Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00669

 

 

хххх ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/03998 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххх, ххххх нарт холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 153,885,708 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг, нийт 153,933,708 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл: 2020.07.08-ны өдрийн хххх тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч ххххххын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хх, ххххх, хариуцагч ххххххийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх ХК нь хххтой 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хххх тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг сарын 1,8 хувь /жилийн 21,6 хувь/-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийг зээлдэгчийн ххххххх тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж бодитойгоор бүрэн олгосон.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хххх тоот "Барьцааны гэрээ-г байгуулж хххххийн өмчлөлийн хххххх дүүрэг, хх дугаар хороо, хххххххх гудамж ххх байр хх тоот /ххххххххх, ххххххх/ ххххх м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч ххххх нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №0331 дугаартай итгэмжлэлийг хариуцагч хххд баталгаажуулан өгсөн.

1.2. Мөн хххх ХК нь зээлдэгч хххтой 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1090/20/78 тоот Зээлийн гэрээ 1090/20/78-01 тоот Барьцааны гэрээг байгуулан 20,000,000.00 төгрөгийн посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1,5 хувь /жилийн 18,0 хувь/-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон ба зээлдэгчийн ххххххх тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Посын орлого барьцаалсан зээлийн хувьд ххххтай Картаар үйлчлэгч байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулах ба хариуцагч ххх нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/02 тоот гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан.

Зээлдэгч ххх нь зээл авснаас хойш зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт хүргүүлэн, газар дээрх хяналт, уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдэж, эргэх холбоотой ажилласан.

1.3. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлээ цаг хугацаанд нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх боломжгүй байдал үүссэн ба нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны зүгээс зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахаар дараах шийдвэрийг гаргаж байсан.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээл, зээлийн хүүний төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд, орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн үндсэн зээлд 5,016,932.48 төгрөг, хүүнд 5,835,659.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,838.29 төгрөг, нийт 10,859,429.92 төгрөг, посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийн үндсэн зээлд 2,396,390.40 төгрөг, хүүнд 1,889,819.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,879.02 төгрөг, нийт 4,305,088.94 төгрөгийг тус тус төлсөн.

Хариуцагч нь банкнаас авсан хоёр төрлийн зээлийн үндсэн зээлд нийт 7,413,322.88 төгрөг, хүүнд 7,725,478.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,717.31 төгрөг, нийт 15,164,518.86 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгч ххххны зүгээс хариуцагч хххд орон сууц барьцаалсан хэрэглээний зээлд 2020.09.30-ны өдөр, 2021.07.20-ны өдөр, 2021.10.22-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.03.02-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн, Посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийн хувьд 2020.09.30-ны өдөр, 2021.07.20-ны өдөр, 2021.10.22-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.03.02-ны өдөр тус тус мэдэгдэл өгч сануулж байсан.

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт өгч байсан ба түүнээс хойш холбоо барихгүй, банкнаас зугтаасан байдал гаргаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

1.4. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилагаар цуцлах үндэслэл бүрдсэн тул хххх ХК нь зээлдэгч хххтой байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцалж, нэхэмжлэлийн дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд,

Зээлдэгч ххххххын хххх ХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №1090/20/73 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 74,983,067.52 төгрөг, зээлийн хүү 46,644,823.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,953,751.00 төгрөг нийт 126,581,642.42 төгрөгийг төлүүлэх,

Зээлдэгч ххххххын хххх ХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1090/20/78 тоот Зээлийн гэрээ, 1090/20/78-01 тоот Барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 17,603,609.60 төгрөг, зээлийн хүү 8,412,566.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,287,889.97 төгрөг, нийт 27,304,066.17 төгрөгийг төлүүлэх,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хххх тоот Барьцааны гэрээнд барьцаалсан хариуцагч хххххийн өмчлөлийн ххххх дүүрэг, хх дугаар хороо, ххххххх гудамж хх байр ххх тоот /ххххххххх, ххххххх/ ххххх м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 48,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлийн гэрээ байгуулсанд маргадаггүй. Зээлийн хүү, хүү тооцоололд маргадаг. Дансны хуулгаас харахад зээл төлөв гээд автоматаар татсан байгаа. Үүнээс аль нь үндсэн зээлийн төлбөрт орж байгаа эсэх, аль нь хүү, нэмэгдүүлсэн хүүд орж байгаа гэдэг зээлийн тооцооллын задаргаа, дансны хуулгаас тодорхой харагдахгүй байна.

Нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш тооцох ёстой. Зээлийн гэрээ нь 3 жилийн хугацаатай байх юм бол 3 жил 1 дэх хоногоос нэмэгдүүлсэн хүүг тооцоолно.

Мөн хамгийн анхны гэрээ цуцлах мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сард өгсөн, нийт 4 удаа мэдэгдэл өгсөн байдаг. Иргэний хуульд зааснаар гэрээг цуцалснаар талуудын хооронд бий болсон эрх зүйн харилцаа дуусгавар болно. Гэрээнээс татгалзсанаас хойших хугацаанд аль алинд нь үүрэг үүсэхгүй. Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш зээлийн тооцоолол зогсох ёстой байсан, энэ үндэслэлээр маргаж байна.

2.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зээлийг төлөх хүртэл хугацаанд зээлийн хүүг тооцно гэж заасан боловч энэ маань хязгааргүй эрх биш, 1 дүгээрт нэхэмжлэгч тал нь эрх бүхий этгээд буюу Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаагаа явуулдаг, тусгайлсан субъект тул энэ субъект нь эрсдлийн сан байгуулах, активыг ангилах журамд зээлийг ангилж, эрсдэлтэй байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагаас зээлийг нэн даруй төлүүлэх үйлдэл хийх үүрэгтэй.

2.3. Гэтэл Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болж зээл эрсдэлтэй болсон нөхцөл байдал 2021 оноос эхэлснээс хойш 900 орчим хоногоор хэтэрсэн байгаа. Зээлийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг нь мэдэгдэл хүргүүлэх биш шүүхэд эсхүл эрх бүхий байгууллагад хандаж зээлийг төлүүлэх арга хэмжээнд орох ёстой гэдгийг Улсын Дээд Шүүхээс тайлбарласан байна.

90 хоногоос хойших хугацаанд хүү, алданги тооцох үндэслэл болохгүй. Учир нь эрхээ хэрэгжүүлэх эрхтэй ч гэсэн энэ нь тодорхой хэмжээнд хязгаарлалттай. Нэхэмжлэл гаргаснаас хойш энэ оны 01 дүгээр сард шинээр нэхэмжлэл гаргаж, энэ оны 10 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Энэ хүртэл хугацаанд тооцоолсон хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч хххххийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай болон Монгол Улсын иргэний хуулийг зөрчсөн буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна гэж үзэж байна.

Миний бие хххд үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосон боловч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өмчлөгч гэрээг байгуулахаар заасан мөн түүнчлэн итгэмжлэлээр олгосон эрхэд ххххинд барьцаанд тавих эрхийг тодорхойлж олгоогүй байдаг.

Учир нь тухайн барьцааны зүйл нь өмнө нь Чингис хаан банк ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байсан ба би ойлгохдоо тухайн барьцааны болон зээлийн гэрээг сунгахтай холбоотой итгэмжлэл гэж ойлгож итгэмжлэлийг олгосон.

3.2. Итгэмжлэл нь нэг талын хэлцэл буюу төлөөлүүлэгчийн хүсэл зоригоор тодорхойлогдох ба төлөөлүүлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дахин өөр банкны барьцаанд тавих хүсэл зориг илэрхийлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу хххх ХК болон ххх нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хххх тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч хххх ХК, иргэн хххтой байгуулсан хххх тоот Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдэрлэж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Зээлдэгч ххх нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хххх тоот барьцааны гэрээ байгуулан хариуцагч хххххийн эзэмшлийн хххххх дүүрэг, хх дугаар хороо, хххххххх гудамж хх байр хх тоот /ххххххххх, №хххххх/ үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна.Үүнд, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангасан. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингис хаан банкны барьцааны гэрээ дуусгавар болсон. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ххххны зээлийн барьцаанд барьцаалсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххос зээлийн төлбөр 143,382,033.52 /нэг зуун дөчин гурван сая гурван зуун наян хоёр мянга гучин гурван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж хххх ХК-д олгож, нэхэмжлэлээс 10,551,674.48 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ххх нь 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн төлбөр 116,077,967.35 төгрөгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хххххийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын ххххххх дүүргийн хх-р хороо, хххххххх гудамж, хх байр хх тоот, ххххх м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хххх тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хххххийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ххххххын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. Шүүхээс зээлийн хүү, болон үндсэн төлбөрийн тооцооллыг буруу тооцоолж бодсон бөгөөд 116,077,967.35 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллага буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд хариуцагч төлбөрийг чадваргүй болсоныг мэдсээр байж зээлийн хүү нэмэгдүүлэн төлбөр нэхэмжлсэнийг хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрийн хэмжээг 34,077,967 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсний дагуу хүүг тооцож авсан. Мөн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч хххх ХК нь хариуцагч ххх, ххххх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153,885,708 төгрөг, нотариатын зардалд 48,000 төгрөг, нийт 153,933,708 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ххххх нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3. хххх ХК, ххх нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1090/20/73 дугаартай зээлийн гэрээгээр, зээлдүүлэгч нь 80,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх,

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1090/20/78 дугаартай Посын орлого барьцаалсан зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх-25-27/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

4. Дээрх хоёр гэрээний дагуу зээлдүүлэгч нь нийт 100,000,000 төгрөгийг зээлдэгч ххххххын данс руу шилжүүлсэн, зээлдэгч нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1090/20/73 дугаартай гэрээний үүргээс 10,859,430 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1090/20/78 дугаартай гэрээний үүргээс 4,305,089 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон. Тэрээр хариуцагч хххос 1090/20/73 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 74,983,067 төгрөг, зээлийн хүүнд 37,853,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,198,116 төгрөг, нийт 116,034,967 төгрөг, 1090/20/78 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 17,603,609 төгрөг, зээлийн хүүнд 8,412,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,287,890 төгрөг, нийт 27,304,066 төгрөг, 2 гэрээний үүрэгт нийт 143,382,033 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хххх ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,551,674 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Нэхэмжлэгч энэ шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй болно.

4.1. Хариуцагч ххххххын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрийн 116,077,967 төгрөг гаргуулсан үндэслэлийг эс зөвшөөрч, зээлийн хүү болон үндсэн төлбөрийн тооцооллыг буруу тооцоолсон, хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсоныг мэдсээр байж зээлийн хүү нэмэгдүүлэн төлбөр нэхэмжилсэн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

ххх нь 2020 оны 11 дүгээр сараас гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Уг үүргийн зөрчилтэй холбогдон нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлээгүйд буруутгаж, гэрээгээр тогтоосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй болно.

Учир нь, зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр 2 гэрээндээ заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн.

Хариуцагч тал тооцоолол буруу гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу үгүйсгэж, няцаагаагүй.

4.2. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлэгчдийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар заажээ.

Хариуцагч ххх нь нэхэмжлэгч хххх ХК-д дээрх тогтоолд заасан журмын дагуу хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч ххххх нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хххх дугаартай Барьцааны гэрээ-г зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Барьцааны гэрээ, хххххээс хххд олгосон итгэмжлэл, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч хххх ХК болон ххх, ххххх нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ххххххыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын хххххх дүүргийн хх хороо, хххххххх гудамж, хххх байр хх тоот, ххххх м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд зохигч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ххххххын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/03998 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ххххххын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан төлсөн 328,340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД