Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00674

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00674

 

 

Х.М, Л.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/00531 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.М, Л.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох 11,169,010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Х.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Н, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Г-д туслах, дэмжих зорилгоор ХААН банктай 2017 оны 03 сарын 30-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 9,095,000 төгрөгийн зээл авч, Тоёота Приус-20 маркийн суудлын автомашин худалдан авч өгсөн. Дээрх зээлийн гэрээг банктай зээлдэгчээр Х.М, хамтран зээлдэгчээр нөхөр Л.Б нар байгуулж, 2017 оны 03 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 09-ний өдрийн хооронд зээл, зээлийн хүүд нийт 12,379,010 төгрөгийг ХААН банкинд төлж дуусгасан. Автомашиныг Б.Г анх авсан цагаас эхлэн хувьдаа ашиглаж байсан бөгөөд өмчлөх эрхийг нь түүнд бүрэн шилжүүлж өгсөн. Ийнхүү амьдрал ахуйгаа сайжруулахад нь бүхий л талаар дэмжиж, тусалж байсан биднийг бусдад залилагч этгээд мэт ойлголт төрүүлэхүйцээр бодит нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд надад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,175,000 төгрөг, хохиролд 2,153,259 төгрөг, нийт 13,328,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.М би хариуцагчид холбогдуулан энэ нэхэмжлэлд дурдаж байгаа автомашины төлбөрийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, Б.Г-д гардуулж, тайлбар авсан. Х.М нь сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэх дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Г-д холбогдох 11,169,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Б.Г-ийн өмнөөс бид ХААН банк ХК-д төлсөн үндсэн зээл 7,885,000 төгрөг, зээлийн хүү 3,284,010 төгрөг, нийт 11,169,010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2017-2020 оны хооронд төлбөр тооцоог нь хийгээд дуусчихсан автомашины төлбөрийг дахин авахаар шүүхэд хандаж байгааг зөвшөөрөхгүй. 2017 онд буюу одоогоос 6 жил 6 сарын өмнөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. 2017 оны 03 сарын 30-ны өдөр ХААН банкны Зүүн дөрвөн замын салбараас Х.М, Л.Б нарын нэр дээр зээл гаргуулан авч Тоёота Приус-20 маркийн автомашиныг авсан, төлбөр тооцоог нь бүрэн төлж барагдуулсан. Би 2017 оны 03 сарын 30-ны өдөр ХААН банкны данснаас 1,900,000 төгрөгийг автомашины урьдчилгаа болгон Х.М-т өгсөн, сар бүр 350,000 төгрөгийг машины зээлийн төлбөрт өөрийн болон эхнэр Б.Б-ийн дансаар шилжүүлдэг байсан. 2018 оны 06 сараас эхлэн Х.М, Л.Б нар сарын 1,350,000 төгрөгийн цалин өгөх санал тавьсан. 1,000,000 төгрөгийг гар дээр, 350,000 төгрөгийг автомашины зээлд суутгахаар тохиролцсон. 2020 оны 04 сард зээл дуусаж автомашиныг миний өмчлөлд шилжүүлсэн. 2017-2020 он хүртэлх 36 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг төлсөн. Иймд автомашин авахад урьдчилгаанд төлсөн 1,900,000 төгрөгийг нэмж, нийт 14,500,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г ээс 8,560,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М, Л.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,608,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 151,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.М, Л.Б нарт олгож шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаас 2,608,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, бид ХААН банкинд 2017 оны 03 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 09-ний өдрийн хооронд "Зээлийн гэрээ"-нд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 9,095,000 төгрөг, зээлийн хүү 3,284,010 төгрөг нийт 12,379,010 төгрөг төлсөн. Хариуцагч Б.Г-ээс шүүхэд гаргасан тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтуудтай нь танилцаад, гүйлгээний утга, хүлээн авагчийн данс тодорхой, түүний буцаан төлсөн 1,210,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, эгүүлэн төлөөгүй 11,169,010 төгрөгийг нэхэмжилсэн. 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 1,900,000 төгрөг, 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 350,500 төгрөг, 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 358,000 төгрөг, нийт 2,608,500 төгрөг бидний хооронд үүссэн тооцооноос хасагдах мөнгө биш бөгөөд шүүх автомашины урьдчилгаа төлбөрт тооцож, тухайн автомашиныг худалдагчид буюу наймаа хийх үедээ өгсөн, түүнчлэн гүйлгээний утга өөр, данснаас зарлага гарсан боловч хэнд өгсөн нь тодорхойгүй мөнгөн дүнгүүдийг нэмж, нэгтгэн хоорондын тооцоонд хамаатуулж, хасаж тооцсоныг буруу гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 03 сарын 29-ний өдөр 1,900,000 төгрөгийг данснаасаа авч Л.Б, Х.М нарт төлсөн. Автомашины үнэ 9,500,000 төгрөг гэж нэхэмжлэгч нар надад хэлсэн. Үндсэн зээлээс хасаж тооцоод түүнээс хүү бодох ёстой байсан боловч анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй. Гүйлгээний утга тодорхойгүй 2 гүйлгээг хасаж тооцох ёстой байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн үед автомашины төлбөрийг төлөхдөө гүйлгээний утга бичээгүй нь алдаа байсан. Манай эхнэрийн данснаас явуулсан гүйлгээнүүд байгаа. Гүйлгээний утга тодорхойгүй 2 гүйлгээг автомашины мөнгөнд төлсөн гэжээ.

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

6.1.  Миний бие шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбартаа ...2017 оноос 2020 он хүртэл 36 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг төлсөн. Анх машин авахад урьдчилгаанд төлсөн 1,900,000 төгрөгийг нэмээд нийт 14,500,000 төгрөгийг төлсөн гэдгээ тодотгож өгсөн. Товчхондоо автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

6.2.  2017 оны 03 сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 сар хүртэл дансаар болон бэлнээр төлж байсан. Үүнийг миний бие хариу тайлбар болон шүүх дээр тайлбарласан. Энэхүү тайлбараа шүүхэд өгсөн дансны хуулгаар нотолж оролцсон. Шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа шилжүүлгүүд нь дурдсан хугацаанд хийгдсэн болохыг шүүх анхаараагүй орхигдуулсан.

6.3.  2017 оны 03 сараас 2018 оны 06 сар хүртэл зээлийг бэлэн ба бэлэн бусаар төлж байсан тухай хэрэгт хавсаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ТМ2023/01190 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд эхнэр Б.Б-ийн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Учир нь нэхэмжлэгч нарын данс руу эхнэр Б.Б шилжүүлэг хийж байсан нь дансны хуулгаас харагдана.

6.4.  Тухай үед бид хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж, цалин тохирохдоо гэрээ байгуулаагүй нь өнөөдрийн энэ маргааны эх үндэс болсон бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал өөрт ашигтай байдлаар тайлбарлан мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Автомашин нь зээлийн барьцаанд байж байгаад зээл төлөгдсөний дараа Х.М, Л.Б нар над руу маргаангүй шилжүүлсэн.

6.5.  Энэ асуудлаар нэхэмжлэгч тал 2017 оноос эхлэн сар бүр 1,000,000 төгрөгийг тогтмол өгч, ажиллуулсан болохыг илэрхийлсэн бөгөөд харин цалингийн хэмжээ болон ажиллаж эхэлсэн хугацааг өөрт ашигтай байдлаар мэдүүлсэн. Мөн шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатнаас харахад нэхэмжлэгч тал 350,000 төгрөгийн талаар яриа болсоныг үгүйсгэж, няцаалт хийхгүй байгаа нь ийм яриа тохиролцоо болсны нэг нотолгоо юм. Мөн нотлох баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02 ны өдрийн 101/ТМ2023/01190 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар татуулахыг хүссэн боловч шүүх татгалзсан.

6.6.  Нэхэмжлэгч нараас барааны мөнгөө авах гэж 2022 оны 09 сарын 13-ны өдөр шүүхэд хандсаны дараа буюу 2022 оны 10 сарын 03-ны өдөр энэ автомашинтай холбоотой асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, автомашины зээлийг бүрэн төлж дууссанаас хойш 2 жил гаран хугацааны дараах асуудал. ХААН банкны данснаасаа урьдчилгаа 20 хувь болох 1,900,000 төгрөгийг бэлнээр авч Х.М, Л.Б нарт өгсөн, автомашины үнийг 9,500,000 төгрөг гэж надад хэлсэн. Одоо зээлийн гэрээг харахад машины бодит үнэ 9,095,000 төгрөг байсан байна. Энэ үндсэн зээлээс миний урьдчилгаанд өгсөн 1,900,000 төгрөгийг хасах нь зөв юм. Гэвч шүүх нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д дурдсан дүгнэлт нь алдаатай төдийгүй, хэргийн шинэ нөхцөл байдал үүсэж байна гэж ойлгож байна.

6.7.  Хууль зүйн мэдлэггүйн улмаас шүүгч Д.Ц-оос татгалж болно гэдгийг мэдээгүй. Шүүгч энэ талаар тайлбарлаж ойлгуулсан бол ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж шүүгч Д.Ц-оос татгалзах байсан. Учир нь өмнө тухайн асуудлаар тус шүүхэд Л.Б, Х.М нартай маргаан үүсгэж 2023 оны 03 сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, Л.Б, Х.М нараас төлбөр гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хэргийн маргааны зүйл нь нэг, хэргийн оролцогчийн байр нь солигдож, Б.Г миний бие хариуцагч, Л.Б, Х.М нар нэхэмжлэгч болон орж ирэхэд Д.Ц шүүгч дахин тус хэргийг шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчлийг үүсгэсэн. Шүүгч өөрөө татгалзах боломжтой байхад мэдсээр байж татгалзаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн нэг маргааныг хоёр удаа шийдвэрлэж өмнөх шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байхад дахин авч үзэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Л.Б, Х.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Б.Г бид хоёр ах, дүүгийн харилцаатай байсан. Б.Г автомашинтай болмоор байна гэж ярьж байсан болохоор зээлээр худалдаж авах боломжтой, урьдчилгаанд төлөх мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Б.Г-д өөрт нь мөнгө байгаагүй болохоор малаа зараад урьдчилгаанд төлөх мөнгө олоё, та туслаач гэж хэлж байсан. Б.Г 1,900,000 төгрөгийг гаргаад автомашины урьдчилгаа төлбөрийг н.О ченжид өгсөн, харин 9,500,000 төгрөгийн зээл гарсан. Автомашины үндсэн үнэ 11,000,000 гаруй төгрөг байсан санагдаж байна. Бид Б.Г-д зээл авч өгсөн болохоор данснаас 350,000 төгрөг татагдсан. Б.Г 1,000,000 төгрөгийн цалин авч байсан, 1,350,000 төгрөгийн цалинтай гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.   Нэхэмжлэгч Х.М, Л.Б нар хариуцагч Б.Г-д холбогдуулан 11,169,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид банкны зээлээр автомашин авч өгч, зээлийг төлж дуусгасан, автомашиныг хариуцагч анхнаасаа эзэмшиж, ашиглаж байсан, банкны зээл төлөгдсөний дараа өмчлөлдөө шилжүүлэн авсан... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2, 9/

Хариуцагч Б.Г нь дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нарт ажиллаж 1,350,000 төгрөгийн цалин авахаар тохирсон боловч 1,000,000 төгрөгийн цалин авдаг байсан, үлдэх 350,000 төгрөгийг 36 сарын турш төлж нийт 12,600,000 төгрөгийг автомашины төлбөрт төлсөн, мөн автомашины урьдчилгаанд 1,900,000 төгрөгийг төлсөн, автомашины төлбөрийг төлж дуусгасан... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 47-49/

3. Нэхэмжлэгч Х.М, Л.Б нар 2017 оны 03 сарын 30-ны өдөр ХААН банк ХК-тай ЗГ201742987962 тоот Зээлийн гэрээ байгуулж, 9,095,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдэн авч, зээлийн төлбөрт нийт 12,379,010 төгрөгийг буцаан төлсөн байна. /хх 23-25, 28-30/

Тус зээлийн мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгч Х.М, Л.Б нар Тоёота Приус-20 маркийн автомашин авч, хариуцагч Б.Г-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн, улмаар зээл төлөгдсөнөөр уг автомашиныг хариуцагч Б.Г нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйл баримтын тухайд зохигч талууд маргаагүй болно.

4.   Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Х.М, Л.Б нар хариуцагч Б.Г-ийн өмчлөлийн автомашины үнийг өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү төлснөөр хариуцагч Б.Г нь автомашины үнэ төлөх үүргээс чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

5.   Хариуцагч Б.Г нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ************ тоот дансны хуулга, эхнэр гэх Б.Б-ийн эзэмшлийн ХААН банк дахь *********** тоот дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. /хх 105-110, 117-122/

5.1.  Үүнээс 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 350,500 төгрөг, 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 150,000 төгрөг, 2017 оны 09 сарын 30-ны өдрийн 200,000 төгрөг, 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 350,000 төгрөг, 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 160,000 төгрөг, 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 358,000 төгрөг, 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 350,000 төгрөг, нийт 1,918,500 төгрөгийг нэхэмжлэгч нарын зээлийн төлбөрт төлсөн 12,379,010 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 10,460,510 төгрөгийг хариуцагч Б.Г-ээс гаргуулан нэхэмжлэгч Х.М, Л.Б нарт олгож шийдвэрлэв.

5.2.  Нэхэмжлэгчийн гаргасан ...2017 оны 07 сарын 19-ний өдрийн 350,500 төгрөг, 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 358,000 төгрөг нь бидний хооронд үүссэн тооцооноос хасагдах мөнгө биш... гэх давж заалдах гомдол, мөн хариуцагчийн гаргасан ...сар бүр 350,000 төгрөгийг 36 сарын турш төлж нийт 12,600,000 төгрөгийг төлсөн... гэх давж заалдах гомдол хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй тул эдгээр давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

5.3.  Түүнчлэн, хариуцагчийн АТМ-аас 2017 оны 03 сарын 29-ний өдөр авсан 1,900,000 төгрөг нь автомашины урьдчилгаа төлбөр болох нь түүний тайлбараар тогтоогдсон, хариуцагч нь уг 1,900,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх дээрх мөнгөн дүнг нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч тооцсон нь буруу. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

5.4.  Хариуцагч нь ...нэхэмжлэгч нарт ажиллаж 1,350,000 төгрөгийн цалин авахаар тохирсон боловч 1,000,000 төгрөгийн цалин авдаг байсан... гэсэн татгалзал, давж заалдах гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч Б.Г ийн эхнэр гэх Б.Б-ийн өгсөн гэрчийн мэдүүлэг нь дээрх үйл баримтыг нотлох баримт болж чадахгүй. /хх 68-70/

 6.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/01076 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 210/МА2023/00830 дугаар магадлалаар хариуцагч Х.М-ийн гаргасан 11,169,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй буюу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гаргасан ...шүүх хэргийг дахин шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх 10-17, 18-21/

7.   Хэргийн 62-77-р талд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байх тул хариуцагчийн гаргасан ...уг тэмдэглэлийг нотлох баримтаар татуулахыг хүссэн боловч шүүх татгалзсан... гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй. /хх 62-77/

8.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ТМ2024/00407 дугаар тэмдэглэлээс үзвэл зохигч талууд шүүгчээс татгалзахгүй гэсэн байх ба шүүгч Д.Ц өмнө нь Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Х.М-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1-91.1.4-т заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй аль ч үндэслэлд хамаарахгүй тул хариуцагчийн гаргасан ...шүүгчийн хувьд өөрөө татгалзаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/00531 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Б.Г-ээс 10,460,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.М, Л.Б нарт олгож, үлдэх 708,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...151,918 төгрөгийг... гэснийг ...182,318 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 56,690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Г-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 151,920 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР