Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01081

 

“Ж К”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00069 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Ж К”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ө-тхолбогдох,

Ногооннуур сумын Хар тахар гэх газарт байдаг өөрийн эзэмшлийн 12,5 га хадлангийн талбайгаас 2015, 2016 онд зөвшөөрөлгүй хадаж авсан өвсний үнэ 1872000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Х.Өийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн Ногооннуур суманд оршин суудаг ба тус сумын нутаг дэвсгэр болох Хар тахар гэх газар 12.5 га газар хадлангийн талбай эзэмшдэг юм. Өөрийн эзэмшлийн хадлангийн талбайгаа услан арчилж, намар өвсийг нь хадаж авдаг юм. Гэтэл манай хадлангийн хил залгаа газар мөн хадлангийн талбай эзэмшдэг Х.Ө гэгч нь миний эзэмшлийн газарт 2016 оны 8 дугаар сарын сүүлээр хууль бусаар нэвтрэн орж 2.0 га газрын хадланг хадаж, 318 боодол хураан авсан болохыг тус Ногооннуур сумаас томилогдсон ажлын хэсэг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр газар дээр нь очиж шалган тогтоож, дүгнэлт гаргасан юм. Тэгвэл 318 боодлыг зах зээлийн одоогийн ханшаар нэг бүрийн үнэ 4000 төгрөгөөр тооцоход 1.272.000 төгрөг болж байна. Мөн Х.Ө нь 2015 онд мөн хадлангийн талбайгаас 1.5 га газрыг хууль бусаар нэвтрэн орж хадсан болох нь Ногооннуур сумын хадлан хуваарилах ажлын хэсгийн 2015 оны 8 дугаар 12-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа болно. Тухайн хадсан талбайгаас хамгийн багаар бодоход 150 боодол өвс хурааж авна гэж тооцож, нийт үнэ болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Ө нь жил болгон сумын захиргаанаас тогтоосон хугацаанаас өмнө бусдаас түрүүлэн хадлангийн талбайд ирж, өвс хадаж эхэлдэг ба тэр үед бусдын талбай руу дур зоргоороо авирлан өвс хадаж, бусдын эрх ашгийг хохироож, чирэгдэл саад учруулан, жил болгон хэрүүл маргаан гаргадаг юм. Иймд надад учруулсан хохирол болох 1.872.000 төгрөгийг иргэн Х.Өээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн Тагам ББХХ хоршооны эзэн Хажыхан овогтой Өмирбек миний бие аймгийн Ногооннуур сумын “Ж К” ХХК-ийн захирал Бекейн Хаумахын нэхэмжлэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Хаумах нь шүүхэд нэхэмжлэл болгож 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг Б.Хаумахын эзэмшил газраас 318 ширхэг боодол өвс хадаж, хувьдаа ашигласан хэмээн нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцож 1272000 төгрөг, 2015 онд 1.5 га газрыг хадаж барагцаагаар 150 ширхэг боодол өвсний үнэ 600.000 төгрөг, бүгд 1.872.000 /нэг сая найман зуун далан хоёр мянган/ төгрөг тус тус нэхэмжилжээ.

Хариуцагч Ногооннуур сумын Тагам ББХХ хоршооны эзэн Х.Ө нь Ногооннуур сумын Хар тахар гэх газарт байгаа хадлангийн талбайгаас хадлангийн зориулалтаар 29.2 га талбай эзэмшдэг бөгөөд уг талбайгаас 1993 оноос эхлэн хадлан хадаж, өвс бэлтгэж, улсын тэжээлийн фондод улсын нөөцийн өвсийг бэлтгэн нийлүүлж жил бүр улсад хөрөнгө оруулалт оруулж байгаа аж ахуйн нэгж билээ. Манай Тагам ББХХ хоршооны улс нийгэмд ашиг тустай үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийж ирсэн хөдөлмөр бүтээлийг үнэлж 2016 онд Тэргүүний хадланч хамт олноор шалгарч байсан юм. Тус Тагам ББХХ хоршоо нь Ногооннуур сумын Хар тахар хэмээх газраас 29.2 га газар эзэмшдэг болох нь Х.Өийн ашиглаж байгаа газрын байршлын кадастрын зураг /2017.01.25/ Баян-Өлгий аймгийн ГХБХГ-ын газрын мэргэжилтэн Б.Ермуратын Үзлэгийн үеийн зураг 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 82 тоот захирамж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар батлагдана. Миний бие Х.Ө нь 2015, 2016 онуудад өөрийн эзэмшиж, ашиглаж байсан талбайг аймгийн ГХБХБ-ын газраас олгосон газрын байршлын кадастрын зурагт тусгагдсан 29.2 га талбайгаас л өвс хадлан бэлтгэсэн тул Хаумахын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэн орж, өвс хадлан хадсан явдал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Х.Ө би Хаумахын эзэмшил ашиглалтад байгаа газраас 2 га газрын өвсийг хадаж 318 ширхэг боодол өвс хадаж авсан нь сумаас томилогдсон комиссын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр батлагдана гэжээ. Гэтэл Б.Хаумах нь уг дүгнэлтийг нэхэмжлэлд хавсаргаагүй байна. Газрын маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт, тэмдэглэл, хадлан хуваарилах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл хавсаргасан гэж нэхэмжлэлд хавсаргасан материалын жагсаалтын 8,9 дүгээр дараалалд тусгасан боловч хавсаргаагүй байна. Энэ нь Хаумах нь одоо хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэж байгааг илчилж байна. 3. Хадлангийн хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал миний хадлангийн талбайд сум орон нутгаас ямар нэгэн комисс ирж, шалгаж Х.Ө намайг Хаумахын хадлангийн талбайгаас 2 га газрын өвс 318 ширхэг боодол өвс хадаж авсан талаар ямар нэгэн тогтоосон акт байхгүй. Надад ирж танилцуулж байгаагүй, тийм учраас Хаумах хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэсэн оролдлого хийж байна гэж бодож байна. 4. 2015 онд мөн Хаумахын эзэмшил газраас өвс хадсан асуудал байхгүй. Эцэст нь хэлэхэд: Иргэн Б.Хаумах ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Ингэж Хаумах мэтийн хүмүүс ямар ч нотлох баримтгүйгээр шүүхийг тоглоом тохуу хийж, ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй байхад нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, акт дүгнэлт гаргавал нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсний төлөө хуульд заасны дагуу Б.Хаумах хариуцлага хүлээх учиртай. Б.Хаумахын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Жантекей хазыбек овогт Хажыханы Өмирбекээс 1272000 төгрөг гаргуулж “Ж К” ХХК-ийн захирал Б.Хаумахт олгож, түүний илүү нэхэмжилсэн 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00069 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Х.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ногооннуур сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ж К”ХХК-ийн захирал Б.Хаумах нь надаас зөвшөөрөлгүй хадлан авсан гэх өвсний үнэ 1 872 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж, хариуцагч надаас 1 272 000 төгрөг гаргуулж, “Ж К”ХХК-ийн захирал Б.Хаумахт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагч миний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Би дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагын хангаагүй. Баян-Өлгий аймгийн Ногоонуур сумын “Хар-Тахар” гэх газраас манай Тагам хоршоонд 29,2 га газрыг урьд эзэмшүүлсэн. Хариуцагч намайг шүүх буруутгахдаа нэхэмжлэгчээс шаардлагын үндэс болгож 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газрын маргаан шийдвэрлэх комиссын ажлын явцын тэмдэглэлийг гаргаж өгч, Х.Ө нь Б.Хаумахын хадлангийн талбай руу орж, 2 га газрыг хадаж авч 318 боодол өвс хулгайласан, үүний эсрэг нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй гэжээ. Хэрвээ Газрын маргааны шийдвэрлэх ажлын комисс миний хулгайлан авсан гэх 318 боодол өвч байсан бол түүний гэрэл зураг яагаад бэхжүүлж аваагүй юм, тэмдэглэлд надаар яагаад гарын үсэг зуруулж, албан ёсны тайлбар гаргуулаагүй юм бол, 318 боодол өвсийг би зөвшөөрөлгүй хадсан бол үүнийг хаанаас хурааж авч, бэхжүүлсэн, Б.Хаумахт буцааж хүлээлгэн өгөөгүй зэрэг ИХШХШТХ-ийн 37.2-т заасан нотлох баримт мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй, улс төржсөн, хамаатан садан хэдэн хүний надыг буруутгах гэсэн гаднаас бичсэн ганц тэмдэглэлийг үндэслэл болгож, ядуу хүн надаар төлбөр гаргуулсанд гомдолтой байна.

Аймгийн захын ханшийг аваагүй үнэ тогтоосон байна. Нэг боодол өвсний үнийг хүртэл хэт өндрөөр үнэлүүлж бичүүлсэнийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцээгүй. Учир нь орон нутагт 2017 оны хөхөө өвлийн хүйтэнд өвсний үнэ 1 боодол нь 3000 төгрөгөөр худалдаалагдсан хэргийн оролцогчоос гаргаж өгсөн газрын маргаан шийдвэрлэх комиссын ажлын явцын тэмдэглэл хөтлөхөд надыг байцуулах ёстой байсан, надаас зохих тайлбар гаргуулж аваагүй, тухайн тэмдэглэл нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байгаа тэгвэл хариуцагч миний татгалзлалын тайлбар ч дангаар нотлох баримт болно. Шүүх хэрвээ нэхэмжлэгч талын гаргаж өгсөн ганц тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн бол тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон ба байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны явц, илэрсэн нөхцөл байдлыг бичиж, оролцсон ба байлцсан бүх хүн уншиж, танилцаж, гарын үсэг зурж, гэрэл зураг, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж, энэ тухай тэмдэглэлд заах ёстой.

Нотлох баримтаар өгсөн тэмдэглэл нь ИХШХШТХ-ийн 7.2-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Би хөдөөний жирийн нэгэн хүн монгол хэл огт мэдэхгүй. Иймд энэ маргааны гол нотлох баримт болох тухайн тэмдэглэлийг дээрх ажлын бүрэлдэхүүн хэнд яажтанилцуулж, тайлбар мэдүүлэг авсан нь тодорхой бус байгааг шүүх тал бүрээс нь үнэлж дүгнэх ёстой байсныг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нотлох баримтыг зөв үнэлээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. ИХШХШТХ-ийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул шийдвэр, магадлалыгхүчингүй болгож, нэхэмжлэгч Ногооннуур сумын “Жасыл-көл” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс нэхэмжлэгч “Ж К” ХХКомпаний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэргийн бодит байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Ж К” ХХКомпани хариуцагч Х.Өээс гэм хорын хохирол 1.872.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр захирамжаар тус сумын Хар тахир гэх газарт 12,5 га газрыг эзэмшдэг ба уг эзэмшил газраас Х.Ө нь 2015 онд 150 боодол өвс, 2016 онд 318 боодол өвс хадаж, хохирол учруулсан гэж үзжээ. Хариуцагч хууль бус үйлдэл хийгээгүй, гэм буруугүй гэж маргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулах агуулгатай тул шүүх маргаантай харилцааг Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж үзэж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв сонгосон байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг хариуцагч Х.Ө үгүйсгээгүй гэсэн дүгнэлтийг хийхдээ уг баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадсан эсэхийг анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэнгүй. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газрын маргаан шийдвэрлэх комиссын ажлын явцын тэмдэглэл гэх бичгийн баримтад “...Х.Ө нь Б.Хаумахын хадлангийн талбай руу орж, 2 га газар хадсан нь тогтоогдсон тул уг газарт байсан 318 боодол өвсийг Б.Хаумахт тус тус өгөхөөр шийдвэрлэв.” гэсэн мэдээлэл тусгагдсан ба уг үйл баримтыг хэн, хэрхэн шалгаж тогтоосон, ямар баримтыг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан нь тодорхой бус байхад хариуцагчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан буруутай гэж дүгнэсэн нь буруу болжээ. Тухайн ажиллагаанд Х.Өийг өөрийг нь ч оролцуулаагүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн гэм буруугийн талаар үүнээс өөр баримт гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн эзэмшил газраас хариуцагч өвс хадсан, хадсан өвсийг олж тогтоосон баримт байхгүй, хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм буруутай тохиолдолд гэм хорыг хариуцах үүрэгтэй байдаг ба хариуцагч Х.Ө хууль бус үйлдэл хийсэн нь нотлогдоогүй тул гэм хорыг хариуцах үндэслэлгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т заасан шаардах эрх тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн баримтаас үзвэл шүүх хариуцагч Х.Ө-тхолбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн боловч хариу тайлбарыг Тагам ББХХоршооны эзэн Х.Ө гаргасан, уг хоршоо шүүхэд хүсэлт гаргах зэргээр оролцсон байгааг шүүх анхаараагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчсөн байх боловч хариуцагч Х.Ө мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00069 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х.Өээс 1 872 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ж К” ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА