Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/03850/И |
Дугаар | 4415 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 4415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Урт булаг 11 дүгээр хороолол, 16/Б-25 тоотод оршин суух, Иөншөбү овогт Эрдэнэбатын Болороо /РД:88120607//-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 86/2-77 тоотод оршин суух, Цагаан соён дэлэг овогт Баасанхүүгийн Эрдэнэбаяр /РД:ТГ86030671/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Болороо шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Болороо миний бие Б.Эрдэнэбаяртай 2007 онд танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 109 дугаарт бүртгэгдэж гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүү Э.Тэмүүлэн төрсөн. Бид гэрлэлтээ батлуулснаас хойш 8 жилийн хугацаанд бид хамт амьдарч байгаагүй тусдаа байсан. Хүү Э.Тэмүүлэн төрөхөд Б.Эрдэнэбаяр ОХУ-д сурдаг байсан. 7-12 сард сургуулийн амралтаараа ирэхдээ эхний 2 жилд хүү бид хоёртой уулзсан болоод буцдаг байсан. Сүүлдээ ирэхээ больж холбоо тасарсан. Энэ хугацаанд хүүдээ анхаарал тавьж, аав хүний үүргийг биелүүлж байгаагүй. 2012 оноос хойш ямар ч сураггүй болж огт холбоогүй болсон. Энэ 8 жилд хүүгээ өвдөж, уйлах, баярлахад нь би ганцаараа хүүгийнхээ хажууд байсан. Миний аав ээж хүүгийн аавын үүргийг гүйцэтгэж байдаг байсан. Б.Эрдэнэбаяр бид хоёрын хувьд гэрлэлтийн баталгаан дээр эхнэр нөхөр гэсэн бүртгэл байгаагаас өөр ямар ч холбоо байхгүй. Миний бие 2015 оноос хойш өөр хүнтэй амьдарч байгаа бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд төрүүлсэн. Б.Эрдэнэбаяр бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Э.Тэмүүлэнг миний асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2007 онд танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2009 онд хүү Э.Тэмүүлэн төрсөн. Би ОХУ-н ОМСК хотын их сургуульд 6 жил сурсан. Тэр хугацаандаа өвөл 14 хоног амраад Монгол руу ирэх гэж вагонд олон хоногийн хугацаа алддаг байсан учраас ойр ойрхон эхнэр хүүхэд дээрээ ирж чадаагүй. Зун амраад 1 сарын хугацаанд л Монголд байдаг байсан. Би хүүхдийнхээ төлөө цаашдын амьдралынхаа төлөө сургуульд сурсан. Надад гэр бүлээс гадуур харилцаа байхгүй ба одоо ч ганцаараа амьдардаг. Э.Болороо хүүхэдтэйгээ уулзах боломжийг надад олгоогүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Болороо нь хариуцагч Б.Эрдэнэбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Э.Болороо, Б.Эрдэнэбаяр нар 2007 онд танилцаж, улмаар 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2009 оны 06 дугаар сарын 01-нд хүү Э.Тэмүүлэнг төрүүлсэн болох нь Г-109 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/, Г-1058 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
“Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, 7 жил тусдаа амьдарсан, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгожээ.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй, нэхэмжлэгч Э.Болороо нь өөр хүнтэй хамтран амьдарч тэдний дундаас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү төрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хүү Э.Тэмүүлэн нь эх Э.Болороогийн хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Тэмүүлэнг эх Э.Болороогийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Болороо нь эцэг Б.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Иөншөбү овогт Эрдэнэбатын Болороо, Цагаан соён дэлэг овогт Баасанхүүгийн Эрдэнэбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Тэмүүлэнг эх Э.Болороогийн асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Э.Болороо нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Болороод олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА