Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 4617

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 63-2 тоотод оршин суух, Тусч овогт Бадамгаравын Далайжаргал /РД:ХЕ80080914/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119-46 тоотод оршин суух, Мэхээрч овогт Дашийн Чулуунбат /РД:ШБ61032074/-д холбогдох,

           Зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Далайжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагч Д.Чулуунбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарнасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б.Далайжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан талбартаа:  Б.Далайжаргал би 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.Чулуунбатад өөрийнх нь хүсэлтийн дагуу 65,000,000 төгрөгийг бэлнээр өдрийн 1 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлээ буцааж төлөх өдөр болоход эргүүлж надад өгөөгүй. Нэгэнт мөнгийг минь өгөөгүй учир би энэ хүнээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагаар хөөцөлдөөд авч чадаагүй юм. Энэ мөнгийг би түүнд зээлэхдээ хүнээс зээлж авч өгсөн бөгөөд уг нь амьдралд маань хэдэн төгрөгийн хүү хэрэгтэй гэж бодоод зээлсэн. Өөрөө ч хохироод хүнийг ч давхар хохироогоод өдийг хүрлээ. Иймд Д.Чулуунбатаас миний үндсэн зээл 65,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

       Хариуцагч Д.Чулуунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайбартаа: Д.Чулуунбат миний бие “Эйр Травел Инк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010-2014 онд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байхдаа компанийн нэрийн өмнөөс, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд иргэн Б.Далайжаргалаас мөнгө зээлж /аман гэрээ байгуулсны үндсэн дээр/ уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд хэрэглэн, түүнд мөнгийг нь тохиролцсон хугацаанд нь буцаан өгч байсан ба хамгийн сүүлд буюу 2014 оны 3 дугаар 24-ний өдөр түүнээс 65,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгийг шууд өөрийн компанийн дансруу хийлгүүлсэн. Маргааш нь буюу 2014 оны 3 дугаар 25-ны өдөр Д.Чулуунбат миний бие компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаасаа гэнэт халагдаж, тийнхүү ажлаасаа халагдсаны дараа тус компанийн шинэ удирдлагад “...иргэн Б.Далайжаргалаас компанийн үйл ажиллагаанд хэрэглэхээр зээлсэн мөнгийг гаргаж өг...” гэж удаа дараа шаардаж, шаардлага тавьсан боловч тус компаниас түүний мөнгийг буцаан олгоогүй юм. Б.Далайжаргал нь тус компанид өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дураараа мөнгөн хөрөнгөө удаа дараа зээлдүүлж хүүг нь авч байсан бөгөөд Д.Чулуунбат намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгээр нь надад холбогдуулж, түүнчлэн намайг уг мөнгийг хувьдаа авч байсан мэтээр ойлгож надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь нэхэмжпэгчийн шүүхэд гаргаж өгсөн орлого, зарлагын баримтаар нотлогдож байгаа билээ. Б.Далайжаргал нь дээрх мөнгийг надаас биш жинхэнэ хариуцагч болох “Эйр Травел Инк” ХХК-иас/гүйцэтгэх захирал Эрдэнэхишиг/ нэхэмжпэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Далайжаргалаас надад холбогдуулан тус шүүхэд 2016 оны 4 сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө

            Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Далайжаргал нь хариуцагч Д.Чулуунбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч нь “ ... “Эйр Травел Инк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чулуунбатад 65,000,000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөөгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа бол, хариуцагч нь “ ...уг 65,000,000 төгрөгийг Д.Чулуунбат миний бие иргэнийхээ хувьд аваагүй, харин “Эйр Травел Инк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа уг байгууллагыг төлөөлөн компаний хэрэгцээнд зээлэн авч зарцуулсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

             Хариуцагч Д.Чулуунбат нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Эйр Травел Инк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь “Эйр Травел Инк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор тогтоогдож байх ба зохигч энэ тал дээр маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь Д.Чулуунбатад бэлнээр 65,000,000 төгрөгийг өгсөн учраас Д.Чулуунбат болон Б.Далайжаргал бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан “Эйр Травел” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн кассын орлогын ордерт “Б.Далайжаргалаас, зээл авав, 65,000,000 төгрөг” гэж бичигдсэн байх ба уг баримтын тушаагч хэсэгт нэхэмжлэгч Б.Далайжаргал гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Иймд зээлийн гэрээний дагуу Б.Далайжаргалаас шилжүүлсэн 65,000,000 төгрөгийг “Эйр Травел” ХХК нь авсан болох тогтоогдож байх ба уг мөнгийг “Эйр Травел” ХХК нь өөрийн Голомт банкинд байрших 1605005685 дугаарт дансруу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

           Дээрх баримтуудаас дүгнэхэд зээлийн гэрээний харилцаа “Эйр травел Инк” ХХК болон нэхэмжлэгч Б.Далайжаргал нарын хооронд байгуулагдсан гэж үзэх  үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Далайжаргал нь иргэн Д.Чулуунбатаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзлээ. 

          Иймд  Б.Далайжаргалын Д.Чулуунбатаас 65,000,000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь.

          1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.Чулуунбатаас 65,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Далайжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА