Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 216/МА2024/00003

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 216/МА2024/00003

 

 

                                Б.М нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2024/00061 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Б.М,

            Хариуцагч С.Ц холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, - дүгээр баг, Хувийн байрны - тоот хаягт байрлах, гэр бүлийн эзэмшлийн зориулалттай, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох үндсэн болон хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан нийт 56,963,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 76,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

         бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х, Л.А нарын Говьсүмбэр аймаг, С сум, - дүгээр баг, - тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х, Л.А, нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

      Б.М миний бие нь 2012 онд Говьсүмбэр аймагт гэр бүлийн хамтаар шилжин ирсэн. Эхнэр Г.Н нь талх нарийн боовны чиглэлээр 2004 оноос хойш тасралтгүй 8 жил ажилласан туршлагатай тул үүнд тулгуурлан өрхийн орлогоо нэмэгдүүлэх болон аймгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой байсан. Манай гэр бүл нь ээж Ц хамтаар Хорих - тоотод амьдардаг байсан ба УБТЗ-ын Орон сууц ашиглалт үйлчилгээний 2-р ангид сарын 200,000 төгрөгөөр өрөө түрээслэн эхнэр, ээжийн хамтаар талх нарийн боовны “М у б”-ийг ажиллуулж, Говьсүмбэр аймагт байрлах дэлгүүрүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байсан. 2013 оны өвөл ээжийн найз болох С.Ц нь “манайх 2001 онд хот руу шилжихдээ эзэнгүй орхисон - тоотод байрлах эзэмшлийн газар бүхий объект байгаа, одоо бүр эзэнгүйдээд тоногдоод балгас болсон байх, та хэд нэгэнт орон сууцанд түрээс төлж байгаа юм чинь тухайн түрээсийн мөнгөөрөө миний балгасыг засвар үйлчилгээнд оруулаад үйл ажиллагаагаа явуул, бас нэг хэсгийг нь засаад амьдар, дараа нь тодорхой хэмжээний үнэ хөлс өгөөд, нэр усаа шилжүүлж авна биз гэж санал тавьсны дагуу тухайн эзэмшлийн газар бүхий объектыг засварлан орсон. Эхний ээлжийн засвар үйлчилгээнд 12 сая төгрөг зориулагдсан байдаг. Ингээд засвар үйлчилгээ, 380В-ын техникийн нөхцөлийг ёс журмын дагуу бүрдүүлснээр 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цехийн үйл ажиллагаа - тоотод эхэлсэн. 2015 онд үнэ хөлсөө 15 сая төгрөг дээр тогтсон ба худалдан авах гэрээ “Хас банк”-ны зээлээр төлбөрийг төлнө гэсэн утгатай байдаг ба “Бидний үнэлгээ өндөр байх тусам зээл өндөр гарах боломжтой байдаг” гэсэн тайлбар хийн анхны үнийг өсгөн 45 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Гэрээний нөхцөлийн дагуу “Хас банк”-ны мэргэжилтэнд хандахад зөрчлүүд илэрсэн. Үүнд: Газар эзэмших гэрчилгээ нь хаягийн зөрчилтэй байхад ХБ-20-2 тоот хаяг дээрх нэгж талбарын код бүхий 1263 м² газрын гэрчилгээ нь 3-р баг - гэсэн хаягаар гарсан байсан ба дахин засварлах болон төвийн шугамтай холбогдоогүй, мөн төвөөс зайдуу байгаа тул зээл гаргах боломжгүй, зөрчлөө арилгасан ч 8 саяас хэтрэхгүй гэсэн хариу өгсөн тул С.Ц нь газар эзэмших гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримтыг аван хот руу буцсан. 2015 оноос 2021 оны хооронд С.Ц нь ээжийнд маань нэг сар, хоёр сараар ч хамаагүй ирэн очин байдаг байсан ба ирэх бүрт нь газрын гэрчилгээний зөрчлийг арилгаад мөнгө төгрөгөө ав гэсэн шаардлагыг миний зүгээс байнга тавьдаг байсан ч ямар нэгэн шалтаг шалтгаан тоочихгүйгээр “Яваандаа болно” гэсэн хариуг өгдөг байсан. С.Ц нь 2019 онд хэдүүлээ нэгэнт үнээ тохирсон юм чинь төлбөрөө бага ч болтугай өгөөч, охин Н маань Солонгос улсад ажиллах гээд визний мөнгө олдохгүй байна гэж ярьсны дагуу нийт 1.2 сая төгрөг “Байрны төлбөр, зээл” гэсэн утгатай шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сард Л.А, Н.Х нар нь “танай газрыг бид 40 сая төгрөгөөр авсан гээд өмчлөлийн нэр шилжсэн объектын гэрчилгээтэй орж ирсэн. Бидэнд урьдчилан сануулж мэдэгдэхгүйгээр С.Ц нь объектоо зарсан байсан. Энэ тухай С.Ц утсаар тодруулахад “Би хүү Р.Э шилжүүлсэн, одоо та нар хүүтэй маань учраа ол” гэсэн хариуг өгсөн. С.Ц нь хүүгийн хамт Говьсүмбэр аймагт ирсэн ч уулзаагүй төдийгүй надад эрүүгийн хэрэг үүсгэн гомдол гаргасан байсан. Энэхүү гомдол нь үндэслэлгүй гээд прокурор дээр татгалзсан хариу гарч хаагдсан. - тоотод амьдрах хугацаандаа орчны тохижилтыг хийн газартай холбоотой төлбөр тооцоог тухай бүрт нь хийж амьдарч байсан. 2001 оноос хойш ашиглагдаагүй орхигдож тоногдсон балгас болсон объект бүхий эзэмшлийн газрыг С.Ц санал тавьж, нэрээ шилжүүлнэ гэсний дагуу засвар үйлчилгээ хийн 7 жил амьдарсан байна. 10-аад жил эзэнгүй байгаа уг байшинг анх очиж үзэхэд үнэхээр хүн амьдарч байгаагүй нь илт хашаа нь нурсан, цонх хаалгыг нь тоосгоор бөглөсөн дотор талын хана нь нурсан, дээврээс нь ус гоождог, шууд орж амьдрах боломжгүй байсан. 2012 онд өөрт байсан бүх мөнгөөрөө маргаан бүхий газар буюу Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум -р баг - тоот 114 м² хувийн орон сууцыг засан сайжруулж орсон. Хувийн орон сууц болон орчны тохижилтод нийт 56,100,000 төгрөгний зардал гарсан. Миний хувьд С.Ц гуайд итгэж өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч буй орчныхоо эргэн тойрныг засаж сайжруулж, өөрөөсөө их зарлага гаргасан төдийгүй зарцуулсан цаг хугацааг үнэлэх боломжгүй юм.

        Иймд, Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, -р баг - тоот хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан 56,100,000 төгрөгийг гаргуулах ба нэхэмжлэлийн шаардлагыг 863,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа.

...газрын шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ асуудлыг шийдсэн учраас энэ шаардлагаасаа татгалзаж байна. Мөн 56,863,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 18,188,130 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

  1.  Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

       С.Ц миний бие Б.М ээж Г.Ц 1985 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн хорих ангид хамт ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл найз нөхдийн харилцаатай байгаа билээ. 2001 онд миний нөхөр С.Р нас барсны дараа 2002 онд манай гэр бүл Улаанбаатар хотод шилжин ирж амьдарсан. Түүнээс хойш бидний Говьсүмбэр аймаг дахь - тоотод байрлах объект маань эзэнгүй байсан. Тухайн үед найз гэх Г.Ц нь “Геологи”-ийн байранд нарийн боовны цех түрээслэн ганцаараа үйл ажиллагаа явуулдаг байсан. Түүний тухайн үед хэлсэнээр бэр нь олон жил дараалан хүүхэд төрүүлсэн учир өөрт нь туслах хүнгүй, түрээсийн төлбөр төлөх хүнд, их ядардаг гэсэн тул өөрийн найзад туслах гэсэн сэтгэлээр 2015 оноос өөрийн хоосон байгаа объектод оруулах талаар Б.М аман хэлцэл хийж 30,000,000 төгрөгөөр худалдан авах, өгөхөөр тохирч, түрээсийн төлбөр маягаар хуваагаад төлөхөөр яриад оруулсан. Тус объект нь 2015 онд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 96.645.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. ...Миний объектод үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас их хэмжээний засвар үйлчилгээ хийсэн гэж хэлдэг боловч, энэ нь мөн худал зүйл юм.  2015 он болон 2021 оны  харьцуулсан зурагт харагдаж байгаагаас үзэхэд нэмж ямар нэг юм хийгээгүй, өөрсдийн нарийн боовны цехийн тоног төхөөрөмж суурилуулж, ажиллаж байгаад одоо байхгүй болсон, харин ч 20 тонны  ёмкость байсныг дураараа хулгайлж хүнд зарсан. 380 квт хүчдэлийн тогтой, тогны шон хашаанд байсныг байхгүй болгож өөр газарт зөөвөрлөсөн. Бүх тоосгон хашаа, хаалга нурсан байна. Миний объектыг 7 жил огт мөнгө төлөлгүй, түрээсийг төлбөргүй, ашиглалтын төлбөргүй ашиглахдаа Б.М нь их хэмжээний ашиг олж бусдад автомашины гаражийг ашиглуулах, байнгын том машины гагнуурын ажил, засвар хийж байсан ба иргэдэд “Би 27 сая төгрөгөөр худалдаж авсан, миний өмчлөлийн газар” гэж худал хэлж байсан ч удаатай. Миний бие нь иргэн Б.М 7 жилийн хугацаанд улирал бүр мөнгөө төлөөрэй гэж шаардаж ирсэн байдаг бөгөөд надад огт мөнгө төлөөгүйгээр барахгүй, 2019 онд залгаж мөнгөө нэхэхэд ...та чинь юу яриад байгаа юм бэ, та харин надад мөнгө төлөх ёстой шүү  гэж үндэслэлгүй юм ярьсан тул би маш ихээр бухимдаж, дахин холбогдож ярих хүсэлгүй, итгэлгүй болсон. Намайг залгасан ч утсаа авахаа больсон. Энэ урт 7 жилийн хугацаанд Б.М мөнгөө төлөхийг хангалттай хүлээсэн бөгөөд УБ хотод амьдрах газар, байртай болохын тулд арга буюу өөр хүмүүст объект, газраа зарсан болно. Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд миний бие өөрийн найзад туслах гэсэн сайхан сэтгэлийн хариуд бусдад мэхлүүлж, өөрийн зүйлээ одоо авъя гэхэд их хэмжээний доромжлол амсаж, гүтгүүлж байгаад их гомдолтой байна. ...Улаанбаатар хотод орон сууц худалдан авах гэсэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр хүнд худалдсан болно. ... Яагаад 56,000,000 төгрөг болсон гэдгийг сайн ойлгохгүй байгаа. Падаануудын дүн нь таардаггүй. Нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримт үнэн зөв, бодитой байх ёстой. Шүүх үзлэг хийсэн. Байрны байдал нилээн хуучирсан, дахиж засвар хийх үү, өмчлөгч нар нь энэ байранд орвол амьдрах ямар ч боломжгүй. Обой нь хууларсан, зохих байдлаар бохирлогдсон нөхцөл байдал үзлэгээр тодорхой болсон. Элэгдэл хорогдлын асуудал тодорхой байдлаар яригдах ёстой. 2013 онд авч байсан цонх 11 жил болсон байхад элэгдээд, хорогдоод дууссан байх ёстой. 2013 оны падаанаараа нэхэмжилж байгаа нь шударга биш гэж үзэж байгаа. Нотлох баримтуудын хувьд аваад үзвэл 15,000,000 төгрөгөөс яагаад ч дээшээ гарахгүй. Падаан дээр сонин сонин юмнууд, зарим нь мэдэгдэхгүй, тэгсэн мөртлөө тосол, дизель түлш, сангийн засвар үйлчилгээнд хамааралгүй зүйлүүд байдаг. ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагын агуулга:

      ...Та нарыг тохижуулаад амьдар гэсэн зүйл байхгүй. Та нарт итгээд нарийн боовноос гарсан мөнгийг авна гэж тохирсон. Мөнгөө өгөхгүй хэдэн сар болж байгаагаа тооцож байгаа юм уу, энэ олон жил болж байж 50,000,000 төгрөгөөр засвар хийгээд, 30,000,000 төгрөгөө гүйцээчихсэн бол ийм юм болохгүй. Урьдчилгаа ямар ч мөнгө аваагүй хичнээн жил болоод арга ядаад гуравдагч этгээд нарт зарсан. Б.М нь өөрөө надад “Би таны 20 тонны ёмкостийг зарсан нь үнэн, уучлаарай би танд мөнгийг нь төлнө” гэж эхэлж хэлсэн боловч тэр хүнээс чинь одоо очиж авъя гэхэд “Би танд үнэнээ хэлье, би машины тэвш хийсэн юм” гэсэн. Тэр ёмкость нь зах зээлийн ханш нь 10,000,000 төгрөг юм. Түүний төлбөрийг төлнө гэж хэлээд надад 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны миний дансаар 500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 700,000 төгрөг нийт 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл энэ шилжүүлгийн утга дээр нь “Байрны хөлсөнд” гэж тушаасан байна. Би сүүлд энэ маргаан үүсэх үед банкны хуулга авахдаа энэ талаар мэдсэн. Энэ үйлдлээс харахад намайг залилж, энэ объектыг өөрийн болгох төлөвлөгөөтэй байсан нь шууд харагдаж байна. ... 7 жил газар болон объектыг ашиглаж, нарийн боовны цех ажиллуулж, амьдарч байсны төлбөрт нэг сарын 800,000 төгрөгөөр тооцож, нэг жил 9,600,000 төгрөг, ёмкость алга болгосны үлдэгдэл төлбөрт 8,800,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

      4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

          ...2014 онд цехээ хаагаад гэртээ ирэхэд ээжийн найз С.Ц нь ирсэн байсан ба ээжээс эхнэр бид хоёрын талаар сонссон гээд “манай зарагддаггүй олон жил болсон объект байгаа, хүн амьдардаггүй, тоногдсон. Та хоёр хүнд түрээс төлж байхаар засан сайжруулаад цехээ ажиллуулаад тэндээ амьдар, би та нараас нэг ч төгрөг авахгүй” гэж хэлсэн. Тухайн үед эхнэр бид хоёр за ч гээгүй үгүй ч гээгүй. Хавар нь дахиад ирэхдээ хамт очиж үз гэхээр нь очиж үзэхэд үнэхээр олон жил хүн амьдраагүй болохоор тоногдсон байдалтай байсан. Орой нь ирээд эхнэртэйгээ ярилцаад өөрсдийн хөрөнгөөр засаж янзлаад орохоор шийдсэн. ...Харин 2015 онд тоног төхөөрөмжөө нэмэгдүүлье гэж бодоод С.Ц эгчтэй худалдах худалдан авах гэрээгээр уг объектыг худалдан авах мэтээр банкнаас зээл авах гэж үзсэн. Гэтэл боломжгүй гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тухайн объектод амьдарсаар байна. С.Ц ярьж байгаа шиг худалдан авах болон түрээсийн төлбөрийн тухай огт яригдаагүй болно. ...Хашаанд байсан ёмкостийг идэшний үхэр болгоод өг гээд хүнд зарсан боловч үхрээ авч чадаагүй. Тэр айл нь отор нүүдэл хийгээд, араас нь 2-3 жил явсан боловч олж авч чадаагүй. Тэгээд сүүлдээ би тэр зүг рүү тээвэр хийхээ болчихсон гэжээ.

       5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.А, Н.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

         2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, -р баг, - тоот хаягт байршилтай 114 м² талбай бүхий орон сууцыг 750 м² талбай бүхий эзэмших газрын хамт иргэн С.Ц худалдан авсан. ...Бид тус орон сууцыг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл 2 жил өнгөрч байгаа ба хариуцагч Б.М нь энэ хугацаанд бидний орон сууцанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарч биднийг тус орон сууцанд амьдрах, ажил бизнес эрхлэх бүхий л боломжийг хааж байгаа тул хариуцагч Б.М гэр бүлийн хамт Сүмбэр сум, -р баг, - тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анх авсны дараа залгаад утсаа авахгүй байхаар нь мессеж бичсэн. Зээл, өр тавиад байр авсан учраас үнэгүй байлгаж чадахгүй тул түрээс төлөөрэй гээд хэлсэн боловч хийгээгүй. Залгахаар өөрсдөө утсаа авдаггүй. Сар болгон түрээсийн төлбөр гэж мессеж бичиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нийт 17,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт 114 м2 талбайтай байрыг тэр чигт нь эзэмшиж байгаа. Үзлэг хийхэд байсан хуучин юмнуудыг чөлөөлж авах гэхээр чөлөөлж өгдөггүй. Ядаж ашиглахгүй байгаа талбайгаа авах гэхээр өгдөггүй. Газар дээр байнгын үйл ажиллагаагаа явуулж байсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дараа нийтийн эзэмшил рүү гаргаж тавьсан байсан. Хэрвээ энэ байраа худалдаж авсаны дараагаар өөр хүнд түрээсэлсэн бол энэ хэмжээний орлогыг олох байсан. Энэ айл энэ хэмжээний байр, газарт амьдарч, үйл ажиллагаа явуулсан бол энэ хэмжээний зардал өөрсдөөс нь гарах байсан гэж тооцоолоод, энэ үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. ... Б.М нь миний явуулсан мессэжүүдийг хүлээж авч, түрээсийн мөнгө нэхэж байгаа гэдгийг ойлгосон гэдэг нь Сүмбэр сумын Засаг даргын 2021.11.12-ны өдрийн А/637 тоот албан тоотоос харахад нотлогдоно. Мөн иргэний хэргийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь “...Н.Х нь түрээсийн мөнгө нэхээд байна ...” гэж хэлж байсан зэргээр нотлогдоно. 2021 оны 10, 11, 12-р сар, сар бүр 500,000 төгрөгөөр тооцож, 2021 онд нийт 1,500,000 төгрөг, 2022 оны 1-8 дугаар саруудад сар бүр 500,000 төгрөгөөр, орон нутагт байр, орон сууцны болон түрээсийн төлбөр нэмэгдсэн тул 2022 оны 9-12 дугаар саруудад сар бүр 700,000 төгрөгөөр тооцож, 2022 онд нийт 6,800,000 төгрөг, 2023 оны 1-11 дүгээр саруудад сар бүр 700,000 төгрөгөөр тооцож, 7,700,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. 

          Мөн 2021.10.01-ний өдрөөс 2023.11.30-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, орон сууцанд амьдарсан хөлс, манай эзэмшлийн газар дээр том оврын автомашинуудыг байршуулан том оврын машины засвар, гагнуур хийж, байнгын орлого олж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,400,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 17,400,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

     6. Бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

           Манай гэр бүл 2013-2023 оны хооронд буюу 10  жилийн хугацаанд тухайн маргаан бүхий газрыг засан сайжруулж хөрөнгө оруулалт хийн амьдарч ирсэн. Хэдийгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамж хэвээр үлдсэн боловч Иргэний хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тул шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

         7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь “Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, - дүгээр баг, - тоот хаягт байрлах, гэр бүлийн эзэмшлийн зориулалттай, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М нь хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан зардалд 56,963,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад 18,188,130 төгрөг болгон  багасгасан ба хариуцагч С.Ц 14,094,400 төгрөг гаргуулж, үлдэх 4,093,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасныг баримтлан газар болон объектыг ашиглаж байсны төлбөрт 67,200,000 төгрөг, ёмкость алга болгосны үлдэгдэл төлбөр 8,800,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, - дүгээр баг, - тоот сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Б.М даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгч Б.М үндсэн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 553,912 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн ногдох улсын тэмдэгтийн 228,422 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 537,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нүүлгэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М 70,200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Н.Х, Л.А нарт олгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 275,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

       8. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2024/00061 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М нь хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан зардалд хариуцагч С.Ц 14 094 400 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

          Нэхэмжлэгч Б.М нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч С.Ц зөвшөөрлийн дагуу тус объектыг эзэмшиж ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.М шударга бус эзэмшигч гэж үзэж Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх нэхэмжлэгч Б.М шударга бус эзэмшигч гэдгийг, Б.М засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь хариуцагч С.Ц орох ашгийг нэмэгдүүлсэн гэдэг зэрэгт хуульд нийцсэн үнэлгээ дүгнэлт хийгээгүй байна.

       Нэхэмжлэгч Б.М нь маргаан бүхий объектыг хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардал болох засвар үйлчилгээг хийж 2013 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Нэхэмжлэгч Б.М нь уг объектыг нарийн боовны цех, орон сууцны зориулалтаар ашиглахдаа хэвийн байдлыг хангах шаардлагатай зайлшгүй зардлыг гаргасан ба энэ нь Иргэний хуулийн 340 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээдийн үүрэг юм. Нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзвэл эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээ дуусгавар болсноос хойш 6 сарын дотор нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч С.Ц нь Сүмбэр сум -р баг - тоот байрлах үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 13-нд Л.А, Н.Х нарт худалдан борлуулсныг нэхэмжлэгч Б.М 2021 оны 09 дүгээр сард мэдсэн байна. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нь Иргэний хуулийн 298 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

        Шүүхийн шийдвэрт зарлагын баримт: 184000 +120000 + 200000 + 360000 + 430000 + 52000 + 2714100 + 12000 + 50000 + 983000 + 30000 + 178000 + 458000 + 116400 + 242500 + 1040000 + 73000 + 740600 + 17300 + 19500 + 100000 + 122500 + 420000 + 42000 + 95000 + 180000 + 517000 = 9496900 гэжээ. Нэхэмжлэгч Б.М нь тухайн объектод засвар үйлчилгээ хийсний дараа нарийн боовны цех ажиллуулсан, өөрийн гэр бүлийн хамт 2013 оноос хойш тогтвортой амьдарсан байдал болон объектод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээс үзэхэд объектийн гадна, дотор засвар хуучирсан, халтартаж өнгө үзэмжээ алдсан, хаалга цонх нь илэрхий хуучирсан зэрэг байдлууд тогтоогдсон. Нэхэмжлэгч нь тус объектод 10 жил амьдарсан, бизнесийн үйл  ажиллагаа явуулсан хугацааны объектын элэгдэл хорогдол нотолгоогүй байдалд үнэлгээ дүгнэлт хийлгүйгээр объектыг засвар хийсний дараах /шинэ/ байдлаар зарлагын баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй байна. Мөн дээрхи зарлагын баримтыг үнэлэхдээ засварт шаардлагагүй автомашины дугуй 420000 төгрөг, тосол, түлш 12000, 50000, 116400 төгрөг, зарлагын баримтанд байхгүй үнийн дүн болох 458000, 1040000 төгрөг мөн хариуцагч С.Ц, гуравдагч этгээд Л.А, Н.Х нарын эзэмшлийн бус газар бие засах газрын нүх ухуулсан техникийн зардал 150000 төгрөг зэргийг нэмж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

   Иймд эрхэм шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

      9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     ...Бид тус орон сууцыг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл 2 жил 6 сарын хугацаа өнгөрч байгаа ба хариуцагч Б.М нь энэ хугацаанд бидний орон сууцанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарч биднийг тус орон сууцанд амьдрах, ажил бизнес эрхлэх бүхий л боломжийг хааж ирсэн тул хариуцагч Б.М 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 01-ийг хүртэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж орон сууцанд амьдарсан хөлс болон манай эзэмшлийн газар дээр том оврын автомашинуудыг байршуулан том оврын машины засвар, гагнуур хийж, байнгын орлого олж ирсэн байдаг тул нийт 17,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2024/00061 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

    Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х нарын  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

    1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч С.Ц холбогдуулан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, - дүгээр баг, - тоот хаягт байрлах, гэр бүлийн эзэмшлийн зориулалттай, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг, орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан 56,963,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэмэгдүүлсэн шаардлагаа 18,188,130 төгрөг болгон багасгасныг хариуцагч С.Ц эс зөвшөөрч маргасан.

       - Хариуцагч С.Ц нь 7 жилийн түрээсийн төлбөр 67,200,000 төгрөг, ёмкостын үлдэгдэл төлбөр 8,800,000 төгрөг нийт 76,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Б.М эс зөвшөөрч маргасан.

       - Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х, Л.А нар нь нэхэмжлэгч Б.М холбогдуулан орон сууцнаас нүүлгэн гаргах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 17,400,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

    2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа “...Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т зааснаар нэмэгдүүлсэн шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, засан сайжруулахад гаргасан зардал нь хариуцагч С.Ц орох ашгийг нэмэгдүүлсэн гэдэгт хуульд нийцсэн үнэлгээ, дүгнэлт хийгээгүй, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...нотлох баримтуудыг үнэлсэн нь бодит байдалд нийцээгүй” гэсэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлүүдээр тус тус гомдол гаргажээ.

       3. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, бүрэн тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Мөн зохигчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

     4. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад дараах үйл баримтууд тогтоогдож байна.

       4.1. Нэхэмжлэгч Б.М, хариуцагч С.Ц нар нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, - дүгээр баг, - тоот хаягт байрлах, 114 м2 орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, мөн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.Ц нь “...газрыг Б.М эзэмшилд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад гаргасан. /1хх-ийн 10-12/

       4.2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамжаар газрын эрх Л.А шилжсэн. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдаа худалдан гэрээгээр орон сууцыг Л.А, Н.Х нарт худалдаж, өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /1хх-ийн 157-166/

       5. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т заасныг баримтлан зарлагын баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.М яагаад шударга бус эзэмшигч гэж үзсэн, улмаар орон сууцны үнэ, засан сайжруулалтын үнэлгээг хэрхэн харьцуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байхын зэрэгцээ хариуцагч талын гаргасан “физик элэгдэл” тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /2хх-ийн 171-171, 179-180/ атлаа шинжээчийн дүгнэлтийг гаргуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

   Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд ямар харилцаа үүссэн, яагаад энэ төлбөрийг нэхэмжлэх болсон, нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн төлбөр, эсхүл хохирол, алдагдал аль нь болохыг тодруулж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

       6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч Б.М хэрхэн холбогдсон, тэдний хооронд эрх, үүргийн харилцаа хэрхэн үүссэн, нэхэмжлэлийн шаардлагын “бид орон сууцыг худалдаж аваад 2 жил 3 сар болж байна. Б.М нь энэ хугацаанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарч бидний орон сууцанд амьдрах, бизнес эрхлэх бүхий л боломжийг хааж байгаа тул ...орон сууцанд амьдарсан хөлс, газар дээр том оврын автомашин засвар, гагнуур хийж байнгын орлого олж байсан” гэсэнд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

      Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх энэ хүрээнд нотлох баримтаар тогтоогдож байгаа хэмжээнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай. Гэтэл гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон байгаа ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь газар болон орон сууцыг “эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол” болохыг анхаараагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна.   

      7. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Хэргийн материалтай танилцах тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамж гаргасан атлаа хэрэгт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн зөрчил болно.

      8. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй”, 168.1.7-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

    9. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2024/00061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,422 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Х төлсөн 224,950 төгрөгийг тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ

                 ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

                 ШҮҮГЧ                                    О.ОДНЯМАА