Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00778

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00778

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15 210/МА2024/00778

 

Б.Анарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/00821 дугаар шийдвэртэй

Б.Анарын нэхэмжлэлтэй, Г.Чулуунбатад холбогдох

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 178,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбасүрэн, хариуцагч Г.Чулуунбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2022 оны 08 сарын 22-ны өдөр Агент Ж.Туяа гэх фэйсбүүк хаягт Баянзүрх дүүргийн 19-р хороолол Дэвжих өргөө хотхонд 1-2 өрөө байр зарна гэж нийтлэгдсэн зарын дагуу Г.Чулуунбаттай холбогдож, түүнтэй Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Дэвжих өргөө-Б блок 1-р орц 4 давхрын 20 тоот 50,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар, орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан орон сууцны төлбөрт нийт 110,440,000 төгрөгийг Г.Чулуунбатад төлсөн.

Тус 50,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2021 оны 1-р улиралд ашиглалтад орж захиалагчид хүлээлгэн өгөхөөр Г.Чулуунбат нь Эх газрын жигүүр ХХК-тай 2020 оны 04 сарын 02-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ-г байгуулсан байдаг. Энэ гэрээний үнийг 37,650,000 төгрөг гэсэн байсан. Гүйцэтгэгч Эх газрын жигүүр ХХК-д Г.Чулуунбат нь 37,650,000 төгрөгийг бүрэн төлсөн байдаг.

Би Эх газрын жигүүр ХХК-тай орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн байгуулах гэтэл тус компаниас Г.Чулуунбаттай төлбөрийн маргаантай гээд надтай гэрээ байгуулаагүй. Түүнээс хойш хариуцагч нь асуудлаас зайлсхийсээр өнөөг хүрсэн ба байрандаа орж чадаагүй, орон сууц ашиглалтад ороогүй бөгөөд захиалгын гэрээний хугацаа ч өнгөрсөн нь намайг хохироож байна. Иймд 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 2736 тоот Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г цуцалж, үндсэн төлбөр болох 110,440,000 төгрөг, алданги 68,200,000 төгрөг нийт 178,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Эх газрын жигүүр ХХК-ийн барьж байгаа Дэвжих өргөө-Б блокын 1-р орцны 4 давхрын 20 тоот 50,2 м.кв 2 өрөө байрны бүх эрхээ би Б.Анарт шилжүүлж өгсөн тул Б.Анар нь тухайн байртай холбоотой санал хүсэлт, гомдлоо Эх газрын жигүүр ХХК-д гаргах эрхтэй юм. Нэгэнт бүх эрхээ шилжүүлж авсан атлаа эргэж надтай байгуулсан гэрээгээ цуцлах, мөнгөө шаардах боломжгүй тул Б.Анарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие Эх газрын жигүүр ХХК-д орон сууцны төлбөр 37,650,000 төгрөгийг бүрэн төлж тооцооны үлдэгдэлгүйг баталгаажуулан тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Алдангийн тухайд мөн л Эх газрын жигүүр ХХК-аас нэхэмжлэх нь зохистой гэж үзэж байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эх газрын жигүүр ХХК-ийн тайлбарын агуулга: Тухайн үед төлбөр тооцооны асуудал үүссэн тул Б.Анарын байрыг шилжүүлж өгөх боломжгүй байгаа юм. Г.Чулуунбаттай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг асуудал тусдаа байх. Эх газрын жигүүр ХХК-ийн зүгээс 2023 оны 05 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Чулуунбатаас 110,440,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Анарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,121,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 710,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Г.Чулуунбат би 2020 оны 04 сард Эх газрын жигүүр ХХК-тай орон сууцны захиалгын гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд орших Дэвжих өргөө Б блокын орон сууцны барилгын 1 орц, 4 давхрын 20 тоот 50,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны төлбөрт 37,650,000 төгрөгийг 2020 оны 04 сарын 02-ны өдөр тус компанид бэлэн төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Энэхүү орон сууц захиалгын гэрээгээ Б.Анарт 2022 оны 09 сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлж, уг эрхээ шилжүүлэхийн өмнөх өдөр нь "Эх газрын жигүүр ХХК-аас дээрх 20 тоот орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн, тооцооны үлдэгдэлгүй тухай тодорхойлолтыг авч эрх шилжүүлсэн. Миний зүгээс гэрээнээс татгалзах үндэслэлийг бий болгоогүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар эрхийн зөрчилгүй эрхийг нэхэмжлэгч Б.Анарт шилжүүлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан эрх шилжүүлэх гэрээний дагуу Эх газрын жигүүр ХХК нь орон сууц захиалгын гэрээ байгуулахгүй байгааг би мэдээд орон сууцны талаарх асуудлыг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст тус компани нь залилан мэхэлсэн гэж гомдол гаргаснаар Эх газрын жигүүр ХХК-ийн захирал Д.Чулуунболдод хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, маргаантай байгаа орон сууцны асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа. Энэ тухай баримтыг шүүх гаргуулахдаа өөр орон сууцны талаарх нотлох баримтыг хэрэгт авсан байх тул тус шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 24993 тоот захирамж биелэгдээгүй, захирамжийн биелэлтийг хангуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүгч 20 тоот орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй гэж үзэж, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү өөрийн гаргасан захирамжийн биелэлтийг хангуулалгүй, захирамжийн биелэлт шаардсан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьсан болон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Анар нь хариуцагч Г.Чулуунбатад холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 178,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч Г.Чулуунбатаас 110,440,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Анарт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Талуудын хооронд 2022 оны 09 сарын 29-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Г.Чулуунбат Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэвжих өргөө Б блок, 1-р орц, 4-р давхрын 20 тоот, 50.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлэн авагч Б.Анарт шилжүүлэх, Б.Анар 110,440,000 төгрөгийг Г.Чулуунбатад төлөхөөр харилцан тохиролцсоныг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Гэрээний дагуу нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөнд зохигч маргаагүй.

 

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Г.Чулуунбат, гуравдагч этгээд Эх газрын жигүүр ХХК нарын хооронд дээрх 20 тоот орон сууцны мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой асуудлаар маргаан үүссэн нь зохигчийн болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол баримтааор тогтоогджээ. Энэ шалтгаанаар Эх газрын жигүүр ХХК нь нэхэмжлэгч Б.Анарын хариуцагч Г.Чулуунбаттай байгуулсан гэрээг үндэслэн дээрх 20 тоот орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзсан байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь дээрх нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, биелэгдэх боломжгүйд хүрснээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцсэнийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

 

6. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үр дагавартай тул хариуцагчид шилжүүлсэн 110,440,000 төгрөгөө нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

7. Хариуцагч давж заалдах гомдолдоо, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нь Эх газрын жигүүр ХХК-д дээрх 20 тоот орон сууцны үнэ 37,650,000 төгрөг төлснөөр нотлогдоно, харин Эх газрын жигүүр ХХК-аас уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг шүүх анхаараагүй, мөн шүүх өөр орон сууцны талаарх баримтыг хэрэгт авсан ба тус шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 24993 тоот захирамж биелэгдээгүй, биелэлтийг хангуулалгүй нэг талыг баримталж, энэ тухай нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэжээ. Давж заалдах шатны шүүх уг гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Г.Чулуунбат, гуравдагч этгээд Эх газрын жигүүр ХХК нарын хооронд орон сууцны төлбөрийн асуудлаар үүссэн маргааныг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй хамааралгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхэд нөлөөлөх үндэслэлгүй байна. Хариуцагч хэдийгээр Эх газрын жигүүр ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний захиалагчийн эрхээ нэхэмжлэгчид шилжүүлж буй боловч хуульд зааснаар уг эрх нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдах эрхийн доголдолгүй байх учиртай.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Эх газрын жигүүр ХХК-тай байгуулсан гэрээнээс үл хамааран нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

Иймээс тус шүүхийн шүүгчийн 2023 оны 24993 дугаартай захирамжид зааснаас өөр баримт хэрэгт авагдсан нь хэрэгт хамаарал бүхий, нотолгооны ач холбогдолтой баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, өөр баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчлийг анхан шатны шүүх гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шалгаж буй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйг дээр дүгнэсэн учир хариуцагч талын энэ тухай баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисныг буруутгахгүй.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 43,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Гэвч гэрээнээс татгалзсанаар талуудын хэн аль нь үүрэг хүлээхгүй учир үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэгдсэн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/00821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ