Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00417/И |
Дугаар | 566 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 566
2016 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2016/00566 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, 1 дүгээр баг, Жаргалант уушиг, 4 дүгээр гудамж, 79 тоотод оршин суух Боржигон овогт Готовын Баясгалан /РД:НЕ71031676/,
хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, 1 дүгээр баг, Жаргалант уушиг, 4 дүгээр гудамж, 79 тоотод оршин суух Шавь овогт Банзрагчийн Цэрэннадмид /РД:НЕ73072064/ нарт холбогдох,
зээлийн төлбөр 19.425.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Баясгалан, Б.Цэрэннадмид хоёр нь сум хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн, сарын 0,25 хувийн хүүтэй 15.000.000 сая төгрөгийн зээлийг 2011 оны 8 дугаар сарын 7-нд цөцгийн тос, хорхой ааруул хийх зорилготой авсан. Б.Цэрэннадмид, Г.Баясгалан нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 15.000.000 сая төгрөг, хүүгийн үлдэгдэл 1.200.000 төгрөг, алданги 3.225.000 төгрөг бүгд 19.425.000 төгрөгийг иргэн Г.Баясгалан, Б.Цэрэннадмид нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.Цэрэннадмид, Г.Баясгалан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.425.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх 1-2/
Хэрэгт Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар болон Б.Цэрэннадмид, Г.Баясгалан нар нь харилцан тохиролцож 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар цөцгийн тос, хорхой ааруул үйлдвэрлэх зориулалтаар зээлийн гэрээ байгуулан зээлж авсан байна. /хх 6-9/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 14 цаг 30 минутын шүүх хуралдааны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лувсангэндэн, Б.Түвшинжаргал, хариуцагч Б.Цэрэннадмид, Г.Баясгалан нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулжээ. /хх 67/
Тус эвлэрлийн гэрээгээр “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 19.425.000 төгрөгөөс, 2.811.600 төгрөгийг хасч, үлдэх 16.613.400 төгрөгийг хариуцагч Г.Баясгалан, Б.Цэрэннадмид нар 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар” харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг Их Монгол овогт Базаррагчаагийн Лувсангэндэн /РД:НЭ88101311/, Боржигон овогт Баттүшигийн Түвшинжаргал /РД:НЕ92101201/ нарт итгэмжлэлээр олгосон байна. /хх-3/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрэх эрхтэй байна.
Шүүх, зохигчдын нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Г.Баясгалан, Б.Цэрэннадмид нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгийн хэмжээнд ногдох 241017 төгрөгийн тал болох 120.508 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага 19.425.000 төгрөгөөс, 2.811.600 төгрөгийг хасч, үлдэх 16.613.400 төгрөгийг хариуцагч Г.Баясгалан, Б.Цэрэннадмид нар нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хариуцагч Г.Баясгалан, Б.Цэрэннадмид нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгийн хэмжээнд ногдох 241017 төгрөгийн тал болох 120.508 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ