Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00356/И |
Дугаар | 556 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 556
2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2016/00556 | Төв аймаг |
Зохигчид эвлэрсэнийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргалан сум, 3 дугаар баг, Эрдэнэ нүдэн гудамж, 5 байр, 4 тоотод оршин суух Есөн мэргэд овогт Бадамын Дагвасүрэн /РД:НЕ84073176/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 985218 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Бадам овогтой Дагвасүрэн нь Төв аймгийн Баянжаргалан сумын засаг даргын тамгын газарт операторч /галч/-ийн ажлыг 2007 оноос хойш 8 жил гаруй хийсэн. 2016 оны 1 сарын 04-ний өдөр ээлжтэй байхад ажилчдын хурал хийж зарим нэг хүмүүсийг орон тооны цомхтголд оруулж байгаа гээд ажилчдаас санал хураалт явуулаад халсан. ЗДТГ-ын дарга Н.Энхцэцэг нь намайг ажлаас халахдаа намайг Соёлын төвд галчийн ажилд оруулж өгнө гэсэн. Гэтэл бүтэн 3 сарын хугацааг өнгөрөхөд ажилд оруулж өгсөнгүй өдий хүрлээ. ЗДТГ-ын тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн надад ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг олгоогүй. Миний ээж Н.Энхцэцэг даргаас тэтгэмжийн талаар утсаар ярихад төсөв мөнгө хүрэлцэхгүй тул олгохгүй гэсэн юм. Хуулиндаа тэтгэмж олгоно гэж заасан мөртлөө яагаад олгодоггүй юм бол байгууллагын даргын үзэмж юм уу. Иймд намайг ажилд маань эргүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 985.218 төгрөгийг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймаг, Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие Бадам овогтой Дагвасүрэнгийн нэхэмжлэлтэй танилцсан. 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өөрийн биеэр Б.Дагвасүрэнтэй уулзаж ярилцсан. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр операторчны ажилд нь эгүүлэн авахаар тохиролцож бид 2 эвлэрсэн. Аймгийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/536 тоот сумын Засаг даргын бүтэц орон тоог батлах тухай захирамжийн 4.1-д гэрээт ажилчдыг цалингийн санд нь багтаан ажиллуул гэсний дагуу Б.Дагвасүрэнг 2016 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр ажлаас нь хамт олных нь санлаар чөлөөлж, Соёлын төвийн галчийн сул орон тоонд ажиллуулах хүсэлтийг байгууллагын дарга Э.Хонгорт уламжилсан боловч Э.Хонгор нь хувийн шалтгаанаас болж Б.Дагвасүрэнг ажилд аваагүй юм. 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Аймгийн Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг, санхүү төрийн сангийн ахлах мэргэжилтэн Ч.Цэцэгсүрэн нараас хуулийн зөвлөгөө авахад цалингийн сан хүрэлцэхгүй, тэтгэмж өгөх боломжгүй гэрээт ажилчдаа цалингийн санд нь багтаан, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан Засгийн газрын 2015 оны төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай 147 дугаар тогтоолын дагуу операторч үйлчлэгч нараа шатлалаар нь биш тогтмол цалингаар цалинжуулж ажиллуул гэсэн. Иймээс Б.Дагвасүрэнтэй ярилцаж ажилгүй байсан хугацааны цалинг өгөх боломжгүй, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд нь эгүүлэн авахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Давгасүрэн нь Төв аймаг, Баянжаргалан сумын Засаг даргад холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 985.218 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Дагвасүрэн нь нэхэмжлэлийн зарим хэсэг ажилгүй байсан хугацааны цалин 985218 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Төв аймаг, Баянжаргалан сумын Засаг дарга нь Б.Дагвасүрэнг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн авахаар тохиролцож эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулсан байна. /хх /
Зохигчдын дээрх эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан зохигч эвлэрсэн гэж үзэж, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Дагвасүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Нэхэмжлэгч Б.Дагвасүрэн нь нэхэмжлэлийн зарим хэсэг ажилгүй байсан хугацааны цалин 985.218 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Төв аймаг, Баянжаргалан сумын Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Б.Дагвасүрэнг өмнөх ажилд нь эгүүлэн авахаар тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Дагвасүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ