Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/04525/И |
Дугаар | 4500 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4500
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 20-484/б тоотод оршин суух, Боржигон овогт Баярсайханы Ганбат /РД:МН91102311/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Г67-5/А байрны 18 тоотод оршин суух, Боржигон овогт Түмэнбаатарын Оюун /РД:ЧВ64032661/-д холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,289,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганбат миний бие 2015 оны 10 дугаар 21-ний өдөр Т.Оюунтай Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-15/6 тоот хаягт байрлах, 000259091 гэрчилгээний дугаартай, Ү-2202020334 тоот улсын бүртгэлийн дугаартай, 87.5 м2 талбайтай хувийн сууц, мөн хаягт орших 000107615 бүхий гэрчилгээтэй дугаартай, Г-2202011827 тоот улсын бүртгэлийн дугаартай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд хувийн сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийн урьдчилгаа 3,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 7,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөх, мөн газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийг 100 хувь банкны зээлээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тус тус тохиролцсон. Гэрээ байгуулахаас өмнө буюу 8 сарын дунд үеэр тухайн байшиндаа орж амьдарсан бөгөөд тухайн үед байшинд зарим нэг газар бага зэргийн цууралт өгсөн байсан. Энэ талаар худалдагч Т.Оюунаас “...байшин дулаахан уу, суулт өгдөгийн биш биздээ...” гэж асуухад “...цууралт нь олон жил ашигласны улмаас гарсан, барьсан хүн нь суурийг цутгахдаа далий цутгасан учраас ийм болсон, байшин бол дулаахан ямар ч асуудал байхгүй ээ...” гэж хэлсэн. Тухайн үед байшинд ороход паарнаас нь тосол гоожсон байдалтай байсан бөгөөд энэ талаар асуухад паарны тосолыг шавхсан байгаа зүгээр гэж хэлсэн. Ингээд 10 сарын дунд үеэр тухайн байшин нь тогоор халдаг байсныг нам даралтын зуухаар халдаг болгох гэж сангийн хүн авчирхад бүх паар хөлдсөн ашиглах боломжгүй гэж хэлсэн тул 3 ширхэг паарыг шинээр сольж тавьсан. Улмаар 11 сарын дунд үеэр хүйтэрч эхлэхэд ханын цууралт нэмэгдэж шаланд мөн цууралт үүссэн байснаас маш их дулаан алдаж том өрөөний хана байнга цантай байдаг болсноос тасралтгүй гал түлээд ч цууралтуудаар сийгээд гэр дулаацдаггүй байсан. Ханын цууралтыг засаж хулдаасан обой шинээр наасан боловч обойг задартал цаанаас нь цууралт өгсөн. Энэ мэтээр бид тухайн байшингаа янз бүрээр тордож амьдрах гэж үзсэн боловч хүн амьдрахад хэцүү нөхцөлтэй байсан. Миний бие 2-5 насны хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань гэр хүйтэн байснаас болж байнга ханиад хүрч бид зузаан хувцастай гэртээ суудаг болсон. Энэ талаар Т.Оюунд өөрийн биеэр ирж нөхцөл байдлыг хар гэж удаа дараа хэлж байсан боловч “...та нар галаа түлж чадахгүй байна, тавилга багатай болохоор хүйтэн санагдаж байгаа байх...” гэж тайлбар хэлдэг ба түүний хүргэн нь нэг удаа ирж үзэж байсан. Улмаар тус байшинд амьдрахад хүндрэлтэй болсон тул миний бие худалдагч Т.Оюунд “...бид нар танай байшинг авахаа болилоо. Засвар хийсэнтэй холбоотой гарсан зардлаа авахгүйгээр урьдчилгаанд өгсөн 3,000,000 төгрөгөө буцааж авъя...” гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч өөдөөс янз бүрийн тайлбар хэлдэг байсан бөгөөд бид аргагүйн эрхэнд 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүсэн. Нүүсний дараа Т.Оюун нь урьдчилгаанд өгсөн 3,000,000 төгрөгийг 2016 оны 01 сарын дундуур 2 хувааж өгье гэж надад хэлсэн. Гэтэл энэ хугацаа болоход тэрээр “...цагаан сар болох гээд мөнгөний хэрэг их байна, одоо өгөх боломжгүй байна, цагаан сарын дараа өгье...” гэж хэлсэн. Бүр сүүлдээ байшин зарагдсаны дараа мөнгийг чинь өгье гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Иймд худалдагч Т.Оюунаас урьдчилгаа төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Оюун шүүхэд өгсөн сөрөг нэхэмжлэлдээ: Т.Оюун миний бие 2015 оны 8 дугаар сард өөрийн эзэмшлийн газар болон хувийн сууцаа 35,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцон, урьдчилгаанд 3,000,000 төгрөг авсан үнэн. Гэтэл Ганбат нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газар, хувийн орон сууцыг орхиод явсан. Иймд 300,000 төгрөгөөр 4 сарыг тооцож 1,200,000 төгрөг, цахилгааны төлбөр 89,100 төгрөг нийт 1,289,100 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Зохигч талууд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээнд нэхэмжлэгч Б.Ганбатын нэхэмжилсэн 3,000,000 төгрөг нэхэмжилсэнээс 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч Т.Оюун 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, Т.Оюун сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрч, харилцан тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат нь хариуцагч Т.Оюунд холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 1,289,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ганбат 3,000,000 төгрөг нэхэмжилсэнээс 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч Т.Оюун 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, Т.Оюун сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ганбат нь 3,000,000 төгрөг нэхэмжилсэнээс 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч Т.Оюун 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч Т.Оюун сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16,475 төгрөгийг, хариуцагч Т.Оюунаас 16,475 төгрөгийг тус тус гаргуулж Б.Ганбатад олгож, хариуцагч Т.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,490 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА