Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Чиммэдцэрэн

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж М.Тэд холбогдох эрүүгийн 1814006610022  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Боржигон овогт М.Т

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.Т нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутагт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  М.Тийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найзтайгаа архи уучихаад гэртээ иртэл манай эхнэрийн ах Э нь амьдралаа авч явж чадахгүй байж архи уулаа гээд бид 2 маргалдаад намайг барьж аваад цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд салаад гэр гэртээ орсон ...гэх мэдүүлэг / хх-ийн 54-56/

Хохирогч А.Эы мөрдөн байцаалтад өгсөн

… манай хүргэн М.Т нь согтуу ирээд гэртээ агсам тавиад байхаар нь орж болиулах гэхэд намайг зодсон. Миний зүүү талын нүд рүү гараараа 2-3 удаа цохиж, цамцаар хоолой боож шалбаралт хөхрөлт үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-17/

Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн

... орой 20 цагийн үе манай нөхрийн дүү нь хүүхэдтэйгээ манайд байж байгаад нөхөр нь ирэх үед хүүхдээ аваад гэртээ орсон. Тэгээд удалгүй хүүхдээ тэврээд орилоод гарч ирэх үед нь манай нөхөр А.Э хүргэний гэрт нь ороод М.Ттэй хэрүүл хийж байгаад гэртээ орж ирэхдээ цамц нь урагдсан хүзүү цээж нь улаан эрээн болсон байсан. Тэгээд араас нь М.Т орж ирээд манай нөхөртэй хэрүүл маргаан хийгээд байсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 20-24 дугаар тал/

Гэрч А.Мын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 11 сарын 12-ны өдөр манай нөхөр М.Т согтуу ирээд хоол хийж өгөхөд халуун хоол хийж өглөө гээд агсам тавихаар нь би хүүхдээ аваад гараад явсан. Тэгээд манай ах А.Э ороод тэд хэрүүл маргаан хийгээд байсан. А.Э ах гэртээ буцаж орж ирэхдээ цээж хүзүү хэсэг нь улайсан байсан. Араас нь манай нөхөр М.Т орж ирж хэрүүл хийж байгаад машинаа унаад гараад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 27-30/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 701 дугаартай

1. А.Эы биед зүүн доод зовхинд цус хуралт, хүзүү, нуруу, мөр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 50-51/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-9/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 99/ шүүгдэгч М.Тийн хувийн байдлын талаар  Баянхоногр аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 201.01.17-ны өдрийн №131 тоот тодорхойлолт / хх-ийн 64/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, гэрлэлтийн лавлагаа /хх-59/, шийтгэл тогтоолын хуулбар /хх-ийн 97-102/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 95-96/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч  М.Т нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутагт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн үед иргэн А.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч  М.Т...  А. Э  бид 2 маргалдаад намайг барьж аваад цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон ….гэх мэдүүлэг / хх-ийн 54-56/

хохирогч А.Э ... манай хүргэн Т нь согтуу ирээд миний зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохиж, цамцаар хоолой боож шалбаралт хөхрөлт үүсгэсэн … гэх мэдүүлэг / хх-ийн 12-17/

гэрч Б.Э ... А.Э гэртээ орж ирэхдээ цамц нь урагдсан хүзүү цээж нь улаан эрээн болсон байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 20-24 /

гэрч А.М ... Э ах гэртээ буцаж орж ирэхдээ цээж хүзүү хэсэг нь улайсан байсан …гэх мэдүүлэг / хх-ийн 27-30 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 701 дугаартай “...А.Эы биед зүүн доод зовхинд цус хуралт, хүзүү, нуруу, мөр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 41-42 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Тэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч А.Э нь М.Тийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Т нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч М.Тийн  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч М.Т  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт малчин, хувьд ноогдох хөрөнгөтэй болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Тийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Тэд буцаан олгож , шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан  ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт М.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Тэд  долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган /700000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч М.Т оногдуулсан долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700000 / төгрөгөөр торгох ялыг  хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 350000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч М.Тэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,  1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар шүүгдэгч М.Тийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Тэд буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Тэд хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА