Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00673

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00673

 

 З ХХК, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00177 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК, Д.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 88,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: "З" ХХК нь О.Б-д 2018 оны 12 сарын 07-ны өдөр түүний ХААН банкны ************* тоот дансаар 50,000,000 төгрөгийг өөрийнх нь хэлснээр бараа материал гэсэн утгатай шилжүүлсэн. Уг мөнгийг өөрийн эхнэрийн эгч А.Д-гээс авч, тухайн өдрөө О.Б-д шилжүүлсэн. Хадам эгчээс зээлсэн 50,000,000 төгрөгөө 2018 оны 12 сарын 10-ны өдөр буцааж төлсөн. Бодит байдалд О.Б болон бид хоёр бизнесийн болон хамтын үйл ажиллагаа явуулж байгаагүй. Дараа нь З ХХК-ийн данснаас О.Б-гийн дээрх ХААН банкны данс руу 2018 оны 12 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт З ХХК нь О.Б-д 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн Б.А-ийн ХААН банкны ************ тоот дансаар 3,500,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 31-ний өдөр О.Б шилжүүлэн авсан. Дээрх 3,500,000 төгрөгийг би өөрийн хувийн ХААН банкны ************* дансаар шилжүүлсэн. 2018 оны 09 сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр О.Б нь өөрийн дээрх ХААН банкны дансаар 50,000,000 төгрөгийг дахин зээлсэн. Ингээд иргэнээр 53,500,000 төгрөг, компаниар 60,000,000 төгрөг нийт 113,500,000 төгрөг зээлсэн. Дээрх зээлээс О.Б нь 2022 оны 05 сарын 25-ны өдөр эхнэр А.Л-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 5,000,000 төгрөг, хүү Б.Ц-ийн ХААН банкны дансаар 2021 оны 08 сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 2021 оны 06 сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Уг мөнгөн дээр нэмж надад 2022 оны 05 сард 3,150,000 төгрөгийн үнэ бүхий барилгын шалны плитаг зээлийн төлбөрт тооцуулж өгсөн. О.Б-гаас нийт 24,650,000 төгрөгийг төлж барагдуулсан тул зээлийн үлдэгдэл төлбөр 88,850,000 төгрөгийг О.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний дансанд 2018 оны 12 сарын 07-ны өдөр З ХХК-иас 50,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөгийг бараа материал гэсэн утгатай тус тус шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч ЗХХК нь 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэдэг үндэслэлгүй. ЗХХК бид нарын хооронд зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй. Үүнийг Д.Б сайн мэдэж байж зээлдүүлсэн гэж байгаа нь ойлгомжгүй, энэ мөнгийг буцаан төлөх үндэслэлгүй. Д.Бгийн нэхэмжлэлийн тухайд 2018 оны 09 сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийг зээлж Б.А-ийн дансаар 3,500,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 31-ний өдөр, Д.Б-гийн хүү Б.Ц-ийн ХААН банкны ************* тоот дансанд 2021 оны 08 сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Д.Б нь өөрийн бусдад төлөх төлбөр болох н.Г-т өгөх 14,000,000 төгрөг, вакум цонхны н.Н-д төлөх 9,000,000 төгрөгийг О.Б миний бие н.Гантөмөр, н.Нямаа нарт төлөх төлбөрийг барагдуулаад бидний хооронд төлбөр тооцоо, гомдол санал бүгд дуусгавар болно гэсэн тохиролцоог бичгээр хийсэн. Уг тохиролцоог хийсны дагуу 2022 оны 05 сарын 05-ны өдөр түүний данс барилттай гээд хүү Б.Ц-ийн ХААН банкны ************* тоот дансанд 1,500,000 төгрөгийг Б-ас Б-д утгатай, дараа нь Д.Б-гийн эхнэр А.Л-ийн Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансанд 2022 оны 05 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг Батаа гэсэн утгатай тус тус шилжүүлсэн ба хүнээс 3,150,000 төгрөгийн үнэ бүхий шалны плита авч өгсөн. Ингээд бид хоёрын бичгээр хийсэн тохиролцоогоор 23,000,000 төгрөг төлөхөөс нийт 11,500,000 төгрөг төлж, 3,150,000 төгрөгийн плита өгсөн, нийт Д.Б-д 14,650,000 төгрөгийг би төлж барагдуулсан. Гэтэл З ХХК нь тендерт оролцож ажил авахад тухайн барилгын ажлыг хийж, туслан гүйцэтгэгчээр ажиллан барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан бизнесийн болон хамтран ажиллаж байсан тохиолдлууд баримттай байгаа. Гэвч өөрсдийн авсан тендерийн ажлаа надаар хийж гүйцэтгүүлээд үлдэгдэл хөлсөө надтай хувааж авалгүй, дангаар авсан мөнгийг Д.Б-гаас гаргуулж төлбөрөөс хасуулна. 2019 оны 07 сарын 04-ний өдөр ШУТИС-ийн БУХС-ийн 2019 оны зуны засвар тохижилтын 69,846,438 төгрөгийн ажлыг тендерээр авч, уг ажлын материалын 5,000,000 төгрөг 2019 оны 07 сарын 04-ний өдөр 35,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 19-ний өдөр, нийт 40,000,000 төгрөг миний дансанд хийсэн. Дээрх ШУТИС-ийн засварын ажил нь урьдчилгаа 40,000,000 төгрөгт хүрээгүй хэтэрсэн тул нэмж 15,000,000 төгрөгийн барилгын материалыг дансаар болон бэлнээр найз нөхөд, хамаатан саднаасаа зээлж авч, ажлаа дуусгаж хүлээлгэж өгсөн. Засварын ажлын үлдэгдэл 29,846,438 төгрөгөөс дутаад нэмж авсан бараа материалын мөнгө болон хувааж авах ашгаас надад ногдох хувийг өгөөгүй бүгдийг нь өөрөө авсанаас болж бидний хооронд маргаан үүссэн. ШУТИС-ийн засварын ажлыг дуусгахаар зээлээр авсан материалын өр нэхэгдэж би өөрийн ******** дугаарыг тухайн үеийн ханш 38,000,000 төгрөгөөр зарж зээлсэн мөнгөө төлсөн. Иймд Д.Б-д төлөх төлбөргүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б-гаас 23,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК, Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-гаас 277,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б, З ХХК нарт олгож шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч ЗХХК давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн эзэмшлийн компаний нэрээр БСШУЯ-ны тендерт удаа дараа оролцон хасагдаж мөн Сангийн яамруу гомдол гаргаж байсан удаатай. Гэтэл О.Б гэгч нь үүнийг овжиноор ашигласан. О.Б нь эхнэр бид хоёрт хандаж хэлэхдээ "За ах, эгч хоёр минь тендер гэдгийг чинь Сангийн яамруу ганц удаа гомдол гаргаад авчихдаг эд биш гэж ярьж байсан. Уг тендерийг авсанаас хойш дарамталж, яах ч аргагүй шахалтанд орж 3,500,000 төгрөгийг өөрийн мөнгөнөөс өгсөн. Уг мөнгийг О.Б нь өөр хүний дансаар авсан бөгөөд тендерийн комисс нарыг хоолонд оруулна гэх зэрэг юмсыг ярьж байсан. Хэсэг хугацааны дараа дахин 50,000,000 төгрөг нэхэмжилж дайралт хийж өгөхөөс аргагүй байдалд хүргэсэн. О.Б-гийн өөрийнх нь дансруу "зээл" гэсэн утга бичиж АТМ машинаас 50,000,000 төгрөг хийсэн. БСШУЯ-аас шалгалт ирж дээр дурдсан өөрийн гэх мөнгөөрөө эхний ажлаа гүйцэтгэсний улмаас тухайн шалгалтанд тэнцэж эхний санхүүжилт нь олгогдохоор болсон. Үүний дараа О.Б мөн дарамталж, аргагүй байдалд оруулж, 60,000,000 төгрөгийг "бараа материал" гэсэн утга бичиж хоёр хувааж түүний данс руу шилжүүлсэн. ШУТИС-ийн засварын ажил надад орж ирж О.Б нь "За ах эгч хоёр минь би одоо л энэ барилга дээр чинь тус болъё, Эрээн хотоос бараа материалыг нь хямдаар авч оруулж ирж өгье. Харин үүний хариуд миний та хоёрт өгөх мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хасаж өгөөрэй гээд бид явахаар болсон. Гэтэл О.Б нь Өвөр Монгол эхнэр, нөхөртэй нийлж бидний ачаа тээвэр, хил гааль дээр хохироосон. Монголд ирээд үнийн харьцуулалт хийхэд зарим бараа материалыг энд зарагдаж байсан үнэнээс өндрөөр авсан байсан. Түүгээр ч барахгүй бидний 400,000 төгрөгийн бараа ирээгүй. ШУТИС-ийн засварын ажлыг өөрийн ажилчдын шуурхайлсан хүчээр маш түргэн хугацаанд гүйцэтгэж дуусгасан. Гэтэл О.Б Эрээн хотоос ирсэн бараанаас буулгалгүй, аавын байрны засварын материал байгаа гээд өчнөөн их юм аваад явчихсан байсан. Ингээд бидний хувьд О.Б-гаас хохирлоо олж авах биш биднийг мэхэлж, хохироосон. ШУТИС-ийн ажил нийт 69,000,000 төгрөгийн гэрээт ажил байсан. Үүнээс О.Б 40,000,000 төгрөгийг авчихаар үлдэгдэл мөнгө нь компаний НӨАТ, ажилчдын цалин, унаа тээвэр, зураг төслийн зардал гэх мэт хасагдаж миний компанийг дахин хохироосон. Эцсийн дүнд хэлхэд олон хүнийг ажлын байраар хангаж улс эх орондоо бүтээн байгуулалт хийсний төлөө миний бие улсад НӨАТ-ын өртэй, найз нөхөддөө хувийн өртэй үлдсэнийг минь хүндэтгэн үзэж, анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн төлбөр дээр нэхэмжилж байгаа 60,000,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэмжлэхийн чацуу, үнэнд нийцсэн шийдэл гаргаж өгнө гэдэгт эргэлзэлгүй итгэж байна гэжээ.

5.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх "З" ХХК-ийн 60,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж дүгнэж, шийдвэрлэж чадаагүй. Тодруулбал, шүүх 60,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож буй бодит үндэслэлийг заагаагүй, маргааны талаар ямар дүгнэлт гаргаж байгаа, энэ дүгнэлт ямар бодит байдалд тулгуурлаж, ямар хуулийн ямар зүйл, заалт үндэслэсэн гэдгээ илэрхийлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зарчимд нийцэхгүй байна. "З" ХХК болон О.Б нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагч О.Б нь 60,000,000 төгрөгийг авсан үндэслэлээ ...миний авсан мөнгө бидний хамтран хийсэн ажлын шагнал байсан... гэх агуулгаар тайлбарлаж татгалзсан. Хариуцагч нь 60,000,000 төгрөгийг буцааж төлөхгүй байх шалтгааны талаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй. ЗХХК-ийн ямар ажилд хамтран ажиллах гэрээний харилцаанд тулгуурлаж орсон, ашиг алдагдалыг хэрхэн хувиарлах талаар хэрхэн тохиролцсон, О.Б нь ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох хэргийн баримтын хүрээнд нотлогдоогүй. Дээрх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг зөрчиж, З ХХК О.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн агуулгаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаж 60,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд О.Б нь З ХХК-аас авсан 60,000,000 төгрөгийг төлөхгүй байх үндэслэлээ шагнал байсан гэдэг агуулгаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь хариуцагч өөртөө 60,000,000 төгрөгийн ашгийг үндэслэлгүйгээр бий болгосон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 60,000,000 төгрөгийг З ХХК-д олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анх З ХХК, Д.Б нараас 2023 оны 02 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа З ХХК-аас зээлдүүлсэн 50,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Бодит байдалд О.Б бид хоёрын дунд бизнесийн болон хамтын ажиллагаа байгаагүй учраас зээлдүүлсэн мөнгөө авна гэж нэхэмжлэл гаргасан. Улмаар шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс хэрэв зээл биш юм бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр хариуцагчаас гаргуулаач гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил байдлын харилцаагаар хүмүүсээс сонсоход бид мэдлэг дутмагаасаа болоод О.Б-д их хэмжээний мөнгийг зүй бусаар өгснөө мэдсэн гэж хэлдэг. Гэтэл зээл гэж нэхэмжилж байгаа эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй. Хэрэв дарамт шахалтаар мөнгө өгсөн буюу 1,0 тэрбум гаруй төгрөгийн тендерийг зүй бусаар авсан бол иргэний эрх зүйн маргаан биш юм. Анх ямар эрх зүйн харилцаа бий болсон нь тодорхойгүй. Гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бол зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Гэтэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй нь тодорхой харагддаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дарамтад орж байсан тул мөнгөө авна гэж тайлбарладаг учраас нэхэмжлэлийн шаардлага нь ямар эрх зүйн маргаан болохыг тодорхойлох шаардлагатай. З ХХК гэх хуулийн этгээд гэрээний нэг тал болж оролцсон. Тодруулбал, хоорондын харилцаа хамаарал буюу тендер авахад нь тусалсан бөгөөд тендерийн бүх материалыг гүйцэтгэж, шивж бэлтгэж өгсөн. Ажлын гүйцэтгэлийн материалыг бэлдсэн бөгөөд хяналт тавих эрх бүхий этгээд фото зурагжуулаад Барилгын хөгжлийн төв болоод 20-30 орчим хүнд танилцуулж гарын үсэг зуруулсан. Гэтэл 113-р сургуулийн инженерийн шугам сүлжээний төсөв нь тухайн төсөлд багтаагүй байсан учраас О.Б нь эрх бүхий албан тушаалтнуудад хандан хөөцөлдсөөр байгаад 180,000,000 төгрөгийн шугам сүлжээний ажлыг нэмж оруулж ирсэн. Дараа нь Ч ХХК-д барьцаа баталгаа тавьсан энэ талаарх баримт бичгийг хөөцөлдсөн. Мөн Д.Б нь О.Б өөрөө ирж манай оффист гуйж суусан гэх боловч анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг бие биедээ харилцаа холбоотой, хамааралтай, хамтын ажиллагаа, хамтын харилцаа байсан гэж дүгнэснээс хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэж огт дүгнээгүй. Иймд талууд тодорхой хэмжээний тендерийн ажилд хамт оролцдог байсан бөгөөд 114-р цэцэрлэгийн тендерийн ажлыг бэлтгэж өгсний дараа мөнгө орсон даруй 60,000,000 төгрөгийг бараа материал авахаар О.Б-д шилжүүлсэн. Анхан шатны шүүх 60,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2018 оны 09 сарын 04 өдрийн үнэлгээний хорооны дүгнэлтийг гомдолд өгсөн бөгөөд уг баримт нь хэрэгт хамааралгүй бөгөөд эх хувь байхгүй. Үүнд З ХХК-ийн оролцоо байхгүй бөгөөд 5 өөр компани ороод тендерийг хүчингүй болгож байсан. Хэрэгт хамааралгүй, он сарын хувьд зөрүүтэй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг гаргаж өгсөн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээ гэж дүгнээгүй бөгөөд зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулав.

2.   Хариуцагч О.Б-д холбогдуулан нэхэмжлэгч З ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах шаардлага, нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт 28,850,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 27-29/

3.   Анхан шатны шүүх З ХХК, О.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, улмаар холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Тодруулбал:

3.1.  Талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээгүй бөгөөд нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч О.Б-д 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй.

3.2.  Хэрэгт авагдсан З ХХК-ийн эзэмшлийн ХААН банк дахь ***********тоот дансны хуулгаар нэхэмжлэгч З ХХК-аас хариуцагч О.Б-д 2018 оны 12 сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, мөн 2018 оны 12 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 тус тус бараа материал гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь нотлогдож байх боловч уг мөнгөн дүнг зээл гэж үзэх үндэслэлгүй. /хх 12/

3.3.  Дээр дурдсан 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь ...тендерийн үнийн дүнгийн 10%... гэж, хариуцагч нь ...тендертэй холбоотой ажлын хөлс... гэж тус тус тайлбарлаж байгаа тохиолдолд уг мөнгөн дүнг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З ХХК, хариуцагч О.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Иймд ...тендерийн хууль сайн мэдэхгүйн улмаас дарамт шахалтанд орж О.Б-д 60,000,000 төгрөгийг өгснөө ойлгосон, шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр маргааныг шийдвэрлэх боломжтой тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч З ХХК, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

4.   Анхан шатны шүүх Д.Б, О.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, улмаар хариуцагч О.Б-гаас 23,850,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь мөн үндэслэл бүхий болжээ. Тодруулбал:

4.1.  Хэрэгт авагдсан Д.Б-гийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банк дахь ********** тоот дансны хуулга, ХААН банк дахь ************* тоот дансны хуулга, А.Л /Д.Б-гийн эхнэр гэх/-гийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банк дахь ********** тоот дансны хуулга, Б.Ц /Д.Б-гийн хүүхэд гэх/-гийн ХААН банк дахь ************* тоот дансны хуулга, О.Б-гийн эзэмшлийн ХААН банк дахь ************* тоот дансны хуулга талуудын тайлбараар хариуцагч О.Б нь нэхэмжлэгч Д.Б-гаас 2018 оны 08 сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2018 оны 09 сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг, нийт 53,500,000 төгрөгийг зээлдэн авч, улмаар 2021 оны 06 сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 29,650,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь нотлогдсон. /хх 7, 8-10, 11, 15, 16, 78-80/

4.2.  Түүнчлэн, хэрэгт авагдсан Д.Б, А.Л , О.Б нарын гарын үсэг бүхий гар бичмэлд ...нийт 23,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар хоорондын төлбөр тооцоо дуусгавар болно... гэсэн агуулга дурдагдсан байдгийг тэмдэглэх нь зүйтэй. /хх 61/

4.3.  Иймд хариуцагч О.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 53,500,000 - 29,650,000 = 23,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

5.   Нэхэмжлэгч нар тус тусдаа зээлийн гэрээний үүрэг шаардсан байхад анхан шатны шүүх дээрх мөнгөн дүнг нэхэмжлэгч З ХХК, Д.Б нарт олгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч З ХХК, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00177 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 23,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох шаардлага болон нэхэмжлэгч З ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 277,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч З ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР