Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 291

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Д.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1811 02811 0195 дугаартай хэргийг 2019 оны 3 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Шар бөө овогт Дансрангийн Мөнхжаргал, 1973 оны 7 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж ХД-31-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧГ73072872/.

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Баянжаргалын эзэмшлийн Хаан банкны картыг нууцаар, хууль бусаар авч мөн өдрийнхөө 13:04 минутанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 22-99-А Мянганы-Уул худалдааны төвд байрлах АТМ-ээс 800.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Анх удаа ийм асуудалд орж байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч Д.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..миний халаасанд Баянжаргалын карт байсан. Тэгээд би 7 буудлын зүүн талын худалдааны төв дотор байх Хаан банкны АТМ-ээс Баянжаргалын картнаас 800.000 төгрөг гаргуулан авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас найзынхаа картыг ашиглаж мөнгө гаргуулан авсан. Учир нь би өөрийнхөө машинд сэлбэг авах гэж байсан. Баянжаргал намайг мөнгө авахыг зөвшөөрөөгүй. АТМ-ээс мөнгө авчихаад баригдахгүй байх гэж бодсон..” гэсэн мэдүүлэг /хх-51-52/

           

Хохирогч Э.Баянжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-15/ “..Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найз Базаррагчаагийн гэр болох Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Доод салхитын 8-139 тоотод очиж 0,75 граммын “Хараа” архинаас 2 шилийг авч Базаррагчаа, Одончимэг нартай хувааж уугаад тэндээ хоносон. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сайнсайхан, Мөнхжаргал хоёр 10 цагийн үед Базаррагчаагийн гэрт ирээд 0,75 граммын Хараа архи 2, 3 шилийг авч уусан. Олон хоног архи уусан болохоор муудаад согтсон өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон. Тэгээд нэг мэдэхэд Мөнхжаргал намайг манай ээжийн гэр болох Сүхбаатар дүүрэг болох 19 дүгээр хороо Майхан толгойн 2-6 тоотод автобусаар хүргэж өгсөн байсан. Орой сэрээд утсаа шалгасан чинь миний Хаан банкны картнаас 800.000 төгрөгний зарлага гарсан байсан. Биед карт байгаагүй, бусад эд зүйл бүрэн бүтэн байсан. Тэр оройдоо би Мөнхжаргалыг гэрт очиж түүнийг аваад замаараа Сайнсайхан, Базаррагчаа хоёрыг дагуулаад Одончимэгийн гэрт очсон. Бүгдээрээ карт аваагүй гээд байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Базаррагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-31/  “..2018 оны 10 сарын 01-ний шөнө 22 цагийн орчим ганцаараа жаахан халамцуу ирсэн. Би архи аваад Одноо, Баянжаргал бид 3 архи ууцгаасан. Нэвт архидалт болсон ба босож ирээд архи уугаад би тасарч унасаар байгаад нэг мэдсэн бүгдээрээ 10 дугаар сарын 04-ний өдөр байх би гэртээ ганцаараа үлдсэн байсан. Баянжаргал, Одноо бид 3 архи ууж байхад 10 дугаар сарын 02-ны өдөр Сайнсайхан, Мөнхөө нарыг дуудаж тэр 2 нэмэгдэж ирж архи ууцгаасан. Бид нар 2-3 хоног тасралтгүй архи ууцгаасан. Уусан архины тооцоо төлбөрийг Баянжаргал бид 2 хуваагаад төлсөн... Баянжаргал сүүлд гэртээ харьчихаад картнаас 800,000 төгрөгний зарлага гарсан байна гэж яриад картаа алдчихлаа гэсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Я.Сайнсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-37-38/ “..эргэж ирээд Мөнхжаргал Баянжаргалын картыг өгсөн ба гар утасны хавтсанд нь хийж өгсөн. Тэгээд авсан архиа ууж дуусгаад харихаар болсон ба Мөнжаргал, Баянжаргал бид гурав гарцгаасан, Баянжаргал хөдөө том тэрэг барьдаг учраас нойтон мах, хүнс ногоотой явж байсан, авсан юмнаас зөөлцөж автобусны буудал дээрээс лагер явах унаанд суулгаж өгөөд салцгаасан..тэр өдрийн орой Баянжаргал надтай яриад миний картнаас 800.000 төгрөг гарсан байна чи авчихлаа гэхээр нь би
болсон асуудлаа хэлээд Мөнхжаргал чиний картыг утасны чинь хавтсанд хийсэн
шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл би Мөнхжаргалын гэр лүү явж байна чи хүрээд ир
гэхээр нь бид 2 замдаа уулзаад Мөнхжаргалтай уулзсан. Мөнхжаргал мөнгө
аваагүй гээд бид 3 Одноо дээр очсон ба тэр мөн аваагүй гэхээр нь би газар дээр
нь өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Эрдэнэбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-43/ “..тухайн үед Баянжаргалын авч явсан фаск цүнх, гар утас нь ширээн дээр байгаа харагдаж байсан. Мөнхжаргалыг гэрт байх үед ээж гадаа сууж байсан, би ойр зуур гарч ороод явж байсан. Гэрт Баянжаргал, Мөнхжаргал хоёр үлдсэн..” гэх мэдүүлэг шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -54/, хохирол төлсөн баримт, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, Хаан банкны депозит хуулга /хх-22/, Хаан банкны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29/11538 дугаартай албан бичиг, Хаан банкны АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Э.Баянжаргалтай хамт 3 хоног архи ууцгаасан бөгөөд хохирогчоос Хаан банкны картыг нууц үгний хамт түүнийг архи уусан байдлыг ашиглан авч, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 22-99-А Мянганы-Уул худалдааны төвд байрлах АТМ-ээс 800.000 төгрөгийг авсан байна.

 

Шүүгдэгч Д.Мын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.М нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шар бөө овогт Дансрангийн Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Мыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР