Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Хохирогч Ж.Б

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Б.Ст нарт холбогдох эрүүгийн 1814000000286 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт Б.С

2. Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.С, ******* нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төв дээр иргэн Ж.Бд хурдан удмын даага зарна гэж хуурч гар утсан дээрээсээ алаг зүсмийн дааганы зургийг үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын итгэлийг урвуулан ашиглан Ж.Бгаас 2000000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

Мөн шүүгдэгч Б.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг ганга” эмийн сан дотор 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн М.Х, К.Ц нарын 5-7 еdgе, гранд 2 гар утас, пүүз зэрэг зд зүйлийг худалдан авлаа мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гэж хуурч мэхлэн 690000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Хохирогч М.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай ээжийн ажлын гадаа нь Б.Сын миний гар утсыг үзэж байгаад машин дотор миний пүүз байсан чинь би бас зарна би өмсөж байсан гэхэд өмсөж үзчихээд таарч байна авъя гээд авсан юм. Тэгээд мөнгө бол асуудал байхгүй шууд мобайлдаад орчихно гээд байсан. Надад Б.С нь надад гар утас, пүүз зэргийг худалдан аваад төлбөрийг нь мобайл банкаар шилжүүлье гэсэн бөгөөд тэр үедээ өөрөө гар утсаа оролдож байгаад за шилжүүлчихлээ гээд л гар утсаа далд хийчихсэн, надад ямар нэгэн мөнгөө шилжүүлсэн тухай мэдээлэл, мессеж зэргийг үзүүлээгүй би Баянхонгор сумын 4-7-1 тоот хашааных нь гадаа очоод хүлээгээд байсан чинь тэндээ ерөөсөө ирээгүй, тэгээд би цагдаад мэдэгдсэн юм... Би алдагдсан эд зүйлийнхээ үнэлгээг тогтоолгож дүгнэлт гаргуулахад 30,000 төгрөг, мөн Сын араас нь Өвөрхангай аймаг руу явж түүнийг олж ирэхэд би өөрөө 149,250 төгрөгийн бензин хийсэн би энэ хохирлуудаа нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 23-29/

Хохирогч К.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...намайг ажил дээрээ нэг залуу ирээд манай хүүхэд Хтай манай ажлын байрны гадаа уулзаад байсан, тэгээд удалгүй манай ажлын өрөөнд цуг орж ирээд манай хүүхэд та энэ хүнд гар утсаа үзүүл дээ гэхээр нь би түүнд Самсунг гранд 2 маркын гар утсаа үзүүлсэн чинь үзчихээд авъя гэж хэлсэн. Тэгээд та дансныхаа дугаарыг өгчих гэхээр нь би өөрийнхөө ******* ХААН банкны дансаа бичиж өгсөн тэр залуу өөрийнхөө гар утсыг оролдож байгаад мөнгө дансруу чинь орчихлоо эгчээ гүйлгээ амжилттай хийгдлээ гэж байна гэсэн, тэгэхээр нь би надад орлого ирсэн тухай гар утсанд мессеж ирдэг юм ирэхгүй байна гэсэн чинь тэр залуу ирнэ миний мобайл хааяа жаахан гацаад байдаг юм гэсэн. Тэгээд би гар утасныхаа дугаарыг өг гээд мөнгө орохгүй бол залгана гэсэн. Тэр залууг явсаных нь дараа нь араас нь залгаад нөгөө мөнгө чинь миний дансруу орохгүй байна гэсэн чиь орно, болохгүй бол би банкнаас мөнгө аваад очье та байж байгаарай гэж хэлсэн тэгээд эргэж ирээгүй, тэгээд өдөр 12:00 цагийн үед би түүнрүү утсаар ярьсан чинь би банкин дээр мөнгө авах гээд зогсож байна, мөнгө авчихаад би гэртээ оччихоод мөнгийг чинь аваад очие гэж хэлсэн, тэгээд ирээгүй тэр чигээрээ алга болчихсон. Надаас бол самсунг гранд 2 маркын гар утсыг авсан, харин манай хүүхдээс гар утас, пүүз зэргийг нь авсан. Би гар утсаа хүлээж авсан миний гар утас хэвийн зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 30-32 /

Хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2018 оын 05 дугаар сарын 17, 18-ны үеэр манай гэрт ирээд *******ын хэдэн ямаа нь манай дээр байдаг бөгөөд тэр ямаануудаа самнах гэж ирэхдээ өөрийнхөө найз залуу гээд тэр Б.С гэдэг залууг дагуулж ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрт байж 3 хонож өөрийнхөө ямааг самнасан. Манайд байхдаа Б.С гэдэг залуу нь өөрийнхөө гар утсан дээрээс адууны зургуудыг манай хүүхэд Ж.Бэд үзүүлээд, манайх 800 гаад адуутай, манай гэр Улаанбаатар хотын Өлзийт хороололд байдаг гээд яриад байсан. Тэгсэн чинь манай хүүхэд Ж.Бэ гар утсан дээрх зургуудаас нь харж байгаад нэг цоохор зүсмийн даагыг сонирхоод надад зургийг нь үзүүлсэн. Тэгээд *******, ******* хоёр манайд ямаагаа самнаж дуусаад Баян-Өндөр сумын төврүү явсан. Тэгээд хэд хоногийн дараа би ноолуураа тушаах гэж Баян-Өндөр сумын төвд очиход манай сумын төвд байдаг гэрт Б.С, ******* хоёр хамт ирээд ******* нь нөгөө даага чинь аймаг дээр ирчихсэн байгаа одоо нааш нь авахуулъя, зардал мөнгө төгрөгийн хэрэг болоод байна гэж ярьж байсан бэлнэр 2000000 төгрөгийг *******, ******* хоёрт өгөөд явуулсан. Тэгээд тэрнээс хойш тэр чигээрээ алга болчихсон, одоог хүртэл 2.000.000 төгрөгөө ч олж чадаагүй, даагыг нь ч олж авч чадаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 92-95, 205-207 /

Шүүгдэгч *******чрал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

.. Ж.Б ахынд манай хэдэн ямаа байдаг. Тэнд очиж ямаагаа самнах гээд Б.Стай цуг хөдөө явсан. Б.С утсан дээрх нэг зургийг манай Ж.Б ахын хүүхдэд үзүүлсэн. Тэр даагыг зарна гэж хэлсэн тэгээд ямаагаа самначихаад сумдаа ирээд 2, 3 хонож байсан чинь Ж.Б ах хөдөөнөөс ирсэн очиж даагыг авна даага нь одоо Баянхонгор аймагт ирчихсэн байгаа гээд Ж.Б ахаас 2.000.000 төгрөг бэлэн авсан. Тэгээд надад 1.000.000 төгрөг өгсөн. 1 саяыг нь Баянхонгор аймагруу явахдаа авч явсан. Адууг нь үзүүлчихлээ гээд Баруун бүсээс утас авах гэж байна надад мөнгөний хэрэг гараад байна гээд 400.000 төгрөг надаас авсан. Надад 600.000 төгрөг үлдсэн. Баянхонгор аймгаас буцаж суманд ирчихээд эмээгийн бие муудаад байна гээд Улаанбаатарт очсон. Би араас нь Б.С дээр очоод 600.000 төгрөгийг өгөөд захаас бид 2 юм авсан. Б.С өөртөө эд зүйлс надад нэг пүүз, гар утасны гэр авч өгсөн тэгээд бид хоёр Хэнтий аймагт очсон. Б.С Хэнтий аймагт адуу маллах гэж байгаа гээд сарын 300.000 төгрөгөөр цалинждаг гээд цуг явсан. Тэгээд тэнд нь очоод сар гаран нэг айлын адуу малласан. Б.Сыг хурдан удмын морьтой гэдгийг би мэдээгүй. Хэнтий аймагт байгаа хүмүүст худлаа ярьж байгаа юм гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Манай хэдэн ямаа манай аавын төрсөн дүүгийн нөхөр болох Ж.Б ахынд байдаг бөгөөд тэр ямаануудаа самнах гэж Б.С бид хоёр хамт очсон. Тэднийд байж байхад Б.С нь өөрийнхөө гар утсан дээр байгаа адуунуудын зургийг нь түүний хүүхэд болох Б.Бэд үзүүлээд өөрийгөө тод манлай ******* Энхболдын дүү гэж танилцуулаад манайх хурдан морьтой, хурдан мориноос зарна гээд Б.Бэтэй мориныхоо талаар ярилцаж нэг цоохор зүсмийн даагын нь худалдаж авахаар болж аав Ж.Бтай нь Б.С ярилцаж тохирсон. Б.С бид хоёр Баян-Өндөр сумын төв дээр ирээд манайд байж байхад хэд хоногийн дараа ньЖ. Б ах Баян-Өндөр сумын төвд ирчихсэн гэж сонсоод С адууныхаа урьдчилгаа мөнгийг нь авая гээд Б ахын гэрт нь очиж уулзаад Ж.Б ах 2,000,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Тэгээд С бид хоёр мөнгийг нь авч тэр өдрөө 1,000,000 төгрөгийг нь ХААН банк дахь миний 5231079302 гэсэн дансруу хийгээд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нь Б.С өөрөө авсан. Тэгээд тэр мөнгө авсан өдрөө орой нь С аймагт адуу ирчихсэн гээд аймаг руу ганцаараа явсан. Маргааш нь өглөө надруу утсаар яриад энд адуу ирчихсэн байна би ахындаа хоносон, өдөр тийшээ Бийг дагуулаад адууг нь үзүүлнэ гэж ярьсан. Гар утас авах гэсэн чинь мөнгө дутаад байна гээд тэр гар утас зарах гэж байгаа хүнийхээ дансны дугаарыг надруу явуулсан. Тэгээд би тэр дансруу нь өөрийнхөө данснаас 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд жаахан байж байгаад нөгөө гар утсаа авлаа гэж ярьсан. Тэгээд маргааш нь сумруу явах гэж байна гээд эргээд тэр оройдоо Баян-Өндөр суманд ирсэн. Б.Сыг ирсэнийх нь маргааш нь Бэ нь надруу утсаар яриад Б.С ах чинь надад адуу үзүүлсэнгүй худлаа яриад байна гэхээр нь би Б.Ст адууг нь үзүүлээгүй юм уу гэсэн чинь үзүүлсэн гэж хэлсэн. Б.С нь эмээгийн бие муудлаа гээд Улаанбаатар хотруу яваад араас намайг аргалаад хүрээд ирээрэй гэж дуудсан. Тэгээд би 2 хоногийн дараа нь Улаанбаатар хотод очиж Б.Стай уулзаад 1,000,000 төгрөгнөөс үлдсэн байсан 600,000 төгрөгийг нь данснаасаа аваад бэлнээр нь шууд өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 127-131/

Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... *******ын хамт ахынх гэх Ж.Б гэдэг айлруу ямааг нь самнах гээд очоод ямааг самнаад хэд хоносон Тэгээд ******* миний гар утсыг үзэж байхад нь Б.Бэ нь нэг цоохор дааганы зургийг үзчихээд зарах уу гэж надаас асуухаар нь сайн мэдэхгүй байна, эзнээс нь асууя гэж хэлсэн. Тэгээд ******* надад мөнгөний хэрэг байна чи Баясаа ахынх руу яриад тэр даагыг нь эзнээс нь асуулаа 3,000,000 төгрөгөөр зарна гэж байна бэлэн мөнгөөр 2,000,000 төгрөгөнд зарна гэж байна хэлээтэх гэхээр нь ах Ж.Бтай утсаар яриад 2,000,000 төгргөөр зарна гэж хэлсэн. Тэгээд У надад аймагт манай ах адуугаа аваад ирчихсэн байгаа гэж хэлээд 2,000,000 төгрөг надад авч өгчихөөд яваа гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сумын төвд Ж.Б ах сумын төвд ирчихсэн гэж хэлсэн ******* бид хоёр очиж уулзаад би тэр Ж.Б ахад нь даагыг удахгүй авчирч өгнө гэж хэлээд урьдчилгаа мөнгөө 2,000,000 төгрөгийг нь аваад *******ад бүгдийг нь өгсөн.. Би аймаг явахдаа *******аас 65,000 төгрөг л авсан, өөр мөнгө ерөөсөө аваагүй. Тэгээд аймагт ирээд Ж.Б гэдэг хүний хүүхэд Ж.Бат- Эрдэнэтэй би уулзаад даагыг нь манай ах одоо авч ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Баруун бүсийн худалдааны төв дээр явж байгаад Самсунг 56 маркийн гар утас 250,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь ******* тэр гар утас зарж байгаа хүний дансруу нь шилжүүлсэн. У нь тэр үедээ гар утас зарж байгаа хүний дансруу нь 400,000 төгрөг шилжүүлсэн ба 250,000 төгрөгийг нь тэр гар утас зарж байгаа хүн аваад үлдэгдэл 150,000 төгрөгийг нь би авсан. Би тэр цоохор зүсмийн дааганы зургийг нь пэйсбүүк дээрээс өөрийн гар утсандаа татаж суулгасан байсан, би тэр адууг хэний адуу гэдгийг нь мэдэхгүй *******ад 2,000,000 төгрөгийг нь бүгдийг нь өгсөн. Улаанбаатар хотод очоод ******* надад ерөөсөө 600,000 төгрөг өгөөгүй.

...2018 оны 10 дугаар сарын 16- ны өдрийн өглөө 11:30 цагийн үед Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн хажуу талын эмийн сан дээр очиж М.Хтай уулзаад нөгөө урьд өдөр нь үзсэн гар утсаа 320,000 төгрөгөөр худалдан авахаар болоод мөнгийг нь би гар утасныхаа мобайл банкаар шилжүүлэх гэсэн чинь миний гар утас болохгүй байсан, М.Хтай эмийн сан дотор түүний ээж нь гээд нэг хүн байсан ба нэг Самсунг гранд 2 маркийн гар утас 120,000 төгрөгөөр зарна гэхээр нь худалдан авахаар болсон. Тэгээд ээжтэй нь ярилцаад байж байсан чинь Х нь бас өөрийнхөө нэг пүүзийг зарна гэхэд 250,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд би тэр пүүзийг нь ч гэсэн 250,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд мөнгийг нь би мобайл банкаар шилжүүлж өгөх гэсэн чинь миний гар утсны мобайл банк ажиллахгүй байхаар нь би банкнаас аваад мөнгийг чинь өгье гээд 2 ширхэг гар утас, нэг хос пүүз зэргийг аваад М.Хыг 4-7-1 тоотод очиж бай хэлчихээд би ганцаараа ХААН банкин дээр очоод байсан чинь цайны цаг нь болчихсон. Тэгээд би М.Хаас өмнө нь Улаанбаатар хот руу явах гээд автобусны билет бичүүлчихсэн байсан ба Х руу утсаар яриад би хотод очиж байгаад мөнгийг чинь шилжүүлье гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 59-61, 140-145/

Гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... тэр өдөр нь М.Х нь манай гэрийн гадаа ирээд эхлээд Б.Стай уулзчихаад эргэж манайд ороод ирэхээр нь би гадаа гараад Хтай уулзаж жаахан юм ярьж байгаад тэгээд явсан. Тэгээд маргааш нь би үдээс өмнө М.Хтай утсаар ярьсан чинь гар утсаа танай ахад зарсан гэж хэлсэн, би мөнгө төгрөгийг нь өгсөн мобайлдчихсан гэж хэлсэн, тэгэхээр нь би мөнгө нь дансруу чинь орсон уу гэхэд чинь мөнгө нь ороогүй гэсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 38-41/

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... манайд байхдаа тэр Б.С гэдэг залуу нь манай ах морь уядаг, би ч гэсэн морь уядаг гээд надад өөрийнхөө гар утсан дээрээс нэг цоохор дааганы зураг үзүүлэхээр нь би тэрийг нь сонирхоод зарах уу гэхэд 3,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэр Б.С надад хэлэхдээ энэ даага нь Улаанбаатар хотын Өлзийт хороололд байгаа авбал ав авчираад өгнө гэж надад хэлсэн. Тэгээд үнэ тохирчихоод *******, Б.С хоёр Баян-Өндөр сумруу явсан. Тэгээд намайг аймагт ирээд удаагүй байхад тэрБ.С өөрөө надруу утсаар яриад нөгөө цоохор даагыг чинь манай ах аваад Баянхонгор аймагт ирчихсэн байгаа гэж надад хэлсэн, тэгээд үүний дараа нь манай ааваас 2,000,000 төгрөг авсан байсан, тэгээд удалгүй тэр чигээрээ алга болчихсон гэсэн. Тэгээд аймагт намайг байхад 2018 оны 05 дугаар сарын сүүлээр манай ааваас мөнгө авсанаасаа хойш над дээр ирж уулзаад танайд зарах даага Галуут суманд ирчихсэн байгаа, Галуут суманд наадам болох гээд тэр наадамд уралдуулах гээд аваад ирсэн гэж хэлсэн. Бас намайг тэр наадамдаа авч явна гэж хэлсэн, тэгээд би явахыг нь хүлээгээд байж байсан чинь надруу утсаар яриад тэр наадам зохиох гэж байсан айлд нь ажил явдал гараад наадам нь хойшлогдчихлоо гэж хэлсэн. Тэгээд надтай хамт гадуур гарч явж байгаад Баруун бүсийн худалдааны төв дээр явж байгаад нэг гар утас зардаг лангуунаас Самсунг S 6 маркийн гар утас худалдан аваад мөнгийг нь Баян-Өндөр сумаас ******* эгч тэр гар утас зардаг хүний дансруу нь мөнгө шилжүүлсэн. Би яг хэдэн төгрөг шилжүүлсэнийг нь би мэдээгүй ээ...гэх мэдүүлэг/хх-ийн 102-106 /

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн № 256 дугаар “... эд зүйлсийг 690000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 44-45/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 52-55, 123-124, 135-136/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, шүүгдэгч Б.С, ******* нарын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-82, 84-89/, шүүгдэгч Б.С, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 147, 154 /, шүүгдэгч Б.Сумъяабазрын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1244 тоот тодорхойлолт /хх-ийн 65/, шүүгдэгч *******ын Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 224 тоот тодорхойлолт /хх-ийн 149/, шүүгдэгч Б.Сын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 153/, шүүгдэгч Б.С, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх шалгах хуудас /хх-ийн 66, 150/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Б.С, ******* нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төв дээр иргэн Ж.Бд хурдан удмын даага зарна гэж хуурч гар утсан дээрээсээ алаг зүсмийн дааганы зургийг үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын итгэлийг урвуулан ашиглан Ж.Бгаас 2000000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

Мөн шүүгдэгч Б.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг ганга” эмийн сан дотор 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн М.Х, К.Ц нарын еdgе, гранд 2 гар утас, пүүз зэрэг зд зүйлийг худалдан авлаа мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гэж хуурч мэхлэн 690000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын... Б.С утсан дээрх нэг зургийг манай Ж.Б ахын хүүхдэд үзүүлсэн. Тэр даагыг зарна гэж хэлсэн тэгээд ямаагаа самначихаад сумдаа ирээд 2, 3 хонож байсан чинь Ж.Б ах хөдөөнөөс ирсэн очиж даагыг авна даага нь одоо Баянхонгор аймагт ирчихсэн байгаа гээд Ж.Б ахаас 2.000.000 төгрөг бэлэн авсан... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Сын... ******* миний гар утсыг үзэж байхад нь Б.Бэ нь нэг цоохор дааганы зургийг үзчихээд надаас асуухаар нь сайн мэдэхгүй эзнээс нь асууя гэж хэлсэн,...ах Ж.Бтай утсаар яриад 2,000,000 төгргөөр зарна гэж хэлсэн. Тэгээд ******* надад аймагт манай ах адуугаа аваад ирчихсэн байгаа гэж хэлээд 2,000,000 төгрөг надад авч өгчихөөд яваа гэж хэлсэн

Хохирогч М.Х ... ээжийн ажлын гадаа нь Б.С миний гар утас, пүүз зэргийг худалдан аваад төлбөрийг нь мобайл банкаар шилжүүлье гэхэд гар утсаа оролдож байгаад шилжүүлчихлээ гээд л гар утсаа далд хийчихсэн, надад ямар нэгэн мөнгөө шилжүүлсэн тухай мэдээлэл, мессеж зэргийг үзүүлээгүй … гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 23-29 /,

хохирогч К.Цгийн ... нэг залуу ирээд манай хүүхэд М.Хтай ажлын байрны гадаа уулзаад байсан, удалгүй манай ажлын өрөөнд цуг орж ирээд гар утсаа үзүүл гэхээр нь би түүнд Самсунг гранд 2 маркын гар утсаа үзүүлсэн чинь авъя гэж хэлсэн. өөрийнхөө ******* ХААН банкны дансаа бичиж өгсөн тэр залуу өөрийнхөө гар утсыг оролдож байгаад мөнгө дансруу чинь орчихлоо эгчээ гүйлгээ амжилттай хийгдлээ гзж байна гэсэн, би гар утсаа хүлээж авсан миний гар утас хэвийн зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 30-32 /

хохирогч Ж.Бгийн.... Б.С гэдэг залуу нь өөрийнхөө гар утсан дээрээс адууны зургуудыг манай хүүхэд Б.Бэд үзүүлсэн, би гэртээ бэлэн байсан 2000000 төгрөгийг *******, ******* хоёрт өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 92-95, 205-207 /

гэрч Б.Оын ... би үдээс өмнө М.Хтай утсаар ярихад гар утсаа танай ахад зарсан гэж хэлсэн, би мөнгө нь дансруу чинь орсон юм уу гэсэн чинь мөнгө нь ороогүй гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 /

гэрч Г.Бийн ... Б.С нь манай ах морь уядаг, би ч гэсэн морь уядаг гээд надад өөрийнхөө гар утсан дээрээс нэг цоохор дааганы зураг үзүүлэхээр нь би тэрийг нь сонирхоод Б.С 3,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. С өөрөө надруу утсаар яриад нөгөө цоохор даагыг чинь манай ах аваад Баянхонгор аймагт ирчихсэн байгаа гэж надад хэлсэн, дараа нь манай ааваас 2,000,000 төгрөг авсан байсан, тэгээд удалгүй тэр чигээрээ алга болчихсон гэсэн …гэх мэдүүлэг /хх-ийн 102-106/

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн № 256 дугаар “... эд зүйлсийг 690000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 44-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаад нотлогдон тогтоодож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Б.С, ******* нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 66, 150/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б. Б.С нь хохирогч М.Хт гар утас, пүүз, хохирогч К.Цд Самсунг гранд гранд 2 гар утсыг нь биет байдлаар буцаан өгсөн, хохирогч М.Хын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилсэн бензины зардал 149250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, харин шүүгдэгч Б.Саас 630.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бд дааганы үнэ 600.000 төгрөг, хохирогч К.Цд эд зүйл үнэлсэн шинжээчийн төлбөр 30.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ж.Бд дааганы үнэ 1400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Уг гэмт хэргийн хохирогч М.Хын гар утас, пүүз, хохирогч К.Цгийн Самсунг гранд гранд 2 гар утас алдагдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Б.С, ******* нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй

Шүүгдэгч Б.С, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийг шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч ******* нь 5 сартай жирэмсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэй хяналтын карт, эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүний эрүүл мэнд, хэвлийн дэх ургийн хэвийн нөхцөлд өсөж торних боломжийг бүрдүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******чралын эзэмшлийн ... панасоник маркийн 32 инчийн зурагт ...-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ад буцаан олгож, шүүгдэгч Б.Сын эзэмшлийн.... 4 тооны ямааг.... битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж хохиролд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******, ******* овогт Б.С нарыг бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Сыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Сын цагдан хоригдсон 38 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч Б.Саас 630.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Бд 600.000 төгрөг, хохирогч К.Цд 30.000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогч М.Хын нэхэмжилсэн 179.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******чралын эзэмшлийн ... панасоник маркийн 32 инчийн зурагт ...-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ад буцаан олгож, шүүгдэгч Б.Сын эзэмшлийн... 4 тооны ямааг... битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж хохиролд тооцсугай.   

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Ст хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ст авсан цагдан хорих, шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА