Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0291/з |
Дугаар | 001/ХТ2016/0150 |
Огноо | 2016-05-02 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2016/0150
“Монхангай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганжолоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, П.Баттулга, гуравдагч этгээд “Монгол эд импекс” ХК-ийн төлөөлөгч Ж.Дамчаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр магадлалтай, “Монхангай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Монхангай трейд” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 тоот захирамжаар Сонгино-Хайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тээврийн товчооны гудамжинд байрлах 27340 м.кв талбайтай газрыг эзэмшиж эхэлсэн ба уг газар дээр 000143196 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2201026932 тоот улсын бүртгэлийн дугаартай 8532 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр манай компани бүртгэлтэй байдаг.
Уг газрыг анх “Монгол эд импекс” ХХК эзэмшиж байсан ба 1997 онд “Монгол эд импекс” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 дугаар тогтоолоор газар, конторын барилга, агуулах зэрэг үндсэн хөрөнгөнүүдээ худалдах, нягтлан бодох бүртгэлээс хасахаар шийдвэрлэж улмаар “Монгол эд импекс” компанийн гүйцэтгэх захирлын 30 дугаар тушаалаар иргэн Ц.Амарсайханд худалдаж, нийслэлийн Засаг даргын 1999 оны А-211 дүгээр захирамжаар иргэн Ц.Амарсайханд газар эзэмших эрх шилжсэн.
2002 онд уг газрын газар эзэмших эрх иргэн Ц.Амарсайханаас иргэн Т.Цоггэрэлд, 2006 онд иргэн Т.Цоггэрэлээс манай компани тус тус шилжүүлж авсан болно. Манай компани газар эзэмшиж эхэлсний дараагаас “Монгол эд импекс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх иргэн Ж.Дамчаа нарын хүмүүс нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 361 дугаар магадлалаар нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 тоот захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий газрын асуудлыг нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагууд өөрсдөө дахин судалж үзэж шийдвэр гарга гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Газрын алба, Барилга хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар газрын асуудлыг хэлэлцэн манай компанид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг 5 жилээр сунгаж шинэ эрхийн акт гаргасан.
Гэтэл иргэн Ж.Дамчаа болон нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж гомдол гаргаж, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Өмчийн харилцааны газраар хэл ам хийгээд яваад байсан тул мөн Засаг даргын 2013 оны А/448 захирамжаар 2011 оны 677 дугаар захирамжийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон юм. Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг бөгөөд манай компани тус хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх хүчингүй болгуулах зөрчил дутагдал, нөхцөл байдлыг огт гаргаж байгаагүй ба газрын төлбөрийг цаг хугацаанд төлж, газар эзэмших эрх хүчингүй болсон ч гэсэн бид одоог хүртэл төлбөрийг төлсөөр байгаа болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандаж бид 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 370, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 48, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 60, 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 27 тоот албан бичгүүдээр газар эзэмших эрхээ баталгаажуулахаар тус тус хандаж байсан боловч албан бичгүүдийн хариу огт ирдэггүй байсан.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/1415 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг бидэнд мэдэгдсэн. Иймд Газрын тухай хуулийг зөрчиж манай компанийн эрхэд халдсан нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/448 тоот хууль бус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгино-Хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монхангай трейд” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 1853/0079 дугаартай газар эзэмших эрхийг сэргээлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар нийслэлийн Засаг даргын “Монхангай трейд” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж, “Монхангай трейд” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 захирамжийн “Монхангай трейд” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон болно.
Энэхүү захирамжийг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Монхангай трейд” ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Цэвээндолгор гардаж авсан байх бөгөөд ийнхүү гардаж авснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд “Монхангай трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Монгол эд импекс” ХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ж.Дамчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан үүсгээд байгаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А тоот хаягт байрлах газар, конторын барилгыг “Монхангай трейд” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжаар нэр шилжүүлснийг хүчингүй болгуулахаар тус компанийн хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гаргаж байсан.
“Монгол эд импекс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж, Төлөөлөн удирдах зөвлөл 1997 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдэж, Ц.Амарсайханд “Монгол эд импекс” ХК-ийн үндсэн хөрөнгө болох барилга, объектыг хууль бусаар шилжүүлсэн болохыг тогтоосон. Ц.Амарсайханы хуурамчаар бүрдүүлж авсан газар ашиглах эрхийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан. Уг захирамжаар Т.Цоггэрэл гэх хүнд газар эзэмших эрхийг шилжүүлээгүй, захирамжид нэр нь байхгүй байхад Т.Цоггэрэлээс “Монхангай трейд” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлж, хуурамчаар хөдөлгөөн хийсэн болох нь тогтоогдсон.
Маргаан бүхий газар нь хуулийн дагуу Ц.Амарсайхан, Т.Цоггэрэл нарт шилжээгүй тул нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын зүгээс ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгааг мэдсээр байж нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжаар “Монхангай трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Энэ байдлыг бид болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс гомдол хүсэлт гаргасны эцэст нийслэлийн Засаг дарга хуульд нийцүүлэн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамж нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг үндэслэж, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр бүрэн эрхээ хэрэгжүүлж хуулийн хүрээнд гаргасан, эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр бөгөөд ёс зүйн хувьд манай компанийн төдийгүй 3396 хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр байх тул “Монхангай трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар энэхүү шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 161 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Монхангай трейд” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 1853/0079 тоот газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх “нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрийг биелүүлж “захиргааны байгууллагаас шинэ акт гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэлт хийн маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх “нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжаар өмнөх 2011 оны 677 дугаар захирамжийн “Монхангай трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь Газрын тухай хуульд нийцсэн... “Монхангай трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан өмнөх захирамжаа хүчингүй болсонд тооцсоноор тухайн газартай холбоотой нэхэмжлэгчийн эрх дуусгавар болохгүй... ” гэж дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт “энэ захирамжтай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан, хөндсөн шийдвэр гаргасан байхад хоёр шатны шүүх зөвхөн уг захирамжийн 1 дэх хэсэгт анхаарал хандуулан, дээрх дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, нийслэлийн Засаг дарга 2013 оны А/448 захирамжаар нэхэмжлэгч “Монхангай трейд” ХХК-д анх газар эзэмшүүлэх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, харин уг газар эзэмших эрхийг сунгасан 2011 оны 677 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь тухайн газартай холбоотой нэхэмжлэгчийн эрхийг дуусгавар болгоогүй мэт харагдаж байгаа боловч уг захирамжийн 2 дахь хэсгийн заалтаараа “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлах” шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг шууд хөндсөн.
Маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс өмнөх захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хариуцлагад бус харин захиргааны хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, шийдвэр, үйл ажиллагаагаа өөрөө хариуцах нийгмийн хариуцлагад хамаарна гэж үзэж байна.
Анхан шатны шүүх “шинэ акт” гэдэг ойлголтыг хууль тогтоомжийн зүйл, заалт, үндэслэл дурдалгүйгээр тайлбарласан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “захиргааны акт” гэсэн ойлголтыг хуульчилсан байдаг. Харин захиргааны “шинэ акт” гэсэн ойлголтыг хуульчлаагүй бөгөөд хууль тогтоомжоор тодорхойлоогүй байдаг. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжаар “Монхангай трейд” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас тухайн газрын асуудлыг шийдвэрлэж шинээр гаргасан захиргааны акт мөн гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх ““Монгол эд импекс” ХК-д 2,7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-138 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй...” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь ийнхүү шилжүүлсэн асуудлаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 288 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2008 оны 361 дугаар магадлалд дүгнэлт хийчихсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед хоёр шатны шүүх “уг газрын эзэмших эрх “Монгол эд импекс” ХК-иас иргэн Ц.Амарсайханд шилжсэн байна. Харин газрын эзэмших эрх Ц.Амарсайханаас ямар үндэслэлээр Т.Цоггэрэлд шилжсэн болох нь тодорхойгүй байна” гэж үзэн нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргатал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан 1997 оны А-138 тоот захирамжаар “Монгол эд импекс” ХК-д олгосон газар нь нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-211 тоот захирамжаар иргэн Ц.Амарсайханд шилжсэн байдаг ба нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газрын алба зэрэг байгууллагууд газрыг Ц.Амарсайханд хууль ёсоор шилжсэн болохыг баталдаг. Мөн 2,7 га газрыг холбогдох шийдвэр баримт бичгийн үндсэн дээр иргэн Ц.Амарсайханд шилжүүлснээр нийслэлийн Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-138 дугаар захирамжийн “Монгол эд импекс” ХК-д холбогдох хэсэг дуусгавар болсон.
Өөрөөр хэлбэл уг захирамжийн үйлчлэл дууссан төдийгүй хариуцагч, нэхэмжлэгч талууд уг асуудлаар маргаагүй байхад шүүх ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх анхнаасаа энэ хэргийн шийдвэрт эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж зөрчигдөөгүй этгээд болох “Монгол эд импекс” ХК-ийг гуравдагч этгээдээр татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Монхангай трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор 2,7 га газрыг эзэмших эрх “Монгол эд импекс” ХК-д шууд олгогдохгүй.
Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Хянавал:
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/448 дугаар захирамжаар “Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалыг хэрэгжүүлж” гэж дурдаж, “Монхангай трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийн тус компанид холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, гэрээг цуцлахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.
Нэхэмжлэгч “Монхангай трейд” ХХК нь “...шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийг иргэн Ж.Дамчаа болон нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны гомдлоор хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн” гэж, хариуцагч “...шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан акт...” гэж маргажээ.
Иргэн Ж.Дамчаагийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн талаар гарсан Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар ““Монхангай трейд” ХХК-д 27340 м.кв газар эзэмших эрхийг иргэн Т.Цоггэрэлээс шилжүүлсэнийг баталгаажуулах нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжийн заалтыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн” нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ” гэж заасан, хариуцагч нийслэлийн Засаг нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 288 дугаар шийдвэрт заасан ажиллагааг гүйцэтгэж, “шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх талаар” шинэ акт гаргаж, шүүхийн уг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Монхангай трейд” ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай албан бичгээр нийслэлийн Газрын албанд “тус компани 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр 27340 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болж байгаа тул сунгана уу” гэсэн хүсэлт гаргасан, нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах тухай” 677 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, улмаар уг захирамжийг үндэслэн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0232340 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон зэрэг нь тогтоогджээ.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж заасан, дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Монхангай трейд” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг түдгэлзүүлсэнээр, энэ захирамжийг үндэслэн олгогдсон 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0059832 дугаартай эрхийн гэрчилгээний хүчинтэй байдал мөн түдгэлзсэн байна.
Үүнээс үзвэл нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжаар “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах” өөр асуудлыг шийдвэрлэсэн, үүнийг “шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан шинэ акт биш” гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч уг захирамжийг иргэн Ж.Дамчаагийн гомдол, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны шаардлагаар хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийг “хэргийн нөхцөл байдлыг тодруулж гаргаагүй” гэж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэсэнтэй нийцэхгүй болжээ.
Иймээс нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийг шийдвэрлэсэн асуудлынх нь хувьд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан зохицуулалтад нийцсэнийг тогтоосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга нь “Монхангай трейд“ ХХК-ийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, сунгах шийдвэрийг гаргахдаа “шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн, эрх зүйн үйлчлэлийг нь зогсоосон акт”-д үндэслэсэн учраас уг маргаанд Газрын тухай хуулийн дээрх заалтыг нийцүүлэн хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийн 2 дахь заалтаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, гэрээг цуцлах” гэсэн нь уг захирамжаар шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжтай холбоотой “гэрчилгээ, гэрээ” гэдэг нь тодорхой байх тул “газар эзэмших эрх цуцалсан шийдвэрийг хоёр шатны шатны шүүх буруу дүгнэсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд “...захирамжид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гэсэн мөртлөө нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосонтой холбоотой асуудлыг бус зөвхөн газар эзэмших эрхийг сунгасан захирамжийг хүчингүй болгосон ойлгомжгүй” гэж дурдсан нь маргаан бүхий захиргааны актыг “шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан шинэ акт биш” гэдгийг хүлээн зөвшөөрсөн шинжтэй, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж “нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг мөн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн “анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан шаардлагыг хангаж гаргаагүй хяналтын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ