| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0315/Э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 260
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалтай, Б.Бд холбогдох 1934005430285 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Өндөр овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тоосго, цамц, үс зэргийг устгаж, шүүгдэгч Б.Баас 1.237.095 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дд олгуулах, хохирогч Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 7, 8 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Өндөр овгийн Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж,
шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоос “анхан шатны шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг доод хэмжээгээр багасгаж, ял биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар хамтран гаргасан гомдолдоо: “… Давж заалдах шатны шүүх хохирогч Б.Дгийн хуулиар олгогдсон эрхийг санаатайгаар зөрчиж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн давж заалдах шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй, гарын үсгийг нь хуурамчаар дуурайлган зурж, процессын алдаа гаргасан. Бид үүнтэй холбоотой гомдлоо 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гаргахад 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар залруулга хийж, давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн.
Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн. Жишээлбэл, хавтаст хэргийн 137-142 дугаар талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/16 тоот үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлээгүй ба эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохиролд нэхэмжилсэн 1.237.095 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хохирогч Б.Дгийн зүүн нүдний няцрал хугаралттай холбоотой хохирлыг цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй болжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн нүүрэн дээр сорвитой, зүүн нүд жижигсэж, харах байдалд нөлөөлж эхэлсэн. Мөн нүдний ухархай сэргээх хагалгаанд яаралтай орох эмчийн магадлагаа гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хот, аймгийн хооронд машин хөлсөлж зураг авахуулах, шүүх эмнэлэгт үзүүлэх, цагдаа, прокурор, шүүхэд дуудагдахдаа хэрэглэсэн шатахууны баримтаа өгсөн боловч давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Гэмт хэргийн улмаас бие махбодийн болон эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэн Б.Дг давж заалдах шатны шүүх огт харгалзан үзэлгүйгээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн дагуу хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг ямар ч үндэслэлгүйгээр няцаалт хийн хэрэгсэхгүй болгосонд гайхаж байна.
Иймд Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг агуулгын хувьд буруу ойлгож хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлууд хангалттай тогтоогдсон байх тул уг магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баас 1.237.095 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дд олгуулж, Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, прокуророос Б.Быг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн талаар прокурор дүгнээгүй байхад гэмтсэн эд хөрөнгийг хохиролд тооцсон нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Быг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Дэнжийн 2103 тоот хашаанд Э.М, Б.Д нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар тэдний толгойн тус газарт нь тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 600.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, хамар, баруун сарвуу, зүүн бугалга, баруун тавхайд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан, харин хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтлүүд нь хуучин гэмтэл болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 460, 1206, 576 дугаартай дүгнэлтүүдээр /1хх-21, 51, 197/ тогтоогдсон бөгөөд давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн 1.089.795 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь нотлогдоогүй, тухайлбал эмчилгээний зарим баримт нь түүнд учирсан гэмтэлтэй шалтгаанд холбоогүй, хохирогчийн ямар эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдоогүй, мөн эрүүл мэндийн даатгал төлсөн, шатахуун худалдан авсан зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй үндэслэлээр хохирлын хэмжээг багасган тогтоож, шүүгдэгч Б.Б нь нотлох баримтаар тогтоогдсон 138.000 төгрөгийн хохиролд 150.000 төгрөг нөхөн төлснийг харгалзан түүнийг бусдад төлөх төлбөргүй хэмээн дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүйгээс гадна давж заалдах шатны шүүх хохирогч Б.Дд шүүх хуралдааны зар хүргүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй зөрчил нь хохирогчийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу өөрт учирсан бусад хохирлыг нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуулиар харшлахгүй болно.
Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Прокуророос шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Б.Быг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь өөр өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай ойлголт хэдий ч зарим тохиолдолд тэдгээр хэм хэмжээний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг илэрхийлдэг, эсхүл харилцан зөрчилдсөн байдлаар хуульд тусгагдаж болохыг эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн онолоор хүлээн зөвшөөрдөг учир тухайн хэм хэмжээний агуулга, мөн чанарыг харгалзан хэрэглэдэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Ч.ХОСБАЯР