Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 4414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 112-1/а тоотод оршин суух, Бэсүүд овогтой Батцэрэнгийн Лхагвадулам /РД:МО91022005/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 5/а-17 тоотод оршин суух, Морьтон овогт Авирмэдийн Төгсбаяр /РД:ДР91040334/-т холбогдох,

Хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Лхагвадулам, хариуцагч А.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оноос эхлэн А.Төгсбаяртай үерхэж байгаад жирэмсэн болсон. Ингээд намайг 8 сартай жирэмсэн байхад буюу 2013 оны 3 сард түүнээс салсан. Тухайн үед  А.Төгсбаяр нь Дунгаамаа гэх бүсгүйтэй танилцаж, биднийг орхин явсан. 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин Л.Умдари төрсөн. Хариуцагч А.Төгсбаяр нь хүүхдээ төрснөөс хойш нэг ч удаа уулзаж байгаагүй, Охиноо өнөөдрийг хүртэл би ганцаараа өсгөж байна. А.Төгсбаяр нь эцэг хүний үүргээ биелүүлж, хариуцлага хүлээж байгаагүй. Тиймээс хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа тул түүнийг охин Умдарийн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Төгсбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2006 онд танилцсан. Танилцсанаас хойш  харилцаатай байсан ч хамтын амьдрал зохиож байгаагүй. Хүргэн, бэр болж айлд очсон байдал болоогүй. 2013 оны намар бид 2 салчихсан байсан учраас Б.Лхагвадуламыг жирэмсэн болсон тухай би мэдээгүй. Б.Лхагвадуламыг 8 сартай жирэмсэн байхад нь би мэдсэн. Охин Л.Умдарийг миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь хариуцагч А.Төгсбаярт холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шаардах эрх нь Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид 2006 онд танилцсан байх ба  албан ёсоор  гэр бүл болоогүй боловч тэдний дундаас  2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин Л.У  мдари төрсөн болох нь зохигчийн тайлбар, Г-5227 дугаартай  төрсний гэргчилгээний хуулбар /хэргийн  6 дахь тал/-аар тогтоогдож байна. 

Зохигчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2013 оны 3 дугаар сараас эхлэн 3 жил гаруй хугацаагаар тусдаа амьдарсан, хэн алин нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх ба хариуцагч А.Төгсбаяр нь охин Л.Умдарийг өөрийн охин мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. 

Охин Л.Умдари нь төрснөөсөө хойш эхийнхээ асрамжид байгаа ба түүний асрамжийн талаар зохигч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй  байх тул мөн хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр эцэг А.Төгсбаяраас тэтгэлэг гаргуулан охин Л.Умдарийг тэжээн тэтгүүлэх  үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Л.Умдарийн эцэг Морьтон овогт Авирмэдийн Төгсбаяр мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Л.Умдарийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Төгсбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Төгсбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхагвадуламд олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА