Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 232

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Д.Агар /томилолтоор/

Шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Г.Баярмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэв-Очир, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1811 02063 1161 дугаартай Н.Хд холбогдох хэргийг 2019 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нэргүйгийн Хулан, 1979 оны 11 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бэр, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-318 тоотод суудаг, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХД79110300/.

 

Шүүгдэгч Н.Х нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Энхболдтой маргалдаж, улмаар архины шил хагалж зүүн хацар хэсэгт нь зүсэж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Хгаас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны бүгдийг мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэв-Очироос шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “..Тухайн хэрэг гасран өдөр манай эмэгтэй дүү надруу ажил тарж байх үед залгаад Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүрээд ир гэсэн. Би Гэмтэл согог, судлалын үндэсний төвд очоод цагдаа нарт бүртгүүлсэн. Чингэлтэй дүүргийн цагдаа нар ирсэн. Тухайн үед манай дүү ухаангүй байсан. Би хэрэг гарсан газрыг заалгаж, өөрөө олж очсон. Гэрчүүд 2 хүн танай дүүг зодож байсан гэж хэлсэн. Би Н.Хг ахтай нь цуг байхад нь гэрийг нь зааж өгч цагдаа нарт барьж өгсөн. Хэд хоногийн дараа Н.Х архины шилээр чамайг нэг мөсөн гүйцээе гээд архины шил бариад дайрсан гэдгийг дахин өөр гэрчүүд хэлсэн. Тухайн үед энэ талаар мөрдөн байцаагч нарт хэлээгүй. Архины шилээр цохисноос болоод нүүрэнд нь бичил биетүүд их байна гээд би хагалгаанд оруулахаар болсон. Гэтэл манай дүү өөрөө хагалгаанаас айгаад эмнэлгээс оргосон. Бичил биет орсон гэдэг дээр ач холбогдол өгөлгүй, шарх төдий гэж энэ хүнийг ялласан байна. Би шүүгдэгчид ял өгөх бодол байхгүй ч гэсэн, хамгийн гол нь миний дүүгийн эмчилгээнд цаашид гарах зардал хэцүү байна. Манай дүү эрхэлсэн тодорхой ажилгүй учраас дараа нь гарах эмчилгээний зардлыг энэ хүн дараа нь төлөх эсэх нь эргэлзээтэй. Улсын эмнэлэг хагалгааг нь хийхгүй гэсэн. Хувийн эмнэлэгт хагалгаа хийх шаардлагатай. Дотор нь байгаа бичил биетийг авахгүй бол цаашаа бугалж, хавдар үүсээд амь нас нь эрсдэх аюултай гэсэн. Одоо баримтаар 254.863 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа гэв.

 

Шүүгдэгч Н.Хгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-27-28/: “..Мөнхбаатар нарын хамт Чингэлтэй дүүргийн 11-р хороо Чулуут дэлгүүрийн гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 0.75 литрийн Их монгол нэртэй архийг хувааж уусан. Би дэлгүүр орж ундаа авахаар орсон боловч үл таних залуутай маргалдсан. Тэр залуутай яг юунаас болж маргалдсангаа мэдэхгүй байна. Тэр залуугийн хамт дэлгүүрээс муудалцаад гарч иртэл тэр залуу намайг түлхэж унагаагаад миний толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Би нүүрээ дарсан болохоор аль хөлөөрөө хэдэн удаа өшиглөсөнийг мэдэхгүй. Би босоод тэр залуутай зодолдсон. Намайг хүн зодож байхыг Гантулга хараад над дээр хүрч ирээд тэр залууг салгах гэтэл ахыг мөн зодож эхэлсэн. Би газраас найрсаг нэртэй 0.75 литрийн архины шилийг аваад дахиад нэг өөр шилтэй хавсарч хагалаад тэр залуугийн толгой руу нь 1 удаа цохисон. Тэр залуугийн зүүн талын чамархай хэсгээс нь цус гараад үлдсэн, би тэр залууг цохичихоод яваад өгсөн..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Энхболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24/ “..2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би хоёр найзтайгаа архи уучихаад гэртээ нилээн согтуу байдалтай очсон юм. Тэгээд би тамхи авахаар 18 цагийн орчим гэрээсээ гарсан. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Чулуут” дэлгүүрийн орчимд явж байхад зүс таньдаг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тааралдаад тамхи асуусан. Нэг мэдсэн чинь эмэгтэй нь архины шил хагалаад миний зүүн чамархай руу хатгасан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29/ “..Хулан дэлгүүрээс үл таних хүнтэй хоорондоо маргалдаад гараад ирсэн. Тэр залуу манай дүүг газар түлхэж унагаагаад зодоод эхлэхээр нь би явж очоод миний дүүг яагаад зодоод байгаа юм бэ? салгах гэтэл намайг түлхэж унагаагаад зодсон. Тэгтэл Хулан газраас архины шил аваад тэр залуугийн зүүн чамархай хэсэг рүү цохисон тэр залуугийн зүүн чамартай хэсгээс цус гараад эхэлсэн чинь Хулан яваад өгсөн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Отгончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-31/ “..2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ байж байтал манай хашааны хаалгыг үл таних эмэгтэй цохиод гараад уулзтал танай ахыг “Чулуут” дэлгүүрийн гадаа хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Э.Энхболдын зүүн талын хацар, чамархай хэсэгт зүсэгдсэн шархтай, цус ихээр гарсан байдалтай байсан. Архины шил хагарсан харагдаж байсан. Би тухайн үед тэнд байсан архи уудаг хүмүүсээс асуухад эмэгтэй нь архины шил хагалаад зүссэн гэж байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №8933 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “..1. Э.Энхболдын биед зүүн хацар, чамархайд шарх, зүүн хацарын арьсан дор цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, болон шүүгдэгч Н.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-92/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-96/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Чулуут” гэх нэртэй дэлгүүрээс ундаа авч гарахдаа хохирогч Э.Энхболдтой таарч маргалдан, түүнийг ах Гантулгыг нь зодлоо гэх шалтгаанаар архины шил хагалж зүүн хацар хэсэгт нь зүсч түүний биед зүүн хацар, чамархайд шарх, зүүн хацарын арьсан дор цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна үзлээ. Шүүгдэгч хохирогчийг архины хагархай шилээр зүссэн, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Х нь хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 254.863 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал болох 54.863 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Нэргүйн Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгаас 54.863 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-443 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэ-Очирын Энхболдод /РД:ТЗ86111014/ олгосугай.

 

5. Шүүгдэгч Н.Хгийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР