Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2017/0002/З |
Дугаар | 16 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Алтайн Хүдэр” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08-06-020/07/23 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Оюун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Алтайн Хүдэр” ХХК-ний Гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Алтайн Хүдэр" ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд өөрийн үйл ажиллагааны хүрээнд ойролцоогоор 400 орчим ажилтны байнгын ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд манай компанийн уурхайн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох дүрэм журам, стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж улмаар нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэрэнханд Алтайн Хүдэр ХХК-д холбогдуулан уурхайн ажиллагчдын жирэмсэн, амаржсан, хүүхэд асрах чөлөөтэй эх, хедөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжтэй байх хугацааны шимтгэлийг төлөхдөө нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож төлсөн гэж үзэн нийт 1 ,733,100 (нэг сая долоон зуун гучин гурван мянга ) төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тус актыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тавих болсон хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 "Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно" гэж заасныг зөрчсөн гэж үзсэн бөгөөд тус заалт нь агуулгын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудалтай хамааралгүй байх бөгөөд Алтайн Хүдэр ХХК өөрийн ажилтнуудын үндсэн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож олгосон удаагүй, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй харьцуулахад хөдөлмөрийн үнэлэмж, сарын дундаж цалин хөлсний хэмжээ харьцангуй дээгүүр байдаг. Гэтэл улсын байцаагч юуг үндэслэн дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолд Геологи уул уурхайн салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар дээрх хэлэлцээрийн 3.1.1 -д " хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон тохиолдолд шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоон мөрдөж ажиллана" гэснийг зөрчсөн гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа мөн тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацааг тус тус шимтгэл төлсөн хугацаанд хамааруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 3.5 дахь хэсэгт зааснаар тус хугацааны шимтгэл төлөх журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан. Алтайн Хүдэр ХХК нь ажилтнуудынхаа шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-д заасны дагуу тухай бүр төлж ирсэн. Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан тус журмын 2в хэсэгт " хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь ЗГ-с тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө." гэж заасны дагуу улсын байцаагчийн актын хавсралтад нэр дурдагдсан ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000 төгрөгөөр тооцож зохих ёсоор төлж ирсэн.
Улмаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Алтайн Хүдэр ХХК-ийг хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон эдгээр хуулиудтай нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн гэж үзэж акт тогтоосныг эс хүлээн зөвшөөрч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 684\16 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Гэвч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2016 оны 12 дугаар сарын 01-ий өдрийн 03-389 дугаартай албан бичгээр улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байгаа тул хүчингүй болгох боломжгүй гэж үзсэн. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг дээрх хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Алтайн Хүдэр” ХХКомпаний нийт ажилчдын цалин цэвэрлэгчээсээ эхлээд захирал хүртлээ бүх хүний цалин бусад уул уурхайн компаний цалинтай харьцуулаад үзэхэд харьцангуй өндөр байдаг. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтанд хамрагдсан хугацаа бол 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааг хамруулж шалгалт хийсэн байгаа. 2015, 2016 оны дамжаад Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбарт хүнд нөхцөл бий болсон. Үүнтэй холбоотойгоор Алтайн Хүдэр ХХКомпани нь 2015 оны 10 дугаар сараас уул уурхайн ажиллагааг бүрэн зогсоогоод бүх ажилчдаа ажлаас нь чөлөөлсөн 2016 оны 6 дугаар сарын сүүлээр улсын баярын өмнө үйл ажиллагаагаа бага зэрэг сэргээгээд явуулж эхэлсэн. 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 7 сар хүртэлх хугацаанд манайд ажиллаж байсан, бүртгэлтэй байсан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. Тухайн үед Алтайн Хүдэр ХХКомпаний Таян нуурын уурхай ямарч үйл ажиллагаа явуулаагүй нэг ч киллограмм экспортын бүтээгдэхүүн гараагүй байсан ч гэсэн хүмүүсийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь зүйтэй гэдэг бодлогын үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийн жирэмсэн, амаржсан, хөдөлмөрийн чадвар түр алдсан хүмүүсийн шимтгэл төлөх асуудал Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор зохицуулагдаж байгаа. Салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон нөхцөлд ажиллаагүй хугацаанд нь уул уурхайн салбар байтугай бүх боловсрол, соёл энэ байгууллагууд дээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль дээр тодорхой заагаад өгсөн байна. Боловсрол үл шаардах гэдгийг 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан байгаа. Засгийн газар ажил олгогч болон ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагыг төлөөлөн төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооно гээд заагаад өгсөн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Акт тавих болсон гол үндэслэл нь Алтайн Хүдэр ХХКомпани нь ажилласан хугацаанд тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэсэг нэр бүхий хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоосон байна гэж үзсэн. Энэ актын үндэслэл нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно гэсэн заалт байгаа. Энэ заалт нь ажилласан хугацаанд тооцуулаад нийгмийн даатгалын шимтгэл төлөх улсын байцаагчийн актын хавсралтад заасан нэр бүхий ажилчидтай огт хамааралгүй заалт байгаа. Энэ нь ажилчдын нэг өдрийн цалин хөлсний доод хэмжээ ямар байх вэ гэдгийг тогтоосон хуулийн зохицуулалт. Гэтэл ажилласан хугацаанд тооцуулаад нийгмийн даатгалын шимтгэл төлөх гэдэг ойлголт тусдаа. Энэ маань жирэмсэн, амаржсан, хүүхэд харах чөлөөтэй, эсхүл хөдөлмөрийн чадвар алдаж тэтгэмж тогтоолгох хугацааны ажилчдад ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хувь хэмжээгээр яаж төлөх вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Акт тавих үндэслэл болсон заалт актынхаа үндэслэлтэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Алтайн Хүдэр ХХКомпаний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хэмжээгээр ажилтнуудаа цалинжуулсан асуудал байхгүй. Үүнийг нотлох үүднээс шүүхэд бүх ажилчдынхаа үндсэн цалингын жагсаалт гаргаж өгөх боломжгүй учраас цалин хөлстэй холбоотой асуудал байгаа учраас зөвхөн актад нэр дурдагдсан зарим ажилчдын сарын үндсэн цалин хэд юм бэ гэдгийг цалин хөлсний жагсаалтыг нь гаргаж өгсөн байгаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон уул уурхайн салбарын хэлэлцээрт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоож ажилласан хугацаанд тооцох нийгмийн даатгалын шимтгэлийг салбарын хэлэлцээрт заасан хэмжээнээс доогуур тогтоосон байна гэж хоёр дахь заалт нь үндэслэсэн байна. Алтайн Хүдэр ХХКомпаний хувьд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр тооцож холбогдох ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн болон амаржсаны амралттай байсан хугацааны мөн тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаанд шимтгэл төлсөн хугацаанд хамааруулан тооцно гээд заасан байна.
Засгийн газар 1994 оны 212 тоот тогтоолын хоёрдугаар хавсралтаараа энэ журмаар заасан. Энэ журмын 2в дэх хэсэгт дээрх ажилтнуудад Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлнө гээд заасан. Тэгэхээр хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Засгийн газраас тогтоосон тогтоол хүчин төгөлдөр байна. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Алтайн Хүдэр ХХКомпани хүлээн зөвшөөрөхгүй байгаад гол асуудал байгаа биш. Зөвхөн энэ чөлөөтэй байгаа, хүүхэд асарч байгаа энэ ажилтнуудын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг Засгийн газрын тусгайлсан журмаар зохицуулсан байна. Журмынх нь хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явж байхад хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзээд акт тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслээд шүүх Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэрэнханд нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус акт нь хууль тогтоомж зөрчсөн асуудлыг авч үзсэн. Үндэслэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.9.1 дэх хэсэг гэж байгаа. 10 дүгээр зүйлийн 10.9.1 дэх хэсэг нь хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавина гэж байгаа. Энэ бол үндэслэл нь зөрчсөн хууль тогтоомж нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно гэсэн заалтыг мөрдсөн байгаа. Уул уурхайн салбарт салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмээг мөрдөнө гээд заагаад өгсөн байгаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7 тоот тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 7 дугаар сараас эхлээд 192.000 төгрөг, салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар болгоноор нь заагаад өгсөн байгаа. Энэ дээр уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно гэж заасан. Энэ үндэсний хорооны тогтоол холбогдох хууль тогтоомжийг үндэслэж гарсан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль, Монголын Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хэлэлцээрийг үндэслэн хамтын гэрээ байгуулна гээд заагаад өгсөн учир энэ зөрчигдсөн гэж үзсэн. Үндэслэл дээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.9.1 дэх заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн тогтоож өгсөн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг дээр энэ байгууллагатай зөвшилцөхгүй энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас энэ зөрчил маргаан гарсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар тогтооно хамтын гэрээ хэлэлцээрээр тогтоодоггүй гэдэг тайлбарыг хийгээд байдаг. Энэ дээр гол маргаан гарах үндэслэл нь болоод байгаа. Актын үндэслэл нь нэг өөр, зөрчсөн заалт нь нэг өөр актан дээрээ тодорхой байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Засгийн газрын тогтоол зэргийг үндэслэж тогтооно гээд яриад байгаа. Гэтэл энэ маань Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолыг үндэслэж тогтоосон актыг хүчин төгөлдөр бус гэж үзээд байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтооно гэж зааж өгсөн байна. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооний тогтоолоор энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон гэж үзэж байгаа. Мөн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно гэж заасан. Мөн 2013 оны 4 дүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 07 тоот тогтоолоор мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 192.000 төгрөг болгож тогтоосон. Энэ тогтоолыг үндэслээд салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ анх гарч ирсэн. 9 дүгээр сарын 25-ны өдрийн 483 тоот тогтоол тодорхой зааж өгсөн байгаа. Мөн Хөдөлмөрийн яамнаас тухайн үед хөдөлмөрийн сайд байсан Я.Санжмятав сайт дээр тодорхой тайлбараа бичсэн байдаг. Энэ нь аж ахуй нэгж байгууллагад хамааралгүйгээр иргэд хоорондоо тохиролцох юм уу, хувийн аж ахуй нэгж байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр тогтооно. Салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг тухайн салбарт үйл ажиллагаанд оролцож байгаа бол салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөх ёстой гэсэн тайлбар өгсөн байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдгийг эднийх салбартаа мөрдөөгүйгээс ийм зөрчил үүссэн гэж үзэж байна. Геологи, уул уурхайн салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон тохиолдолд шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоон мөрдөж ажиллах талаар тусгаж салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооно гээд заасан байдаг. Мөн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хэлэлцээрийг бүртгээд баталгаажуулсан байгаа. Энэ бол Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэж байгаа тул геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж ажиллана гээд 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээр дээр зааж өгсөн байгаа. Төр аж ахуй нэгж байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд тооцно гэж заасан байгаа. Энэ нь тэтгэмжтэй чөлөө авсан, хүүхэд асарсан хугацаа гэж байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт 2008 онд өөрчлөлт орсон энэ дээр хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа болон жирэмсний амралттай хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлнө гэж энэ заалтад оруулж өгсөн.
Нийгмийн даатгалын шийтгэл төлөхтэй холбоотой асуудал нь Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 тоот тогтоолоор журамлаж өгсөн байдаг. Хүүхэд асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуй нэгж байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тогтооно гэсэн байгаа. 2011 оноос эхлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2011 оноос 140.400 төгрөг болгоод 2013 онд 192.000 төгрөг болгож тогтоосон тэгээд салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж гарч ирсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Алтайн Хүдэр ХХКомпани төлж байгаа учраас улсын байцаагчийн тавьсан акт үндэслэлгүй гэж үзэж байна гэж байна. Энэ хүмүүс анх ажилд орохдоо Алтайн Хүдэр ХХКомпаний Таян нуурын уул уурхайн салбарын ийм ийм ажилтан гэж Хөдөлмөрийн гэрээ байгуулаад тэр хугацаандаа төрөөд хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд тэр салбарт мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажил олгогч төлөх ёстой байтал энийг тодорхой боловсрол, мэргэжил шаардахгүй ажлын байран дээр шимтгэл төлдөг хүмүүсийнхээр төлнө гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь хүний нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг. Тухайлбал шимтгэл төлөөд явж байгаад ажилдаа ороод 2,3 сар ажиллаж байгаад ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдаад тэтгэвэр тогтоолголоо гэхэд энэ хүний хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг нэгтгэж бодоод тэтгэвэр тогтооход энэ нөлөөлдөг. Тийм учраас нийгмийн хамгааллын гол үндсэн үйл ажиллагаанд шимтгэл төлсөн энэ хугацаа бол заавал хамааралтай байдаг гэв. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын албан ёсны мөрдөх стандарт гэж байдаг. Ямар хуулийн ямар зүйл заалт зөрчсөнийг бичээд, дараа нь ямар хуулийг үндэслэж бичиж байгаа бэ гэдгээ бичнэ. Стандартаар зохицуулж өгсөн учраас би стандартаа мөрдөж бичсэн байгаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоосон салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөөгүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 07 дугаар тогтоолоор тогтоосон геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн тогтоон мөрдөж ажиллана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж шимтгэлийн дүнгээс хоног тутам 0.3 хувийн алданги ногдуулна гэж заасан байгаа. Энийг санаатай буюу санамсаргүй гэж байдаг тэгэхээр дутуу төлөгдсөн хугацаандаа төлөгдөөгүй гэдгийг тодорхой шалтгааны улмаас биш мэдээгүй учраас хугацаандаа төлөөгүй гэж үзсэн учраас манайх алданги ногдуулаагүй. Зөвхөн 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацаан дээр шимтгэл тавигдсан байгаа. Хуулиараа бол 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөг хүртэл тооцоод тавигдах ёстой. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд заасан 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Энэ дээр амралттай байсан хугацааг оруулан тооцно гэж нэмэлтээр орсон байгаа. 2008 онд өөрчлөлт ороод 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 206 тоот Ерөнхий газрын даргын тушаал гарсан байгаа. Энэ тушаалын дагуу аргачлалыг баталж тайлбарлаж өгсөн байгаа. Энэ дээр хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн, амаржсан хугацааны шимтгэл төлнө гээд дээр нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын хууль хэрэгжүүлэх тухай гээд тушаал гарсан байгаа. 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2/24-97 дугаар тушаал тодорхой заасан байгаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа мөн тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацааг тус тус шимтгэл төлсөн хугацаанд хамааруулахаар заасан бөгөөд хуулийн 3.5 дахь хэсэгт зааснаар тус хугацааны шимтгэл төлөх журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан. Алтай Хүдэр ХХК нь ажилтнуудынхаа шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын хасвралтын 2в хэсэгт “хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу шимтгэлийг төлөхдөө тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгөөр тооцож зохих ёсоор төлж ирсэн тул тухайн улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08-06-020/07/23 актын хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, Алтайн Хүдэр ХХК-ны Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 08-06-020/07/23 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 7-д заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа, хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг оруулан тооцно.
Алтай Хүдэр ХХК-ны тухайд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно” гэж заасны дагуу тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа, хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаанд уурхайн ажилчдынхаа шимтгэлийг 192000 төгрөгөөр төлсөн нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт /салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур шимтгэл төлсөн даатгуулагчдын жагсаалт, Алтай Хүдэр ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 сарын тайлан/, Алтай Хүдэр ХХК-ны шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэхдээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгон тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлж болохоор зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.2-т “салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогчийн болон ажилтаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллага” гэж заасны дагуу тодорхой нэг салбар буюу барилга, эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын байгууллагууд болох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, салбарын ажил олгогч, эздийн төлөөлөл, тухайн салбарын ажилчдын төлөөлөл харилцан тохиролцож, хамтын хэлэлцээрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болохоор байна.
Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монгол нүүрс ассоциаци нарын төлөөлөл хамтран Геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хамтын хэлэлцээрээр геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, мэргэжил, боловсрол, нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хэлэлцээрийг биелүүлэх зэрэг олон асуудлыг зохицуулсан бөгөөд хамтын хэлэлцээрийн 3 дугаар хэсгийн 3.1.2-т “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.0х2=384.0 төгрөгөөр/ тогтоосон өмнөх хэлэлцээрийн үргэжлүүлэн мөрдөнө” гэж зааснаар геологи, уул уурхайн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384000 төгрөг байхаар тогтоож өгсөн байна.
Иймд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Алтайн Хүдэр ХХК нь хүдрийн уурхайн олборлолт, баяжуулах, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул уурхайн ажиллагсдын жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй эх, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжтэй байх хугацааны шимтгэлийг төлөхдөө уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу 192000 төгрөгнөөс тооцож шимтгэл дутуу төлсөн зөрчилд нь ажил ологчоор нөхөн төлүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 08-06-020/07/23 дугаар акт тогтоосон нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Мөн геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн 9.1-т “хэлэлцээр нь талуудын гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчинтэй” гэж зохицуулж өгсөн байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Алтай Хүдэр ХХК-ний нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 08-06-020/07/23 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ