Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01083

 

Б.Т-О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1282 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Т-О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ГЕГ-тхолбогдох,

Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадуламын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б\260 дугаартай тушаалаар Гааль Татварын ерөнхий газар татан буугдсан тул гэсэн үндэслэлээр тус газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилтай Б.Т-О-ыг эмнэлгийн магадлагаатай байсан хугацаанд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Намайг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зарчмыг зөрчин ялгаварлан гадуурхаж ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4.-д Аж ахуй нэгж байгууллагын харъяалал өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ зөрчих үндэслэл болохгүй гэж заасныг гуйвуулан ажлаас халсанд гомдолтой байна. Улаанбаатар хот дах Гаалийн газар нь Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор харъяаллаа өөрчилсөн. Би Улаанбаатар хот дах Гаалийн газарт ажилладаг энэ газар нэр хаягаа өөрчлөхгүйгээр 20 гаруй жил ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байгаа бөгөөд 2011 онд авсан 000021221 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээн дэх нэрээр чиг үүргээ гүйцэтгэж байгаа нь татан буугдаагүйг нотолж байна. Мөн Гаалийн ерөнхийгазраас баталсан бүтцээр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Аж ахуй хариуцсан менежер гэсэн орон тоо хэвээр батлагдсан, Гааль татвар 2 нэгдсэн байхад аж ахуй хариуцсан менежер нэг байсан одоо тус тусдаа болоход Гаалийн газрын аж ахуй хариуцсан менежер нэг л байгаа, энэ том газар аж ахуй хариуцсан менежергүй байна гэж хэзээ ч байхгүй. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгөхөөр нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт дээрх 4 удаа очиход намайг хүлээж аваагүй. Иймд орон тоо татан буугдаагүй, цомхотголд ороогүй тул намайг Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их хурлаас Гааль Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын 501 дүгээр тогтоолоор Гааль Татварын ерөнхий газрыг шинэчлэн зохион байгуулсан. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Улсын их хурлын 12 дугаар тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 4 дүгээр тогтоолын дагуу Гааль Татварын ерөнхий газар татан буугдаж ГЕГ, Татварын ерөнхий газар шинэчлэн байгуулагдаж үүнтэй уялдан Гаалийн ерөнхий газрын эрх зүйн байдал чиг үүрэг бүтэц зохион байгуулалт шинэчлэгдсэн. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын А/39 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын бүтэц орон тоог шинэчлэн баталж Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах ажлын ачааллыг нягтруулж бүтээмжийг дээшлүүлэх, мөн мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх зорилгоор нийт харъяа газар хороодод заавар чиглэл өгч Б.Т-О-ын орон тоо хасагдсан. Төрийн үйлчилгээ хариуцсан албан хаагчдыг ч мөн адил ёс зүйтэй, дэг журамтай өндөр хариуцлагатай ажиллаж төрийн тусгай албаны үйл ажиллагааг доголдуулахгүй, өндөр сахилга баттай ажиллахыг шаарддаг.Б.Т-О-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архи тамхины эсрэг хууль болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээний биелэлттэй тооцох хүртэл арга хэмжээ авахаар заагдсан. ГЕГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Т-О-т 30 хоногийн өмнө мэдэгдсэн. 

Гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерээр 7 сар ажиллах хугацаандаа гаалийн байгууллагыг албан тушаал наймаалцах, хээл хахуульд автсан бусармаг үйлдэл хийдэг хэмээн үндэслэл, нотлох баримтгүйгээр гутаан доромжилж байгаа нь нэхэмжлэгчийн тус байгууллагын үнэт зүйл, эрхэм зорилгыг ойлгоогүй, хамт ажилладаг албан хаагч нараа үндэслэлгүйгээр гүтгэсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг ухамсарлаж ард олон төр засгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ойлгож мэдрээгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч нь байгууллагын дотоод дэг журам ёс зүйн хэм хэмжээнд захирагдаж ажиллах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтланБ.Т-О-ыг Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Гаалийн ерөнхий газраас 1 882 136 төгрөг гаргуулан Б.Т-О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45064 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1282 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Магадлалд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...байгууллага татан буугдсан гэх үндэслэлээр, өвчтэй байх хугацаанд халсан нь хууль бус...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Б.Т-О-ын орон тоо хасагдсан учир нэхэжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан байна гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүргүүлсэн тайлбар, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...Гааль, татварын ерөхий газар татан буугдсан” буюу Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4. дэх заалт “хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан” гэж удаа дараа тайлбарлаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарт “...Гааль, татварын ерөхий газар татан буугдсан” талаарх Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг Монгол улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхэлдэг “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем”-ээс хэвлэн гарган хүргүүлсэн болно. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 1282 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Т-О нь хариуцагч ГЕГ-тхолбогдуулан Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх  нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Т-О нь ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/260 тоот тушаалаар ажлаас халагджээ. Уг тушаалын үндэслэлийг ажил олгогч “Г,ЕГгазар татан буугдсан, орон тоо нь хасагдсан” гэж тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Г,ЕГгазар татан буугдаж, ГЕГ, Татварын ерөнхий газар шинэчлэн байгуулагдсан тул Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/39 тоот тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал, орон тоо хасагдаагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нийцжээ.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 4-т “Татан буугдаж байгаа агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг ...сайд нарт даалгасан” байх ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан Улаанбаатар хот дахь гаалийн газрын чиг үүрэг Гаалийн ерөнхий газрын харьяанд шилжсэн, аж ахуй хариуцсан менежерийн албан тушаал байгаа нь баримтаар тогтоогджээ.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг  үндэслэлтэй тогтоосон байна. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 1282 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгсднийг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА