| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0302/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч А.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А.Гт холбогдох эрүүгийн 1911 00671 0298 дугаартай хэргийг 2019 оны 4 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Өөлд овогт Амарсайханы Ганбаяр, 1988 оны 4 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангайн 83а-37 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧВ88040911/.
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Оранж” төвийн гадна хохирогч А.Мөнгөнцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт зүүн бугалга, шуу, зүүн баруун гуянд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт А.Гаас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч А.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-29-30/: “..Миний бие Мөнгөнцэцэг гэж эмэгтэйтэй танилцаад удаагүй бөгөөд түүнээс хойш утсаар ярьдаг байсан юм. Тухайн өдөр буюу 02 дугаар сарын 13-ны өдөр над руу Мөнгөнцэцэг яриад ажил дээрээ байна, хүрээд ир гэхээр нь би нэг шил вино авч ороод түүнийг болон пиво уучихаад гараад гадаа нь байх “MJ” караокед орсон юм. Караокед ороход Мөнгөнцэцэгийн найз гэх нэг залуу хүрч ирээд хамт суугаад пиво ууцгаасан юм. Сууж байхдаа би дүү Даваасүрэнгээ машин бариулахаар дуудсан бөгөөд ирээд гадаа машинд хүлээгээд байж байсан. Тэндээ сууж байгаад 02-03 цагийн орчим найз нь гэх залуугийн хамт гараад Мөнгөнцэцэг караоке дотор үлдсэн ба би буцаж ороод Мөнгөнцэцэгийн хамт гараад машиндаа суусан ба Мөнгөнцэцэгийн хамт машины урд талд шахаж суугаад дүү Даваасүрэнгээр машинаа бариулсан. Тэгээд би нэлээд согтчихсон байсан бөгөөд Мөнгөнцэцэг диско бааранд орж бүжиглэнэ гээд байсан ба би мөнгө байхгүй, бүжиглэхгүй гээд маргалдсан. Машинаараа 3, 4 дүгээр хороолол болон Дэнжийн 1000 руу явчихаад эргэж ирсэн. Эргэж ирээд баарны хашаан дотор зогсож байхад Мөнгөнцэцэг над руу дайраад байхаар нь би болиулаад гар хөл рүү нь цохисон байх. Тэгээд маргалдаад бага зэрэг ноцолдоод байж байтал хамарнаас нь цус гарахаар нь 00 цаас гаргаж ирэн арчиж өгсөн. Ийм зүйл болоод Даваасүрэнгийн хамт хөдлөж яваад тухайн караокены ар талд нь байх байрных нь гадаа буулгаж өгөөд явцгаасан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Мөнгөнцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-8-9/ “..Намайг анх машиндаа суулгаад л дарамтлаад сүүлдээ цохиж зодож эхэлсэн ба миний хамар гэмтэж цус гарахад цусыг нь арчиж цэвэрлээд байсан. Сүүлд машинтайгаа хашаанд зогсож байхад л хамар луу цохиод цус гарсан ба тэр үед Ганбаяр 00 цаас гаргаж ирээд арчаад байсан .” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-11/ “..Тэгээд хөдлөж яваад машиндаа хэрэлдээд яваад байсан ба нэг шил архи уугаад байсан. Тэгээд байж байтал нэг мэдэхэд нөгөө эмэгтэйгийнх нь хамарнаас цус гарчихсан байх шиг байсан. Тэгж байгаад Ганбаярын аав нь өглөө эрт ажилтай гээд нөгөө эмэгтэйг нь тойроод хойд талд нь байх гэрийнх нь гадаа буулгачихаад бид хоёр явсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2493 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-14/ “..1. А.Мөнгөнцэцэгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт, зүүн бугалга, шуу, зүүн баруунд гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-18/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-19/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 02 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Оранж” төвийн гаднаас хохирогч А.Мөнгөнцэцэгийг өөрийн 01-39УНЧ улсын дугаартай машинд суулган явах замдаа хэл амаар доромжлон, нүүр, ам руу нь цохиж, үснээс нь зулгаах зэргээр цохиж зодон түүний биед биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, духанд цус хуралт, зүүн бугалга, шуу, зүүн баруунд гуянд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Гт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өөлд овогт Амарсайханы Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР