Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00777

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00777

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00765 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт нийт 155,257,806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2020 оны 01 сарын 17-ны өдөр ЗЗБХ-10/2022 ДА-26/22 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ-г байгуулж, БНСУ-аас Хятадын Тяньжин боомтоор дамжуулан Улаанбаатарт OOCU878208-8/40, UETU5943415/40, CSNU652966-6/40, OOCU85816-4/40, TGBU871237-3, CCLU736624-6/40, TCNU226667-5/40 дугаар чингэлэг бүхий ачааг Хонгконгоос Монгол Улс, Улаанбаатар чиглэлд тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ үйл ажиллагааны хүрээнд ачаа, бараагаа шуурхай тээвэрлүүлэхийн тулд зуучлуулагч нь тээвэрлэгчийн шаардаж буй хөлсийг түргэн хугацаанд төлөх зайлшгүй шаардлагатай байдаг. Хариуцагч тээвэрлэгчийн шаардсан төлбөр хөлсийг цаг тухай бүрт нь төлөөгүйн улмаас ачаа бараа саатах шалтгаан бий болсон. Манай компаниас тээврийн хөлс болон бусад зардлыг өөрсдийн зүгээс санхүүжүүлж, өөр тээвэрлэлтийн компанитай хамтран захиалгыг бүрэн билжүүлж ачааг хүргэн өгсөн юм. Гэтэл М ХХК нь тээвэр зуучлалын хөлсийг төлөөгүй, түүнчлэн ачааг Монгол улсад авчирсны дараа агуулах дүүрсэн шалтгаанаар хүлээж авахгүй удааж нэмэлт чингэлгийн түрээс буюу ашиглалтын зардал нэмэгдэж бодогдон манай компанид хохирол учруулсан. Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 4.4-д ...хэтэрсэн хоног тутамд ... 0.5 хувиар зуучид алданги төлнө гэж заасан. Иймд тээвэрлэлтийн үйлчилгээний төлбөр 17,910 ам.доллар буюу 3,470.54 төгрөгөөр тооцоход 62,157,371 төгрөг, нэмэлт зардал 41,347,833 төгрөг, алданги 51,752,602 төгрөг, нийт 155,257,806 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус компани нь нэхэмжлэлд дурдсан тээврийн төлбөр 17,910 ам.долларыг 2022 оны 09 сарын 20-ны өдрийн ханшаар тооцон нийт 58,456,628 төгрөгийг П ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. П ХХК анх манай компанийн ачааг нэмэлт төлбөртэй 40 хоногт багтаан тээвэрлэлтийн хугацаа саатах давагдашгүй хүчин зүйл байхгүйгээр тээвэрлэн хүлээлгэж өгөх амлалтыг өгсөн ба гэрээ байгуулах үед 55-65 хоногт ачааг хүлээлгэн өгөхөөр тохирч гэрээг баталгаажуулсан. Гэвч 2022 оны 02 сарын 23-ны өдөр гарсан ачаа 2022 оны 04 сарын 29-ний өдөр ирэх байсан ч 2022 оны 09 сарын 06-ны өдөр хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Манай компанийн хувьд тээврийн хөлсийг гэрээний 4.2-т заасны дагуу ачаа ирсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор нэхэмжлэхийг үндэслэн төлөхөөр тохирсны дагуу төлбөрийг шилжүүлсэн тул тээвэрлэгчийн шаардсан тээврийн хөлсийг цаг тухайд нь төлөөгүйн улмаас ачаа саатсан нөхцөл байдал байхгүй. Гэрээний хавсралт дахь тээврийн үнийн саналд тусгаснаар гаалийн талбайн зардал, түрээс зэрэг зардлууд нь тээврийн үнийн дүнд багтсан зардал тул манайх төлөх үндэслэлгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 82,831,288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 72,426,518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,092,480 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 572,106 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан Зуучлалын гэрээ гэж зөв дүгнэсэн бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч П ХХК нь захиалагчийн захиалгын дагуу тээвэрлэгчтэй холбогдож түүний өмнөөс захиалсан ачааг Улаанбаатар хотод авч ирэх, харин хариуцагч М ХХК нь гэрээнд заасан үнийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Ийнхүү нэхэмжлэгч П ХХК нь БНСУ-ын Бусан хотоос захиалагчийн захиалгын дагуу 40 тоннын 6 чингэлэг бүхий ачааг ямар нэг гэмтэл, доголдолгүй Улаанбаатар хотод авч ирж хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч хариуцагч нь захиалга бүхий чингэлэг ачааг Монгол Улсад ирсэн үед буюу 2022 оны 07 сарын 21-ний өдөр Манай агуулах бараагаар дүүрсэн шалтгаанаар шууд хүлээн авахаас татгалзаж, хугацаа хожимдуулж байсан нь талуудын илгээсэн цахим шуудан болон Б.Ц-гийн гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

4.2.  Иргэний хуулийн 223 дугаар зуйлийн 223.1, 224 дүгээр зүйлийн 224.1-д заасныг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаагаа хэтрүүлсэн хариуцагчийн өмнөөс 6 чингэлэг ачааны гаалийн хяналтын бүс дэх чингэлэг түрээс, ариутгал, зөөвөрлөлт, талбайн зардлыг бид өөрсдөө төлж барагдуулсан. Тээвэр зуучлалын үйлчилгээний 10-2022 ДА-26/22 дугаартай гэрээний дагуу П ХХК нь зуучийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үйлчлүүлэгчийн захиалгат ачааг БНХАУ-д үүсээд байсан цар тахлын нөхцөл байдлыг харгалзан боломжит богино хугацаанд нэвтрүүлж хүлээлгэн өгсөн боловч М ХХК нь гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх, ачаа барааг хүлээн авах үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хоцроон хүлээн авсан буруутай үйл ажиллагаагаа одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй биднийг хохироож байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагчаас тээврийн хөлс, түрээс чингэлгийн төлбөр болон хугацаа хэтрүүлсний алдангийг бүхэлд гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу 55-65 хоногийн хугацаанд тээврээ ирүүлээгүй. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байж алданги шаардсан нь үндэслэлгүй гэжээ.

6. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг хавсралт-2-т тээврийн замналыг Бусан-УБ хүртэл байхаар тодорхойлж, үйлчлүүлэгчийн ачааны тээвэрлэлтийн хугацаа ачаа хөдөлснөөс хойш 55-65 хоног байхаар тогтоож, гэрээний 4.2, 4.3-т зохицуулсан. Шүүх гэрээний агуулгыг тодорхойлохдоо үндсэн нөхцөл болох тээвэрлэлтийн 55-65 хоногийн хугацаа, гэрээ хэрэгжих гол тохиролцоо болох нэхэмжлэл бичих, тооцоо бичигдсэн акт гаргах зэрэг зууч талын үндсэн үүргийг орхигдуулж дүгнэлт хийсэн нь цаашид талуудын маргааны агуулгыг тодорхойлж шийдвэр гаргахад шүүхээс алдаа хийх гол нөхцөлийг бүрдүүлжээ.

6.2.  Ачааг Улаанбаатарт тээвэрлэн ирүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд талууд хэн алиныгаа буруутгаж байгаа асуудлаар талуудын хооронд маргаантай, ялангуяа хариуцагчаас зуучлагчийг гэрээнд тохирсон 65 хоногийн хугацаандаа барааг ирүүлээгүй, бараа бүтээгдэхүүнийг түүний баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх, зардлыг баталгаажуулсан тооцоо нийлсэн акт бүхий нэхэмжлэлээ 15 хоногийн дотор ирүүлээгүй талаар маргаж, бодит баримт, үйл явдлаар нотолж байгаа нь гэрээнд зааснаар үйлчлүүлэгчид ачааг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй болгож байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэдгээ нотлох үүргийг хүлээх тул нөгөө талаасаа мөн үүрэг хүлээн авснаа нотлох баримтыг гаргуулах эрхтэй. Гэрээгээр тохирсон төлбөрийг нэхэмжлэгч (үүрэг гүйцэтгэгч) шууд шаардах эрх байхгүй бөгөөд гэм буруу, хариуцлагыг тооцсоны үндсэн дээр төлбөр шаардах эрхтэй болно. Дээр дурдсан шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд зөвшөөрөх боломжгүй юм.

6.3.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ...И ХХК-ийн талбайг ашиглаж, Б ХХК-ийн чингэлгийг түрээсэлж байсан... гэж дүгнэлт хийсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтууд болно. Учир нь, шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т зааснаас үзвэл үзлэгээр баталгаажуулаагүй шаардлага хангаагүй баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

6.4.  Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ...талуудын байгуулсан гэрээний 2.6-д заасантай нийцсэн байна... гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болно. Талуудын хооронд байгуулсан Тээвэр зуучийн гэрээ-ний 3.1.11-д заасны дагуу талууд харилцан тооцоо нийлж баталгаажуулах учиртай байсан. Гэтэл П ХХК-иас нэмэлт зардлын талаар тооцоо ирүүлээгүй бөгөөд 2022 оны 09 сарын 05-ны өдрийн нэхэмжлэхдээ зөвхөн тээврийн хөлсийг тусгасан. Иймд тухайн нөхцөлд харилцан тооцоо нийлэх шаардлага гараагүй. Тухайн цаг хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид хандан ачааг хэзээ ирэх талаар удаа дараа лавлаж, хурдан шуурхай авчруулахаар мэдэгдэл, шаардлага гаргаж байсан нь нотлох баримтаар авагдсан.

6.5.  Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д нэмэлт зардалд гэрээний үнийн саналд зааснаас бусад зардал тооцогдоно. Үүний дагуу хавсралт-2, тээврийн үнийн саналд тээвэрлэлтийн үнийн дүнд багтсан зардлуудын жагсаалтыг баталгаажуулсан. Тус зардал нь ачааг тээвэрлэх явцад тогтмол гардаг учир талууд тээврийн зардалдаа оруулж тооцсон болно. Гэтэл шүүх дурдсан зардлуудыг нэмэлт зардалд оруулан тооцож 5,143,160 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.6.  Хэрэгт өгсөн Т ХХК-тай байгуулсан 2022 оны 09 сарын 22-ны өдрийн гэрээтэй хамааралтай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г шүүх 2022 оны 01 сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээнд хамааруулж, 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс 2022 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тээвэрлэгдэж Улаанбаатарт ирсэн ачаанд нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Учир нь 2022 оны 08 сард 21 хоногийн хорио тогтоосон цаг хугацаанд бидний ачаа Монголд ирчихсэн байсан, төмөр замын тээвэр нь авто замын тээвэрт хамаарахгүй, энэ түр хорио нь Төв Европ, Төв Азийн галт тэрэг, бараа материалаас бусад чингэлэгт хамаарахыг холбогдох шийдвэрт дурдсан. Иймд хэргийн үйл баримтад хамааралгүй баримтыг дүйцүүлэн тооцох нь нотлох баримтыг үнэлэх шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

6.7.  Нэхэмжлэгч нь гадаадын тээврийн компанид төлөх ачааны үнийг төлөөгүй хугацаа алдсан нь ХХК-с 2022 оны 04 сарын 19-ний өдөр хариуцагчид цахимаар ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагч төлбөрөө төлөөгүйгээс ачаа саатсан гэх тайлбар гаргадаг боловч талуудын хооронд байгуулсан гэрээний хаана нь урьдчилан төлбөр төлөх тохиролцоо хийснээ нотолж чадаагүй. Энэ гэрээний хувьд талууд тээврийн хөлсийг дараа төлбөртэй нөхцөлөөр хийсэн болох нь гэрээний 4.2-т заасан зохицуулалтаас харагддаг. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд судлаагүйг харуулж байна. Гэрээний хугацаа хэтэрснийг үндэслэн хариуцагч Тээвэр зуучийн гэрээ-ний 4.6-д заасныг баримтлан ачааны үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг тооцож, нэхэмжлэгчид төлбөл зохих гэрээгээр тохирсон тээврийн хөлснөөс хасаж үлдсэн 17,910 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь хууль болон гэрээний нөхцлийг зөрчсөнд тооцогдохгүй гэж үзнэ.

6.8.  Гэрээний 5.2-т зааснаар давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол учирсан хүчин зүйлийн талаар хариуцагчид даруй мэдэгдэх үүргийг хүлээсэн. Ачаа ирэх гэрээний хугацаа болсон тул 2022 оны 04 сард хариуцагчаас удаа дараа ачааны талаар асууж, илгээгч компаниас манайд ирүүлсэн и-мэйлүүдийг хүргүүлж, лавласан боловч нэхэмжлэгч тал хариу өгөхгүй байсан. Гэтэл нэхэмжлэгчээс Таньжин хотын боомтод ачаа очсон хугацаанаас 4 cap өнгөрсний дараа буюу 2022 оны 06 сарын 29-ний өдөр ковидын нөхцөл байдлаас үүдэн хөдлөх хуваарь баталгаажуулах боломжгүй байна гэсэн тайлбар ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэх тайлбар нь бодит байдалд үндэслэлгүй байна.

6.9.  Шүүхийн шийдвэрийн 9.1-д хийсэн ...талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 сарын 17-ны өдрийн гэрээ цуцлагдсан /цуцлагдаагүй/... дүгнэлт үндэсгүй, түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т нэхэмжлэгч талын үндэслэлийг бичихдээ ...2023 оны 10 сарын 03 өдөр /2022 оны 01 сарын 17 өдөр/ ...гэрээ байгуулж, Хонконгоос /Солонгос, Бусан/ Монгол улс чиглэлд тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэсэн, шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3-т ...талууд харилцан тооцоо нийлж, баталгаажуулалгүйгээр нэхэмжлэгч /хариуцагч/ нь хугацаа хэтэрсэн үндэслэлээр алданги тооцож, төлөх төлбөрөөс хасаж ...шилжүүлсэн нь үндэслэлгүй гэх зэрэг туйлын хариуцлагагүй алдаатай (өөр ч алдаа бий), мөн зарим дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй /5.1, 7.3, 8, 6.32-р заалт/ байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүгнэж чадаагүй, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэх талаар хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ, үнийн санал дээр 55-65 хоног гэж заасан боловч үнийн саналын доод хэсэгт давагдашгүй хүчин зүйл болон бусад нөхцөл байдлын улмаас ачаа ирэх хугацаа хойшилж болно гэж заасан. М ХХК хугацаа хойшлохыг зөвшөөрөөд тамгаа дараад гэрээний үнийн саналыг ямар ч нэмэлт төлбөргүй барааг тээвэрлүүлэхээр хүлээн зөвшөөрсөн. Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, маргааны агуулга нь зуучлалтай холбоотой гэдгийг зөв тодорхойлсон. Гол зүйл нь нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй гэж тайлбарладаг. Гомдол гаргаж байгаа болон хуралд оролцож байгаа хоёр төлөөлөгч нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэгтэй дутуу танилцаж гомдлоо гаргасан болов уу гэж харж байна. Манайх хурлын өдөр нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед адилхан хоорондын харилцан и-мэйл хаягт үзлэг хийлгэх үед нэхэмжлэгч компанийн нягтлан бодогчийн компьютер гацсан шалтгаанаар манайх үзлэг хийлгэж чадаагүй. Тухайн үед хариуцагч талаас материалаа үзүүлсэн, нэхэмжлэгч талаас үзүүлж чадаагүй. Талуудын яриад байгаа и-мэйл хаягт үзлэг хийсэн нь давхцаж байгаа тул манайх и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан. Хариуцагч тал гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар маргасан бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Эрээн хотод үүссэн цар тахлын улмаас гэрээ байгуулсан бүх компаниудын үйл ажиллагааг удаашруулсан. Манайхаас хэрэгт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хуулбарлаж өгсөн. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хариуцагч маргаагүй, энэ үйл баримтыг хууль зөрчсөн байдлаар авахуулсан тул анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт техникийн алдаа гарсан. Гэрээний 3.2.6 гэдгийг 2.6 гэж нэхэмжлэгч, хариуцагч гэдэг үгийг сольж бичсэн нь шийдвэрийн агуулгад нөлөөлөхгүй тул алдааг нь засуулж болох байх. Тэрнээс хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй. Манайх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн. Шүүх хуралдаанд гэрч н.Ц-гийн өгсөн мэдүүлгийг хариуцагч тал анхаарч үзэхгүй байх шиг байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын төлбөр 17,910 ам.доллар буюу 62,157,371 төгрөг, нэмэлт зардал 41,347,833 төгрөг, алданги 51,752,602 төгрөг, нийт 155,257,806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 41-42, 101, 119-125/

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Талууд 2022 оны 01 сарын 17-ны өдөр Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр П ХХК нь 6 ширхэг чингэлэг бүхий ачааг БНСУ-ын Бусан хотоос БНМУ-ын Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэхэд зуучлах, М ХХК нь дээрх ачаа Улаанбаатар хот дахь Гаалийн хяналтын бүсэд ирсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор нэмэлт зардал, тээврийн хөлсийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 7-9, 117/

3.2.  М ХХК-ийн захиалсан 6 ширхэг чингэлэг бүхий ачаа 2022 оны 02 сарын 24-ний өдөр БНСУ-ын Бусанаас гарч, 2022 оны 02 сарын 25-ны өдөр БНХАУ-ын Тяньжин, 2022 оны 07 сарын 15-ны өдөр БНМУ-ын Замын-Үүд, 2022 оны 07 сарын 30-ны өдөр БНМУ-ын Улаанбаатарт тус тус ирсэн; /хх 68/

3.3.  М ХХК нь захиалсан 6 ширхэг чингэлэг бүхий ачааг 2022 оны 09 сарын 05-ны өдөр Гаалийн хяналтын талбайгаас хүлээн авч, улмаар 2022 оны 09 сарын 20-ны өдөр тээвэр зуучлалын хөлсөнд 17,910 ам.доллар буюу 58,456,628 төгрөгийг /төлбөр гүйцэтгэх үеийн албан ёсны ханш 1 ам.доллар = 3,263.90 төгрөг/ П ХХК-д шилжүүлсэн. /хх 43, 44, 75/

4.   Дээрх үйл баримтуудад зохигч талууд маргаагүй. Харин ачаа тохирсон хугацаанаас хоцорч ирсэнд нэхэмжлэгч тал буруутай эсэх, тээвэр зуучлалын хөлсийг бүрэн төлөх үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч нь нэмэлт зардал болон алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

5.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

6.   Тээврийн үнийн санал-д БНСУ-ын Бусан - БНХАУ-ын Тяньжин - БНМУ-ын Улаанбаатар чиглэлд чингэлэг ачааг 55-65 хоногийн хугацаанд тээвэрлэх, 1 чингэлэг ачааг тээвэрлэх үнэ 5,970 ам.доллар байх тухай тусгажээ. /хх 117/

Мөн Тээврийн үнийн санал-ын 5-д Зуучлагч хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлэхэд саад учруулах ямар нэг нөхцөл бүрэлдэх, тухайлбал гал усны аюул, тээвэрлэгчийн чадвар алдагдах, халдварт өвчин, хорио цээрийн дэглэм зэрэг талуудын үйл ажиллагаанаас үл хамаарах бусад хүчин зүйл үүсвэл зуучлагч хүлээсэн үүргийг биелүүлэх хугацаа эдгээр хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар хойшилно гэж заажээ. /хх 117/

Анхан шатны шүүхийн ...Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хорио цээрийн улмаас улс хоорондын ачаа тээвэрлэлт удааширсан... гэсэн агуулга бүхий дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Тус үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй.

Иймд зуучлуулагч М ХХК нь 6 чингэлэг бүхий ачааг бүрэн, доголдолгүй хүлээн авсан байх тул хэлэлцэн тохирсон тээвэр зуучлалын хөлсийг төлөх үүрэгтэй, ...ачааг тохирсон хугацаанд хүлээн аваагүй... гэсэн үндэслэлээр тээвэр зуучлалын хөлсийг бууруулах эрхгүй гэж үзлээ.

Хариуцагч М ХХК-аас тээвэр зуучлалын үлдэгдэл хөлс 17,910 ам.доллар буюу 62,157,371 төгрөгийг /нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханш 1 ам.доллар = 3,470.54 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан зохицуулалтад нийцнэ.

7.   Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ-ний 3.1.1, 3.1.2, 3.1.7, 3.2.3, 3.2.4, 3.2.8, 4.2, 4.5-д зуучлуулагч нь тээвэр зуучлалын хөлснөөс гадна бусад нэмэлт зардал, хохирлыг зуучлагчид төлөх агуулга тусгагджээ.

Нэхэмжлэгч П ХХК-ийн шаардсан нэмэлт зардлууд нь 6 чингэлэг бүхий ачаа БНМУ-ын Улаанбаатар хотод ирснээс хойш хариуцагч М ХХК хүлээн авах хүртэлх хугацаанд хамаарах нэмэлт зардал байх тул гэрээнд зааснаар хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх үзлэгээр бэхжүүлсэн И ХХК-ийн нэхэмжлэхэд дурдагдсан нэмэлт зардлуудаас Тээврийн үнийн санал-д тусгагдсан тээвэр зуучлалын хөлсний үнийн дүнд багтсан гаалийн талбайн дотоод зардал буюу ажил үйлчилгээний хөлс, чингэлэг ариутгалын зардал, вагон тавилт таталт ашиглалтын хөлсийг хасч тооцон, үлдэх талбайн зардал болон түрээсийн төлбөр болох 3,548,182 төгрөг болон 10,432 ам.доллар буюу 36,204,673 төгрөгийг /нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханш 1 ам.доллар = 3,470.54 төгрөг/ хариуцагч М ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ. /хх 11-22, 106-108/

8.   Алданги 51,752,602 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ-ний 4.4-т заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ-ний 4.4-т ...алдангийг үнийн санал, цахилгаан шуудан, нэхэмжлэхэд дурдагдсан үнийн дүнгээс тооцох... агуулга тусгагдсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох... агуулгатай зохицуулалтад нийцээгүй байна.

Түүнчлэн, талууд Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ-ний 4.2-т заасны дагуу үндсэн төлбөр болон нэмэлт зардлыг баталгаажуулсан тооцоо нийлсэн акт үйлдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

9.   Хэрэгт авагдсан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 02/505 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл-ийн гэрчилгээ нь П ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ-ний харилцаанд хамаарах агуулгатай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

10.   Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан зохицуулалтыг зэрэг хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00765 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 101,910,226 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, үлдэх 53,347,580 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг хасч, ...572,106 төгрөгийг... гэснийг ...667,501 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П ХХК-аас 2024 оны 03 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 520,090 төгрөг, хариуцагч М ХХК-аас 2024 оны 03 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 574,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР