Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 4411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай 2 дугаар баг, Жаргалант нефть хэсэг 5-9 тоотод оршин суух, Сартуул овогт Бямбажавын Цэрэндулам /РД:ИЭ88071968/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дугаар хороо, СОТ 2-21 түр оршин суугч, Дархан-Уул аймгийн, Дархан 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 8-15 тоотод оршин суух, Харчин овогт Нямдаваагийн Түмэнжаргал /РД:УМ90082212/-д холбогдох,

Хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэрэндулам миний бие 2009 онд Н.Түмэнжаргалтай танилцаж хамт амьдарч эхэлсэн. Бидний хамт амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Ц.Тэмүжин төрсөн. Н.Түмэнжаргал нь 2015 оны 2 дугаар сараас харилцаа холбоогүй болсон. Би хүүтэйгээ хамт Н.Түмэнжаргалтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч уулзахгүй байсан. Н.Түмэнжаргал нь Д.Уянга гэх хүнтэй хамтран амьдрах болсон тухайгаа ээжээрээ дамжуулан хэлүүлсэн. Хүү миний асрамжид өсч торниж байгаа. Иймд Н.Түмэнжаргалыг хүү Ц.Тэмүжингийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.      

 Хариуцагч Н.Түмэнжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Түмэнжаргал миний бие Ц.Тэмүжингийн эцэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэндулам нь хариуцагч Н.Түмэнжаргалд холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шаардах эрх нь Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид 2009 онд танилцаж, 6 жил хамтран амьдарсан байх ба тэдний дундаас  2013 оны 11 дүгээр сарын 04-ий өдөр хүү Ц.Тэмүжин төрсөн болох нь зохигчийн тайлбар, №378 дугаартай  төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн  5 дахь тал/-аар тогтоогдож байна. 

Зохигчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2015 оны 2 дугаар сараас эхлэн 1 жил гаруй хугацаагаар тусдаа амьдарсан, хэн алин нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх ба хариуцагч Н.Түмэнжаргал хүү Ц.Тэмүжингийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байна.

Хүү Ц.Тэмүжин нь төрснөөсөө хойш эхийнхээ асрамжид байгаа ба түүний асрамжийн талаар зохигч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй  байх тул мөн хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр эцэг Н.Түмэнжаргалаас тэтгэлэг гаргуулан хүү Ц.Тэмүжинг тэжээн тэтгүүлэх  үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.Түмэнжаргалд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ц.Тэмүжингийн эцэг Харчин овогт Нямдаваагийн Түмэнжаргал мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ц.Тэмүжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Түмэнжаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Түмэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэндуламд олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА