Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00767

 

 

 2024       04      12                         210/МА2024/00767

   

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/00284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б-д холбогдох, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 88,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Х.Б-тай 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, Х дүүргийн **-р хороо, Б, Д гудамж, ***-р байр, ** тоот хаягт байрлах ***.* м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай хаусыг нэг сарын 5,000,000 төгрөгөөр хөлслүүлэхээр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулан нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу 2020 оны түрээсийн төлбөрийг бүрэн төлж дууссан бөгөөд 2021 оноос эхлэн Х.Б гэрээнд заасан хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Манай компаниас хөлслөгч Х.Б-гаас орон сууц хөлсөлж суусны төлбөрийг төлөх үүрэгтэйг удаа дараа сануулсан боловч 2022 оноос төлөхгүй байсан тул хохирлоо барагдуулж, алданги тооцох, улмаар гэрээг цуцлах тухай албан мэдэгдлийг хүргүүлж байсан. Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 болон орон сууц хөлслөх гэрээний 5.2-т заасны дагуу түрээсийн төлбөрт нийт 88,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие түрээсийн төлбөрийг анхнаас нь өөр хүний нэр, дансаар дамжуулан хийж байсан бөгөөд үлдэгдлээ баталгаажуулсан үнийн дүн буруу байна. Иймд төлбөр төлөх тооцоог дахин нягталж, тооцоо нийлэх шаардлагатай байна. 2020 оны 05 сарын 01-ний өдөр өөр хүн түрээсэлж байсныг манайх үргэлжлүүлэн түрээсэлсэн. Манайх түрээсийн гэрээ хийсэн эхний өдөр түрээсийн төлбөрийг өөр хүний дансаар шилжүүлэн өгч байсан. Бидний хооронд байгуулсан тооцоо нийлсэн баримтыг нарийвчлан шалгах шаардлагатай байна. Өмнө түрээсэлж байсан хүний тооцоо нь миний тооцоонд орсон байж болохоор байна. Миний бие 2022 оны 03 сарын 23-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнд алданги төлөхгүй, төлбөрийг дансны хуулгыг эргэж хараад тооцоог нягтлан гаргана гэж тайланг өөрийн гараар бичиж өгсөн. Түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал нарийн тооцолгүй гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Б-гаас орон сууц хөлслөх гэрээний үүрэг 72,500,000 төгрөг, алданги 13,267,500 төгрөг, нийт 85,767,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,582,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-гаас 586,787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу миний бие өмгөөлөгч О.О болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нараас татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан.

4.2.  Миний бие нь өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй боловч 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 09.00 цагаас өөрийн үүсгэн байгуулсан "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан давхардсан нөхцөл байдал, хүсэлтээ, бусад холбогдох баримт материалын хамт хүргүүлсэн байхад илтэд үгүйсгэж хуралд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангагдаж чадаагүйд маш их гомдолтой байна.

4.3.  Шүүгчийн туслахад шүүх хуралдаан давхардан, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгсөөр байхад хариуцагчийг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхээр хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хийсэн байдлыг харахад зохигчдын эрх тэгш байдал хангагдаагүй гэж үзэж байна.

4.4.  Мөн өөрийн зүгээс өгөх ёстой баримтуудыг ч оруулаагүй маш их хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Учир нь 2023 оны 09 сараас хойш 6 удаа шүүх хуралдаан товлогдсон бөгөөд энэ хугацаанд өмгөөлөгчөө солих эсхүл хөлсөө тохирохгүй байна гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шүүх хуралдаан давхацсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 88,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тооцооллыг нарийвчлан шалгах шаардлагатай, тооцоо нийлсэн баримтад алданги төлөхгүй, дансны хуулгыг хараад тооцоог нягтлан гаргана гэж өөрийн гараар бичсэн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 59/

 3.   Талууд 2022 оны 03 сарын 23-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК нь өөрийн өмчлөлийн Х дүүргийн **-р хороо, Б /***/, Д гудамж, ***-р байрны ** тоот хаягт байршилтай ***.* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Х.Б-гийн эзэмшилд шилжүүлэх, Х.Б нь нэг сард 5,000,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 23-25, 71-73/

Дээрх гэрээг талууд хожим нөхөж байгуулсан байх боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 4.   Талууд мөн 2022 оны 03 сарын 23-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 44,000,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 01-ний өдөр төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоногт 0.1 хувийн алданги тооцох талаар тусгажээ. /хх 26, 70/

 5.   Хариуцагч тал Орон сууц хөлслөх гэрээ-ний зүйлийг 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаж, улмаар 2022 оны 10 сарын 30-ны өдөр чөлөөлж өгсөн, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 82,500,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 5, 6-20/

 6.   Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу хариуцагч талын хүлээх үүрэг нь 5,000,000 х 29 сар = 145,000,000 төгрөг болж байгаагаас төлсөн 82,500,000 төгрөгийг хасч тооцвол 62,500,000 төгрөг болж байна.

Дээрх дүнгээс хууль буюу гэрээнд заасан алданги тооцоход 62,500,000 х 0.1% х 183 хоног /2022.03.23-2022.10.30/ = 11,437,500 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Х.Б-гаас нийт 62,500,000 + 11,437,500 = 73,937,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцнэ.

 7.   Хариуцагч тал нь нэхэмжлэгч талын гаргасан тооцооллыг зөвшөөрөхгүй гэж маргах боловч түүнийг няцаасан тооцооллыг өөрийн зүгээс гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. /хх 4/

 8.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

8.1.  Шүүх 2023 оны 02 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Х.Б-г 2023 оны 03 сарын 31-ний өдөр албадан ирүүлэхээр захирамжилж, 2023 оны 06 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан байна. /хх 29-30, 33, 45, 47/

8.2.  Улмаар шүүх 2023 оны 09 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу, 2023 оны 09 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэсэн хүсэлтийн дагуу, 2023 оны 10 сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийн дагуу, 2023 оны 11 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн дагуу тус тус хойшлуулсан байна. /хх 56-57, 66-67, 76-77, 82-83/

8.3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа дуусаад 8 сар өнгөрсөн байна.

8.4.  Иймд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа хариуцагч талд байсан, мөн шүүхийн зүгээс хариуцагч талын эрхийг удаа дараа хангаж, эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байх тул хариуцагч Х.Б-гийн гаргасан ...миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан, мэтгэлцэх боломжоор хангагдаж чадаагүй, өөрийн зүгээс өгөх ёстой баримтуудыг оруулаагүй... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/00284 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Б-гаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 73,937,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдэх 14,412,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...586,787 төгрөгийг... гэснийг ...527,637 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 586,787 төгрөгийг /574,700+12,087/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

  ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

  Д.НЯМБАЗАР