Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 54

 

О.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийдвэртэй

О.*******ын нэхэмжлэлтэй

С.*******т хариуцагдах

“Гэм хорын хохирол 4.721.113 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,

шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад болон анхан шатны шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой Цогтцэций сумын Хаан банкны урд талд С.*******т мөргүүлж авто осолд орж сумын эмнэлэгт хүргэгдэж анхан шатны түргэн тусламж авч 2016.2.26-ны шөнө сумын түргэний тэрэг  Өмнөговь аймгийн гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Аймгийн гэмтлийн эмч ******* 2016.2.27-ны үдээс хойш рентгэн зураг авч зүүн хөл гуян дунд чөмөг хугаралттай бяцралттай, Улаанбаатар хот явж эмчлүүл гэсэн. Эрүүл саруул байсан намайг ийм эрэмдэг болгочихоод нэг ч эргэж тойроогүй хаясанд гомдолтой байна. Миний зүгээс нийт 4.721.113 төгрөгний эмчилгээ, эм тариа, бусад зардлыг нэхэмжилж байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

             Хариуцагч С.******* шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.*******ын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч

С.******* би хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь 2016.2.26-ны орой замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тус хэргийн хохирогч О.*******той сайн дурын үндсэн дээр эвлэрч түүний нэхэмжилсэн нийт хохирол болох 3.069.600 төгрөгийг төлж барагдуулсан. Улмаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газрын ахлах прокурор Д.*******-******* нь намайг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг маань хэрэгсэхгүй болгосон юм. Тухайн үед буюу хохирогчтой эвлэрэхэд ахиж мөнгө нэхэмжилнэ гэж огт хэлээгүй бөгөөд нэхэмжилсэн мөнгийг нь өгчихвөл гомдол саналгүй, эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул миний зүгээс нийт нэхэмжилсэн 3.069.600 төгрөгийг нь хэрэг бүртгэгч М.*******ыг байлцуулан бүрэн төлж барагдуулсан юм. Гэтэл одоо харилцан тохиролцож эвлэрээд асуудал дууссаны дараа дахин надаас мөнгө нэхэмжилж байгааг миний зүгээс өгөх боломжгүй болно гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******оос гаргасан гэм хорын хохирол 4.809.663 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Ингэхдээ нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай. Хавтаст хэргийн 5, 28 дугаар хуудсанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол байгаа. Тус тогтоолд ЭХШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон байдаг. Ийнхүү эвлэрснээр хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд хохирогч гомдол гаргах эрхгүй байдаг. Нэхэмжлэгч тал хариуцагч талтай эвлэрсэн гэдгийг прокуророос нотлогдсон байдаг. Нэхэмжлэгч тал гомдол гаргах хүсэлтэй байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө гомдол гаргах эрхтэй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэхээр хүсэлт гаргаж өгөх нь нээлттэй байсан. ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-ийг удирдлага болгон 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой юм. *******ын зүгээс цалин, бензин, эм тарианы мөнгө нэхэмжилсэн. Цалингийн хэмжээг нийгмийн даатгалын дэвтрээр тодорхойлно. Ямар ч хамаагүй байгууллага цалингийн тодорхойлолт гаргаж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бензиний баримт нь хэзээ, ямар зорилгоор авсан нь тодорохойгүй байна гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.*******ын нэхэмжлэлтэй С.*******т холбогдох гэм хорын хохирол 4 809 663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88550 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч О.*******од олгож шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч О.******* давж заалдах гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь С.*******тай уулзаж, ярилцаж, харилцан тохиролцсон зүйл байхгүй. ...Байцаагч надаар энэ хүсэлтийг худлаа хэлж бичүүлж байхад С.******* нь манай хашааны гадаа сууж байсан. ...Одоо миний нэхэмжлээд байгаа цалингийн тодорхойлолт, эм тарианы баримт, ирж очсон бензиний баримтын дагуух нэхэмжлэлийг минь хуулийнх нь дагуу үнэн зөв шийдэж өгөхийг миний зүгээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар бүрэн гүйцэд үнэлж дүгнэлт хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан журмын дагуу нэхэмжлэгч О.*******ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрт дор дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаар С.******* нь  2016 оны 2 сарын 26-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  нутаг дэвсгэрт  өөрийн эзэмшлийн  73 48 ӨМӨ улсын дугаар бүхий  тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн  7.12 дахь заалтыг зөрчин,  О.*******ыг өөрийн эзэмшлийн мотоциклиор замын хөдөлгөөнд оролцож явах үед нь  мөргөж зам тээврийн осол гаргаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь зам тээврийн осол дээр тогтоосон 2016.2.27-ны өдрийн акт, ослын газрын схем зураглал, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2016 оны 4 сарын 5-ны өдрийн  Эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгосон  20 тоот тогтоол, зохигчдын тайлбараар  нотлогдон тогтоогдсон.

С.*******ын учруулсан гэм хорын улмаас О.*******ын биед зүүн дунд чөмөгний 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, тавхайд цус хуралт, зүүн өвдөгт цулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн, түүнийг эмчлэх, нөхөн сэргээх гэх мэт эмчилгээ, эмийн зүйлсийн зардал, гэмтлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж, цалин орлогоо олох боломжгүй болж хөдөлмөрийн чадвар түр алдалтаас үүссэн гэм хорын хохирол бий болсон нөхцөл байдалд зохигчид маргаагүй.

Маргааны гол зүйл нь С.*******т холбогдох эрүүгийн 201616010031 тоот хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үед төлөгдсөн гэх 3.069.600 төгрөгний тооцоонд О.*******од учирсан гэм хорын хохирол бүрэн төлөгдсөн гэж маргасан төдийгүй анхан шатны шүүх ч ийнхүү дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч тал нэхэмжлэгч О.*******од  өмнө төлсөн 3.036.600 төгрөгний хохиролын тооцоонд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тооцоонд давхар тооцогдсон эсэх,  эсхүл төлөх үндэсгүй болохын аль нь гэдгийг шүүхэд гаргасан тайлбар, татгалзалаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд заасан арга журмаар бэхжүүлэгдсэн нотлох баримт ирүүлээгүй, үндэслэлээ тодорхой гаргаж шаардлагыг үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч О.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн эм, эмчилгээний болон бусад зардлыг нотолсон баримт нь дээрх огноогоор тогтоол гарсны дараах гарсан зардлууд гэсэн нэхэмжлэгчийн тайлбар давхар нотлогдсон, хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас үүссэн хохиролын тооцоо нь өмнөх төлсөн төлбөрт тооцогдсон эсэхийг хариуцагч нотлоогүй байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалтаар нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохиролыг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон тайлбар, түүнийг нотлох баримт болох эмийн зардал 80.150 төгрөг /хх-11/, эмчилгээний үед гаргасан шатахууны зардал 195.750 төгрөг/хх12-14/, эмнэлэгт үзүүлж эм, эмчилгээ бичигдсэн эмчийн тэмдэглэл бүхий нотлох баримт/хх-16/, түүний  эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас  ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвар алдаж, хугацаандаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг 55%-аар авч, түүний цалин хөлс, орлогоо дутуу олгогдож байсныг нотолсон түүний ажил олгогч байгууллагын буюу МСS  ИНТЭРНЭЙШНЛ ХХК-ны захиралын 2016.5.4-ны өдрийн шүүхэд ирүүлсэн 91/16 тоот албан бичиг болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас эм, эмчилгээ, зарцуулсан шатахууны зардалд 276.600 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдснаас олох байсан цалин орлогын дутуу 1.934.000 төгрөг нийт 2.210.600  төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулан олгох үндэстэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар түүний татгалзсан үндэслэлээр 2.384.513 төгрөгний, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж зааснаар 3 сарын курс эмчилгээнд зориулж авах 126.000 төгрөгний эмийн зардлыг нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул нийт  2.510.513 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр буюу  2.210.600 төгрөгний шаардлагад хувиарлагдах  50.319 төгрөгийг тооцон гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгох зэрэг өөрчлөлтийг шийдвэрт оруулах   үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтны “О.*******ын нэхэмжлэлтэй С.*******т холбогдох гэм хорын хохирол 4.809.663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг “хариуцагч С.*******аас 2.210.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар 2.384.513 төгрөгний, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар 126.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн,  

Шийдвэрийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 50.319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.

2.Нэхэмжлэгч О.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Н.НАСАНЖАРГАЛ    

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ