилт, зүүн хацар шанаа, завьжны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжны цус хуралт, зулгаралт, зүүн завьжны дотор салстын язрал, эрүүний зүүн талын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Үнэнбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Үнэнбат мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...намайг гадаа Бааскатай муудалцаж байхад дотроос бармен эгч гарч ирээд бид хоёрын голоор орж ирээд надад нүүрэндээ цохиулсан. Тэгээд тэр эгч цохиулчихаад над руу дайраад сарвалзаад байхаар нь би тэр эгчийг түлхэж унагаад өөрөөсөө холдуулсан. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Би тэр үед согтуу ууртай байсан тул толгой руу өшиглөсөн байж магадгүй хэдэн удаа өшиглөж байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Хохирогч Г.Амартуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Арвин” пабд ажил дээрээ байж байхад гаднаас 20 гаран насны 3 халамцуу залуу орж ирээд манай кабинд ороод 1 шил архи уусан. Тэгээд кабин дотроо бахиралдаж орилоод байхаар нь шагайгаад харахад хоёр залуу нь хоорондоо муудалцаж байхаар нь би хөөгөөд гаргасан. Тэд нарын нэг нь миний танил Баттулга гэх дүү байсан тул санаа зовоод тэд нарын араас гарч харсан. Улмаар гадаа Үнэнбат гэх залуу Баттулга дүүтэй хэрэлдээд байхад нь би тэд нарыг загнаж хэрүүлийг нь зогсоогоод Баттулгыг найзтай нь оруулаад Үнэнбат гэх залууг дотогш оруулалгүй бид нар чамд үйлчлэхгүй чи хэтэрхий согтуу байна гэж шаардлага тавьсан. Улмаар эргэж ажил руугаа орох гэхэд Үнэнбат миний хойноос гүйж ирээд үснээс зулгааж доош нь дараад нүүр рүү 2-3 өшиглөж, дагз руу мөн 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг туслаарай гээд бахираад босоход тэр залуу баруун тийш харанхуй руу зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч Л.Хишигбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Арвин кафед ороод найзтайгаа сууж байхад гаднаас согтуу залуу орж ирсэн. Тэр залуу миний сууж байсан ширээн дээр суугаад надаас уучлалт гуйсан ба манай найз Баттулгатай хэрүүл хийгээд би чамайг санаж байна, чи Политехникийн коллежид сурч байсан биз дээ? гээд агсам тавиад байсан. Улмаар би тэр залууг ширээнээсээ хөөж босгоод гадагшаа гаргасан. Тухайн үед найз Баттулга араас гарч ирсэн бөгөөд тэр залууд хандан би чамайг танихгүй чи хүн андуураад байна гэж хэлээд зогсож байхад бармен эгч гарч ирээд бид нараас тооцоогоо нэхсэн. Тэгэхээр нь би тэр эгчид бид хоёр гарах болоогүй харин энэ залуу манай ширээн дээр ирээд агсам тавиад байна гэж хэлсэн. Улмаар тэр эгч та хоёр ороод тооцоогоо хий, би наад хүнийг чинь оруулахгүй хөөгөөд явуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр дотогш орсон. ... бармен эгч гаднаас орж ирээд би сая танай найзад зодуулчихлаа гэж хэлэхэд нь бид 2 уг залууг чинь танихгүй гэдгээ хэлж цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 99 тоот дүгнэлтэд: "1. Г.Амартуяагийн биед тархи доргилт, зүүн хацар шанаа, завьжны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал,  цус хуралт, зүүн завьжны цус хуралт, зулгаралт, зүүн завьжны дотор салстын язрал, эрүүний зүүн талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн  1-2 удаагийн  үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 26/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Үнэнбат нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Арвин” кафены үүдэнд хохирогч Г.Амартуяатай маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн хацар шанаа, завьжны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжны цус хуралт, зулгаралт, зүүн завьжны дотор салстын язрал, эрүүний зүүн талын цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/ түүнийг давхар нотолсон хохирогч Г.Амартуяагийн мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Л.Хишигбаярын мэдүүлэг /хх-ийн 19-20/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Г.Амартуяагийн биед учирсан “тархи доргилт, зүүн хацар шанаа, завьжны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал,  цус хуралт, зүүн завьжны цус хуралт, зулгаралт, зүүн завьжны дотор салстын язрал, эрүүний зүүн талын цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Үнэнбатын хохирогч Г.Амартуяагийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.Үнэнбатад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчид ял оногдуулбал зохино.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид гэм хорын хохиролд 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Үнэнбатын ЖЮ98020151 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Бүргэд овогт Батсайханы Үнэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсайханы Үнэнбатыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үнэнбатын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Үнэнбатад мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид гэм хорын хохиролд 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Үнэнбатын ЖЮ98020151 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Үнэнбатад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР