| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0200/Э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 1711 01332 0131 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нуваанбалын Баярсайхан, 1975 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын компанид мужааны ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-558 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГЮ75090718.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-651 тоот хашаанд Л.Хүрэлсүхийг хүч хэрэглэн зодож, түүний эзэмшлийн “Эл жи Жи-4” загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлан судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Баас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Н.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-188-190/ “..2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би гэрээсээ гараад өөрийн хувийн автомашинаар хувиараа таксинд явсан. Намайг орой 22 цагийн орчимд л болов уу гэж бодож байна. Яг цагийг нь бол сайн нарийн хараагүй. Дэнжийн 1000-ын 57 дугаар сургуулийн урд талаар явж байхад зам дээр замынхаа урд талд ертөнцийн зүгээр зүүн тийш явах хэсэгт явж байхад 1 залуу гар өргөөд зогсож байсан. Би тэр залууг аваад анх харахад уг залуу нь эрүүл юм шиг харагдсан ба машинд суугаад хааш явах вэ гэхэд Хайлааст руу явна гэж хэлэхэд нь түүнээс архи үнэртэж байсан. Би 32-ын тойргоос зүүн гар тийш эргээд явж байхад тэр залуу машинд явж байсан дууг наад хөгжмөө сольчих гэхээр нь би хөгжмөө багасгасан. Тухайн үед машинд зохиолын дуу явж байсан. Тэгэхэд та ийм дуу сонсдог юм уу гээд наад дуугаа сольчих өөр дуу байхгүй юу гэхээр нь өөр дуу байхгүй би өөрөө сонсоод явж байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу би наад машиныг чинь мэднэ гээд л баахан юм ярьсан. Ер нь бол жаахан өдсөн маягтай юм яриад байсан. Цааш Хайлааст руу зүүн гар тийш эргээд явж байхад миний машины жолоочийн суудлын даруулга бүсээс үе үе татаад боох гэж оролдсон. Тэгэхлээр нь би чи яах гээд байгаа юм бэ зүгээр суугаад яваач гэхэд хэсэг зүгээр явж байгаад Хайлааст руу эргээд 1 буудал орчим яваад энүүгээр зүүн гар тийш эргэчих гэхээр нь зүүн гар тийш эргээд нарийн гудамж руу орж 5-6 орчим хашаа яваад ингээд зогсчих гэхээр нь зогссон. Тэр үед нь би 4500 төгрөг гарсан байна. 4000 төгрөг өгчих гэхэд шууд машинаас буугаад ингээд байвал ямар байна гээд машины хаалгыг савж хаагаад төв зам чиглээд гүйгээд явчихсан. Тухайн гудамж нь нилээд нарийхан гудамж байсан учраас би машинаараа ухраад буцаж төв зам руу орох үед нөгөө залуу хайлаастын эцэс чигт зам дагаад гүйж байсан. Би хойноос нь машинтайгаа яваад гүйцээд урд нь гарч зогссон чинь тэр залуу хажуугийн зам дагуу байрлалтай айлын хашаа руу даваад орчихсон. Тэр айлын хашаа нь намхан байсан ба тэр залууг дотогш орчихоор нь би араас хашааг нь давж орсон. Нөгөө залуу хашаанд байсан байшингийн урдуур гүйж гарахдаа газар унасан. Тэр үед нь би гүйцэж барьж авсан юм.Тэр залуу газар унахдаа доош харж унасан ба босох үед нь би араас нь очиж мөр хэсгээс нь гараараа барьж татсан. Намайг бариад авахад тэр залуу эргэж хараад миний энгэрээс гараараа заамдаж аваад боосон. Бид 2 цуг газар унаад ноцолдож байх үед гэрийн эзэн нь гэх 2 хүн гарч ирээд юу болоод айлын хашаанд ноцолдоод байгаа юм бэ гэж хэлсэн. Би энэ хүн такси барьж ирчихээд мөнгөө өгөхгүй танай хашааг даваад зугатааж байна. Тэгэхлээр нь би бариад авлаа гэж хэлсэн. Тэгэхэд тэр айлын хүн одоо энэ хашаанаас гар, наад хүнээ аваад яв гэхээр нь би тухайн үед тэр залуугийн халааснаас нь унасан гар утасыг нь аваад тэр залууг хашааны гадна гэрийн эзэн гэх хүнтэй цуг сугадаад гаргахад тэр залуу өөрөө газар явган суусан. Би тэр үед нь чи төлбөрөө өгчихөөд утсаа аваарай. Өөрийнхөө утас руу залгаад утсаа аваарай гэж хэлээд машиндаа суугаад явсан юм. Намайг машинд суухад хашааны эзэн нь гэх ах миний машины дугаарыг бичиж авсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Хүрэлсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20, 175-177/ “..би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр UB паласын урд байрлах ажлаасаа 18 цагийн үед гараад Цагаан байранд ирээд замын баруун талд байрлах нийтийн караокед 19-20 цагийн үед ганцаараа ороод 200 гр архи, 0.5 литрийн нийслэл пиво 4 шилийг захиалаад уугаад сууж байснаа санаж байна тэгээд нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дэзр сэрсэн..Тухайн үедээ би өөрийнхөө барьдаг байсан 88557267 гэсэн утасны дугаартайгаа байсан. Миний утас Эл жи Жи-4 маркийн гар утас байсан юм. Тухайн үедээ Тэди төвөөс 160.000 төгрөгөөр авч байсан. Би утсаа өглөө гэрээсээ гарахдаа цэнэглээд л гарсан юм. Утас маань цэнэгтэй байсан. Би цэнэг сайн барьдаг болохоор байнга Эл жи маркийн утас авдаг юм. Нэг цэнэглэхээр сайн яриад байхад л 2-3 хоног цэнэгээ барьдаг юм. Би хэрэг болсоны маргааш нь утас руугаа залгахад утас маань холбогдохгүй байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Дорждагваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-180-181/ “..манай гэрийн гадна “пид пад хийгээд чимээ гарахаар нь гараад очиход хоёр эрэгтэй хүн манай байшингийн зүүн урд буланд нэг нь дээр нь гарчихсан нөгөө нь доороо байдалтай байсан. Доороо байгаа хүнийг дээр нь гарсан байсан залуу нь гараа атгаж байгаад нүр руү нь нилээд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Яг хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Миний мэдэхийн ямар ч байсан 3-4 удаа цохисон. Яг тоолоогүй. Би тухайн үедээ гарч ирээд тэр залууд болиоч хун аллаа ш дээ гэж хэлж байсан. Доор нь орчихсон байсан залуугийн хувьд ямар ч өөрийгөө хамгаалах чадваргүй согтуу байсан. Ямар ч эсэргүүцэл үзүүлзээгүй юм. Доор нь байгаа залуу дээр нь байгаа залууг огт цохиж зодоогүй. Тэр зодуулсан гэх залуу нь бараан өнгийн жижиг үүргэвч цүнх үүрчихсэн явж байсан. Дээр нь байсан залуу нь нөгөө залуугаасаа арай ахимаг насны хүн байсан ба маш зэрлэг зодож байсан. Яг нүүр хэсэг руү нь гараараа атгаж байгаад л цохиод байсан. Намайг боль гэж хэлээд очих үед ч мөн цохиод байсан ба дараа нь тзр залуугийн халаасыг нь ухаж үзсэн. Тэгээд халааснаас нь гарч ирсэн том дөрвөлжин утсыг аваад өөрийн халаасандаа хийсэн. Хохирогч гэх зодуулсан залуу нь тэр таксины жолоочийн өөдөөс эсэргүүцэх ямар ч чадваргүй байсан. Яг зодуулсанаасаа болсон юм уу согтуугаасаа болсон юм уу мэдэхгүй байна. Тухайн үедээ ямар ч хөдлөх чадваргүй л суугаад байсан. Юм асуухаар хариулахгүй юу ч яриагүй..” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Бямбасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32/ “..2017 оны 11 дүгэзр сарын 17-ны өдрийн 22 цагийн үе гэртээ нөхөр Дорждагва, нөхрийн дүү Дэлгэрсайхан нарын хамт байж байхад “пид пад” гээд чимээ гарахаар нь манай нөхөр гэрээсээ гараад очиход нэг залуу нэг залуугийн дээр гарчихсан цохиж байсан. Тэгэхээр нь юу болж байнаа гэхэд дээр нь сууж байсан залуу энэ залуу таксиныхаа мөнгийг өгөхгүй зугтаагаад танай хашаа руу даваад орохоор нь араас нь барьж авлаа гэж хэлээд халаасыг нь ухаад куртикны халааснаас нь том дөрвөлжин улаан гэртэй утас авсан. Тэгээд жолооч гэх залуу нөгөө зодсон залуугаа чирээд хашааны хаалгаар гаргасан. Тэгээд тэр зодсон залуу машинаа унаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №14400 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “..1. Л.Хүрэлсүхийн биед баруун ухархайн дотор, доод ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөлөөхгүй. 5. Хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугар сарын 10-ны өдрийн №1324 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-140-141/ “..1. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүх эмнэлгийн үзлэг хийхэд баруун нулимасны сувгийн тасралт оношлогдоогүй, 2017 оны 11 дүгээр сарын 27-нд “Oculoplastik” нүдний эмнэлэгт оношлогдсон тул №14400 дүгнэлтэнд тусгагдаагүй байна. 2. Л.Хүрэлсүхийн биед учирсан баруун ухархайн дотор, доод хананы хугарал, нулимасны сувгийн тасралт, баруун дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь цохих, өшиглөх үед үүснэ. 3. Дээрх гэмтэл нь 2017.11.17-нд үүссэн байна. 4. Нулимасны сувгийн тасралт нь энгийн хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Л.Хүрэлсүхийн биед учирсан баруун ухархайн дотор, доод хананы хугарал, нулимасны сувгийн тасралт, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ..” гэх дүгнэлт,
“Натур” эмнэлгийн компьютер томографикийн оношлогооны дүгнэлт /хх-59/, эд зүйлийн үнэлгээний баримт /хх-81/ болон шүүгдэгч Н.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-122/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-651 тоот хашаанд хохирогч Л.Хүрэлсүхийг зодож, түүний “Эл жи Жи-4” загварын гар утсыг авчээ.
Хохирогч Л.Хүрэлсүх нь тухайн өдөр Чингэлтэй дүүрэг Дэнжийн 1000 орчимоос гар өргөн шүүгдэгчийн машинд сууж Хайлаастад хүргүүлэн 4000 төгрөг төлөх болоход машинаас гарч зутгаасан байна. Түүний араас шүүгдэгч Н.Б хөөж гэрч Д.Дорждагвын хашаанд ороход нь гүйцэн барьж авч унаган, доороо хийж толгой нүүр орчимд нь гараараа хэд хэдэн удаа цохижээ. Хохирогч согтуугаас болон цохиулсанаас болж хөдлөж чадахгүй байсан бөгөөд тухайн үед шүүгдэгч Н.Б түүний халааснаас гар утсыг нь авч явсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Хүрэлсүхийн биед учирсан баруун ухархайн дотор, доод хананы хугарал, нулимасны сувгийн тасралт, баруун дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан, “Эл жи Жи-4” загварын гар утсыг эд зүйлсийн үнэлгээний комиссын дүгнэлтээр 80.000 төгрөгөөр үнэлсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуугаас шүүгдэгч Н.Бы үйлдэл нь таксины мөнгөө авах зорилгоор гар утсыг нь авсан, түүнээс дээрэмдэх гэмт хэргийн субъектив талын санаа зорилго, шунахайн сэдэлт байхгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү, шүүгдэгч Н.Баас “би гар утсыг авахдаа таксины мөнгөө төлөөд энэ утсаа эргүүлж аваарай гэсэн” гэж мэдүүлжээ.
Гэвч хохирогчийн утас биет байдлаараа болон үнэлэгдсэн үнэлгээгээрээ таксины төлбөр биш бөгөөд шүүгдэгч Н.Б гар утсыг авч явахдаа унтрааж түүнрүү залгах боломжгүй болгосон нь өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогчийг таксины төлбөрөө төлөөд гар утсаа буцаан авах боломжгүй болгосон байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар таксины төлбөрийн барьцаанд хохирогчийн гар утсын авсан мэт мэдүүлж байгаа боловч хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б хохирогчийг барьж аван хүч хэрэглэхгүйгээр төлбөрөө төлүүлэх талаар ярилцан тохирох эсхүл цагдаагийн байгууллага, гэр оронд нь очиж төлүүлэх талаар ярих зэргээр хууль ёсны үйлдэл хийгээгүй бөгөөд харин эсрэгээр хохирогчийг идвэхтэй үйлдэл хийж чадахгүй болтол нь зодож, халааснаар нь түүний зөвшөөрөлгүйгээр гар утсыг нь авсан болох нь тогтоогдож байна. Үүгээр түүний санаа зорилго тодорхойлогдож байна.
Шүүх шүүгдэгчийн энэ үйлдийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэж дүгнэн шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэх оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь хохирогчийг зодож гар утсыг авсан талаар хүлээн мэдүүлж зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хохирол төлбөр төлөгдсөн, хохирогчоос гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүгдэгчийн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Л.Хүрэлсүхээс хохиролд нэхэмжилсэн 1.710.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Нуваанбалын Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг нь хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР