Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00769

 

 

 

 

 

 

 

 

    2024        04            15                                    210/МА2024/00769

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00651 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ө-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 133,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Б.Ө-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Б.Ө-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт 3 удаагийн гүйлгээгээр Б.Ө-ын данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийг авснаас хойш Б.Ө- нь нэхэмжлэгч Б.Т-гийн Хаан банкны 0000 дугаартай данс руу зээлийн хүүг төлж байсан.

Б.Ө-, болон түүний нөхөр н.Г- нарын хүсэлтээр өмнө зээлсэн 60,000,000 төгрөгт нэмж 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахиж 2 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 төгрөгийг, сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Сар бүр хүүд 1,650,000 төгрөгийг Б.Ө- нь өгөхөөр тохиролцсон.

Б.Ө- нь хүү төлсөн бөгөөд үндсэн зээлээ огтоос төлөлт хийгээгүйгээс гадна 2021 оны 01 cap, 5 сар, 2022 оны 07 сар, 08 саруудад үндсэн зээлийн хүү болох 10,300,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгснөөр өөр зээл, зээлийн хүү алдангийг төлөөгүй. Энэ нь 6 сарын төлөлт болж байгаа бөгөөд 2021 оны 06 сарыг дуустал зээлийн хүүгээ төлсөн гэж үзэхээр байна. Үүнээс хойш одоог болтол зээлийн болон үндсэн зээлээ төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Б.Ө-т зээл, зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа хэлж шаардаж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн байна. Нэхэмжлэл гаргах цаг хугацаанд үндсэн зээл 60,000,000+50,000,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг Б.Ө-аас буцаан аваагүй болно.

50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү төлөх тохиролцоог өмнөх 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тооцохоор тохиролцсон. н.Г- данснаас хүү төлсөн утгатай мөнгөө шилжүүлдэг боловч Б.Ө- зээлийн гэрээнд бичигдсэн дансны дугаарыг бичээд төлсөн учир хүүд тооцсон. Зээлийн гэрээг Б.Ө-тай байгуулж, түүнд мөнгийг шилжүүлсэн учир түүнээс шаардаж байгаа болно.

Анх зээлсэн 60,000,000 төгрөгөөс хүү тооцоход / сарын 1.5 хувь/ 2021 оны 07 дугаар сараас эхэлж зээлийн хүү болох сар болгоны 900,000 төгрөгийг төлөөгүй байна. Тооцооллоор 2021 оны 07 сараас 2023 оны 09 сар хүртэл 26 сарын хүүг төлөөгүй буюу 26 сар*900,000=23,400,000 төгрөг зээлийн хүүд төлөөгүй байна.

Иймд Б.Ө-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүүд 23,400,000 төгрөг, нийт 133,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Ө-аас 86,998,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,401,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 592,943 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 824,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний 12 сарын хугацаа дууссан тул зээлдүүлэгч цаашид зээлийн хүү авах эрхгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлд “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан. Энэхүү заалтын дагуу зээлдэгч гэрээний үүргээ бодитойгоор биелүүлээгүй, өөрөөр хэлбэл үндсэн зээлээ төлөхгүй байгаа нөхцөлд сар бүр зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Анх гэрээ байгуулсан өдрөөс буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 56 сарын хүү нь тооцооллоор 56 сар*900,000=50,400,000 төгрөг үндсэн зээлийн хүүд төлөхөөс хариуцагч Б.Ө- нийт зээлийн хүүд 33,801,500 төгрөг төлсөн бөгөөд үүнийг хасч тооцвол 16,598,500 төгрөгийг зээлийн хүүд төлөх ёстой гэж үзэж байна.

Нэгтгээд 2019.01.23-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60,000,000 төгрөг, төлөх ёстой зээлийн хүү 16,598,500 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлсэн 50,000,000 төгрөг, нийт 126,598,500 төгрөгийг хариуцагч Б.Ө- төлөх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Ө-аас 86,998,500 төгрөгт нэмж 39,600,000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 126,598,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Би зээлийн гэрээнд заасны дагуу төлөх ёстой төлбөрөө төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул хүү төлөхгүй, мөн нэхэмжлэгч Б.Т- зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Б.Ө-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Б.Т- нь Б.Ө-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 1,5 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцож, мөн өдрийн барьцааны гэрээгээр Б.Ө-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047064 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 66с дүгээр байрны 47 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэн, 60,000,000 төгрөгийг зээлдэгч талд шилжүүлсэн байна. /хх4-9/

 

2.2. Мөн талууд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулж, уг мөнгийг зээлдэгч Б.Ө-т шилжүүлсэн байна./хх 16, 19-20/

 

3. Дээр дурдсан 2 зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь, зээлдэгчийн өмчлөлд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон. 

 

4. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний 3-т “энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж тохиролцсон байхад зээлийн гэрээний 12 сарын хугацаа дууссан тул цаашид зээлийн үү авах эрхгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй гэсэн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь, талууд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 1,5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон, уг зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх ба, уг гэрээний хугацааг бичгээр дахин сунгаагүй байна.  

 

4.1. Мөн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг талууд аман хэлбэрээр хийсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нь хүү төлөх үүрэггүй, хуулиар тогтоосон хэлбэрээр хийгээгүй 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээгээр хүү шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

 

5. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг тооцох журамд нийцүүлэн зээлийн тооцооллыг хийж, хариуцагч Б.Ө-аас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 59,395,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,603,500 төгрөг, нийт 86,998,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,401,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн хүү шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00651 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “282 дугаар зүйлийн” гэсний дараа “282.1,” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ