Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 55

 

Б.Өлзийбаатарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр шийдвэртэй

Б.Өлзийбаатарын нэхэмжлэлтэй

“Итайкар” ХХКомпанид хариуцагдах

“Түрээсийн гэрээг биелэгдсэнд тооцох, 79-28 ӨМА улсын дугаартай чирэгч толгой болон 71-65 АЧ улсын дугаартай чиргүүлийг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах, 2010 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тээвэрлэсэн 4571.45 тн нүүрсний тээврийн хөлс 32.509.426 төгрөг, барьцаа 20.000 юань буюу 4.203.000 төгрөг, нийт 36.712.426 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатарын давж заалдах гомдлоор

 2016 оны 7 сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

                         Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Итайкар ХХК-тай 2008.10.14-ний өдөр Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад-Ганц мод чиглэлд нүүрс тээвэрлэх, нийт 17.000 тонн нүүрсийг Итайкар ХХК-д тээвэрлэж өгснөөр 79-28 ӨМА автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай түрээсийн гэрээ байгуулж ажилласан. Түрээсийн гэрээгээр машин авсан үеэс эхлэн энэ машиныг хувийн болгох гэж 2 жил гаруй хугацаанд өдөр шөнө, халуун хүйтэн гэж амрах завгүй хөдөлмөрлөсөн. Мөн барьцаа болгон 20.000 юаниа ч өгсөн. Хууль ёсоор энэ барьцаа мөнгө хадгалагдаж байх ёстой байх. Компани ашиглаж байгаа эсэхийг би мэдэхгүй, хэрвээ ашиглаж байгаа бол миний хөрөнгийг хууль бусаар ашиглаж ашиг олж байна гэсэн үг гэж ойлгож байна. 2010 оны 09 дүгээр сараас гэрээт нүүрсээ тээвэрлэж дуусч байгаа тул тооцоо нийлэх, тээврийн хөлсөө авах талаар компанийн удирдлагад хэлснээр түрээслүүлэгч Итайкар ХХК нь машиныг 2010 оны 10 дугаар сараас тээвэрт гаргахгүй өөрийн компанийн хашаанд саатуулан зогсоосон. Ингээд зогсохгүй гэрээ ёсоор энэ машинд учирсан гэмтлийг би хариуцах учиртай байтал миний эзэмшил ашиглалтад байсан машиныг бусдад шилжүүлж дэндүү бүдүүлэг ажиллагаа явуулсан. Энэ үеэс бидний хооронд түрээсийн гэрээний биелэлтийг тооцох талаар маргаан үүссэн. Нэг жил шахам хугацаанд ямарч тохиролцоонд хүрч чадаагүй учир түрээслэгчийн зүгээс хүчээр машиныг авч одоо Цагдаагийн байгууллагын даалгаснаар миний төрсөн ах Б.Эрхэмбаатарын мэдэлд битүүмжлэгдсэн байгаа. Ингэж 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл хохирч явна. Маргаан үүссэнээс хойш 2010 оны 09 сар хүртэлх гүйцэтгэсэн тээврийн хөлсийг маань хүртэл компани өгөөгүй. Иймд иргэн Б.Өлзийбаатар, “Итайкар” ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг биелэгдсэнд тооцох, 79-28 ӨМА улсын дугаартай чирэгч толгой болон 71-65 АЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 50 сая төгрөгийг гаргуулах, /нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн/, 2010 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тээвэрлэсэн 4571.45 тн нүүрсний тээврийн хөлс 32.509.426 төгрөг, барьцаа 20.000 юань буюу 4.203.000 төгрөгийг “Итайкар” ХХК-иас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нүүрс тээврийн хөлс тэр үед 120 юань 80 юаниар явж тонн бүрээс үлдэгдэл 40 юанийг машины үнэд суулгаж явж байсан. Гэрээнд заасан нүүрсийг дуусах гэж байх үед 2010 оны 9 дүгээр сард Ганц мод гэх газар Т.Баттулга ирээд Мөнхбаяр машиныг авна гээд байна чи надад машин өгөхгүй бол би түүнд өглөө гэж хэлсэн. Тэгээд бид нүүрсээ тээвэрлэж байя гэж тохиролцоод байж байтал Т.Баттулга яриад машиныг хураан авсан гэж хэлсэн. Юунаас болж хураасан юм бэ гэхэд ямарч шалтгаан хэлээгүй гэсэн. Ингээд машиныг тээвэр хийж байхад бид авч явсан. Тэгээд бидэнд Итайкар ХХК-иас эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын шатанд гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Итайкар ХХК нь хууль бус зүйл маш их хийдэг. Би гэрээнд заасан 17.000 тонн нүүрсийг тээвэрлэсэн нь буруу болохгүй бол өөрөөр надад гэм байхгүй. Хууль бус үйлдлийн нэг илрэл нь 79-28 ӨМА, УБ, УНЦ нэг машин дээр олон номер аваад давхцуулсан түүндээ хуурамч баримт бүрдүүлээд авчирч байсан. ... 2010 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл 4.570 гаруй тонн нүүрс тээвэрлэсэн. Тухайн үеийн Монгол банкны ханшаар 120 юань нь 32.000.000 төгрөг болсон байдаг. Ингээд ажлын хөлс барьцааны 20.000 юань, 17.000 тонн нүүрс тээвэрлэвэл машиныг өөрт нь шилжүүлнэ гэсэн гэрээ дагуу эдгээрийг хангаж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Хариуцагч тал 17.000.000, 4571.75 тонн нүүрс тээвэрлээгүй гэж яриад байна. Нүүрсээ татаад тээвэрлэлтийн хөлс нь хятад талаас ороод ирчихсэн нотлох баримт байхад хаагуур нь яваад байгаа юм бэ? Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас 17.000 тонн нүүрс татсан 106.000.000 төгрөгний үнэтэй байсан машин 50.000.000 үнэтэй болсон ингээд өөрсийнхөө хийж өгсөн баримтыг худлаа гэж байна. ...2010 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Энэржи рейсурсийн машинтай мөргөлдсөн. Тэр үед нөгөө талаас өгөх төлбөрийг жолооч Баттулгыг ав гэж хэлсэн. Тэгтэл уг компаниас өгсөн төлбөрийг Мөнхбаяр авчихсан байсан. Хятад тал шатахуун, сэлбэгийн мөнгийг хасаад үлдэгдэл хөлсийг өгдөг. Хуурамч баримт гаргаж өгчихөөд яагаад ингээд байгаа юм бэ гэдгийг сануулж хэлмээр байна гэв. Хятад талаас Монгол талд тээврийн хөлс шилжсэн байдаг. Хятал тал урдаа Монгол талынх хойноо тамга гарын үсэгтэй байдаг. Хятад тал бидний авсан бүх зүйлийн төлбөрөө авч байж хөлсийг шилжүүлдэг. Тэр мөнгө нь хууль бусаар машины дугуйнд нууж орж ирдэг байсан. Үүнийг жолооч нар бүгд мэдэж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатарын өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад: ... хэрэгт оролцсон хугацаанд Баярмаагийн гаргасан нотлох баримтыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. ...хөрөнгө битүүмжилсэн захирамж гаргасан байдаг. Тэмдэглэл хөтөлсөн зүйл байдаггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...4 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн. ...17.000 мянган тонн нүүрсийг бүрэн тээвэрлээгүй. ... машин дангаараа 50.000.000 төгрөг юм уу, чиргүүл дангаараа 50.000.000 төгрөг юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ биелэгдсэн тохиолдолд машиныг эргүүлж өгнө гэж гэрээнд заасан. ...Барьцааны 20.000 юанийг гэрээний дагуу Өлзийбаатар “Итайкар” ХХК-ийн дансанп шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Итайкар ХХК-аас барьцаа 20000 юань буюу 3.352.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 83.359.626 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 592.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Итайкар ХХК-аас 32.844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар  энэ хэрэгт зааснаар энэ хэрэгт шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталжуулсан 2014 оны 8 сарын 19-ний өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Өлзийбаатар болон Итайкар компаний хооронд түрээсийн гэрээ байгуулсан. Энэ түрээсийн гэрээний гол заалт болох 17.0 мянган тонн нүүрс тээвэрлэх үүрэг Өлзийбаатарт, 17.0 мянган тонн нүүрс тээвэрлэсний дараа барьцааны мөнгө, автомашиныг Өлзийбаатарт олгох үүрэг Итайкарт үүссэн.

Тус шүүхийн шүүгч 2015 оны 58 тоот шийдвэрээр 17.0 мянган тонн нүүрсийг тээвэрлэсэн гэж үзээд машиныг олгож, барьцааны мөнгийг олгохгүйгээр шийдсэн. Гэтэл 2016.06.15 ны 89 тоот шийдвэрээр 17.0 мянган тонн нүүрсээ тээсэн гэж мөн үзсэн. Гэхдээ 1 жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ эсрэгээр барьцааны мөнгийг олгож, автомашиныг олгохгүйгээр шийдлээ. Энэ 2 шийдвэрээс дүгнэж үзвэл Өлзийбаатар нь түрээсийн гэрээгээр хүлээсэн 17.0 мян тн нүүрс тээвэрлэх үүргээ гүйцэтгэсэн гэдэг нь тодорхой байна. Энэ тохиолдолд барьцааны мөнгө, автомашин 2-г Өлзийбаатарт олгогдох байтал хоёр өөрөөр шийдэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нь үндэслэл муутай, компаний эрх ашгийг хэт хамгаалсан шийдвэр боллоо. Тус шүүх нь угаас энэ хэргийг шийдвэрлэхийг маш дургүйцэж, удаа дараа хэлэлцүүлж, нэхэмжлэлийг буцаах зэргээр иргэнийг хэт их чирэгдүүллээ. Иймээс шүүх нэгэнт нотлох баримтыг үнэлж, Өлзийбаатарыг тээвэрлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа учраас шийдвэрт өөрчлөлт оруулж, автомашины болон чиргүүлийн үнэ 50.0 сая төгрөгийг Өлзийбаатарт олгож өгнө үү. 2. Итайкар компаниас 2010 оны 1-9-р сарын тээврийн хөлсийг нэхэмжлэснийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь хуулийн этгээд тул нягтлан бодох бүртгэлийн хууль , ААН-н орлогын албан татварын хуулиуд зэрэгт зааснаар санхүүгийн анхан шатны баримтууд бүрэн байх ёстой. Иймд тээвэр хийсэн,тээврийн талаархи баримтыг нягтлан бодох бүртгэлийн ерөнхий дэвтэр дээрээс бүрэн нотлох боломжтой. Үүнийгээ шүүхэд ирүүлэх нь Иргэний хэргийг хянан шалгах тухай хуульд заасан шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотлосонгүй гэж үзэж байна. Үүнийг нотлох үүрэг нь хариуцагч талд байгаа. Учир нь би тухайн компаний санхүүгийн тооцооны баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг няцааж чадаагүй учраас энэ шаардлагыг хангаж, тээврийн хөлсний 32.509.426 мян төгрөгийг гаргаж өгнө үү. Иргэний хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон юм. Би барьцаа болох 4.203.000 төгрөгийг нэхэмжлэсэн боловч 3.352.000 мянга болгон дутуу шийдлээ. Иймд үлдэгдэл болох 83.359.626 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч тал “Түрээсийн гэрээг биелэгдсэнд тооцох, 2010 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тээвэрлэсэн 4571.45 тн нүүрсний тээврийн хөлс 32.509.426 төгрөг, барьцаа 20.000 юань буюу 4.203.000 төгрөг, 79 28 ӨМА улсын дугаартай чирэгч толгой болон 71-65 АЧ улсын дугаартай чиргүүлийг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах гэсэн шаардлагаа өөрчлөн тэдгээрийн үнэ 50.000.000 төгрөгийг нийт 86.712.426 төгрөг гаргуулах тухай” шаардлага гаргасан ба шүүх шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндэслэлдээ “шүүх нэгэнт нотлох баримтыг үнэлж, Өлзийбаатарыг тээвэрлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа учраас шийдвэрт өөрчлөлт оруулж, автомашины болон чиргүүлийн үнэ 50.0 сая төгрөгийг Өлзийбаатарт олгож өгнө үү. Итайкар ХХК-аас 2010 оны 1-9 дүгээр сарын тээврийн хөлсийг нэхэмжлэснийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь хуулийн этгээд тул нягтлан бодох бүртгэлийн хууль , ААН-н орлогын албан татварын хуулиуд зэрэгт зааснаар санхүүгийн анхан шатны баримтууд бүрэн байх ёстой, үүнийг нотлох үүрэг нь хариуцагч талд байгаа. Учир нь би тухайн компаний санхүүгийн тооцооны баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг няцааж чадаагүй учраас энэ шаардлагыг хангаж, тээврийн хөлсний 32.509.426 мян төгрөгийг гаргаж өгнө үү. Иргэний хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон юм. Би барьцаа болох 4.203.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 3.352.000 мянга болгон дутуу шийдлээ. Иймд үлдэгдэл болох 83.359.626 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн үндэслэл дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан журмын дагуу  давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэв.

Талуудын хооронд 2008 оны 10 дугаар сарын 14-ны өдөр “Автомашин түрээслэх автомашины гэрээ” гэсэн нэршил бүхий 12 тоот гэрээг байгуулагдсан. Уг гэрээ байгуулагдсан эсэх гэрээний гол болон бусад нөхцлийн тэд талаар маргаагүй.

Маргааны гол зүйл нь гэрээний үүргийн гүйцэтгэлд тухайлбал, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болгосон гэж үзэж түрээслүүлэгчээс гэрээний 2.4-т “Таван толгой нүүрсний уурхайгаас Цагаан хад кемп хүртэл 17.000 тонн нүүрс тээвэрлэсэн тохиолдолд автомашиныг  түрээслүүлэгчийн  өмчлөлд шилжүүлэх” гэсэн, гэрээний 4 дэх заалтны 4 дэх хэсэгт  “Түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ  зохих ёсоор биелүүлж уг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх үедээ барьцааны  мөнгөний үлдэгдлийг шаардан авах” гэснээр  20000 юань буюу 4.203.000 төгрөг, гэрээний 2.2-т “Түрээслэгч  нь 1тн нүүрсийг 80 юань /Цагаан хад дахь нүүрсний талбайд буулгасан тохиолдолд/ Сан Хэ компанийн хашаанд буулгасан тохиолдолд 1 тн-ыг 100 юаниар тооцож түрээслэгчид хөлс төлнө” гэж тохиролцсоноор 2010 оны 1-9 сарын хөлс  32.509.426 төгрөг гаргуулахаар,

хариуцагч тал түрээслэгч буюу нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн, 17.000тн нүүрсийг бүрэн тээвэрлээгүй, машины үнэ ойлгомжгүй, хамгийн их маргадаг нь тээврийн хөлс, түүний тооцоо, хэмжээнд маргаж байгаа боловч өөрсдөө компанид өргүй гэсэн баримт гаргаж өгөөгүй, барьцааны 20000 юанийг  тус компаний дансанд шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй, компанид өглөгтэй биш авлагатай  гэж тус тус  маргадаг.

Талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлох шаардлагатай байх бөгөөд ийнхүү тодорхойлохын тулд тэдний хооронд байгуулагдсан гэрээний “нэршил, хэлбэр”-ээс илүү талуудын харилцан тохиролцсон нөхцөл, агуулгад ач холбогдол өгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн гэрээний чөлөөт байдал тодруулбал хуулийн 189.1-т “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн, 200 дугаар зүйлийн 200.1-т” Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ”, хуулийн 201.1-т “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэсэн зохицуулалтыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэргийн бусад нотлох баримтыг  үндэслэн дүгнэлт хийсэн болно.

Санхүүгийн түрээс /лизинг/ нь практикт олон төрлөөр илэрдэг боловч түүний үндсэн нэг шинж бол санхүүгийн түрээс  олгогч нь санхүү түрээс авагчийн ямар нэгэн эд хөрөнгийг ашиглах боломжийг  санхүүжүүлдэг үүний хариуд санхүүгийн түрээс авагч нь  ашиглалтын зохих хөлс төлж, гэрээний хугацаа дууссаны  дараа гэрээний зүйлийг гэрээ болон хуульд зааснаар санхүүгийн түрээс авагчид шилжүүлэх гэх мэт онцлог шинжтэй. Иймд талуудын хооронд хийгдсэн гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэж үзэхэд Иргэний хуулийн Хорин зургадугаар бүлэгт зохицуулсан Санхүүгийн түрээс тодруулбал хуулийн 312 дугаар зүйлд нийцсэн зохицуулалтай гэрээний харилцаа гэж үзэн эрх зүйн харилцааг тодорхойлох үндэстэй байх ба хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-т зааснаар гэрээний зарим нөхцөл, агуулгыг илүү нарийвчилсан зохицуулалтад нийцүүлэн дүгнэлт хийх нөхцөл байдал бий болжээ.

Гэрээний нэг дэх хэсэгт  гэрээний зүйл, зорилгыг тодорхойлохдоо түрээсийн гэрээний талуудын хоорондох харилцааг зохицуулахаар, гэрээний зүйлд түрээслэгч нь энэхүү гэрээнд заасан ажлыг, гэрээнд заасан болзол нөхцөл, тохиролцсон хөлсөөр, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, түрээслүүлэгч нь гэрээгээр тохирсон хөлсийг цаг тухайд нь олгох, түрээслэгчийн ашиглалтанд  79 28 ӨМА улсын дугаартай  1507L331533 хөдөлгүүртэй, 484004218 аралтай БНХАУ-д үйлдвэрлэсэн NO4250 маркийн улаан өнгийн авто машиныг 71 65 АЧ дугаартай чиргүүлийн хамт шилжүүлэхээр тохиролцсон, гэрээний 2.4-т “Таван толгой нүүрсний уурхайгаас Цагаан хад кемп хүртэл 17.000 тонн нүүрс тээвэрлэсэн тохиолдолд автомашиныг  түрээслүүлэгчийн  өмчлөлд шилжүүлж” гэсэн нь гэрээний хугацаа дууссаны дараа уг машин, чиргүүлийг худалдан авах замаар өмчлөлдөө шилжүүлэх опционтой  байхаар тусгасан гэж үзэхээр байгаа хэдий ч нэхэмжлэгчийн тайлбарт “...нүүрсний тээвэрийн хөлс 120 юань 80 юаниар явж тонн бүрээс үлдэгдэл 40 юанийг машины үнэд суулгаж байсан” гэснийг /хх-I-200,хх-II-40 ар талд/ хариуцагч тал үгүйсгээгүй нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.3-т зааснаар гэрээний явцад үнийг төлж дуусахад өмчлөлдөө шилжүүлэх, гэрээний 4 дэх заалтны 4 дэх хэсэгт  “Түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ  зохих ёсоор биелүүлж уг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх үедээ барьцааны  мөнгөний үлдэгдлийг шаардан авах” гэсэн, гэрээний 2.5-т “...1 удаагийн рейс тутмын хөлснөөс 2000 юанийг  түрээслүүлэгчид үлдээж хурамтлал үүсгэж...”, гэрээний  4 дэх хэсэгт түрээслэгчийн үүрэгт “түрээслэгч түрээсийн хугацаа дуусах хүртэлх хугацаанд өөрийн ашиглалтанд байгаа автомашиныг өөрийн зардлаар  заавал даатгуулна” гэх мэт гэрээний нөхцөл, агуулгыг тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний харилцаанаас илүү Санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалтад нийцсэн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Өлзийбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгч хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Гэрээний 2.4-т “Таван толгой нүүрсний уурхайгаас Цагаан хад кемп хүртэл 17.000 тонн нүүрс тээвэрлэсэн тохиолдолд автомашиныг  түрээслүүлэгчийн  өмчлөлд шилжүүлэх” гэсэн түрээслүүлэгчийн үүргийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарууддаа  “нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн, хэргийн 142-143-т авагдсан гэрээг цуцалсан, тооцооны баримт зэргийг түрээслэгч Б.Өлзийбаатарт тухайн үед гардуулан өгсөн, гэрээг цуцалсан” гэсэн,  “...нүүрсээ тээвэрлэж дуусаагүй харин компани авах авлагатай... Цалингийн тооцоогоор 2010 оны 9 дүгээр сарын байдлаар 28.076 юанийн өртэй гээд компанийн тайланд тусгагдсан байдаг, ...гэрээнд заагдсан эрх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд барьцааны мөнгийг өгөхгүй гэж 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан байгаа учир мөн төлөх эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. ... Үндсэн зарчим нь хятад талаас гаргаж ирсэн хүснэгтийг монгол тал хүлээж аваад эдгээр жолооч нарын авсан түлш сэлбэгийн төлбөрийг хасаж тооцсоны үндсэн дээр эцсийн цалин боддог” гэсэн /1-р хавтаст хэргийн 200-201 тал, 2-р хавтасны 41тал/, “...нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн... тээврийн хөлсний тооцон дээр хамгийн их маргаж байгаа, ...барьцааны 20000 юанийг шилжүүлээгүй” гэх мэт/2-р хавтаст хэргийн 207-208 тал/ нэхэмжлэлийн шаардлагад тайлбар татгалзалуудыг  шүүхэд гаргасан хэдий ч энэ үндэслэл, нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга журмаар бэхжүүлэгдсэн баримтаар нотолж няцааж чадаагүй,  нотлох баримт ирүүлээгүй, тайлбар, татгалзал нь өөр хоорондоо зөрүүтэй. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх харьяалал тогтоосны дараа шүүхэд ирүүлсэн гэх хэргийн 193 дугаар хуудсанд авагдсан Итайкар ХХК-ний 2012.9.6-ны 153 тоот албан бичгийг хариуцагч тайлбар, татгалзлын үндэслэл болгодог хэдий ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх журамд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн 195-196 дугаар талд авагдсан тооцоо нь санхүүгийн анхан шатны өөр бусад баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шаардлага, тайлбарт: “...Түрээсийн гэрээгээр машин авсан үеэс эхлэн энэ машиныг хувийн болгох гэж 2 жил гаруй хугацаанд өдөр шөнө, халуун хүйтэн гэж амрах завгүй хөдөлмөрлөсөн. Мөн барьцаа болгон 20.000 юаниа ч өгсөн. Хууль ёсоор энэ барьцаа мөнгө хадгалагдаж байх ёстой байх. Компани ашиглаж байгаа эсэхийг би мэдэхгүй, хэрвээ ашиглаж байгаа бол миний хөрөнгийг хууль бусаар ашиглаж ашиг олж байна гэсэн үг гэж ойлгож байна. 2010 оны 09 дүгээр сараас гэрээт нүүрсээ тээвэрлэж дуусч байгаа тул тооцоо нийлэх, тээврийн хөлсөө авах талаар компанийн удирдлагад хэлснээр түрээслүүлэгч Итайкар ХХК нь машиныг 2010 оны 10 дугаар сараас тээвэрт гаргахгүй өөрийн компанийн хашаанд саатуулан зогсоосон. Ингээд зогсохгүй гэрээ ёсоор энэ машинд учирсан гэмтлийг би хариуцах учиртай байтал миний эзэмшил ашиглалтад байсан машиныг бусдад шилжүүлж дэндүү бүдүүлэг ажиллагаа явуулсан. Энэ үеэс бидний хооронд түрээсийн гэрээний биелэлтийг тооцох талаар маргаан үүссэн. Нэг жил шахам хугацаанд ямарч тохиролцоонд хүрч чадаагүй учир түрээслэгчийн зүгээс хүчээр машиныг авч одоо Цагдаагийн байгууллагын даалгаснаар миний төрсөн ах Б.Эрхэмбаатарын мэдэлд битүүмжлэгдсэн байгаа. Ингэж 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл хохирч явна” гэсэн  шаардлагын үндэслэл, тайлбар нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар нь маргааны үйл баримтанд хамааралтай гэж үзсэн нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргадаг/хх-84/  боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг  хангахаас татгалзсан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын   гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөл, тэдгээрийн хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлсэн байдлыг нотлох баримтууд нь  хариуцагч  Итайкар ХХК-аас гаргах  боломж, нөхцөл байдаг хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т “...татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэг”-тэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  энэ талын үүргээ биелүүлж, өөрийн тайлбар, татгалзлаа нотлоход идэвхигүй оролцсон нь шүүхээс явуулсан үйл ажиллаанаас шалтгаалаагүй байх тул хэрэгт цугларсан хамаарал бүхий нотлох баримтын хүрээнд ийнхүү дүгнэлт хийв.

Хэргийн 1 дүгээр хавтасны 70 дугаар хуудсанд авагдсан Итайкар ХХК-ны Өмнөговь аймаг дахь салбарын  албан бичигт “79 28 ӨМА  улсын дугаартай  автомашин нь 2008 оны 10 дугаар сард шинээр орж ирсэн ба тухайн үед 106.000.000 төгрөгний үнэтэй байсан. Одоогоор автомашин нь  гэрээнд заасан 17000 тонн зөөж дууссан ба тухайн элэгдэл хорогдлыг  тооцон үзэж 50.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байна” гэсэн хариуцагчаас талын гаргасан баримтыг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...нүүрсний тээвэрийн хөлс 120 юань 80 юаниар явж тонн бүрээс үлдэгдэл 40 юанийг машины үнэд суулгаж байсан” гэснийг /хх-I-200,хх-II-40 ар талд/ гэсэн нотлох баримтуудыг хариуцагч тал үгүйсгэсэн тайлбар, татгалзал нотлох баримтыг гаргаагүй, /тухайн тээврийн хэрэгслийн үнэ төлөгдсөн байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал гэж үзнэ/ байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн 89 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч Итайкар ХХК-наас  барьцааны 20000 юань гаргуулах шийдвэрт гомдол гаргаагүйг тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатарын  нүүрс  тээвэрлэсэн хөлсний тооцоонд хамаарал бүхий нотлох баримт болох хэргийн 214-250, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн 2 дугаар хавтасны 210-217-д хавсаргагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.144 дүгээр зүйлийн 44.1, 44.3-д заасан журмыг хангаагүй төдийгүй  анхан шатны шүүхийн энэ шаардлагын талаар хийсэн дүгнэлтийг  буруутгах боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлоос  “тээвэрийн хөлс гаргуулах” хэсгийг хүлээж авч хангах үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 289 дүгээр зүйлийн 289.2.8, 312 дугаар зүйлийн 312.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2008.10.14-ний өдрийн 12 тоот гэрээг зохих ёсоор санхүү түрээс авагч буюу нэхэмжлэгчийг биелүүлсэн гэж үзэн, гэрээний 2.4-т зааснаар харилцан тохиролцсоноор гэрээний зүйл болох 79 28 ӨМА улсын дугаартай  1507L331533 хөдөлгүүртэй, 484004218 аралтай БНХАУ-д үйлдвэрлэсэн NO4250 маркийн улаан өнгийн авто машиныг 71 65 АЧ дугаартай чиргүүлийн үнэ болох 50.000.000 төрөгийг гаргуулах шаардлагыг 1-р хавтасны 70-р хуудсанд авагдсан хариуцагчийн үнэлгээний баримтыг үндэслэн гаргуулах хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх зүйтэй  гэж үзэв.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т “Мөнгөн төлбөрийн  үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар хариуцагчаас барьцаа 20000 юанийг гаргуулахдаа 2-р хавтаст хэргийн 155 талд авагдсан  Монгол банкны ханшны хэмжээнд харьцуулан 3.963.200 төгрөгөөр тооцогдож байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  89 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтны “20000 юань буюу 3.352.800 төгрөг” гэснийг “Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар 20000 юань буюу 3.963.200 төгрөг” гэж, “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 289 дүгээр зүйлийн 289.2.8, 312 дугаар зүйлийн 312.3-т зааснаар 79 28 ӨМА улсын дугаартай  чирэгч толгой болон 71 65 АЧ дугаартай чиргүүлийн үнэ болох 50.000.000 төрөгийг гаргуулж” гэсэн нэмэлт өөрчлөлт, “нэхэмжлэлээс үлдэх 83.359.629” гэснийг “нэхэмжлэлээс 32.749.226” гэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээгээр хариуцагчаас төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуульд зааснаар өөрчлөх үндэстэй тул шийдвэрийн 2 дахь заалтны хариуцагч Итайкар ХХК-наас “32.844” гэснийг “427.466” гэж, түүнчлэн уг заалтаас “56 дугаар зүйлийн 56.2” гэснийг хасаж, “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж нэмсэн өөрчлөлтүүдийг оруулж байна.

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т “Давж заалдах шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр...-ыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэж заасан журмын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 574.748 /таван зуун далан дөрвөн мянга долоон зуун дөчин найман/ төгрөг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтны “20000 юань буюу 3.352.800 төгрөг” гэснийг “20000 юань буюу 3.963.200 төгрөг” гэж, “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 289 дүгээр зүйлийн 289.2.8, 312 дугаар зүйлийн 312.3-т зааснаар 79 28 ӨМА улсын дугаартай  чирэгч толгой болон 71 65 АЧ дугаартай чиргүүлийн үнэ болох 50.000.000 төрөгийг гаргуулж” гэсэн нэмэлт өөрчлөлт, “нэхэмжлэлээс үлдэх 83.359.629” гэснийг “нэхэмжлэлээс 32.749.226” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтны “56 дугаар зүйлийн 56.2” гэснийг хасаж, “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж нэмэлт оруулж, хариуцагч Итайкар ХХК-наас “32.844” гэснийг “427.766” гэж тус тус өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 574.748 /таван зуун далан дөрвөн мянга долоон зуун дөчин найман/ төгрөг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Н.НАСАНЖАРГАЛ    

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ