Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00013

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн иргэн Халзанхүүгийн Мягмаржав /РЦ65111766/-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах, Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Х.Мягмаржав, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Давааням, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Х.Мягмаржав, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээлжит бус гуравдугаар хуралдаанаа хуралдуулсан. Энэхүү хуралдаанд төлөөлөгч З.Пүрэвсүрэн “Манай намын бүлэг Засаг даргыг сонгох асуудлаар гурав хоногийн завсарлага авч байна. Манай намаас өмнө нь Засаг даргад Х.Мягмаржавын нэрийг дэвшүүлсэн байсан” гэж танилцуулж тэр өдрийн 18 цаг 06 минутад Монгол ардын намын бүлгийн гишүүд гурав хоногийн завсарлага авч байна гээд гарч явсан.

Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 50 хувиас дээш ирцтэй бол Хурлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөгөө авч Хурлыг үргэлжлүүлэн явуулж 19 цаг 32 минутад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга дарсан есэн хуудсыг тооллогын комисст хүлээлгэн өгч сумын Засаг даргад нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад Ч.Давааням, Х.Мягмаржав нарын нэрийг бичсэн байдаг. Тодруулбал Х.Мягмаржавын миний нэрийг Монгол ардын намын бүлгээс дэвшүүлээгүй байхад дур мэдэн бичиж нэр дэвшүүлсэн болгож, санал хураан шийдвэрлэсэн юм.

Нэр дэвшүүлэхдээ нэгэнт л Монгол ардын намын бүлэг завсарлага авсан, бүлгээсээ сумын Засаг даргад нэр дэвшигчийг сонгон санал болгоогүй байхад Ч.Даваанямын нэрийг дангаар нь дэвшүүлээд сонгосон бол би ийнхүү гомдол, нэхэмжлэл гаргаж маргахгүй. Гэтэл миний хүсэл зоригоос гадуур, миний төрийн байгууллагад сонгогдох үндсэн эрхэд мөн л бүдүүлгээр халдаж нэр дэвшүүлэх ажиллагаанд нэр бичиж оруулсанд гомдолтой байна.

Намайг сумын Монгол ардын намын бүлгээр Цагааннуур сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тохиолдолд өөрийн хүсэл зоригийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхээ баталгаатай эдэлж, тухайн Хуралд Засаг даргаар ажиллавал хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, шударгаар өрсөлдөх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд миний төрийн байгууллагад сонгогдох үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж гарсан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус гуравдугаар хуралдааны 01 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцож, иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангаж, Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү. Х.Мягмаржавын нэрийн Засаг даргад дэвшүүлээгүй байхад дэвшүүлсэн мэтээр саналын хуудсанд бичиж улмаар сумын Засаг даргад хоёр ч удаа нэр дэвшээд ялагдсан мэтээр нэр төрийг минь унагасан, Засаг даргад нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, шударгаар өрсөлдөх боломжоор хангаагүй, Монгол ардын намын бүлэг Хурлын хуралдаанаас 3 хоногийн завсарлага авчихаад байхад үлдсэн төлөөлөгчид үргэлжлүүлэн хуралдсан нь буруу тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/2471 тоот албан бичигт сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж ирүүлнэ үү дагуу ээлжит бус хуралдааны товыг зарлан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 20 минутад хуралдуулахаар болсон. Хурал эхлэхээс 10-аад минутын өмнө Засаг даргад өмнө нь нэр дэвшсэн Х.Мягмаржавын нөхөр МАН-ынхан дуудаж байна гэхээр нь очсон. Засаг даргад өөр хүн дэвшүүлье гэхээр дэвшүүлчих өөр хүн байхгүй байсан. Ажлын гурав хоногийн завсарлага авъя, нэг төлөөлөгч дутуу байна гэхээр нь би хуулийн эцсийн хугацаа 19-нд дуусах учраас хугацаа багтахгүй болсон юм байна гэж хэлсэн. Х.Баярням төлөөлөгч тэр ямар хамаатай юм. Би 19-нд Мөрөнд байх ёстой гэсэн. Хурлын цаг болсон байсан тул хуралдаандаа ирсэн. Хурлын дарга хуралдааныг эхлүүлж 15 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч ирж 93.3 хувийн ирцтэйгээр 17 цаг 20 минутад эхлэн, хуралдаанаараа хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулж, батлуулсан.

... олонхийн суудал авсан АН-ын бүлгийн дарга Ц.Дариймаа өмнө нь нэр дэвшиж байсан Ч.Даваанямын нэрийг дэвшүүлж байна гэхэд МАН-ын бүлгийн дарга З.Пүрэвсүрэн Засаг даргад Х.Мягмаржавын нэрийг дэвшүүлж байсан, одоо мөн дэвшүүлж байна. Манай намаас нэг төлөөлөгч дутуу байна, ажлын 3 өдрийн завсарлага авъя гээд 5 төлөөлөгч хариу хэлэхийн завгүй гарч явсан.

Гэтэл АН-ын төлөөлөгчид олонхи болсон учир бид хуралдааныг үргэлжлүүлнэ, Хурлын дарга албан ёсоор хариу өгөөгүй байхад хурал хаяж гарах ёсгүй гэж шаардсан. Тиймээс Хурлын нарийн бичгийн дарга Д.Сүхээ Хурлаас гарч явсан 5 төлөөлөгчтэй утсаар ярьж тайлбарлан завсарлагын хугацааг ярих гэтэл ирээгүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.7, 23.8-д заасны дагуу Хурлын дарга хуралдааныг үргэлжлүүлэн санал хураах ажлыг эхлүүлэхээр болсон.

Ингээд төлөөлөгч Ч.Нямбаяр хэдэн хүнд санал хураах вэ? Хэрэв нэг хүн бол илээр санал хураана гэхэд Хурлын дарга миний бие Х.Мягмаржав даргын нэрийг яг дэвшүүлсэн юм уу? Протокол дээр яг юу гэж бичсэн байна гэж нарийн бичгийн дарга Д.Сүхээгээс асуухад Х.Мягмаржавын нэрийг МАН-ын бүлэг дэвшүүлсэн байна гэж хэлсэн учир Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар 2 хүний нэр дээр нууц санал хураалт явуулахаар болсон. Энэ үед би иргэн Х.Мягмаржав руу утсаар залгаж таны нэрийг Засаг даргад дэвшүүлсэн учир санал хураахаар болж байна, яах вэ гэж асуусан. Тэгэхэд Амарсанаа та хоёр надад зурахад хуралдааны санал хувьдаа хүрэхгүй, дахин хуралдах болно, саналаа хураа хураа гэж зөвшөөрсөн. Санал хураалт явуулахад Х.Мягмаржавт 1, Ч.Даваанямд 8 төлөөлөгч санал өгсөн тул 26.2-т заасны дагуу аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Маргааш өглөө нь Х.Мягмаржав ирж миний нэрийг дэвшүүлээгүй байхад нэр дэвшүүллээ гэж Хурлын нарийн бичгийн дарга Сүхээ болон над руу гүтгэн дайрч доромжлон сүрдүүлсэн.

Иргэн Х.Мягмаржав нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хуулийг үл хүндэтгэн ард иргэдийн сонголтыг үл тоож зөвхөн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргуулахыг оролдож байгаа ёс зүйгүй явдал юм. Х.Мягмаржавын нэхэмжлэлээс харахад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтуудыг зөрчиж хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргаж байна гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага үзэж байна ...” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Давааням, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан ээлжит бус хуралд нийт 15 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч хуралд оролцож, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын дотоод журмыг хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан.

Хэлэлцэх асуудлын дагуу сумын Засаг даргад нэр дэвшүүлэлт явагдаж Ардчилсан намын бүлгээс миний нэрийг дэвшүүлсэн. МАН-ын бүлгийн дарга З.Пүрэвсүрэн босож би МАН-ын бүлгийн даргын хувьд сумын Засаг даргад өмнө нь дэвшүүлж байсан Засаг дарга Халзанхүүгийн Мягмаржавын нэрийг дэвшүүлж байна гээд манай намаас гурав хоногийн завсарлага авч байна гээд Хурлын дарга зөвшөөрөл өгөөгүй байтал хурлыг хаяж гарсан. Ингээд үлдсэн 9 төлөөлөгч бид орхиж гарсан төлөөлөгчдийг 1 цаг 16 минут хүлээсэн ба энэ хооронд Хурлын нарийн бичиг Д.Сүхээ утас руу нь залгаж хэлсэн боловч ирээгүй. Үүний дараа Хурлын дарга С.Навчаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтнаас зөвлөгөө авснаар хурлыг үргэлжлүүлэн явуулсан.

Ингээд тооллогын комисс ажиллаж 2 нэр дэвшигчийн дунд нууц санал хураахад надад найман төлөөлөгч өгч Х.Мягмаржавд нэг төлөөлөгч санал өгснөөр миний бие 57.4 хувийн саналаар ялалт байгуулсан. Хурлын явцад МАН-ын бүлгийн дарга З.Пүрэвсүрэнгийн хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд үгчлэн бичсэн эсэхийг тэмдэглэл хөтлөгч Д.Сүхээгээс төлөөлөгчид асуухад “би МАН-ын бүлгийн даргын хувьд сумын Засаг даргад Халзанхүүгийн Мягмаржавын нэрийг дэвшүүлж байна” гэж З.Пүрэвсүрэн хэлсэн үгийг тэмдэглэлд бичсэнээ үзүүлсэн. Хурал тарсны дараагаар миний бие төлөөлөгч Ч.Нямбаярын хамт хурлын тэмдэглэлийн зургийг авъя гэхэд авахуулахгүй гэсэн.

Харин маргааш нь болоход хурлын тэмдэглэлийг өөрийн эхнэр Х.Гэрэлсүрэнгийн төрсөн дүү болох нэхэмжлэл гаргагч Х.Мягмаржавын эрх ашигт нийцүүлэн өөрчилж бичсэнийг Хурлын дарга С.Навчаа хянахдаа өөрчлөгдсөн байна гэхэд Д.Сүхээ үгийн утга адилхан болохоор бичсэн гэхэд Хурлын дарга үг үсгийн алдаа байна, асуудал гарвал өөрөө хариуцаарай гэж хэлснээ баталдаг. Энэ байдлаар Хурлын нарийн бичгийн дарга Д.Сүхээ нь хурлын тэмдэглэлийн эх хувийг 2-3 удаа өөрчилж бичсэн байгаа юм.

Дээрх байдлаас харахад Хурлын нарийн бичгийн дарга Д.Сүхээ /Х.Мягмаржавын хүргэн ах нь/ нь эхнэрийнхээ төрсөн дүү Х.Мягмаржавтай үгсэн хуйвалдаж Хурлын тэмдэглэлийг санаатайгаар өөрчлөн мушгин гуйвуулж байгаа нь холбогдох хуулийн заалтыг зөрчиж ашиг сонирхлыг зөрчил үүсгэж байгаа тул Д.Сүхээд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан ээлжит бус хуралдаан хуулийн хүрээнд явагдаж шийдвэрээ гаргасан нь үнэн болно. Х.Мягмаржавын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор[1] сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийхээр товлож, уг хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад санал болгох асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж[2], сумын Засаг даргад Ч.Даваанямын нэрийг дэвшүүлэх тухай 01 дугаартай тогтоол[3] гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Мягмаржав “Миний нэрийг дэвшүүлээгүй байхад дэвшүүлсэн мэтээр саналын хуудсанд бичиж улмаар намайг сумын Засаг даргад хоёр ч удаа нэр дэвшээд ялагдсан мэтээр нэр төрийг минь унагасан, Засаг даргад нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, шударгаар өрсөлдөх боломжоор хангаагүй, Монгол ардын намын бүлэг Хурлын хуралдаанаас 3 хоногийн завсарлага авчихаад байхад үлдсэн төлөөлөгчид үргэлжлүүлэн хуралдсан нь буруу” гэсэн үндэслэлээр Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаан товлосон цагтаа эхлэхэд ирвэл зохих 15 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч ирж, нэг төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй боловч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн тул хуралдаан хүчинтэй болжээ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг[4] баталж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эхлэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга З.Пүрэвсүрэн “сумын Засаг даргад өмнө нь дэвшүүлсэн Засаг дарга Х.Мягмаржавын нэрийг дэвшүүлж, Засаг даргын асуудлыг төлөөлөгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй хурлаар шийдэх хэрэгтэй гэж үзээд гурав хоногийн завсарлага авч байна. Иймд манай намын бүлгийн гишүүд хуралд оролцох шаардлагагүй” гэж хэлээд Монгол ардын намын бүлгийн 5 төлөөлөгч хуралдаанаас гарч явсан байна.

Энэ үйл баримт нь Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус 3 дугаар хуралдааны гараар бичсэн тэмдэглэл[5], гэрч Д.Сүхээгийн “Хэргийн материалын 81-85 дугаар хуудсанд байгаа зургийг нь авч хавсаргасан гараар бичсэн тэмдэглэл бол миний тухайн үед хөтөлсөн тэмдэглэл мөн байна” гэх мэдүүлэг[6], хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т зааснаар Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор баталдаг.

Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдаад хуралдааныхаа дэгийг батлаагүй, өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг мөрдөж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгүүд[7], гэрч Д.Сүхээ[8], З.Пүрэвсүрэн[9] нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

2012-2016 оны Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд[10] зааснаар Намын бүлэг нь хэлэлцэж байгаа асуудалд шаардлагатай гэж үзвэл завсарлага авах эрхтэй, завсарлага авахдаа дэгд заасан хугацааг хатуу баримтлах үүрэгтэй[11] гэжээ. Гэхдээ намын бүлэг завсарлага авахдаа чухам ямар хугацаа баримтлах талаар дэгд нарийвчлан заагаагүй байна. Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн “Сумын ИТХуралд бэлтгэх журам” гэсэн хэсгийн 3-т хэлэлцэж байгаа асуудлаар маргаан гарах, санал зөрвөл хурлыг 30 минут хүртэл завсарлуулж, Хурлын дарга намын бүлгийн дарга нартай зөвшилцөж болохоор заажээ.

Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд Намын бүлэг өөрийн санаалчилгаар тодорхой асуудлаар завсарлага авахад баримтлах хугацааг заагаагүй, харин маргаан гарсан тохиолдолд Хурлын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хуралдааныг завсарлуулахад 30 минутын хугацааг баримтлахаар тусгасан байна. Энэхүү 30 минутын хугацааг намын бүлгээс завсарлага авах хугацаанд нэгэн адил хэрэглэх боломжгүй байна.

Учир нь намын бүлэг тодорхой асуудлаар завсарлага авах гэдэг нь хэлэлцэж буй асуудлаар судалгаа хийх, мэдээлэл олж авах, үндэслэлтэй санал боловсруулах, зарчмын зөрүүтэй асуудлаар байр сууриа нэгтгэх зэрэг асуудалд ул суурьтай хандахад зориулагдсан ойлголт юм. Энэ нь хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид санал зөрөлдөж, маргаан гарвал Хурлын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Хурлын хуралдааныг 30 минут завсарлуулахаас өөр агуулгатай байна.

Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд[12] Намын бүлэг завсарлага авах эрхтэй талаар заасан хэдий ч ямар асуудлаар завсарлага авч болох, ямар асуудлаар завсарлага авч болохгүй, завсарлага авахдаа ямар хугацаа баримтлах талаар тус тус нарийвчлан тусгаагүй байна. Гэвч тухайн харилцаатай төсөөтэй харилцааг зохицуулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацааг баримтлах боломжтой юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Нам, эвслийн бүлэг ... завсарлага авах хугацаа нь ажлын 5-аас илүүгүй өдөр байхаар заажээ.

Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож, санал хураалт явуулна гэж заасан боловч хуралдаанаас завсарлага авах, зориудаар оролцоогүй буюу орхиж гарах хоёр ялгаатай ойлголт юм. Мөн хэргийн оролцогч нар Хурлын дарга зөвшөөрөл өгөөгүй байхад Хурлын хуралдаанаас завсарлага авсан гэж үзэхгүй хэмээн маргаж буй. Нам, эвслийн бүлэг Хурлын хуралдаанаас завсарлага авах эрхтэй талаар Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд заахдаа завсарлага авах эрхийг хязгаарлах ямар нэгэн үндэслэл дурдаагүй, Хурлын дарга зөвшөөрөөгүй бол  нам, эвслийн бүлэг завсарлага авах эрхгүй байх талаар журамлаагүй байна.

Иймд Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлэг Хурлын хуралдаанаас 3 хоногийн завсарлага авах эрхтэй байна гэж үзлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдааны тэмдэглэл зэргээс харахад Монгол ардын намын бүлгээс “сумын Засаг даргад нэр дэвшүүлж, сонгох” асуудлаар завсарлага авахаа мэдэгдэж, 5 төлөөлөгч хуралдаанаас гарч явсны дараа үлдсэн 9 төлөөлөгч 1 цаг гаруй хүлээсний эцэст “сумын Засаг даргад нэр дэвшүүлж, сонгох” асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ Монгол ардын намын бүлгийн дарга З.Пүрэвсүрэнгийн зүгээс өмнө нь сумын Засаг даргад нэр дэвшүүлж байсан Х.Мягмаржавын нэрийг дахин дэвшүүлсэн нь Хурлын тэмдэглэлд тусгагдсан байна гэж үзээд Х.Мягмаржав, Ч.Давааням нарын нэрийг саналын хуудсанд бичиж нууц санал хураалт явуулж, хуралдаанаас гарч явсан 5 төлөөлөгчийг эсрэг санал өгсөнд тооцож, нууц санал хураалтаар Ч.Давааням олонхийн санал авсныг баталгаажуулж, 01 дугаартай тогтоол гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/-д зааснаар Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах нь сумын Хурлын онцгой бүрэн эрх юм. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгохдоо шударга ёс, тэгш байдлыг хангаагүй байна үзлээ. Учир нь сумын Засаг даргад нэр дэвшигч Х.Мягмаржав нь Засаг даргаар сонгогдвол баримтлах зарчим, үйл ажиллагааны хөтөлбөрөө Хурлын хуралдаанд танилцуулж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, шударга, тэгш өрсөлдөх боломжийг түүнд олгоогүй байна. Өөрөөр хэлбэл Х.Мягмаржавт өрсөлдөгчтэйгээ тэгш, шударгаар өрсөлдөх боломж олголгүйгээр, түүний хүсэл зоригийг үл харгалзан нэрийг нь саналын хуудсанд бичиж нууц санал хураалт явуулсан нь шударга бус болжээ. Түүнчлэн Хурлын хуралдаанаас завсарлага авсан Монгол ардын намын бүлгийн 5 төлөөлөгчийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн байна.

Иймд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Нэхэмжлэгч Х.Мягмаржав Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахаас хариуцагч татгалзсан, хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан талаар нэхэмжлэгч маргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоодог. Гэтэл хариуцагчийн хууль бус татгалзал, эс үйлдэхүй байгаа талаар маргаан гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 5 минут 2 секундын дуу бичлэг нь хэдийд болсон, ямар үйл явдлыг бичсэн болох нь тодорхойгүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Навчаад мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мягмаржавд олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/, 23 дугаар зүйлийн 23.14, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу “Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагааннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мягмаржавд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 77 дугаар хуудас

[2] Хэргийн 78-80, 81-85 дугаар хуудас

[3] Хэргийн 6 дугаар хуудас

[4] Хэргийн 76 дугаар хуудас

[5] Хэргийн 81-85 дугаар хуудас

[6] Хэргийн 148 дугаар хуудас

[7] Хэргийн 97-99, 120-121 дүгээр хуудас

[8] Хэргийн 148 дугаар хуудас

[9] Хэргийн 141 дүгээр хуудас

[10] Хэргийн 97-99 дүгээр хуудас

[11] Хэргийн 99 дүгээр хуудас

[12] Хэргийн 97-99 дүгээр хуудас