Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Дамбадаржаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Ганболд,

шүүгдэгч Ж.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Ц.Монгол,

шүүгдэгч С.Түвшинтөрийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар хамтран, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарт холбогдох 201526020141 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Их монгол овогт Жамъянгийн Гомбосүрэн, 1959 оны 5 дугаар сарын 17-нд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй, “Жагоб” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Олимп хотхоны 421 дүгээр байрны 134 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ШЖ59051710/;

 

2. Хар адуун овогт Сувдмаагийн Түвшинтөр, 1986 оны 12 дугаар сарын 10-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 83 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЦЖ86121076/;

 

            Ж.Гомбосүрэн нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг Л.Батсайханаар зөөлгөж авчруулан, С.Түвшинтөрийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар шилжүүлэн буулгуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалт, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм стандартын 3.9, 3.16 дахь заалт, Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.4, 8.4.4.1 дэх заалтуудад заасан журмыг хэрэгжүүлэн зааварчилга өгөөгүй, сахин биелүүлээгүйн улмаас Л.Батсайхан нь автомашины тэвш, кабины завсар зогсож байгаад С.Түвшинтөрийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч краны суманд дарагдаж, нас барсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүул ахуйн журмыг сахин хангуулаагүйн улмаас хүний амь нас хохирсон,

С.Түвшинтөр нь өөрийн кранистийн үнэмлэхийг сунгуулаагүй, 48-61 УБА улсын дугаартай, “Камаз” загварын автомашиныг үзлэг оношлогоонд оруулж магадлуулан техникийн бичиг баримт, бүрэн бүтэн байдлыг хангаагүй байхдаа буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Гомбосүрэнгийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар өргөж, шилжүүлэн буулгахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтууд, мөн Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.1.1, 8.3.1, 8.3.2, 8.4.19 дэх заалтуудыг зөрчин, өөрийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, оосорлогч дохиочингүй очиж, ачааг өргөж шилжүүлэн буулгах үйлдэл хийсний улмаас краны хүрдэнд хүчний ачаалал ирж, хүрдний боолтууд тасарч, шланз автомашины тэвш кабины завсар зогсож байсан жолооч Л.Батсайхан нь С.Түвшинтөрийн краны суманд дарагдаж нас барсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулаагүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Их монгол овогт Жамъянгиин Гомбосүрэнг, Хар адуун овогт Сувдмаагийн Түвшинтөрийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар Ж.Гомбосүрэнг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 жил 6 cap хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.Түвшинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дугнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.Гомбосүрэнд оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 жил 6 cap хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ж.Гомбосүрэнгээс 4,719,968.42 төгрөг, С.Түвшинтөрөөс 3,219,968.42 төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа, Л.Болдбаатар нарт олгож, тэдний гэм хорын хохирлоос 28,560,063.16 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Л.Батсайхан нь “Жагоб” ХХК-ийн хашаанд тус компанийн ажлыг гүйцэтгэх явцад 48-61 УБА улсын дугаартай, өргөгч краны суманд дарагдаж нас барсан осолд үйлдвэрлэлийн ослыг зохих журмын дагуу нөхөн бүртгүүлэх, үйлдвэрлэлийн ослын актыг эрх бүхий этгээдээр нөхөн тогтоолгох үүргийг “Жагоб” ХХК-д даалгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 48-61 УБА улсын дугаартай, “Камаз” загварын автокраныг битүүмжилсэн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Л.Батсайхан нь Ж.Гомбосүрэнтэй харилцан тохиролцож, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг жинтэй лист төмрийг өөрийн машинаар зөөж, С.Түвшинтөрийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар уг ачааг буулгах үед өргөгч краны хүрдэнд ачаалал ирж, хүрдний боолтууд тасарч, авто машины тэвш, кабины завсар зогсож байхдаа краны нуманд дарагдаж, амь насаа алдсан юм.

Дээрх үйл явдал нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог бөгөөд бид холбогдох журмын дагуу хохирлын баримтуудыг гаргаж өгсөн.

Нотлох баримтуудыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож шүүгдэгч Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарыг гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн. Ж.Гомбосүрэнг 3 жил 6 сарын хорих ял шийтгэхээр заасан боловч С.Түвшинтөрд ямар төрлийн ялыг, ямар хэмжээгээр оногдуулсан талаар шийтгэх тогтоолд бичээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоол гарах үед шийдвэрлэвэл зохих асуудлыг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл С.Түвшинтөрд оногдуулсан ялын төрөл, хэмжээг бичихгүй харин гагцхүү гэм буруутайд тооцжээ. Шүүгдэгч нарын үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хэдий ч шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гарч байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.5 /шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй эсэх/, 286.1.6 /шүүгдэгчид ямар ял оногдуулбал зохих, түүнийг эдлүүлэх эсэх/-д заасан хуулийн шаардлагыг зөрчиж байна. С.Түвшинтөрд ял оногдуулах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээгүй, ямар ял оногдуулбал зохих эсэхийг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна.

Энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т /шүүгдэгч хэд, хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол асуудлыг гэмт хэрэг нэг бүрээр шийдвэрлэнэ/ гэмт хэргийг хэд хэдэн шүүгдэгч үйлдсэн бол асуудлыг шүүгдэгч нэг бүр дээр шийдвэрлэнэ гэж маш тодорхой хуульчилсан байх боловч уг хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 38,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 9,439,936.84 төгрөгийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зардал, сэтгэл санааны гэм хорыг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь цаашид өмгөөллийн зардал, сэтгэл санааны гэм хор зэргийг иргэний журмаар нэхэмжлэх боломжгүй болгожээ. Улсын яллагчаас шүүх хуралдаанд өмгөөллийн хөлсийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шүүхийн тогтоолд тусгуулах талаар санал гаргасан боловч шүүхээс түүнийг тогтоолд тусгалгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Уг асуудлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад бүрэн нийцээгүй тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Ж.Гомбосүрэнг аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй гэж буруутгасан шинжээчийн үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэн ялласанд гомдолтой байна. Учир нь манай компани Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан ажил олгогч биш бөгөөд кранчин болон машины жолооч тус тусдаа бие даан хувиараа ажил эрхлэгч, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажил олгогч буюу зөвшөөрөл олгосон. Баянгол дүүргийн холбогдох эрх бүхий хэлтсээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл авсан, хариуцлагаа өөрснөө хүлээх бие даасан этгээдүүд мөн.

“Жагоб” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан захиалагч тал бөгөөд кранчин ерөнхий гүйцэтгэгч, машины жолооч туслан гүйцэтгэгч юм. Дээрх заалтад 3 тал гэрээ хийж эрх үүргээ гэрээнд тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцахаар тодорхой заасан. Ерөнхий гүйцэтгэгч болох кранчин С.Түвшинтөр нь өөрийн кранистын үнэмлэхийг сунгуулаагүй, 48-61 УБА улсын дугаартай, “Камаз” загварын авто машиныг үзлэг оношлогоонд оруулж магадлуулан техникийн бичиг баримт, бүрэн бүтэн байдлыг хангаагүй зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, оосорлогч, дохиочингүй очиж, ачааг өргөж, шилжүүлэн буулгах үйлдэл хийсний улмаас хууль бусаар монтажласан, техникийн шаардлага хангаагүй краны хүрд нь хугарч осол гарсан.

Түвшинтөрийн үүрэг нь ажил гүйцэтгэхдээ баримт бичиг, техник хэрэгсэл нь шаардлага хангасан байх ёстой. Иргэний хуулийн 350 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах, өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй болно.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтын 7 дугаар зүйлийн 7.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн учир акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэж заасан. Тэгээд ч ослын акт ажил олгогч буюу Баянгол дүүргийн эрх бүхий этгээдүүд гаргах үүргээ биелүүлээгүй байхад ослын акт гаргахыг “Жагоб” ХХК-д даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолд дурдсанаар Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтооолын үйлдвэрийн хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм нь хүчингүй болсон учир хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Гомбосүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Түвшинтөр манай хашаанд өргөгч кранаар ачааг буулгах үед хүний амь нас хохирсон. Миний бие С.Түвшинтөрд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга амаар өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нэг талыг барьж гарсан. Үйлдвэрлэлийн ослын актыг эрх бүхий этгээдээр нөхөн тогтоолгохыг зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарын гэм буруутай үйлдлийг тогтоосон. С.Түвшинтөрд ямар төрлийн ял шийтгэл оногдуулсан талаар тодорхой заагаагүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн амь насыг 11 сая төгрөгөөр үнэлсэн. Хохирогчийн зүгээс 38 сая төгрөг нэхэмжилснээс 9,439,000 төгрөгийг хангаж, үлдэх 28 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа. Ж.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын талаар маргахгүй. Шинжээчийн дүгнэлтээр ажил олгогч нь “Жагоб” ХХК гээд тодорхой заасан тул нэмж хэлэх зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Түвшинтөрийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Ажил үүрэг явуулж байх хугацаанд аюулгүй байдлыг аж ахуйн байгууллага хангах үүрэгтэй гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн заалтыг хэрэглэж Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан. С.Түвшинтөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлоос 1,500,000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

 

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын буруутай үйлдэл тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд Ж.Гомбосүрэнгийн өгсөн мэдүүлэг өнөөдрийнхтэй зөрүүгүй байна. Иймд Ж.Гомбосүрэнг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн нь буруу байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх ёстой гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэсэн. Гэм хорын асуудлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан “...гэмт хэрэг гарсан байдал...”, 80.1.6 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл...”-ийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлон тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, шүүх хэрэгт авагдсан чухам аль нотлох баримтад тулгуурлан “ачаалал ирж хүрдний боолт тасарч” тухайн гэмт хэрэг гарсан талаар дүгнэсэн хэсэг нь ойлгомжгүй байх бөгөөд нотлох баримтыг бодитой шинжлэн судалсны үндсэн дээр тогтоол гаргах Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагаа юу, техникийн бүрэн бүтэн байдлаас болсон уу гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй, энэ талаар шинжээч “техникийн бичиг баримт байхгүй тул даац хэтэрсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн байхад шүүх ямар нотлох баримтаар ачаалал ирж боолт тасарсан гэж гэмт хэрэг гарсан үйл баримтыг тогтоосон нь тодорхойгүй байна.

Иймд С.Түвшинтөрийн кранд биет байдлаар үзлэг хийх замаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй. С.Түвшинтөрийн жолоодсон автокран нь “1990 онд үйлдвэрлэгдсэн, 0377636 хөдөлгүүрийн дугаартай, 1075653 арлын дугаартай...” техник болох талаар гэрчилгээ /1-р хх-ийн 123 тал/ хэрэгт авагдсан ба Ж.Гомбосүрэнгийн автокранаар буулгуулж байсан төмөр листний хэмжээг мөн тогтоох нь даац хэтрүүлсэн эсэх асуудалд хамааралтай байхаар байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Улсын бүртгэлд бүртгэлтэй авто краны бүрэн бүтэн байдалд хяналт тавиагүй улсын байцаагчийн буруутай үйлдэл байгаа эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй байгааг, мөрдөн байцаалтын явцад эрх бүхий этгээд тогтоол гаргах замаар Л.Батсайханы амь нас хохирсон явдал үйлдвэрлэлийн осол эсэх асуудлыг тогтоох бүрэн боломжтойг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

 

                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧИД                                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ