Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0427/з |
Дугаар | 001/ХТ2016/0141 |
Огноо | 2016-04-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2016/0141
С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг,
Л.Болорцэцэг нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр магадлалтай, С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг, Л.Болорцэцэг нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг, Л.Болорцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжаар иргэн С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг, Г.Саранчимэг бид нарын амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 10-35-38 тоот хаягт орших газрыг эзэмшүүлсэн байна.
Гэвч 2011 онд эзэмшүүлсэн газрыг С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нар 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд 2014 оны 5 дугаар сард газар дээр ирж бидний эзэмшил газар хэмээн маргаан үүсгэсэн. Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч нь газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй өнөөдрийг хүрсэн.
Уг асуудлаар нийслэлийн Засаг даргад хандсан боловч нийслэлийн Өмчийн харилцааны газраас өргөдлийг хүлээн авах боломжгүй хэмээх хариу гарсныг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус дүүргийн Засаг даргын 2011 оны 324 дүгээр захирамжаар 22 дугаар хороо Тахилтын аманд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3 дахь заалтуудыг үндэслэн иргэн А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам, С.Магсар нарт тус тус 0.7 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Иймд иргэн С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Гуравдагч этгээд С.Магсар, А.Цэрэннадмид нарыг төлөөлж гуравдагч этгээд Х.Пүрэвдулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х.Пүрэвдулам би 2012 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 324 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын аманд 0.7 га газрыг, нэгж талбарын 186273099116944 дугаартай, 0377738 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу баримт бичгээ бүрдүүлж авсан. Улмаар 2013 оны 6 дугаар сард хашаагаа барих гэтэл айл буусан байсан. Тухайн үед энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хэлээд явсан.
Нүүх байх гээд 2014 оны 3 дугаар сар хүртэл хүлээсэн боловч зөвшөөрөлгүй айл нь нүүгээгүй байсан тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албанд гомдол гаргахад 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш тухайн айлд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас удаа дараа албан шаардлага өгсөн боловч С.Наранцэцэг шаардлагыг үл биелүүлэн нүүгээгүй тул 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас албадан буулгалт хийж эхлэхэд эсэргүүцэл үзүүлж саад болсон.
Иймд миний бие өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4284 дүгээр шийдвэрээр уг газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн боловч үүнийг С.Наранцэцэг үл зөвшөөрч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан. Үүний дагуу тус шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1080 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Иргэн С.Магсар, А.Цэрэннадмид нарын хувьд 2012 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 324 дүгээр захирамжаар тус бүр Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын аманд 0.7 га газрыг, нэгж талбарын 18627310937010, 18627309960984 дугааруудтай, 0376700, 0377551 дугаарууд бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан журмаар авсан. Улмаар 2013 оны 6 дугаар сард хашаагаа барих гэтэл айлууд буусан байсан.
Иймд бид зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх нэг хүний нэр дээр нэхэмжлэл гаргаад шийдвэрлэгдсэн тохиолдолд болох байх гэж бодоод Л.Ууганцэцэгийн нэр дээр нэхэмжлэл гаргаж шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4466 дугаар шийдвэрээр уг газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн боловч үүнийг Л.Ууганцэцэг үл зөвшөөрч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан.
Үүний дагуу шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1111 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Л.Ууганцэцэг нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Дээд шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. Гэсэн ч Л.Ууганцэцэг өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөөгүй. Ингээд 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр мөн шүүхэд хандаж 2 айлын газар дээр үлдсэн айл болох Л.Болорцэцэг, Д.Лхагвасүрэн, Г.Саранчимэг нарыг шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан.
Гэтэл Л.Болорцэцэг нь Япон улсад суралцдаг, эх орондоо байдаггүй гэсэн тэдний удаа дараагийн тайлбарыг үндэслэн түүний гэрт амьдарч байгаа Г.Сарантуяа, Г.Цэрэндулам нарыг хариуцагчаар татан оролцуулсан. Анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3467 дугаар шийдвэрээр дээрх хүмүүсийн хууль бус эзэмшлээс С.Магсар, А.Цэрэннадмид нарын эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.
Бид хууль ёсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч хуульд заасан эрхээ эдлэх гэтэл биднийг байтугай холбогдох дээд шатны байгууллагуудыг үл тоож, дураараа авирлацгаасан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нарын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн С.Магсар А.Цэрэннадмид Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 124 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нарын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн С.Магсар А.Цэрэннадмид Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр магадлалыг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Үүндээ гуравдагч этгээд болох Магсар, Цэрэннадмид, Пүрэвдулам нар 2011 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 324 дүгээр захирамжаар газрыг эзэмшсэн байна гэсэн атлаа энэхүү эзэмшсэн гэх газар огт эзэнгүй байхад 2012 оны 3 сараас хойш буугаад өөрийн хашаа байшинг барьсан байхад 2014 оноос хүртэл хэн ч ирээгүй, Газрын албанаас нэг ч шаардлага мэдэгдэх хуудас ирүүлээгүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэрлэлээ. Эдгээр хүмүүс 2011 оноос газрыг эзэмшсэн бол хашаагаа бариад зориулалтын дагуу ашиглах байтал яагаад хоосон байсан юм.
Газрын тухай хуулинд зааснаар газар эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол хүчингүй болох учиртай байсан. Мөн Пүрэвсүрэн нь уг газрыг эзэмших эрхийг 2011 онд авсан гэдэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдоогүй. Учир нь газар эзэмших эрхийг авахдаа гаргасан өргөдөл нь он, сар, өдөр байхгүй, хорооны тодорхойлолт, газар эзэмших гэрээ байхгүй, тойм зураг байхгүй, өргөдлийн бүртгэлийн карт байхгүй байсан.
Мөн шүүх 21 дүгээр хороог 22 болгон зассан бөгөөд тухайн иргэнтэй холбоогүй Золжаргал нарын 33 иргэний өргөдлийг хүлээн авсан хугацаагаар өргөдөл өгсөн хугацааг үндэслэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, мөн нэхэмжлэгч миний эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй гэжээ.
Гэтэл манайх 2012 оноос хойш уг газар амьдрахдаа хашаа барьж 10-8-ын харьцаатай 80 м.кв тоосгон байшин барьж амьдрах тухтай орчноо бүрдүүлсэн бөгөөд одоо хөөгдөөд нүүх бол манай энэхүү байшин дахин ашиглагдах ямар ч боломжгүй болж жирийн нэгэн айл орох оронгүй болох нь үнэхээр хууль бус юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийг буруу тайлбарлан гарсан тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.
1. Газар эзэмших хүсэлтээ хуульд заасны дагуу гаргахад хүлээн авахгүй байсан бөгөөд уг нь тухайн газрыг бусдад эзэмшүүлсэн гэсэн хариуг тухайн үед өгсөн бол бид хашаа хатгаж, байшин барихгүй байсан билээ. Хариу өгөхгүй байсан нь уг газарт урьд өмнө хүсэлт гаргаагүй ба бусдад эзэмшүүлээгүй гэдгийн нотолгоо юм.
2. Маргаж буй уг газарт миний оршин суух хаяг бүртгэлтэй байдаг. Хэрэв гуравдагч этгээдийн нэр дээр уг газар байсан нь үнэн бол надад хаягийн бүртгэл хийгдэхгүй байсан.
3. Гуравдагч этгээдүүд нь дурдсан газарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэдэг нь нотлогдохгүйгээс гадна хэрэг дотор байгаа өргөдлийг нэг хүн бичсэн ба энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн тайлбарыг тэд өгч байсан гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Газрын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Болорцэцэг, Л.Ууганцэцэг нараас “...2 жилийн хугацаанд зориулалтын дагуу газраа ашиглаагүй” гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн иргэн С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжаар тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тахилт”-ын аманд иргэн С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт тус бүрт 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн ба газар эзэмших эрх нь 2012 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0376700, 0377551, 0377738 дугаартай “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажсан уг газрыг нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж дур мэдэн 2012 оны 3 дугаар сард хашаалж оршин сууж байгаа, тэднээс маргаж буй газрыг эзэмших талаар дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байна.
Иймээс “...газар эзэмшигч нь газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшээгүй, биднийг хашаа хатгаж эзэмшихэд уг газар хоосон байсан” гэдгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан 2011 оны 324 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хууль бус гэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.
Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” гэж заасан, нэхэмжлэгч нар нь маргаж буй уг газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, ашиглаагүй тул Сонгинохайрхан дүүгийн Засаг даргын дээрх захирамжийн улмаас тэдний газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “өргөдөл, гомдлын бүртгэл”-ийн дэвтэрт Золжаргал нарын 33 иргэний газар олгохыг хүссэн өргөдөл 2011 оны 9 дүгээр сарын 20-ны бүртгэгдсэн, үүний дотор С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарын өргөдөл хамт хавсаргагдсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, уг нотлох баримтыг шүүх үнэлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ