Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 233

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Аад холбогдох эрүүгийн 1811 03417 0064 дугаартай хэргийг 2019 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Халхчууд овогт Налжирмаагийн Амарбат, 1994 оны 5 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 32-20 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1631 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж дууссан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ФА94050652/

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 1-15 тоотод П.Шатарын Хаан банкны 5031699346 дугаартай данснаас 1.985.000 нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж бусдад 1.985.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

 

Шүүгдэгч Н.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч Н.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ингээд би худалдан авсан гар утсанд байсан мэдээллүүдийг үзэж байхад надаас гар утас зарсан хүн “Шатар” гэсэн яахуу /yahoo/ майлаа гаргаагүй хадгалаад орхисон байсан мөн банкны мэдээлэл ирсэн тэгэхээр нь яахуу /yahoo/ майл нь банкинд бүртгэлтэй юм байна гэж мэдээд интернет банк руу нь ороод нууц үг мартсан гэсэн хэсэг рүү орж илгээхэд шинэ нууц үг нь Шатарын яахуу /yahoo/  майл руу ирсэн. Тэгэхээр нь интернет банк руу нь орж дансыг нь шалгаж үзэхэд 1 сая гаран төгрөг байсан ба дараа нь дахиад шалгаж үзэхэд 2 сая орчим төгрөг болсон байсан. Тэгэхээр нь интернет банкнаас нь мөнгийг нь хэрхэн гаргаж авах талаар бодож байгаад юм худалдан аваад интернет банкаар мөнгийг нь шилжүүлж өгч болох юм байна гэж бодоод фэйсбүүкээс зар харж байхад гар утас зарах групп дээр ай фоне х маркийн гар утас 2.000.000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь утсаар нь холбогдож авахаар болоод СУИС-ийн ойролцоо байдаг байрны гадна такси барьж очоод гар утсыг нь үзээд авахаар болоод тэр хүний өгсөн Хаан банкны данс руу Шатарын Хаан банкны дансанд байсан мөнгөнөөс 1.985.000 төгрөгийг нь Шатарын интернет банкийг ашиглан шилжүүлээд 15000 төгрөгийг бэлнээр өгсөн. Худалдан авсан гар утсаа дараа нь танихгүй хүнд 1.800.000 тегрөгөөр зараад мөнгө гаргаж авсан. Ингээд 800.000 төгрөгийг нь хувийн хэрэгээнд үрсэн харин 1.000.000 төгрөг нь миний дансанд байсан. Тэгээд би цагдаад баригдсанаас хойш 1.000.000 төгрөгийг нь Шатар гэж хохирогчид буцаан шилжүүлж өгсөн. Одоо 985.000 тегрөг өгнө дутуу байгаа. Энэ мөнгийг би ойрын хугацаанд төлж барагдуулна..” гэсэн мэдүүлэг /хх-22-23/

 

Хохирогч П.Шатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-10-12/ “..би Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд сурдаг юм. Миний сургалтын төлбөр нэхэгдээд манай ээж Нарантуяа 2018 оны 10 дугаар сарын яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна сургалтын төлбөр гэж шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш нөгөө мөнгөнөөсөө 400 гаруй мянган төгрөгийг хэрэглэсэн байсан ба сүүлд 2 хоногийн өмнө ээж дахин 400-аад мянган төгрөг шилжүүлж нийт 1.985.600 төгрөг байсан ба би түүнээс хойш ямар нэгэн гүйлгээ хийгээгүй юм. Өнөөдөр орой 21 цаг 48 минутын үед миний гар утсанд /utas/ гэсэн гүйлгээний утгатайгаар 1.985.000 төгрөгний зарлага гарлаа гэсэн мессзж ирэхээр нь гайхаад шууд Хаан банкны лавлах 18001917 дугаар руу залгаад миний данснаас зарлага гараад мөнгө алга болчихлоо гэхэд Энхбатын Өлзиймаа 5039270284 дугаартай данс руу шилжсэн байна гэж хэлээд энэ дансыг хаагаад өгөөч гэж хүссэн боловч Хаан банкны зүгээс тийм боломж байхгүй гэж хэлсэн. Дараа нь дахин Хаан банкны лавлах руу залгаад асуусан чинь та интернэт банкаар мөнгө гарсан байна Өлзиймаа гэх хүний данснаас мөнгө гараад явчихлаа гэж хэлж байсан. Би ямар нэгэн Интернэт банк нээлгэж ашиглаж байгаагүй би гайхаж байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Бэхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13/ “..Миний хамаатан эгч болох П.Шатарын Ай фоне 5 маркийн гар утсыг сарын өмнө түр хэрэглэхээр авах үед доторх юмыг битгий устгаарай гэж бүр өгсөн. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Ай фоне 5” маркийн гар утсны ID кодыг гаргахаар ID код гаргана гэсэн Фейсбүүкийн постоор орж ID кодыг хэдээр гаргах бэ, Ай фоне 5 гар утсны id код нь гарах уу” гэж коммент бичихээр нь утсаа зарах уу гэж бичсэн. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор нь зарахаар болж 40.000 төгрөгөөр тэр өдөр нь зарсан. Тэр хүн гар утсаа худалдаж авахдаа 88511885 дугаараас холбогдож байгаад Санхүү эдийн засгийн их сургуулийн хаалганы урдаас уулзаж утсаа авсан. Би 40.000 төгрөгөө бэлнээр авч салсан. Би гар утсаа өгөхдөө эгч Шатарын ID кодын хамт өгсөн. Тэгээд 2018 оны 12 сарын 02-ноос 03-ны шилжих шөнө унтаж байхад хамаатан эгч болох Шатар утсаар холбогдож “чамд өгсөн утас байгаа юу гэхээр нь би зарсан гэж хэлсэн. Тэгсэн чинь миний данснаас 1.800.000 төгрөг авчихлаа гэж хэлсэн. Тэгээд Шатар эгч цагдаагийн байгууллагад хандсан..”  гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Өлзиймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14/ “..Надад Хаан банкны 5039270284 дугаартай данс байдаг. Би өчигдөр 13 цагаас хойш 8 удаа гүйлгээ хийсэн. Өчигдөр найз болох Сэргэлэн нь “Ай фони X” маркийн гар утсаа зарах гээд гараад явсан. Гараад явсаны дараа над руу залгаж Хаан банкны дансны дугаараа явуулаач гэсэн. Дансаа явуулсаны дараа 21 цаг 48 минутад миний гар утсанд 1.950.000 төгрөгний гүйлгээний мэдээлэл орж ирсэн. Тэгээд би мөнгийг нь буцаагаад Сэргэлэнгийн 1175106185 дугаартай данс руу шилжүүлсэн..” гэх мэдүүлэг,

            Гэрч Э.Сэргэлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-16/ “..Би 2018 оны 12 сарын 02-ны өдөр орой 20 цагийн үед өөрийн "Sergelen Enhbaatar" гэсэн Фейс бүүк хаягаар Ай фоне X маркийн гар утсаа зарна гэж зар тавьсан. Тэгсэн чинь нэг хүн Фейсбүүкийн чатаар холбогдоод утасны мэдээллийг асуугаад утсаа худалдаж авахаар болоод, манай дүү очоод авна гэж чатаар бичээд миний дугаарыг авсан. Өчигдөр 21 цаг 33 минутын үед 88311883 гэсэн дугаартай утас залгаад цаанаас эрэгтэй хүн “утас авах хүн байна гэрийн чинь гадаа ирсэн байна” гэсэн. Би гэрээс гараад байрны 1 дүгээр орцны гадаа гарахад 08-74 УНО улсын дугаартай саарал өнгийн Avante маркийн автомашинаас дуудсан. Тухайн үед автомашин дотор урд нь 2 эрэгтэй хүн, хойно утас авах гэж гарч ирсэн залуу болон эмэгтэй хүн байсан. Машины хойноос гарч ирсэн залуу гар утсаа үзээд авахаар болж өөрнийнхөө Самсунг эс 7 маркийн гар утсаа гаргаж ирээд интернет банкаар орохдоо Хаан банк гарч ирсэн. Миний харилцах данс Голомт банкны данс байсан болохоор найз болох Өлзиймаа руу залгаад дансаа чатаар явуулчих, мөнгө орохоор нь хэлчих гэсэн.Өлзиймаа тэр даруй Фейсбүүкийн чатаар дансаа явуулсан. Нөгөө залуу Өлзиймаагийн хаан банкны 5039270284 дугаартай данс руу rap утасны үнэ болох 1.985.000 төгрөгөө явуулаад надад үлдсэн 15.000 төгрөгөө бэлнээр өгсөн. Тэгээд салсан..” гэх мэдүүлэг, хохирогч П.Шатарын 5031693346 дугаартай, гэрч Э.Өлзиймаагийн 5039270284 дугаартай Хаан банкны депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-39-41/, шүүгдэгч Н.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч П.Шатарын Хаан банкны 5031699346 дугаартай данснаас 1.985.000 төрөгийг түүний интернет банкыг ашиглан бусдад шинжүүлж ай фон экс “I Phone-X” маркийн гар утас худалдан авчээ. Ингэхдээ шүүгдэгч Н.А нь хохирогчийн яахуу /yahoo/ цахим шуудангаар орж интернет банкны нууц үгийг нь дахин авч дээрхи мөнгийг авсан байна.

 

 Шүүгдэгч Н.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.А нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Аын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Халхчууд овогт Налжирмаагийн Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Аад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР