Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

Улсын яллагч О.Сарангэрэл,  

         Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бод холбогдох эрүүгийн 1802 00094 0102 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Өндөр овогт Цэрэндоржийн Бат-Орших, 1987 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 баг 35-р гудамж 06 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, урьд нь 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар РХ87060811

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

 Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Оросын холбооны улсын Улан-Үдэ хотод байрлах шашны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Буддын шашны бүлгэм Ананда” хийдийн хамба лам хохирогч Б.Эрдэнэбүрэнгийн ажлын өрөөнд нэвтэрч, түүний өмчлөлийн түүх соёлын чухал ач холбогдолтойд тооцогдох Долнуур хийцийн 8.160.000 төгрөгийн үнэ бүхий “Аюуш”, 7.680.000 төгрөгийн үнэ бүхий “Цагаан Дарь эх” гэх 2 ширхэг бурханыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 15.840.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар дээрх түүх соёлын дурсгалт зүйлс болох 2 ширхэг бурханыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүх хуралдаанаар дараах нотлох  баримтуудыг шинжлан судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Боос мэдүүлэхдээ: “..2017 онд Улаан-Үдэ хотод анх Б.Эрдэнбүрэн ламтай тохиролцон ганданд ажил хийхээр болон ажилласан. Тухайн гандангийн ард талд байрлах байранд амьдардаг байсан ба Б.Эрдэнбүрэн лам надад амьдрах болон эмчилгээ хийх зориулалттай тусгай өрөө гарган өгсөн. Би ганданд сууж ном хурахын хажуугаар “Виду” гэх газарт хэдэн хүмүүст эмчилгээ хийдэг байсан ба орой нь хийдэд очиж хонодог байсан. Ингээд өөрийн амьдарч байсан хийдийн Б.Эрдэнэбүрэн ламын 2 бурханыг авсан..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Ц.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-83-84/ “..2018 оны 01 дүгээр сарын 31-ний оройн 18 цагийн үед “Монгол дацан” хийдийн хамба лам болох Эрдэнэбүрэнг Монгол улс руу явсан хойгуур нь түүний хийдийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод түүний суудаг сандалын хажуу талд байдаг тавиур дээр байсан 2 ширхэг “Цэнд” болон “Дарь эх” нэртэй алтан бурханыг хулгайлан авсан. Ингээд тухайн 2 бурханыг хулгайлан аваад тэр шөнөдөө Улан-Үдэд байрлах нэг буудалд хоноод маргааш өглөө нь Монгол улс руу өнөөх 2 бурханаа аваад замын машинд суугаад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсад ирсэн. Би ОХУ-ын Улан-Үдэ хотод байхдаа Монгол улсад шашны хуучин эд зүйл худалдан авдаг Дэмбээ гэх хуучин танил залуутай 99387738 гэсэн дугаарын утсаар нь холбогдож “надад 2 ширхэг бурхан байгаа, чи үүнийг үзэж хараад авах уу” гэж хэлэхэд Дэмбээ над руу “наад 2 бурханыхаа зургийг явуулчих” гэхээр нь өөрийнхөө хуучин барьж байсан Ж5 маркийн гар утсаар зургийг аваад түүний Facebook хаяг руу нь явуулсан. Тэгсэн Дэмбээ түүний зургийг харчихаад Улаанбаатар хотод хүрч ирээд худалдаж авахаар болсон. Ингээд би Монгол улсад ирээд Дэмбээтэй хуучин Тээврийн товчооны ар талд уулзаад өнөөх 2 бурханаа түүнд 2.600.000 төгрөгөөр зарсан. Дэмбээ надаас тухайн 2 бурханыг худалдаж аваад тэр оройдоо Хөвсгөл аймаг руу шууд буцна гэж байсан. Би бурхан зарсан мөнгөөрөө Да хүрээ зах ороод нэг танихгүй залуугаас 2 сая төгрөгөөр Соната-5 маркийн суудлын автомашин худалдан авсан. Үлдсэн мөнгөөр нь ойр зуурын юм худалдаж аваад дууссан. Би тухайн бурхануудыг хулгайлан аваад Монгол улсад авч ирээд түүнийг зараад мөнгө болгох гэж бодоод хулгайлан авсан юм..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-43-47/ “..Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хувийн ажлаар Монгол улсад ирээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийд дээрээ буцаж очсон юм. Намайг очиход манай өрөөнд байдаг бурханы гүнгэрваань дотор байсан, миний амилуулж шүтдэг “Аюуш”, “Цагаан дарь эх” нэртэй 2 ширхэг бурхан байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би ажилчдаасаа асуухад бүгд мэдэхгүй, манай өрөөнд ороогүй гэсэн бөгөөд манайд түр хугацаагаар ажиллаж байсан Бат-Орших гэдэг залууг би урьд нь бага сага юм хулгайлаад байна гэж сэжиглэдэг учраас түүнийг 2 бурхан хулгайлаад явчихлаа гэж шууд сэжиглэсэн..Энэ үед би Оросын хилийн цэрэгт ажилладаг таньдаг хүндээ хүсэлт гаргахад манайд түр хугацаагаар ажиллаж байсан Бат-Оршихыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байх үед Оросын хил гараад Монгол руу явсан байна гэсэн мэдээлэл өгсөн...Манай ээж З.Цэндсүрэнгийн аав буюу миний өвөө Зундуй нь Архангай аймгийн “Заяын хийд”-д лам байсан бөгөөд намайг төрөөгүй байхад нас барсан..дээрх хулгайд алдсан 2 бурхан миний өвөө Зундуйгийн тахин шүтэж байсан бурхад бөгөөд манай ээж социализмын үед хадгалж байгаад намайг лам болоход буюу 1991 онд надад өвлүүлэн өгч байсан юм..Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цаг өнгөрч байх үед манай хийдийн монгол лам Хүрэлбаатартай утсаар яриад “Би Мондын боомтоор хил гарч байна. Дацан дээгүүр хүн амьтан байна уу” гэж яриад хүнгүй гэдгийг мэдээд хийд дээр очиж түлхүүр нуудаг газраас хийдийн гадна хаалганы түлхүүрийг авч хийдэд ороод миний өрөөнөөс 2 ширхэг бурханыг хулгайлаад аваад хийдийн хаалгыг буцаан түгжиж түлхүүрийг байранд нь тавиад явсан юм шиг байна лээ. Ингээд орой нь 22 цаг өнгөрч байхад Оросын хил гараад Монгол руу явсан байсан. Бурхан хулгайд алдагдсан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай ажилчид бүгд ажиллаад орой 17 цаг өнгөрч байх үед тарцгаасан байсан бөгөөд бурхан алдагдах үед хийд эзэнгүй цоожтой байсан юм. Манай хийд нь гадна хаалга түгжиж түлхүүрийг нь уурын зуухны хаалганы дээд талд нууж орхидог бөгөөд түлхүүр тэнд орхидогийг Бат-Орших болон манай ажилчид л мэднэ. Хийд дотор миний өрөө байрладаг ба миний өрөө цоожгүй, ажилчид шаардлага гарсан үедээ орж гараад явж байдаг юм..”гэх мэдүүлэг,

  1. Иргэний нэхэмжлэгч З.Түмэннасангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-76-77/ “..2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг Хөвсгөл аймагт гэртээ байж байхад манай ах З.Түмэндэмбэрэл над руу өөрийн 99387738 дугаарын утаснаас миний 99979788 дугаарын утас руу залгаад “би хүнээс 2 ширхэг хөөмөл бурхан худалдан авах гэж байна. Чамд мөнгө байвал зээлдүүлээч, надад 2.600.000 төгрөгийн хэрэг байна. Би чамаас зээлж авсан мөнгөө буцаан өгтөл энэ 2 бурханыг чам дээр байлгаж байя” гэсэн. Манай ах өөрөө бурхан шашны зүйлийг хараад шинжиж чаддаггүй учраас би “ямар бурхан авах гэж байгаа юм бэ, наад бурханы чинь зургийг харья” гэсэн. Тэгэхэд Түмэндэбэрэл ах миний “wechat” хаяг руу хөөмөл хийцтэй “Аюуш”, “Цагаан дарь эх” 2 бурханы зураг явуулсан. Би уг зургийг хараад боломжийн бурхан болохоор нь ахынхаа саналыг зөвшөөрөөд түүн рүү мөнгө шилжүүлэхээр болсон. Тухайн өдөр надад ах руу мөнгө шилжүүлэх зав байгаагүй учраас маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед Хаан банкны АТМ-ээс 3.600.000 төгрөгийг ах Түмэндэмбэрэлийн 5890727057 дугаарын данс руу шилжүүлээд ах руу утсаар яриад “2.600.000 төгрөгөөр нь бурханаа аваад үлдсэн 1.000.000 төгрөгөөр нь надад цагаан мөнгө худалдаж аваад ирээрэй” гэж захисан. Түүнээс 1-2 хоногийн дараа Түмэндэмбэрэл ах над руу дахин залгаад “худалдан авсан бурханаа Хөвсгөлийн шуудангийн автобусны жолоочид илгээмжээр өгөөд явуулчихлаа. Чи Хөвсгөлд очихоор нь тосоод авчихаарай” гэж хэлсний дагуу би Хөвсгөл аймагт уг автобус нь ирэхээр нь тосож аваад гэртээ очоод уг бурханыг задалж үзэхэд уг 2 бурхан нь хоюулаа 20 см гаран өндөртэй, хөөмөл хийцтэй, тал алтан шармал, шармалгүй хэсгээрээ боронзодсон “Цагаан дарь эх”, “Аюуш” нэртэй бурхад байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч З.Түмэндэмбэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 1 хавтас /1хх-80-81-р хуудас/ “..2018 оны 02 дугаар сарын 01-02-ны үед өглөөгүүр манай талийгаач найзын дүү Бат-Орших миний 99387738 дугаарын утас руу 91465558 дугаарын утаснаас залгаад “би 2 бурхан зарж машин тэрэг авах гэсэн юм. Энэ бурханыг танд үзүүлье, та худалдаж аваач” гэсэн. Тэгээд бид 2 хуучнаар Тээврийн товчооны орчимд уулзахаар тохироод 10-11 цагийн үед уулзалдсан. Энэ үед Бат-Орших нь хүргэн дүү гэх нэг залуугийн хамт явж байсан ба 2 ширхэг бурханаа цүнхэнд хийгээд бариад явж байсан ба уг 2 бурханаа 5.000.000-6.000.000 төгрөгөөр зарна гээд байсан. Би авчирсан 2 бурханыг нь үзээд хөөмөл хийцийн бурхан боловч үнэтэй бурхан биш болохоор нь “Ах нь энэ 2 бурханыг чинь авахгүй ээ, ахад нь мөнгө ч алга байна” гэж хэлэхэд Бат-Орших “та ямарч л байсан авчих, надад өөр таньж мэдэх хүн байхгүй” гэж гуйгаад байхаар нь ярилцаж байгаад 2.600.000 төгрөгөөр авахаар тохирсон. Ингээд би өөрт байсан хүүгийнхээ сургалтын төлбөрийн мөнгө болох 2.600.000 төгрөгийг Бат-Оршиход өгөөд 2 бурханыг нь аваад салсан. Ингээд энэ өдрийнхөө үдээс хойш нь би Түмэннасантай утсаар яриад хүүхдийн сургалтын төлбөр өгөх мөнгөөр бурхан авчихсан талаараа хэлээд 2.600.000 төгрөг зээлэхийг хүссэн. Ингэж ярихдаа зээлсэн мөнгөө өгч чадахааргүй бол худалдан авсан 2 бурханаа түүнд өгье гэж тохироод 2 бурханаа шуудангийн автобусаар дүү рүүгээ явуулахаар болсон. Тэгэхэд манай дүү над руу миний Хаан банкны данс руу нийт 3.600.000 төгрөг шилжүүлээд “үлдэгдэл 1.000.000 төгрөгөөр нь цэвэр мөнгө аваад ирээрэй” гэж захисан. Би тэр өдрийнхөө орой Драгон төв дээрээс Хөвсгөлийн шуудангийн автобусаар 2 ширхэг бурханаа өгч Түмэннасан луу явуулсныг Түмэннасан хүлээж авсан байсан..Түүнээс 3-4 хоногийн дараа би Хөвсгөл аймаг руу гэртээ харих санаатай Дархан хотод явж байхад Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас нэг хүн надтай утсаар холбогдоод “таны худалдан авсан 2 бурхан чинь хулгайн бурхан байна. Тэр 2 бурханаа авчирч өг” гэж хэлэхээр нь Хөвсгөл аймагт дүү Түмэннасанд байгаа талаар хэлсэн. Түүний дараа Төмөр замын Цагдаагийн газраас нэг хүн надтай утсаар холбогдоод “бурхан худалдан авсан талаараа мэдүүлэг өг” гэж дуудсан. Түүний дагуу би дүү Түмэннасантай утсаар холбогдоод худалдан авсан 2 бурхан нь хулгайн бурхан байсан талаар хэлээд Хөвсгөлийн цагдаагаас хүн ярьвал аваачаад өгчихөөрэй гэж хэлээд Дарханаас буцаж Улаанбаатар хотод ирж Төмөр замын цагдаагийн газарт очиж болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн юм. Дараа нь дүүтэйгээ холбогдоод Хөвсгөл аймгийн цагдаад 2 бурханаа өгсөн талаар хэлж байсан. Уг 2 бурхан нь “Аюуш”, “Цагаан дарь эх” бурхад байсан ба хоюулаа хэмжээгээрээ ижил, 20 орчим см өндөртэй, муухан шармал, дээрээс нь боронзоор будсан, мөрний цэцэг, титэм, өвөр дээрх бумба зэрэг нь салангид, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бурхад байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Галтаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-89/“..энэ Бат-Орших гэдэг залуу хүрч ирээд “Монгол руу мөнгөөр нь аваад яваач, би ганцаараа явна” гэж гуйсан. Тэгээд машинд зай байсан болохоор 1.500 рублээр суулгаад хилээр гарч ирсэн..Биедээ нилээн том хэмжээний чемодантай, нөгөөх нь тэрийгээ бодвол арай жижиг даавуун цүнхтэй ачаатай явсан..” гэх мэдүүлэг,

Шинжээч Д.Сүхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-115-116/ “..Энэ соёлын өв гэдэг нь монголчуудын шүтлэг бишрэлтэй хамааралтай, ур хийцийн хувьд үнэтэй, олон жилийн өмнө бүтээгдсэн тул соёлын өвд хамаарна гэж дүгнэсэн. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу соёлын өвд хамаарах бүтээл эд зүйлийг иргэн, байгууллага хэн ч бай зөвшөөрөлгүй хилээр гарах эрхгүй. Хэрхэн ашиглах хамгаалах тухай хуулинд заасан байгаа. Хэрэв хилээр гадагш гаргах тохиолдолд холбогдох яам, хил, гааль дээр маш нарийн зөвшөөрөл авч байж үзэсгэлэн гэх мэт зүйлд ашиглаж буцаан Монгол улсад байлгах талаар зохицуулсан. Соёлын өв гэдгээрээ Монгол улсын түүхийн үнэт бүтээл гэдгээрээ хамгаалагддаг юм..." гэх мэдүүлэг,

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Тод үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд: /1хх-125/ Аюуш бурхан 691 гр жинтэй 22,7 см өндөртэй эд өлгийн зүйлийн үнэлгээг 2018 оны 01 сарын 31-ний өдрийн байдлйар 8.160.000 төгрөгийн үнээр, Цагаан дарь эх бурхан нэртэй 698 гр жинтэй, 23 см өндөртэй эд өлгийн зүйлийн үнэлгээг 2018 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар 7.680.000 төгрөгийн үнээр, нийт 15.840.000 төгрөгийн үнээр тогтоов гэсэн дүгнэлт,

 

                 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл: /1хх-19-23/ “..Оросын холбооны улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны дардас байх ба дардасыг cap, өдөр, хоногоор тулгахад 2017 оны 05 дугаар сарын 13-нд орсон, 2017 оны 05 дугаар сарын 28-нд гарсан нийт 15 хоног зорчсон, 2017 оны 05 дугаар сарын 28-нд орсон, 2017.05.30-нд гарсан нийт 2 хоног зорчсон, 2017.05.30-нд орсон, 2017.06.18-нд гарсан нийт 19 хоног зорчсон, 2017.06.23-нд орсон, 2017.07.03-нд гарсан нийт 11 хоног зорчсон, 2017.07.20-нд орсон, 2018.01.31-нд гарсан нийт 195 хоног зорчсон тэмдэглэгээтэй байв. ...Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны тэмдэг дарагдсан байх ба дардасыг cap, өдөр, хоногоор тулгахад 2017.05.13-нд Ханх-365 боомтоор гарсан, 2017.05.28-нд Ханх-363 боомтоор орсон нийт 15 хоног зорчсон, 2017.05.28-нд Ханх-362 боомтоор гарсан, 2017.05.30-нд Ханх-363 боомтоор орсон нийт 2 хоног зорчсон, 2017.05.30-нд Ханх-365 боомтоор гарсан, 2017.06.18-нд Алтанбулаг-261 боомтоор орсон нийт 19 хоног зорчсон, 2017.06.23-нд Алтанбулаг-261 боомтоор гарсан, 2017.07.03-нд Алтанбулаг-253 боомтоор орсон нийт 11 хоног зорчсон, 2017.07.20-нд Алтанбулаг-278 боомтоор гарсан, 2018.01.31-нд Алтанбулаг-263 боомтоор орсон нийт 195 хоног зорчсон байна..” гэх тэмдэглэл,

2018 оны 04 дүгээр сарын бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл: /1хх-24, 28-29, 33-36/“..Загдрагчаагийн Түмэндэмбэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5890727057 дугаарын дансны гүйлгээг авч үзлэг хийхэд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5890727057 дугаарын дансанд 5913065568 дугаарын данснаас 3,6 сая төгрөгийн орлого орсон байна. Харин тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг өгсөн Загдрагчаагийн Түмэннасангийн өөрийн банкнаас гаргаж өгсөн, түүний эзэмшлийн Хаан банкны 5913065568 дугаарын данснаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр З.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5890727057 дугаарын дансанд 3,6 сая төгрөгийн зарлага гарч орсон тогтоогдож байна. ...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаарын сарын 06-ны өдрийн хооронд утасны холболт хийгдсэн эсэхийг тогтоох зорилгоор үзлэг хийхэд 99387738 дугаарыг тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Загдрагчаагийн Түмэндэмбэрэл, 99979788 дугаарыг тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг өгсөн Загдрагчаагийн Түмэннасан нар, 99385238 дугаарыг Чойжилийн Нарантуяа нар тус тус эзэмшдэг болох нь тогтоогдож байна..” гэх тэмдэглэл, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-37-38-р хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох   мэргэжлийн   зөвлөлийн   гишүүнээр   ажиллах   шинжээчдийн   дүгнэлт, Энэхүү бурхад нь он цагийн хувьд XVIII-XIX зууны үед хамаарах ба зэсээр хөөмөлдөж, алтаар шармалдан бүтээжээ. Бурхадын үснэр /үс/, мэлмий /нүд А титэм, ээмэг, хүзүү, гар, бугалганы эрхийн зүүлт чимгүүдийн шигтгээнд өнгө будаг ялган тавьсан бөгөөд нүүр, их биеийн хэсэг алтан боронз өнгөтэй байна. Долнуур хийцийн Ногоон дара эх /зураг 1/, Аюуш /зураг 21 бурхад юм. Бүтээгдсэн он цаг хийгдсэн материал, хийцээрээ нэгэн ижил бурхад байна. Ногоон дара эх бурханы үснэрийн хар өнгийг хожим нь сэргээж шинээр тавьсан байна. Ногоон дара эх бурханы 2 мөрний цэцгэн чмэг хугарсан байна. Аюуш бурханы үснэрийн хар өнгийг, мутар /гар/-таа барьсан бумбыг улаан өнгөөр мөн адил хожим нь сэргээж шинээр тавьсан байна. Бурхадын шүншиг бүрэн.Ногоон дара эх ба Аюуш бурхад нь 200 гаруй жилийн өмнө үед бүтээгдсэн, шашин, соёлын үнэ цэнэ, ач холбогдлоороо Монгол улсын соёлын өвд хамаарна. Энэхүү Ногоон дара эх, Аюуш бурхан нь Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй. Музейнуудаас алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа соёлын өвд бүртгэгдээгүй байна. /1хх-112-113/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Оросын холбооны улсын Улан-Үдэ хотод байрлах шашны үйл ажиллагаа явуулах зориулалттай “Буддын шашны бүлгэм Ананда” хийдийн хамба лам, хохирогч Б.Эрдэнэбүрэнгийн ажлын өрөөнд нэвтэрч түүний өмчлөлийн “Аюуш”, 7 “Цагаан Дарь эх” бурханыг нууцаар, хууль бусаар авч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Эрдэнэбүрэнгийн үүсгэн байгуулсан “Буддын шашны бүлгэм Ананда” хийдэд 2017 оны 06 сараас 09 сарын хооронд хурлын лам, бариа засал, уламжлалт эмчлэгчээр ажилласан бөгөөд хамба ламын өрөөнд дээрхи бурхад байдаг, дацан хийдийн түлхүүрийг хаана нуудаг болохыг тэрээр мэддэг байсан байна. Хохирогч Б.Эрдэнэбүрэнгийн өмчлөлийн “Аюуш”, “Цагаан Дарь эх” бурхад нь өвөөгөөс нь уламжлагдан ирсэн бөгөөд 1997 оны орчим Монгол улсаас Оросын Холбооны Улсад байх гэрт аваачсан гэж мэдүүлжээ. Шүүгдэгч Ц.Б нь нууцаар авсан дээрхи бурхадыг Оросын Холбооны Улсаас Монгол улсруу хилээр нэвтрүүлж З.Түмэндэмбэрэлд 2.600.000 төгрөгөөр худалдаалсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдаж, бусдад худалдагдсан дээрхи бурхадыг хураан авч эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргаж шүүхэд ирүүлсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээний газраас “Аюуш” бурханыг 8.160.000 төгрөгөөр, “Цагаан Дарь эх” бурханыг 7.680.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр   ажиллах шинжээчдийн дүгнэлтээр энэхүү бурхад нь он цагийн хувьд XVIII-XIX зууны үед 200 гаруй жилийн өмнө бүтээгдсэн, он цаг хийгдсэн материал, хийцээрээ нэгэн ижил, зэсээр хөөмөлдөж, алтаар шармалдан бүтээгдсэн, долнуур хийцийн Цагаан дарь эх, Аюуш бурхад байсан байна. Монгол улсын соёлын өвд хамаарна. Энэхүү Ногоон дарь эх, Аюуш бурхан нь Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй. Музейнуудаас алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа соёлын өвд бүртгэгдээгүй байна гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Бын дээрхи үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял сонсгон ирүүлжээ. Шүүгдэгч Ц.Б нь гадаад улсад бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотолсон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин хулгайлагдсан эд зүйлс болох “Аюуш”, “Цагаан Дарь эх” бурхад нь түүх соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцогдож тусгайлан хамгаалсан эд зүйлс юм гэснийг нотолж тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн түүнчлэн дээрхи бурхадыг Оросын Холбооны Улсаас Монгол улсруу хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон боловч эдгээр нь Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон соёлын дурсгалт зүйл болохыг мөн нотолж тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр “Аюуш”, “Цагаан Дарь эх” бурхад нь Монгол улсын соёлын өвд хамаарна гэх боловч Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй, ямар шинжээрээ соёлын өв болж байгааг тодорхойлоогүй буюу ямар түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, соёл урлаг, шинжлэх шинжлэх ухааны үнэ цэнэ ач холбогдлоороо ямар өвийг тээж байгааг тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл хулгайлагдсан эд зүйлс болох “Аюуш”, “Цагаан Дарь эх” бурхад нь Монголчууд болон Монгол улсын хувьд соёлын өв, соёлын дурсгалт зүйл биш гагцхүү хохирогч Б.Эрдэнэбүрэнгийн хувьд өвөөгөөс нь өвлөгдөн ирсэн өв болох нь тогтоогдож байна. Хулгайлагдсан “Аюуш”, “Цагаан Дарь эх” бурхад нь түүх соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцогдож тусгайлан хамгаалсан эд зүйлс, Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хилээр нэвтрүүлэхийг хориглосон соёлын дурсгалт зүйлс биш байна гэж шүүх үзлээ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ц.Бод сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “гадаад улсад бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Эрдэнэбүрэнгээс хулгайд алдагдсан “Аюуш”, “Цагаан Дарь эх” бурхадын биетээр нь буцаан авах хүсэлтэй бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчид ямар нэгэн гомдол, саналгүй талаар, түүний хууль ёсны төлөөлөгч мөн ийм байр суурьтай байгаа талаараа мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан болохоос өмнө иргэний нэхэмжлэгч З.Түмэндэмбэрэлээс нэхэмжлэх зүйлгүй талаар баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял болох 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Цагаан дарь эх”, “Аюуш” бурханыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Довчин гүн овгийн Балжиржанцангийн Уранбилэгт /РД:ЧД63082765/ буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ц.Бод сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Өндөр овогт Цэрэндоржийн Бат-Оршихыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гадаад улсад бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Цагаан дарь эх”, “Аюуш” бурханыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Довчин гүн овгийн Балжиржанцангийн Уранбилэгт /РД:ЧД63082765/ буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР