Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 265

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч П.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Л.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 1911 00661 0245 дугаартай хэргийг 2019 оны 4 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржгон овогт Лантуугийн Баяржаргал, 1989 оны 7 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2 дугаар гудамжны 10 тоотод бүртгэлтэй, одоогоор ахын хамтаар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 527 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УШ89071912/.

 

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 527 тоотод төрсөн ах Л.Ганбаатарын нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Баас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

Шүүгдэгч Л.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-32-33/: “..надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна надад ямар нэгэн тайлбар байхгүй”, ...ах бид хоёр тэр архийг хувааж уусан. Ингээл орой 19 цагийн орчимд ах түрүүвчинд байсан 5000 төгрөг алга байна чи авчихлаа гээд байсан. Ингээд бид хоёр маргалдаад ах миний толгой руу цохьчихсон. Тэгээд би тухайн үед төмс хэрчиж байсан хар өнгийн иштэй жижиг хутгаараа Ганбаатар ахыг түлхэх гэж байгаад баруун бөөрнийх нь орчимд зүсчихсэн. Ингээд түргэн дуудаад түргэний эмч нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа нар удалгүй орж ирээд л намайг аваад явсан. Тухайн үед намайг авчихлаа гээд байсан 5000 төгрөг нь сүүлд ахын өөрийнх нь унтдаг орны гудсан доороос олдсон бөгөөд дэмий шалтгаанаас болж ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна”, “...ах миний толгой руу алгадаад л авсан тийм ч хүчтэй цохьсон зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Л.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17/ “..2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу шинийн 3-ны өдөр айлаар золголт хийж явж байгаад 17 цагийн орчимд гэртээ халамцуу харьсан. Тэгээд төрсөн дүү Баяржаргалтай түрүүвчинд байсан 5000 төгрөг алга болчихсон байхаар нь чи авчихлаа гээд маргалдсан юм. Тэгээд хүн амьтанд өгөх архинаас уусан байна гээд загнасан. Тэгээд Баяржаргал өөдөөс үг сөрөөд байхаар нь ахархаад нэг удаа цохиод авсан. Энэ хооронд л Баяржаргал намайг барьж байсан хутгаараа зүссэн юм шиг байна лээ. Тэгээд би орон дээр хэвтэж байсан чинь гэнэт зүүн талын бөөрний орчмоор халуу оргиод явчихсан. Тэгээд би энэ яасан байна хараадах гэсэн чинь Баяржаргал цус гарч байна гээд бэр эгчид хэлсэн байсан. Тэгээд бэр эгч Лхагвасүрэн түргэн тусламж дуудсан юм шиг байна лээ. Миний хувьд бүр сүүлд нь 5000 төгрөгөө орны араас олчихсон. Өөрөө юмаа сайн үзэхгүй дүүгээ хэрэгт хийчихлээ”, “...Баяржаргал тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ тийм ч их согтолттой байгаагүй, Баяржаргал тухайн үед хиам хэрчээд сууж байсан. Тэр хутгаараа л намайг зүсчихсэн юм шиг байна лээ”, “...миний зүүн бөөрний орчимд зүсэгдсэн шарх байсан бөгөөд цэргийн төв эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан”, “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 286 дугаартай дүгнэлтэнд: /хх-25-26/ “...Л.Ганбаатарын биед бүсэлхийн зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 527 тоотод төрсөн ах Л.Ганбаатарыг “түрүүвчинд байсан 5000 төгрөг алга байна чи авчихлаа” гэснээс болж хоорондоо маргалдан түүний нуруун тус газарт хутгалж, бүсэлхийн зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржгон овогт Лантуугийн Баяржаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР