Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00768

 

 

 

 

 

 

 

 

    2024        04            15                                    210/МА2024/00768

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/00072 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.А-, Э.Я-, Н.З- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,744,888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ч.А-, Э.Я-, Н.З- нар манай байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, нотариатаар баталгаажуулсан. Гэтэл хариуцагч нар зээлийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул удаа дараа холбогдож, утсаар болон бичгээр, мөн гэрт нь очиж биечлэн мэдэгдэж, зээлийг төлөх тухай шаардлага хүргүүлж байсан.

Хариуцагч нар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13,436,500 төгрөг, мөн 2019 он 10 дугаар сарын 14-ний 200,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Ч.А- нь сар бүр бага, багаар төлөлт хийгээд дуусгана гэж амлалт бичиж өгч, зээлийн үлдэгдэл төлбөртэй танилцсан. Зээлийн гэрээнд зааснаар ээлийг төлөх хуваарьт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нэмэгдүүлсэн хүү тооцож 800 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1,106,255.77 /цар тахлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 01-ий өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарыг дуустал нэмэгдүүлсэн хүү тооцоогүй/ төгрөг болсон.

Түүнчлэн, үндсэн зээлийн өмнөх сарын дутуу хүү 70,153.77 төгрөг, 787 хоногийн хүү үндсэн 9,772,533.29 /нийт 10,878,789.06 төгрөг/ төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 6,707,899.62 төгрөг, мөн эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,300.00, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын төлбөр 57,900.00 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30,000.00 төгрөг, нийт 17,744,888.68 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Э.Я-ын хариу тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгчээс авсан 10,000,000 төгрөг тохирох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн. Бид нар нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг зээлээд би эхнэрийн хамт 5,000,000 төгрөгийг авсан бөгөөд харин үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч Ч.А- төлнө. Үүнээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлсөн гэжээ.

 

3. Хариуцагч Н.З-гийн хариу тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч О ХХК-аас нөхөр болон эгчийн хамт 15,000,000.00 төгрөгийг зээлж авсан ба үүнээс 10,000,000 төгрөгийг нөхөр бид хоёр аваад үлдэх 5,000,000.00 төгрөгийг эгч Ч.А-д өгсөн. Нөхөр бид хоёр өөрсдийн авсан 10,000,000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөд нэхэмжлэгчийн зүгээс үлдсэн зээл та хоёрт хамааралгүй болсон гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эгч Ч.А- хариуцах ёстой гэжээ.

 

4. Хариуцагч Ч.А-гийн хариу тайлбарын агуулга:

Миний бие авсан зээлээ төлнө, гэхдээ санхүүгийн боломжгүй болж 200,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь зээлийн хүүнээс багасгаад өгвөл тодорхой хугацаанд төлж болно, гэхдээ 17,000,000 төгрөгийг төлж чадахгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Ч.А-, Э.Я-, Н.З- нараас 17,649,171.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 95,717.44 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,674.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 246,196.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Зээлээс 5,000,000 төгрөгийг Ч.А- өөрөө авч, үлдсэн 10,000,000 төгрөгийг Э.Я-, Н.З- нар авсан. Э.Я-, Н.З- нар нь өөрсдийн авч хэрэглэсэн 10,000,000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 13,436,500 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Э.Я-, Н.З- нарыг өөрт хамаарах төлбөрөө төлөх үед “Онч-Энх” ББСБ-аас иргэн Ч.А-д ногдох үлдэгдлийг нь танилцуулж, нэмэлт хувиар гаргасан талаар нэхэмжлэлд болон хариуцагч нарын тайлбар, бусад баримтаар нотлогдоно.

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.12-т “Хамтран зээлдэгч энэхүү гэрээний дагуу үүсч буй үүргийн гүйцэтгэлийг банкинд хүлээлгэн өгөх үүрэг бүхий, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт тодорхойлсон хамтран үүрэг гүйцэтгэгч иргэнийг” гэж заасан ба Э.Я-, Н.З- нар нь өөрт хамаарах зээлийн төлбөрийг төлснөөр үүргийн гүйцэтгэлийг ББСБ-д гэрээний дагуу хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжтой. Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн төлбөрийн үүрэг нь хуваагдах шинжтэй тул хариуцагчид гэрээний үүргээ хуваах, Э.Я-, Н.З- нар нь өөрт хуваагдах мөнгөн төлбөрийн үүргийг төлснөөр хамтран хүлээх үүргээс чөлөөлөгдөх боломжтой.

6.2. Түүнчлэн, шүүхээс зээлийн гэрээ, түүний үр дагавар, барьцаа хөрөнгийн талаар бүхэлд нь авч хэлэлцэж, энэхүү зээлийн харилцаатай холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх ёстой байтал барьцаа хөрөнгийг хэрхэх талаар шийдвэртээ тусгаж өгөөгүй байна. Энэ нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах, аль эсвэл барьцаалбар нь шүүхийн шийдвэр гарснаар хүчингүй болох эсэх нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн байна.

6.3. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.А-д зээлийг дахин төлөх хуваарь гарган өгч, үндсэн зээлийн үлдэгдлийг танилцуулсан. Тухайн үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 6,707,899 төгрөг байсныг ББСБ-аас баталж байна. Зээлийн гэрээ нь 24 сарын хугацаатай байгуулагдсан байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг төлөх үүрэг хүлээж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс нэг сарын 3,5 хувийн хүүгийн төлбөр нь 234,776 төгрөг ба нийт 14 сараар тооцоход 3,286,870 төгрөгийн хүү төлөх ёстой байна. Нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээндээ үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тусгажээ. Энэ нь 657,374 төгрөг болж байна. Тиймээс Ч.А-гийн төлөх төлбөрийн дүн нь 10,652,143 төгрөг байхаар байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Э.Я-, Н.З- нар өөрт хамаарах зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж байна. Өөрөөр хэлбэл, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бол үүргийг хуваах боломжгүй, адил тэгш хариуцах ёстой. Иймд анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тусгайлсан шаардлага гаргаагүй. Иймд шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгийн талаар тусгаагүй нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ч.А-тай дахин гэрээ байгуулсан болон талууд харилцан тамга, тэмдэгтэй зээл дахин төлөх хуваарь байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ч.А-, Э.Я-, Н.З- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,744,888 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

1.1. Хариуцагч Э.Я-, Н.З- нар татгалзлын үндэслэлээ “бид зээлээ төлж дууссан тул бидэнд хамааралгүй” гэж,

1.2. Хариуцагч Ч.А- “зээлээ төлнө, гэхдээ 17,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

2. Анхан шатны шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. О ХХК-аас хариуцагч Ч.А-, Э.Я-, Н.З- нар нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдэж авахаар харилцан тохиролцож, мөн өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Ч.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204003483 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 10а гудамж, 000 тоот хаягт байрлах хаягт байрлах 534 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204085179 дугаарт бүртгэлтэй, 50 м.кв талбайтай хувийн сууц зэргийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх7-14/

 

2.2. Дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурсан, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзэх бөгөөд талууд гэрээндээ зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү, түүнчлэн нэмэгдүүлсэн хүү төлөх талаар харилцан тохиролцсон байна.

 

3. Нэхэмжлэгч О ХХК нь банк бус, санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээг, банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн./хх 5-6/

 

4. Хариуцагч Э.Я-, Н.З- нараас зээлийн 15,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг авсан, уг зээлийн хүүг төлж дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байх боловч зээлийн гэрээний зээлдэгч тал нь хариуцагч Ч.А-, Э.Я-, Н.З- нар тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт тодорхойлсон хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. Иймд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

 

4.1. Түүнчлэн, дээрх зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Я- хүлээн авсан тухайд талууд маргаагүй байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар , эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэсний дагуу хариуцагч нараас үүргийн зүйлийг хэрхэн хуваан авч, буцаан төлөх талаар харилцан тохиролцсон тухай нотлох баримтгүй байх тул зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 17,578,971 төгрөгийг, нэхэмжлэгчээс гарсан зардал 70,200 төгрөгийн хамт 17,649,171 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй.

   /хх 142, 145/

 

4.2. Мөн хариуцагч Ч.А- анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд “хариуцагч Ч.А- нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн үлдэгдэл 6,707,899 төгрөгт 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хүү төлөх үүрэгтэй, тэрээр 10,652,143 төлөхөөр байна” гэсэн хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь, талууд зээлийн гэрээний 4.3-т “гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаагүй байх тул барьцааны хөрөнгийн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй гэх хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/00072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Я-, Н.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                               ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ