| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0051/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/050 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.От холбогдох эрүүгийн 1814007030008 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, ******* овогт Л.О
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн төв замаас таксинд сууж Есөн-Эрдэнэ зах орох замдаа автомашины ард талын суудал дээр тавьчихсан байсан иргэн Д.Тын самсунг-А6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 839,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Л.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Есөн-Эрдэнэ зах руу явах гээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Голомт банкны урд талын засмал замын гарцын тэндээс гараа өргөхөд жижиг саарал өнгийн такси зогссон, тэгээд хойд суудал дээр нь ороод суусан, тэгтэл хар өнгийн 1 ширхэг гар утас байсан, би өмнө нь суусан байсан хүн хаяад буусан юм байна гэж бодоод аваад цүнхэндээ хийсэн тэгээд зах руу яваад түүхийн эдийн хашаа руу ордог хаалганы гадаа харалдаа засмал зам дээр буусан, захаар орчихоод Эрдэнэцогт явах сумынхаа унаанд суугаад сум орсон, тэр үед би гар утасгүй байсан симээ хийгээд өөрийн ******* дугаарыг барьж эхэлсэн, тухайн гар утас нь ямар нэгэн цоож түгжээгүй , тэгээд 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед ажлаар аймаг орж ирээд байж байтал цагдаагаас залгаад та хулгайлагдсан гар утас барьж байна, цагдаагийн газар дээр хүрээд ир гэсэн тэгээд цагдаад мэдүүлэг өгсөн, тэгээд гар утсыг эзэнд нь үнэлгээ гаргасан мөнгө болох 30.000 төгрөгийн хамт өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /
Хохирогч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аавын машинаар дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авчихаад хойд суудалд нь суугаад өөрийн гар утсаараа хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлсэн, тэгээд явж байгаад аав нэг зогсохоор нь машиных нь урд суудал дээр ороод суусан, тэгээд зах руу өөр юм авах гээд аав Дгийн хамт Баянхонгор аймгийн төвд буюу Соёмбо буудлын урд зам дээр явж байтал нэг эмэгтэй гар өргөсөн, тэгээд зогстол зах орно гэсэн тэгэхээр нь аваад зах руу явсан, тэгээд Есөн-Эрдэнэ зах руу ороод захын хашаа руу оролгүй зам дээр буусан. Тэгээд тэр эмэгтэйг буулгачихаад түүхий эдийн хашаанд ороод өөрийн гар утсаа үзтэл байхгүй байсан, тэгээд залгаад үзтэл холбогдох боломжгүй байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /
Гэрч Т.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Манай охин таны машины ард суудал дээр тавьсан байсан миний гар утас алга болчихлоо гээд тэр эмэгтэйн буусан газар луу гүйгээд явсан, тэгээд хэсэг хайж байгаад ирлээ олдсонгүй гэсэн тэгээд утас руугаа залгаад үзтэл холбогдох боломжгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 /
Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК--ний 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “ ... Самсунг А6 маркийн гар утасыг 839,000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 33-34/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 43-44/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Л.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 56/, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019.01.15-ны өдрийн 09 тоот тодорхойлолт /хх-ийн 50/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын бүрэнд дунд сургуулийн 2019.01.17-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 51/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 55/, шүүгдэгч Л.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 52/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн төв замаас таксинд сууж Есөн-Эрдэнэ зах орох замдаа автомашины ард талын суудал дээр тавьчихсан байсан иргэн Д.Тын самсунг-А6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 839,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Л.О ....
... жижиг саарал өнгийн такси зогссон хойд суудал дээр нь ороод суухад хар өнгийн 1 ширхэг гар утас байсан, би өмнө нь суусан байсан хүн хаяад буусан юм байна гэж бодоод аваад цүнхэндээ хийсэн ,... би гар утасгүй байсан симээ хийгээд өөрийн ******* дугаарыг барьж эхэлсэн, тухайн гар утас нь ямар нэгэн цоож түгжээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /
Хохирогч Д.Тын ... тэр эмэгтэйг буулгачихаад түүхий эдийн хашаанд ороод өөрийн гар утсаа үзтэл байхгүй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /
Гэрч Т.Д ... Манай охин таны машины ард суудал дээр тавьсан байсан миний гар утас алга болчихлоо гээд гар утас руугаа залгаад үзтэл холбогдох боломжгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 /
Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК--ний 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “ ... Самсунг А6 маркийн гар утасыг 839,000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тогдоогдож байна.
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн төв замаас таксинд сууж Есөн-Эрдэнэ зах орох замдаа автомашины ард талын суудал дээр тавьчихсан байсан иргэн Д.Тын самсунг-А6 маркийн гар утсыг авч өөрийн эзэмшилдээ ашигласан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч Д.Тын самсунг-А6 маркийн алдсан гар утсыг 839000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Л.О нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.От Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс Л.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.О ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.О нь хохирогч Д.Тд гар утасыг нь биет байдлаар буцаан өгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.О нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.От ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Л.Оийг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.От хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн Л.Оийн эзэмшлийн “... LG Х power маркийн гар утас...”-ыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Л.От буцаан олгож, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч ******* овогт Л.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.От хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Л.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Л.Оийн эзэмшлийн “...LG X power маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Л.От буцаан олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.От хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.От хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА